76 одоогийн нөхцөлд нийцэж байна уу?

Парламентыг бэхжүүлэх талаар ярихад гишүүдийн тооны асуудал сөхөгдөж эхэллээ.Парламентын гишүүн бол иргэдийн төлөөлөл байдаг. Мөн гишүүдийн тоо 76 байгаа нь хоёр сая гаруй иргэний төлөөлөл байсан. Тиймээс гишүүдийн тоог нэмэх үндэслэл бий. Сонгогчийн тоо 1992 онд сая гаруй байсан бол өнөөдөр 2.3 сая болсон. Олон улсын жишгээр нэг гишүүн 20-30 мянган иргэдийг төлөөлдөг бол манайх 50-60 мянган иргэдийг төлөөлөх болж. Парламентын гишүүдийн тоог нэмэх үндэслэлийг судлаачид куб язгуурын аргаар гаргахдаа 3.4 сая хүнд 150 гишүүн байх ёстой гэж үзсэн.Харин математикчид тухайн шийдвэр гаргаж байгаа олонлог 120 дотор багтаж байх юм бол хуйвалдах боломж ихэсдэг гэж үзсэн.Түүнээс дээш тооны гишүүнтэй байж хуйвалдаан байхгүй болдог гэв. Тэгэхээр манай 76 хүний талаар бодоцгооё. 

Гишүүдийн тоог нэмэхтэй зэрэгцэн яригдаж байгаа сэдэв бол хоёр танхимтай болох асуудал. Хоёр танхимтай орнуудыг манайх жишээ авч их ярьдаг. Манайх холбооны улс биш. Хоёр танхим голдуу холбооны улс болон уламжлалт хаант засагтай улсуудад байдаг. Харин манай улсын хувьд нэгдмэл улс. Тиймээс хоёр танхимтай болох биш, харин гишүүдийн тоог өсгөх хэрэгтэй гэсэн саналыг мэргэжилтнүүд, улс төр судлаачид хэлж байна. Мөн энэ хэлбэр нь Засгийн газар тогтвортой ажиллахад дөхөмтэй байдаг аж. Хэдэн гишүүн нийлснээр Засгийн газрыг огцруулдаг байдал гишүүдийн тоог нэмэгдүүлснээр амаргүй болно. 

Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр сонгогчийн санал гээгдэхгүй

Сонгуулийн зөв тогтолцоогүйгээр сонгодог парламент бүрэлдэхэд бэрх гэдгийг өнгөрсөн гучин жилийн түүх бидэнд харуулж байна. Бид сонгуулийн тогтолцоогоо сонгууль бүрийн өмнө шахуу сольж ирсэн ч ганц тохиолдлоос бусдад нь мажоритар системээр явж ирсэн. Үр дүнд нь иргэдийн санал хамгийн их гээгдэв. Нэр дэвшигч нийт сонгогчийн 30 хүрэхгүй хувиар ялалт байгуулна гэсэн үг. Сонгогчдын олонхын хүсээгүй хүн, нам, улс төрийн хүчин улсыг удирдах болно. Сонгогчийн саналыг хамгийн сайн төлөөлж чаддаг систем бол пропорциналь, эсвэл хагас пропорциональ. Үүний дараа л олон намын төлөөлөл парламентад сууж, олон ургалч үзэл хөгжих билээ. 

Парламент бол Монгол Улсын ардчиллын баталгаа юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. “Бид ингэж шийдлээ” гэдэг бол хамгийн хүчирхэг үг. Тиймээс холбирч ч мэдэхээр дүр төрхтэй явж ирсэн нүүр царайгаа эрс өөрчилж сонгодог парламентын замыг нэгмөсөн сонгох түүхэн шаардлагын өмнө бид тулж ирлээ.

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой байлгах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зэрэгт өөрчлөлт оруулсан. Гэвч учир дутагдалтай. Нэг нам хэт олонх болж эрх барьж байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт рүү зоригтой орсон ч тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарим санал, шахалтаас болж бүрэн гүйцэд болоогүй гэж үздэг. Тиймээс тэрхүү өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийх нь төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, парламентын засаглаа эргэлзээгүй сонгон бэхжүүлэх гол шалтгаан болно. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэсэн үндсэн өөрчлөлтийн санал энд явж буй.

Нэг ёсондоо өнөөдөр сонгодог парламентыг утгаар нь хийхгүй бол Монголын улс төрийн тогтворгүй, ойлгомжгүй байдал үргэлжилсээр байх болно. Мөн өнөөгийн УИХ нь ард түмнийг бүрэн төлөөлж чадаж байна уу гэдэг асуудал.Тиймээс ч Сонгуулийн холимог тогтолцооны асуудал сөхөгдөж байна. Энэ нь ард түмний саналыг гээхгүй байх сайн талтай гэж үздэг. Төрийн эрх мэдлийн хуваарилалт, институцүүдийн эрх мэдлийн тэнцвэр, харилцан хамаарлыг зөв тогтоох, дэлхий нийтийн жишигт дөхсөн сонгодог парламент руугаа явах шаардлагатай байна. Сонгуулийн системээ Үндсэн хуульдаа суулгаж өгөхгүй бол өнөөх сонгууль бүрийн өмнөх өөрчлөлт хийгдсээр байх болно. Өөрийн намдаа ашигтай хувилбар сонгоно гэж сонгуулийн хуульд гар хүрээд годройтсон ойрхны жишээ бий. Үүнийх нь үр дүнд санал гээгдсэн, нэг нам хэт олонх болсон. Үүнийг тогтвортой болгох хэрэгтэй байна. 

Холимог тогтолцоогоор сонгууль явуулбал тойрог тойрсон төсвийн хуваарилалт багасна. УИХ-ын гишүүд нь жалга довны улс төр хийхээ больж, улс орны хэмжээний бүтээн байгуулалт, том төслүүдээ анхаарч эхэлнэ. 

2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлэхэд хэрэндээ л хичээж, зарим нэг өөрчлөлт оруулсан. УИХ-ын ээлжит чуулган чуулах хугацаа “тавиас доошгүй ажлын өдөр” байсныг “далан таваас доошгүй ажлын өдөр” болгож нэмэгдүүлсэн, хууль батлах босгыг нэмэгдүүлж “хуралдаанд оролцсон гишүүдийн олонх”-оор бус “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх”-оор батлахаар өөрчилсөн зэрэг нь УИХ-ын хариуцлагатай, байнгын ажиллагаатай байх зарчмыг бататгаж парламентын засаглалыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.2019 оны нэмэлт, өөрчлөлт хэдийгээр олон сайжруулалт хийх гэж оролдсон ч дутуу орхигдуулсан зүйл байна.