Бид ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдмөөр байна...
Бид ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдмөөр байна...
Япон улс хүнсний бараанд ногдуулдаг найман хувийн НӨАТ-аа хоёр жилийн хугацаанд 0 хувь болгох шийдвэрийг гаргах гэж байна. Бараг өнөөдөр шийдэгдэх болов уу. Энэ бол инфляц нэмэгдэж, амьжиргааных өртөг өссөн учраас иргэдийнхээ хэрэглээний дарамтыг бууруулах зорилготой Засгийн газраас нь яаралтай авч хэрэгжүүлж буй бодлогынх нь нэг.
Дэлхий нийтийн улс төр сонирхогчдын анхаарлын төвд байгаа тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи хатагтай энэ талаар парламентдаа мэдэгдэхдээ “Бид татварыг нэмэхгүй, харин хүнсний барааны НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгоно. Цаашид иргэдэд чиглэсэн татварын буцаан олголтын тогтолцоонд шилжинэ” гэж хэлсэн.
Сүүлийн жилүүдэд Японд хүнсний барааны үнэ өсч, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларч, импортын зардал нэмэгдсээр байгаа юм. Үүнээс үүдэн өрхийн бодит орлого буурч, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн учраас нь Засгийн газар нь богино хугацаанд иргэдийнхээ хэрэглээний дарамтыг бууруулах бодлогын шийдвэр гаргаж байна гэсэн үг. Санаэ Такаичи үнэхээр мэдрэг ажиллаж байна. Энэ шийдвэрийн дараа хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, иргэдийнх нь амжиргаан дээр ачаалж буй дарамт хөнгөрнө. Мэдээж аливаа улс оронд томоохон шийдвэрүүдийн үед болдог бүх л юм болж байна. Нөгөө талаас эдийн засагчид нь энэ шийдвэр төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгааг анхааруулцгааж байна. Мэдээж хүнсний бараа бол ард иргэдийн амин зүйл учраас удирдагчид нь ийм шийдвэр гаргаж байгаа юм.
Харин Японы Засгийн газрын гаргаж буй энэ шийдвэрийн талаарх мэдээллийг уншсан манай иргэд “ Ард түмнээ боддог улс орны удирдагчид гэж өөр юм даа. Бид ч гэсэн татварын дарамтад нэрвэгдэж байна. Ахуй амьдрал маань хэрэглээний үнийн өсөлтөө даахаа болих нь. Гэвч манай удирдагчид эрх мэдлийн төлөөх дайнаа л хийцгээж байна даа” гэсэн гунигтай сэтгэгдлүүдийг хөврүүлж байна.
Манай хүнс ч өндөр үнэтэй. Өнөөдрийн байдлаар нэг килограмм үхрийн мах 34700 төгрөг, хонины мах 27000 төгрөг байна. Төр засаг нь тогтворгүй, тэндээс ирэх чимээ нь эрх мэдэлтнүүдийн авилга, хулгайн тухай тэсэхийн аргагүй мэдээллүүдээр хахаж байгаа ийм эзэнгүй цагаар наймаачид хяналтгүйгээр үнэ тогтоож байгааг буруутгах арга алга. Тэдэнд “Хүн идэхгүй амьдрана гэж байхгүй” гэсэн ганцхан логик л үйлчилж байна. Тийм ч учраас өдөр тутам хүнсний үнийг бага багаар нэмсээр, бид чимээгүй л тулаад ирсэн ачаагаа үүрэн зүтгэцгээж байна. Одоо шатахууны үнэ нэмэгдэх нь. Хэдийгээр биднээс шалтгаалахгүй үйл явц ч энэ өсөлт хамгийн түрүүн хүнсэнд л шингэнэ. Бараа нь лангуугаа хотойтол өрөөстэй, харин бид хүнсээ худалдан авч дийлэхгүйдээ тулж ирсэн дүр зураг л харагдаж байна.
Нэгэнт амьдрал маань бор гэртээ илтэд ингээд хүндрээд ирсэн болохоор иргэд маань хүнсний барааны НӨАТ дээр Японы Засгийн газрынх шиг түр чөлөөлөх шийдвэр гаргаж болдоггүй юм уу хэмээн ярьцгааж байна. Эдийн засагчид биднийг буруутгах л байх. Гэхдээ нөгөө талдаа эрх баригчдын Төр тоносон тонуул, төсвөөс зувчуулсан хулгайн мөнгө зөвхөн “их наяд” гэх тоогоор л хэмжигдэх болсон. Монголын ард түмэн тэдний хэтэвчинд орсон алдагдсан боломжийн төлөөсөндөө хүнсийг НӨАТ- аас чөлөөлөхийг хүсч яагаад болохгүй гэж гэх гөжүүд үг унагамаар байна.
Хэрэв хүнсний бараанд ноогдуулдаг НӨАТ-ыг түр тодорхой хугацаагаар чөлөөлбөл хүнсний үнэ дор хаяж 30 хувь буурна. Гаднаас орж ирдэг хүнсний бараан дээр жишээ авъя. Гааль дээр нөат 10 хувь, бөөний сүлжээн дээр 10 хувь, лангуун дээр мөн 10 хувийн нөат авдаг. Хамгийн бага дамжлагыг хэлэхэд л ийм. Монголд дундаж давхарга байхгүй болох нь. Тиймээс татварын шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага тулгараад байна. Манай бүх аж ахуйн нэгжүүд татварын өртэй байгаа. Өөрөөр байх боломж ч үгүй. Гэтэл Төр нь ААН-үүдийнхээ дансыг хааж, хүзүүн дээр нь дарж байгаад татвараа авах мугуйд бодлого явуулдаг. Ийм байдалд хэр тэсэх маань хаа хаанаа тодорхойгүй байдалд дэндүү удлаа.
Үнэндээ бид ажил хийж эхэлсэн цагаасаа эхлээд л улсдаа татвар төлдөг. Хөдлөөд л татвар. Монгол Улсад нийт өөр өөр нэршилтэй 30 төрлийн татвар, хураамж бий. Албан татвар гэхэд 13 төрлөөр төлдөг. Орлого, хөрөнгө, хэрэглээнд ногдуулдаг, үг дуугүйгээр улсын төсөвт төвлөрүүлдэг татвар гэсэн үг. Араас нь төлбөрүүд жагсана. 14 төрлийн төлбөрийг бид төлж байна. Үүнд газрын төлбөр, ус ашигласны төлбөр гээд цувна. Ахиад араас нь бөөн хураамж хөврөнө. Дахиад дэлгүүрт хөл тавиад л НӨАТ төлнө. Энэ их татварын ачаалал бидний өчүүхэн орлоготой даанч нэг уялдахгүй нь гашуун. Хоолой минь боогдож байна. Уг нь энэ хаврын чуулганы гол хэлэлцэх асуудал бол Татварын багц хуулийн өөрчлөлт юм. Гэтэл манай хэд албан тушаал, эрх мэдлийн төлөөх ээлжит тулаандаа л хамаг хүчээ хаяж байна.
Тэд ашгийн татварын босго тогтоон аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаагааг алсуур нь боомилсон бол ард түмнээ аяган дахь хоолоор нь дундалж байна. Ийм Төртэй бид яах болж байна вэ ?

