Өвөрхангайн прокурорт шударга ёсны салхи сэвэлзээсэй

Монополын эсрэг газрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагч Гомбосүрэнгийн Амардэлгэр хоригдоод 30 хонож байна.

Орон нутагт хяналтын ажил хийх маш хэцүү. Үүнийг хүн болгон мэднэ. Жижигхэн газар ах дүүс, танил талаараа хэлхэлдсэн сүлжээ л ноёрхдог. Ийм орчинд ганцаараа ажиллаж яваа залуу бүсгүйд яахин амар байх билээ.
Г.Амардэлгэр нутагтаа даам гарчихсан, олон арван жилээр ломбард ажиллуулж, хажуугаар нь өндөр хүүтэй мөнгө зээлүүлэх ажиллагаа явуулдаг нэг луухгарын өлмий дээр гишгэчихсэн юм. Үүнийхээ төлөө бараг дөрвөн жил зүйл бүрээр дарамтлуулж, хуулийн байгууллагад дуудагдан байцаагдаж, сэтгэл санааны хүнд дарамтан дунд ажлаа хийж явсаар эцэст нь хоригдлоо.

Бүсгүй цахим хуудсандаа хамгийн сүүлд “Монгол төрийн уурга нь урт, хуйв нь уужим байг” хэмээн бичжээ. Ямар гол зурмаар итгэл үнэмшил вэ. Яасан цөхрөшгүй үзэл санаа вэ.
Уг нь монгол Төр алба хаагчдаа захын тонуулчдад дарлуулдаггүй, тэднийхээ шударга ёсыг сахиулах эрхийг хамгаалдаг байсан юм. Одоо Төрд ийм элэг байхгүй. Төр өөрөө албан хаагчдаа боол мэт, морь нохой мэт үздэг. Сошил ав хомрого, нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, дүрэмгүй лайвчдын шүлстэй чарлаантай хамт төрийн албан хаагчдаа “зодож” байдаг. Тэд нь мэдээллийн хариуцлагатай эх сурвалж биш гэдгийг мэддэг хэрнээ өөрсдөө гар хөлөө болгох явдал ч гаарсан.
Хэрэв энэ тохиолдолд Төр амьд халуун байсан бол өдийд аймагт ганцхан байдаг улсын байцаагчаа өмгөөлж Монополын эсрэг газар нь ядаж ганц мэдэгдэл гаргадаггүй юм гэхэд араас нь асууж сураглах байсан биз.  
Өнчин зээр шиг энэ бүсгүй нугарахгүй явсан , тэмцсэн учраас, нутагтаа данагар хөрөнгөтний дургүйг хүргэсэн болохоор сүүлдээ хүчний байгууллагад захиалж байгаад яллуулахаар улайрч байна. Тэд улсын байцаагчийг гүжирдэж, гутаан доромжилж, үнэт зүйлийг нь тогшсон, хэзээ ч өөрийнх нь хийх боломжгүй үйлдлээр гүтгэж, хилсээр яллах гэж байна. Бүсгүй ч тэрэнд нь бууж өгөлгүй зургаан хүүхдээ бүлтэлзүүлж орхиод эцсийг нь үзэхээр тэмцэж байна.

Г. Амардэлгэр бол монголын төрд ажиллаж яваа наяад оны төлөөллүүдийн л нэг. Зургаан хөөрхөн үртэй, алдарт эхийн нэгдүгээр дүгээр одонтой эх. Амьдралын ачаа зовлонг үүрэхдээ үүрч, дүүрэхдээ дүүрэн зүтгэж яваа эгэл жирийн ээж. Түүний том хүү оюутан, удаах охин нь дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч. Зулай зулайгаа гишгэн төрсөн зургаан хүүхдийнх нь хамгийн бага нь одоо дөрөвхөн настай бяцхан хүү.


Г.Амардэлгэр өөрөө нялх бага насандаа ээжийгээ алдан өнчирч, хатуу хөтүүг туулж өссөн. Тийм болохоор хүүхдүүдээ өөртөө байгаа бүх хайраар нандигнан өсгөж, зөв сайхан хүмүүжүүлж чадсанаар нь найзууд нь хичнээн их бахархдаг болохоо ярьцгааж байна. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар хүндээр өвдсөн ч тэр бууж өгөөгүй гэнэ. Хатуужил тэвчээр, сэтгэлийн хүчээр өвчнийг ч ялсан ялагч гэж найз нар нь түүнийг хэлдэг. Тийм ээ, тэр ялагч юм байна. Хүчтэй хүн учраас аймагтаа цор ганцаараа энэ албыг үүрэн, нэр төртэйгөөр зүтгэж яваа. Үүнд эргэлзэх юм байхгүй. Өөрөө хуульч мэргэжилтэй. Хуулийн байгууллагад цөөнгүй жил ажилласан хүн болохоор өөрийг нь ямар эргүүлгэнд хийж, яаж хилсээр яллах гэж байгааг сайн мэдэж байгаа.

Өвөрхангай даяар яригддаг зартай баян, барьцаалан зээлдүүлэгч ноёны мөнгө угаадаг гэдгийг нь илчилж, торгууль тавьсных нь төлөө хорссон этгээд торгууль төлөхгүй гэсэндээ гомдол гаргаж энэ хэрэг үүссэн байна. Зарим банк нь хүртэл түүнтэй хамтарч ажилладаг. Өрөө байраар хангадаг. Нийлж мөнгө угаадаг байх магадлалтайг ч нутгийнхан хэлж байна. Эднийх банкны албан ёсны шаардлага хангаж чаддаггүй өндөр настан, халамжийн тэтгэмж авдаг, бага орлоготой хүмүүс дээр мөнгө хүүлдэг. Хэдэн зуун хүний тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр барьцаалчихаад л үйл ажиллагаа явуулж байдаг. Тийм болохоор хэн ч , юу ч хэлж хөнддөггүй. Үүндээ эршчихсэн. Олон жил ийнхүү ноёрхчихсон газрыг анх удаа улсын байцаагч торгочихож.

Ийм хэмжээний луухгарт 20 сая төгрөгийн торгууль тавьж, хууль ёсыг шаардсаныхаа төлөө улсын байцаагч яллуулж байна. Торгуулсан этгээд байцаагч бүсгүйг өөрөөсөө нэг сая төгрөгний хахууль нэхсэн гэж гүжирджээ. Гэвч гүтгэлэг нь батлагдаагүй. Утсаар ярьж нэхсэн гэх боловч, харилцсан баримт утасны ярианы албан ёсны шалгалтаар ч байхгүй байдаг. Гэвч заавал яллах ёстой учраас хүчний байгууллагын машин ажиллаж эхэлсэн.  Энэ нь Шүүхээс хоёр удаа цагаатгах шийдвэр гарсан ч Өвөрхангай аймгийн Прокурорын газар ахин дахин давж заалдсаар, эцэст нь хорьж байгаагаас харагдаж байна.

Мэдээж барьцаалан зээлдүүлэгч 20 сая төгрөгийн торгуулийг төлөөгүй. Төлөхгүй гэж шүүхдээд, аймгийн шүүх нь “...битгий төл, яаж таныг минь торгож чадаж байнаа, уучлаарай биднийг ” гээд ёсолсон. Мөнгө хүүлэгч улам пээдийн даварч, байцаагч бүсгүйд хорсон шүд зууж яваа учраас хариу авахаар шийдсэн. Эргэж гүтгэсэн.АТГ, прокурор нь ар тал нь болохоор ингэж аашлах юу ч биш. Одоо энэ хэргээр Өвөрхангайн хүчний байгууллага Монополын эсрэг газрын улсын байцаагч бүсгүйг сарын турш хорьж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр торны цаана суулган тавлаж байгаа юм. Түүнд 5-12 жилийн хорих ялтай зүйл анги тулган ийнхүү төрийн машин ажиллуулж байна.

Энэ хэргийн араас санаа чилээн, надад захидал бичиж байгаа Өвөрхангай аймгийн шударга иргэдийг үнэний төлөө чилээж буй сэтгэлийнхээ тамирыг битгий алдаарай хэмээн хүсмээр байна. Бид хамтдаа эгэл жирийн төрийн албан хаагч эмэгтэйг хилсээр яллахаар улайрч буй этгээдүүдийн эсрэг тэмцэх болно.