Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдгийн үлгэрээр улс орон маань өөдлөхөө байв. Засгийн газар энэ онд өрийн үйлчилгээнд хүүтэйгээ нийлээд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байна. Одоо яаж энэ их өр ширний ард гарах юм бүү мэд. Томоохон төслүүд шинээр эхлүүлэхгүй, хөдөлсөн хэдтэйгээ ноцолдоно гэж шинэ засгийн газрын тэргүүн мэдэгдэнэ лээ. Хөдөлсөн гээд байгаа төслүүд нь хэрүүл тэмцэлд тушигдчихсан. Шатахуун түлш, цахилгаанаараа бүрэн хараат бид нефтийн үйлдвэртэй болно гэж мөрөөдсөөр олон жил өнгөрч байна. Төсөл нь анх төсөвлөсөн өртгөөсөө даваад, ахиад Энэтхэгээс зээл аваад явж байна. Дайнаас болоод шатахууны хямралд нэрвэгдэх нь тодорхой болчихлоо.
Гадаад дотоод нөхцөл байдал ийн хүндэрсэн үед өнөөдөр монголын эрх баригчид улс төрийн тэмцэлд бүх цагаа алж, өөр хоорондоо албан тушаалын төлөө улангасан дайтаж байна. Эрх баригчдын энэ дажин Засгийн газар байгуулдагдсанаар түр зогсох ч, өс хонзонгийн улс төр үргэлжлэх нь тодорхой. Тус намын дотор явагдсан хатуу хагарал улам тэлж, хөмхий зуусан залуу улстөрчид нь өглөө бүр нэг нэгэн рүүгээ сошилд сум тавьж, тэрнийх нь хаялага нийгмийг хорсол бухимдлын галаар шатаасаар байна.
Ерөнхий сайд Н.Учрал бараг өдөр бүр улс орны өмнө тулгамдаж, хоолой дээр тээглэн ирсэн хүндрэл бэрхшээл, эдийн засгийн дарамт, нийгмийн асуудлуудаа нээлттэй хэлэн, учирлаж байгаа ч тэндээс итгэл найдварын дөл улалзахгүй байгаа нь үнэн. Хаа хаанаа асуудлаа ярьцгааж байгаа ч гарах гарц, гаргалгаа, шийдэл санал болгож байгаа хүн харагдахгүй байна. Улсын Ерөнхий сайд улс орноо авч явахын төлөө тархиа ажиллуулах ёстой байтал үүссэн нөхцөл байдлаас болж, улс төрийн харилцаа зохицуулах ажилд цагаа зориулж байна. Шинээр томилсон сайд нартаа парламентын чуулганы хоймроос баахан захиас, итгэл найдварын мессеж илгээж суухыг нь харах үндээ залхмаар. Энэ бол эмнэнэл. Түүний үг уриалгын шинжээс гарч чадахгүй байгаа нь үүний тод илрэл. Харин бид тэндээс бодлогын, шийдлийн чимээ хүлээж байгаа.
Үнэндээ түүний толгойлох Засгийн газар фракц хоорондын тэнцвэрийг хүчээр хадгалах гэж зурсан, эрээвэр хураавар кабинет юм.
Эдийн засаг хэцүүдлээ гэдгийг бараг хүн болгон л хэлж, орилж байна. Эдийн засгийн уналт гэж юуг хэлдэг вэ. Энгийнээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ажилгүйдэл нэмэгдэх, жижиглэнгийн худалдаа зогсонги байдалд орох, орлого, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд унахыг хэлнэ. Өнөөдөр манайд өдөрт ААН-үүд нь хэд гурваараа дампууран, хаалгаа барьж байна. Дансаа хаалгасан компанийн тоо 30 мянга хүрчихлээ. Араас нь 60 мянган ААН дампуурлаа зарлахын өмнө тулж ирээд, Х тайлан өгч байна. Хүмүүс ажилгүй болж, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд нь ажлын байраа алдаж байна гэдэг улс орны эдийн засагт ирж буй хамгийн муу дохио.
Хөрөнгө оруулалтын орчноо зориуд гэмээр самардаг эрх баригчид монголоос өөр хаана ч байхгүй. Хэдэн зуун хүн ажлын байраар хангаж, тэдний ар гэрийг бүхлээр нь үүрч дүүрч яваа компаниудыг улстөрчид нь гарч ирээд гүтгэдэг, нэр төрд нь халддаг, хоорондын зодоондоо ашигладаг, босгосон бүхнийг нь булаадаг улс орон монголоос өөр хаана байна вэ. Хамгийн сүүлийн жишээ “Смарт Эко Транс” компанид тохиолдлоо. Засгийн газрын гишүүд нь гарч ирээд нүддэг, гүтгэдэг. Цар тахлын хүнд үед хил дээр дэлхийн жишгийн автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал нэг жилийн дотор, өндөржүүлсэн бэлэн байдлын журамд шилжин нойр хоолгүй зүтгэж бүтээн байгуулсан залуучуудынхаа ууцыг нь ингэж хугалдаг Төртэй улс оронд залуус нь яаж дахин итгэх юм бэ. Ковидын хүнд бэрх үед улсаас нэг ч төгрөг авалгүй ачаа үүрсэн компани шүү дээ. Хилийн зурвас дээр улаан шороон дундуур нүүрсээ ачаад, бөглөрөн багшран овооролдож байсан үед өөрийн хөрөнгөөрөө 19 кг хүнд даацын зам барьчихаад байхад нь өнөөдөр Улсын комисс нь хүлээж авахгүй гэдийж байна. Улсынхаа төлөө бүтээн байгуулалт хийсэн хамт олон гайхан харсаар...
Манайх шиг дороо хий эргэж, дотоодын хэрүүл тэмцэлдээ булагдаж буй орон битгий хэл Япон улс 10 мянган компаниа дампууруулчихаад тэднийгээ босгож ирэх гэж удирдагчид нь ухаанаа зарж байна.
Гэтэл манай эрх баригчид хоёр засгийн газраа унагачихаад, одоо гуравдугаар ээлжээрээ хамаж шимэн арай гэж засгаа бүрдүүлээд байж байна. УИХ нь ч ард түмний амьдралд хэрэгтэй, гацаа тээгнээс гаргасан ганц хууль баталсангүй гэхэд хилсдэхгүй. Тэднийг ингэж алалцаж байх зуур дэлхийд дэгдсэн дайны улмаасшатахууны үнэ тэнгэрт хадаж, эгэл ард бид амьдрахадулам хүнд болж байна. Төр засаг барьж байгаа нөхдүүдээс“...одоо бидэн рүүгээ эргэж харах цаг болсон уу” гэж иргэд чинь асууцгааж байна.
Та бүхний хэрүүл тэмцэл иргэд биднийг хооллохгүй. Бидэнд эрүүл, хямд хүнс хэрэгтэй байна. Та нарын хэрүүл ширүүсэхийн хэрээр бидний амьдрал улам бүр уланд очиж байна...гэж тэд бухимдацгааж байгаа.
Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэдэг. Бүр намын их хурал дээрээ удахгүй очлоо шүү гэж амласан. Одоо ирэх хэрэгтэй байна. Хэрэв тэд бууж ирэхгүй, тэндээ дайтсаар байвал бидэнд сонголтоо хийхээс өөр арга үлдэхгүй.
Та бүхнийг сайн хуралд, хэрэлд гэж ард түмэн гуйгаагүй. Угаасаа та нар 100 жил хуралдсан. Одоо болно. Бид татварын дарамтаас гармаар байна, өрийн дарамтаас салмаар байна. Ажилтай, орлоготой баймаар байна. Ард иргэд нь төрөө гуйж гувшилгүй мөрөөрөө амьдраад явдаг эрх зүйн орчинтой нийгмийг л хүсч байна. Энэ бол ядарч туйлдаж, бас залхаж байгаа иргэдийн хүсэл.
Айлууд аз жаргалын индексээрээ гайхуулцгаадаг бол манайх авлигын индексээрээ уруудаж ангайлгадаг. Авлигын төсөөллийн индексээр сая Монгол Улс 31 оноо авч, 182 орноос 124 дүгээр байрт жагссаныг Transparency International байгууллага зарлалаа. Энэ нь арагшаа 10 байр ухарч, 10 жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Үр дүнд нь Монгол Улс авлигын түвшин өндөр, ардчилсан бус засаглалтай орнуудын тоонд багтлаа. Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
Transparency International бол авлигын эсрэг тэмцдэг дэлхийн хамгийн том, засгийн газрын бус олон улсын байгууллага юм. Ийм дүн авсан ч хариуцлага хүлээсэн албан тушаалтан одоогоор алга. Харин оронд нь “2026-2030 онд авлигын индексийг бууруулж, 120 дугаар байр руу оруулна” гээд зорилт тавиад байгаа тухай мэдээгээцацаж биднийг доромжилж байх юм.
Харин одоо хүнс ямар үнэтэй байгааг танилцуулъя. 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн байдлаар хонины ястай махны үнэ гэхэд өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.74 хувиар буюу 778 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 556 төгрөгөөр өсчээ. Мөн үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.51 хувиар буюу 644 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.21 хувиар буюу 944 төгрөгөөр өссөн гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлж байна. Эд ч гэсэн төр засгийн байгууллага учраас өдөр болгон өсч буй барааны үнийн мэдээллээ шинэчилж мэдээлэхээс зүрхшээж байгаа биз.
Мөн энэ мөчид Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар төрийн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж байгааг зарлалаа. Тэрбээр “ Ажлын форум, тавилга хэрэгсэл зэрэг шаардлагагүй зардлыг танана.26 яамтай тэнцэх 3000 сул орон тоог хэмнэнэ” хэмээн мэдэгдэж байна. Төрдөө итгэл алдарч, хүндэтгэлгүй болсон иргэдийн зарим хэсэгт иймэрхүү үгс таалагдах байх л даа. Гэхдээ бүсээ чангалан гүрдийж байгаа монголчуудыг дахиад чангал, улам чангал хэмээн хэлж байгааг нь хэд нь ойлгон уншиж байгааг бүү мэд.
Тэсцгээ, МАН удахгүй ирнэ гэсэн...

