10 мянган жилийн өмнө бол хүний тархи аливааг хэдий чинээ зөв төсөөлнө төдий чинээ үр ашигтай байлаа, тиймээс ч төсөөлөх функц бусад амьтанаас тасарч хөгжсөн. Наад зах нь арслан зааны хурд, цаг агаарын өөрчлөлт, сүргийн ахлагчийн ааш аягийн талаар буруу төсөөлөлтэй бол амьд үлдэхгүй. Гэтэл хүний нийгэм хөгжиж, ердөө 10-хан мянган жилийн дотор л аливааг заавал зөвөөр төсөөлөх албагүй болчихов. Ер нь өнөө үед амьдралд падлийгүй л бол аливаа зүйлийн талаар ямар ч сэтгэгдэлтэй байж, яаж ч төсөөлсөн дурын хэрэг, нэгэнт суучихсан төсөөлөх функцыг ашиглахаас яалтай. Тиймээс л галактикийн гэмээр асуудлын шийдлийг бүгд мэддэг мөртлөө гэрийнхээ орлогыг яаж шийдэхээ мэддэггүй нь олон. Боловсролын салбарыг яаж аврахыг бүгд мэдэж, цэц булаалдах мөртлөө өөрийнхөө боловсролыг яаж аврахаа мэдэхгүй нь дийлэнхи.

Буруу төсөөлөл нь аюулгүйгээр барахгүй ашигтай байх нь ч бий. Амьдрал ямар ч хэлбэртэй байлаа гээд хомосапиэнс бол сүргийн амьтан, эрт цагт ч өнөө цагт ч сүргээс хөөгдөж, гадуурхагдана гэдэг үхлээс дутахгүй хүнд шийтгэл. Тиймээс заримдаа бодит үнэнээс илүү сүргийн үнэн илүү чухал билээ. Хамгийн том жишээ нь янз бүрийн бурхад. Нарны бурхан гэгчийн талаар шал буруу төсөөлөлтэй мөртлөө аугаа том пирамид барьчихна. Бурханы талаар зөв бурууг эргэцүүлэх нь чухал биш, харин зөвхөн түүнд итгэж сүм хийд чимэглэсэнээр урлаг хөгжиж, зарим нийгмийн ёс суртахуун дэвшсэн нь маргаангүй. Бүр ойр зуурын жишээ гэвэл цагаан сараар мөнгөтэй золгох нь базаахгүй ойлголт гэж бүгд мэддэг ч үүнийг сүрэг яаж ойлгож байна тэр нь л зөв. Ахмадаа хүндэлж байна гээд хөөрхөн зөвтгөөд "онолын хувьд" тайлбарлачихна. Бас заримдаа хүмүүс мэдэхгүй, ойлгодоггүй, сонирхдоггүй сэдвийн талаар төсөөлөхөөс ч залхуурдаг учир бусдыгаа дагачихдаг. Тухайлбал би хувьдаа ямар костюм, ямар нарны шил хамгийн сайхан загвартай вэ гэдгийг огт төсөөлж ойлгодоггүй учир найзуудын сайхан гэж хэлсэн нь сайхан санагдана. Шал утгагүй харагдсан нэг уран зураг нь 100 сая долларын үнэтэй гэдгийг мэдэнгүүт нээрээ л ямар нэг гоо сайхан олж хараад ч байх шиг төсөөлөгдөнө. Та нар ч хааяа тэгдэг байх.

Барууны судлаачид нэг сонирхолтой дүгнэлт гаргасан байна. Мянган мэдээлэл дундаас ямар ч хүн зөвхөн өөрийн санал нийлж буй зүйлийг л "зөв" гэж хүлээж авдаг хандлагатай ажээ. Итгэмээр санагдсан зүйлдээ л итгэнэ, итгэмээргүй санагдсан зүйл бол бодит үнэн байсан ч анзаарахгүй. Жишээ нь зурхай яг энэ жишгээр ажилладаг. Хилэнцийн ордын хүн өөрийн зурхайны 10 өгүүлбэрийн 3 нь тохирчиход л "пөөх яг намайг дүрсэлж" хэмээн догдолж баясана. Гэтэл хилэнцийн ордын хүн нумын ордын зурхайг уншихад ч бас 10 өгүүлбэрийн 3 нь яг таг тохирох вий, гэхдээ түүнд нь бараг үнэмшихгүй. Учир нь тэр хилэнцийн ордын хүн хилэнцийн ордын зурхайдаа л итгэхийг хүссэн, нумын ордынх биш. Туршаад үзээрэй л дээ. Сүүлийн үед гэмт хэргийг сошиалд шүүдэг хандлага ч бас үүний жишээ. Иргэн А-г муухай авлигач гэж дотроо жаахан сэжиглээд л яваад байсан чинь гэнэт дээр "А-ийн офшор данс илэрлээ.."  гэсэн фээсбүүк пост гараад ирвэл "За тээр, би мэдээд байсан юмаа.." гэж сэтгэл нь хөөрнө, харин тэрхүү пост бодит үнэн үү ямар эх сурвалжтай эсэх хамаагүй, итгэмээр санагдсан өөрийнх нь хүлээж байсан л мэдээлэл учир "үнэн". Зөвхөн өөрт таалагдсан мэдээллийн овоолго нь өөр бусад мэдээлэл нэвтрүүлэхгүй хана үүсгэж, хүнийг их харалган болгоно. Тэгээд гайхамшигтай зарим үг оюун бодолд бэхлэгдэх нь: "Угаасаа л тийм биздээ", "Бүгд мэднэ шд", "Угаасаа ойлгомжтой шд". Жишээ нь Оюутолгой бол луйвар, яагаад? Угаасаа л тийм шд. Монголианс нээгст модэлийн хүүхэн амиа хорлоогүй, алуулсан. Яаж мэдэв? Угаасаа л ойлгомжтой шд.

10 мянган жилийн өмнөхөөс ялгаатай нь бид төсөөллийн эрх чөлөөтэй болжээ, сошиал мэдиа хөгжөөд тэрхүү төсөөллөө дураар илэрхийлэх эрх чөлөөтэй ч болов. Худал мэдээ үнэн мэдээнээс хэд дахин хурдан тархдаг харамсалтай баримт ч бий. 2018 онд дэлхий даяар элэгний хавдраар нэг сая орчим хүн нас баржээ, харин дайнд "ердөө" 50 мянган хүн үрэгдэж. Дэлхий даяараа л дайнд үхсэнээс хэдэн арав дахин их хүн хавдраар үхдэг аж. Гэхдээ л "Сирийн дайнаас олон хүн монголд хавдраар үхлээ" гэх нь илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ. Статистик боол сэтгэгдэл хаан болсон, баримтанд биш сэтгэгдэлд итгэдэг болсон. Өөрийн "Угаасаа мэддэг", "Илэрхий санагддаг" зүйлд нэг эргэлзээд үзээрэй. Бодитой юу? Эсвэл сэтгэгдэл, төсөөлөл байна уу? Эхлээд эргэлз, дараа нь дүгнэ.