Унгар,дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчих юм биш биз? 

May be an image of Saint Basil's Cathedral

Дэлхийн жишгээр жижигэвтэр улсад хамаарах Унгар улс өнөөдөр ид “савлаж” байна. Тэр хаашаа савна, дэлхийн геополитикийн “тэнхлэг” тийшээ савчих гээд байх шиг санагдана. Өчүүхэн миний л бодол шүү. Хэдхэн хоногийн дараа, 4-р сарын 12-нд болох Парламентынх нь ээлжит сонгууль маш өрсөлдөөнтөй, ширүүн ч юм болж магадгүй сонсогдож байна.  

Нэг талаас 1998-2002, дараа нь 2010 оноос одоо хүртэл нийтдээ 20 жил УнгарынЕрөнхий Сайдаар ажиллаж байгаа, улс төрийн асар их туршлагатай “Өвгөн бүргэд” Орбан, нөгөө талаас улс төрд бол“Залуу шонхор” Мажар (Magyar) гэдэг хоёр улс төрч рингэн дээр ид “зодолдож” байна. 

Унгарчууд өөрсдийгөө Мажар Улс буюу “Magyarorszag”гэж нэрлэдэг, бичдэг. Маркан дээрээ ихэвчлэн “MagyarPosta”гэж бичнэ. Тэгэхээр энэ залуу, манайхаар бол “Монгол” гэдэг нэртэй залуу байх нь. 

“Монгол, Мажар” гэснээс бидний хоёр үндэстэн чинь өнө эртний Хүннү гүрний үеэс хүйн холбоотойг мэдэхгүй хэн байх билээ. Хожим нь энэ улстай Д2Д-ы дараа коммунист дэглэмтэй, социалист хамтын нийгэмлэгийн гишүүд болж “ахан дүүс”-ийн харилцаагаар холбогдсон. Унгарчууд бидэнд туслаж байсан. Манай мал аж ахуйг элдэв халдварт өвчнөөс сэргийлдэг, монголын хими-биологийн стратегийн нэн чухал үүрэгтэй Биокомбинатыг тэд бидэнд барьж бэлэглэсэн. Одоо ч ажиллаж, үр өгөөжөө өгсөөр байна. Өөр ч үйлдвэрүүд бий.

Бас нэг гол салбар бол монгол марк юм. Унгар улс нь олон улсын жишгээр жижгэвтэр боловч дэлхийн маркийн ертөнцөд бол “том” улс юм.Би энэ салбарт ажиллаж байсан болохоор мэднэ л дээ.Олон орны маркийг хэвлэдэг асар их туршлагатай. Тэдний хэвлэсэн маркууд маш гоёмсог, өнгөлөг, цаас болон цавууны чанар сайн, үнэт цаасны нууцлал өндөр төвшинийх. Марк зурдаг нарийн мэргэшсэн чадварлаг зураачдын том багтай.1958-1983 оныг дуустал 25 жилийн урт хугацаанд манай улсын маш гоёмсог 240 орчим нэр төрлийн 1000-гаад номинал маркийг тэд бүтээж, олон арван саяар хэвлэн хорвоо дэлхийгээр нэг тарааж хөгжиж буй Монгол улсын нүүр царайг дэлхийд сурталчилж, чухам энэ үед “Монгол улс бол гоё сайхан марктай улс”гэдэг имиж, нэр хүндтэй болсон билээ. 

Оюутан цагт унгарчуудтай цуг сурч байсан. Зураач Цэнд-Аюуш бид хоёр Вероника гэдэг урлаг судлалаар сурч байсан охин, Иштван гэдэг бас нэг хүүтэй нэг ангид байсан сан. Тэд эртний түүх, монголчуудтай хүйн холбоотойгоо мэддэг. Бид түүгээрээ их дотносдогсон. Унгар хэлэнд монгол үг цөөнгүй байдаг. Бид  Вероника. Иштван хоёрт монгол маркаа бэлэглэдэг, тэд энэ маркууд танай оронд хэвлэгдсэн гэхээр маш их баярладагсан.

Манай хоёр улс коммунист дэглэм нуран унаснаар хэсэг зуур харилцаа нь сулраад эргээд  түүнийгээ сэргээсэн. Ерөнхийлөгч нарын болон бусад өндөр төвшинд харилцан айлчлах болсон, цаашид ч бас зөндөө олон болно л доо. Өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойгоо бид тэмдэглэцгээсэн. Үүндээ зориулж харилцан марк гаргасан. Одоо манай хоёр орон сайхан харилцаатай. Европ дахь Монгол судлалын гол төв Будапештэд байдаг. Унгар нөхөд маань одоо ч биднийгээ дэмждэг хэвээрээ. Тэнд манай олон мянган монгол хүн амьдарч суралцаж байна. Унгар улс нь Европ тивийн төвд оршдог, 10 орчим сая хүн амтай,  93,030 kм2 нутаг дэвсгэртэй, (Хөвсгөл аймгийн хирийн), манайх шиг далайд гарцгүй landlock орон гэдгийг манайхан мэдэх буй заа. Гэсэн хэдий ч яагаад ч юм Унгарын тухай мэдээлэл манайд нилээн хомс юм шиг надад санагддаг болохоор энд жоохон нуршчихлаа. Уучилна уу. 

Одоо эргээд тэдний сонгууль руу нь хандая.

Сонгуульд гол өрсөлдөгч“Өвгөн бүргэд” Орбан бол Оросын талыг баримтлагчФидеш (Fidesz) намын тэргүүн. Путины амин найз-Европ дахь түүний сүүлчийн гладиатор нь. “Гар хөл”нь ч гэмээр юм уу. Түүнийг “Орос Орбан” гэж зарим шооч хүмүүс нэрлэдэг гэнэ. Манай “Ояа” гэдэгтэй мөн ч төстөй байгаа биз? Нэрсийг нь солиод унш даа.  

Харин нөгөө гол өрсөлдөгч,улс орныхоо нэртэй “Залуу шонхор” Мажар хэмээх улс төрч бол Европын талыг баримтлагч. сөрөг хүчний Тиша (Tisza) намынудирдагч. Зарим урьдчилан таамагласан албан ёсны бус мэдээгээр Мажар бүр дээшээ цойлж 62% руу үсэрч байгаа гэнэ. Петр Мажар яагаад ийм хурдан алдартай болсон гол “хөзөр” нь, тэрбээр өмнө нь Fidesz-ийн гишүүн байхдаа“Орос” Орбаны талынхны авилга, хээл хахуулийн систем хэрхэн ажилладагийг сайтар мэддэг болсон явдал юм байна. Түүнтэй холбоотой бизнесийн зарим хүмүүс (найз нөхөд, холбоотнууд), томоохонтөслүүийг хамж маш хурдан баяжиж байгаа юм байна. Жишээ нь, Орбаны хүргэн Tiborcz хотуудын гудамжны гэрэл шинэчлэх тендерүүдийг, Орбантай ойр холбоо бүхий бизнес эрхлэгч Lőrinc Mészáros нь Будапешт–Белградын төмөр замын төслийг тус тус хуйвалдаанаар авсан гэх асуудлууд сонгуулийн өмнө улам хурцдаж байна. Гэвч эдгээрийг эрх баригчид улс төрөөс бүрэн хараат прокурор, шүүх зэрэг хуулийн байгууллагуудтай хуйвалдан хэргийг хаадаг буюу царцаадаг.

Орбаны Гадаад хэргийн сайд Peter Szijjarto Европын Холбооны нууц мэдээллийг Орост дамжуулсан гэх хэрэг одоо ид дуулиан тарьж байгаа юм байна.
Орбан болон түүний засгийн газрын үед үйлдсэн,олон жилийн турш үргэлжилсэн авлигын хэргүүдийг Мажар ээлж дараалан сөхөж, түүний сайдууд, хамтран зүтгэгчдийг Авилгатай тэмцэх газрынхаа үүдэнд “хэвлэлээр уячихаад” сонгуульд орж байна. Гэвч Орбан болон түүний нам (Fidesz) авлигын хэргийг үгүйсгэн маргаж байна.Нэг үгээр энэ талаараа бид адил зовлон туулж яваа болж таарлаа. Оросын “дүү” болж хоёр тивд тунаж үлдсэн болохоор арга ч үгүй биз дээ.

Олон улсын Transparency International зэрэг байгууллагууд Унгарыг Европын Холбооны хамгийн их авлигад идэгдсэн орнуудын нэггэж үздэг тул Унгарт олгох 30хэдэн тэрбум еврог тус холбоо царцаагаад байна.

Ийнхүү “Залуу шонхор” топ “хөзөрүүд"-ээ” цувруулан дэлгэж байгаа нь сонгогчдыг ганц хуйлруулж байгаа бололтой. Мажарын“ Унгарт өөрчлөлтшинэчлэл, цэвэр засаглал хэрэгтэй” гэдэг уриаг Европын талыг баримтлагчид, хотынхон, залуучууд, бизнесийнхэн, Орбаны урт хугацааны засаглалд бухимдагсад, өмнө нь Fidesz-ийн сонгогч байсан зарим хүмүүс хүртэл дэмжиж түүний талд орж байгаа гэнэ. Үүний шууд нөлөөгөөр урд нь дотроо хагаралтай байсан сөрөг хүчнүүд мөн нэгдэж байгаа юм байна.

Ийнхүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд Мажарын нам ихэвчлэн түрүүлж байсан хэдий ч засаг төр гэдэг бол мөнгөтөй, зэвсэгтэй, өөрийгөө хамгаалсан өөр олон хүчийг бодитойгоор атгадаг аргатай болохоор, түүгээрээ дамжуулан хэвлэл мэдээлэлийн салбарт тэнцвэр үүсгэн (зарим хэвлэлийнхнийг худалдаж авсан бололтой) хүчтэй хэвээр байгаа юм байна. Мөн бот сүлжээ, хиймэл оюун ухааныг ашигласан хуурамч контентуудаар сөрөг хүчнийг дотор нь хагаралдуулж муухай харагдуулах, сонгогчдыг төөрөгдүүлэх, эрх баригчдын идсэн уусныг илчилсэн сэтгүүлчидийг “тагнуул” гэх мэт хэргээр яллах оролдлогуудын цаана өнөөх л оросууд байгаа бололтой. 

Энэ арганд нь мэдээлэл муутай хөдөөнийхөн, боловсрол тааруу хүмүүс, ахмад настнууд их автдаг юм байна. Унгарын сонгуулийн систем нь том намд ашигтай, мажоритар талдаа хэлбийсэн, пропорциональ бүхий холимог систем. Чухам энэ системийн ачаар “Орос” Орбаны Fidesz нам нийт сонгогчдын 45–50% санал авсан ч парламентийн олонхи болчихдог “ид шидтэй” ажээ. Бас л манайхтай адил хэл ам их гардаг гэж байгаа. 

Орбаны уриа нь "Улс орны тогтвортой, аюулгүй байдал” юм байна.

 Унгар нь, Оросын эрчим хүчний гүн гүнзгий хараат орон юм. Бас л манайх шиг,аан? Орбаны талынхан “Орос “крантаа хаах” юм бол эдийн засаг гүнзгий хямарч, инфляцийг хөөрөгдөн, амьжиргааны өртөг өсөж улс оронд тогтворгүй байдал үүсч, аюулгүй байдал алдагдана хэмээн ард түмнээ “айлгах” тактик баримтлаж байна” гэж Мажарын талынхан тэднийг шүүмжилж байна. 

Энэ бол “Орос” Орбаны сүүлийн 16 жилийн. хамгийн хүнд сонгууль юм. Сонгогчдын нэлээд хэсэг нь хараахан шийдээгүй, сүүлийн долоо хоногт хэн давамгайлсан нь сонгуульд ялах магадлалтай гэж мэдээлж байна.Нэг үгээр энэ сонгуульд “Европ ялах уу, Орос ялах уу?”гэдгийг шийдэн шовхоо үзэх цаг яалт ч үгүй ирлээ.Одоо энэ сонгуульд “Орос” Орбан тун бага хувиар буюу бүр 49:51-ээр ялагдаж магадгүй гэсэн тоо ч харагдана. Энэ нь тэдний хувьд аймаар түгшүүртэй мэдээ юм. Янз бүрийн таамаг их байгаа ч үүнийг их бодитой тоо гэцгээж байна. 

Гэтэл хамгийн сүүлд 03/29-ний өглөө ирж байгаа мэдээгээр Tisza нам 58%, Fidesz 35%-ийн санал авч магадгүй байна гэнэ. Бүхэл бүтэн 23%-ийн зөрөөг богинохон хугацаанд нөхөж гүйцэх боломж бараг байхгүй гэж үзэцгээж байна.

Путин Ираны талд маш нууцаар Америкийн эмзэг газруудыг зааж өгч пуужиндуулж итгэлийг нь эвдсэнд Трамп маш их хилэгнэжээ. Нэг үгээр тэр өмнө нь Оросыг дэмжиж байсан итгэл үнэмшил нь уначихлаа. Путинд өширхсөн Трамп урдын найз “Орос” Орбаныгаа одоо дэмжихгүй л болов уу. Энэ үеэр харин ч нөгөө загнаад байсан Зелинский нь түүнд туслаж, Ираны дронуудын эсрэг хаалт босгож өгч байна. Украин Америкт тусалсан нь Мажарынханд эерэгээр тусах магадлал ихтэй. 

Хэрэв “Европ” талынхан ялаад энэ улс Европ руу эргэвэл жижигхэн Унгар дэлхийн геополтикийн орбитод “том тоглогч” болон тодрох нигууртай.  Ингэснээр Европын төдийгүй дэлхийн геополитикийн тэнцвэр өөрчлөгдөнө. 

Тухайлбал Украины ялалт баталгаажна. Тэд “Орос” Орбаны (Унгарын биш шүү) зогсоосон 90 тэрбум евро (100 тэрбум доллар)-ын санхүүжилтээ Европын Холбооноос авна. Өөр ч тусламжууд орж ирнэ. 

Арслан барсын хүчийг нэгэнт олоод, хийморь нь сэргэсэн Украины арми эрч хүчээ дахин нэг хүчтэй сэргээх тул энэ зун хийморьгүй болсон Путины армийг буулгаж авах нь тодорхой. Путин-Лавровын олон жил хүчлэн байж босгосон “Русский Мир” нь даалууны эффектээр нуран унаж буй энэ үед Европ дахь түүний сүүлчийн гладиатор нь ялагдвал ёстой л нөгөө “шутарсан цагаан бумбандаа буулаа” гээч болох биз. Бас нэг жижигхэн гладиатор Словакийн “Орос” Фицо түүнийг дагаад унах болохоор тусгайлан бичсэнгүй. 

Чухамхүү үүнийг мэдэж, мэдэрч байгаа болохоор тэд тийм амар бууж өгөхгүйн тулд Унгарын сонгуульд маш их ач холбогдол өгч Унгарын сонгогчдыг айдаст оруулах, эрх баригчдад ашигтай байдал үүсгэх зорилгоор Оросын Гадаад тагнуулын Алба, ФСБ-ын “архаг чононууд” Ерөнхий сайд Орбаны амь насанд халдах хуурамч “аллага” зохион байгуулахаар төлөвлөж байсан ч нууц нь задарсан мэдээнүүд Барууны болон Британы мэдээллүүдээр яригдаж байна.  

Тэд, манайд 2008 онд болсон шиг “7-сарын 1”-ийг төлөвлөж, Fidesz-ийн “гөлөг”-нүүдийг бэлтгэж байгаа тухай сонсогдвол би лав гайхахгүй. Ингэж сонгуулийн өмнө юм уу, хойно бусад орныдотоод байдлыг хурцатган самардаг нь тэдний ганц чаддаг ажил л даа. Одоогоос яг 70 жилийн өмнө 1956 онд Зөвлөлтийн цэрэг Унгарт дайран орж цустай нь хутгаж байсан гунигт түүх бий. Оросын Гадаад тагнуулын байгууллага болон КГБ-ФСБ энэ хорвоогийн хаана сүг сүүдэр нь үзэгдэнэ, тэнд үймээн самуун, аллага таллага  болж байдаг нь бараг л ёс юм даа. Би гүтгээгүй ээ. Интернетээр дүүрэн баримттай, бичлэгтэй мэдээлэл байдаг юм. Итгэхгүй нэг нь өөрөө хайгаад олоорой. Их амархан. Энэ мэт муу аргуудыг ашиглан Орос их гүрэн тул потециалаараа хэсэгхэн тэсэх нь тэснэ. Гэхдээ л явуургүй болсон. Тун удахгүй байх. 

Орос ялагдвал дэлхийн геополитикийн тэнцвэр өөрчлөгдөх нь бага ангийн хүүхдэд ч ойлгомжтой хэрэг. Айхтар юм болно шүү. 

Тийм болохоор нь би нийтлэлээ ”Унгар,дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчих юм биш биз?” гээд “том” гарчиг тавьчихсан юм. Магадгүй миний ч зөв болох ч юм бил үү, хэн мэдлээ? Хамтдаа харцгаах л үлдлээ. Бурхан, манай хүйн холбоотой “ах дүү” Унгарыг маань ивээлдээ авах болтугай.   

Тодын Отгонбаяр. (Лондон зураач)                                       2026.03.27-28