Хаврын тариалалт хаяанд...харин бид бэлэн үү ?

 

Улс төрд нь юу ч болж, улс орноороо юунд анхаарч байхаас үл хамааран урсгал амьдрал явдгаараа л явдаг...гэж нэгэн уншигч маань над руу бичжээ. Иймэрхүү наана цаадхаа мэдэхгүй сүрэн паран үг хэлэхэд угаасаа нэг их ухаан шаардагдахгүй л дээ. 

Ядаж хөгжлийн маань фундамент зөв тавигдсан, системүүд маань эрүүл саруул өрөгдсөн, эдийн засагнь өөрөө өөрийгөө сэлгэхүйц том, иргэд нь ухаалаг улс оронд  бол иймэрхүү үг шидчихээд тайван амгалан хэсэгтээ явж бололгүй яахав. Харин бидэнд одоо байгаагаасаа илүү мунхаглах боломж үгүй байна. 

Хаврын тариалалт эхлэх гэж байдаг. Болсон болоогүй хэдэн үр газарт булах л байх. Гэхдээ мөнгө хэрэг болно. Зээл өгнө гэсэн юмсан. Тэрийгээ ар өврийн хаалгагүй, амьтан ах дүүсээрээ хуваагаад авчихалгүй хурдан шиг тараагаасай билээ...Тариаланчдын амнаас ийм гутранги үгс унаж байхыг үзээгүй. Тэд бол хэдэн арван жилээр атаршаад хаягдчихсан байсан тариан талбайдыг сэрээж чадсан арми шүү дээ. Хичээж байж өндийлгөж ирсэн салбарт нь зорилтот зээл тусламж тэгш хүртээмжтэй ирдэггүй. Дэлхий дахинд нэвтэрч байгаа технологийн дэвшлүүдээс нэвтрүүлж чадахгүй байгаа зэрэг урагшгүй байдлууд тэднийг ийнхүү гуниглуулж байна. 

Засгийн газраас 2026 оны хаврын тариалалтанд зориулж 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөн ажиллаж байгаа ч тариаланчид энэ мөнгийг эрх баригчдын ээлжит тоглоом болоод өнгөрнө гэж үзэж байна. 

Дэлхий дайн байлдаантай байна. Нефьтийн үүдэн дээр энэ дайн болж байгаагаараа онцлог. Ормузын хоолой хаагдахад л бүх юм дуусах хорвоод амьдарч байгаагаа манайхан сая л анзаарч байна. Гэсэн ч Ормуз ямар хамаатай юм гээд орондоо орох завгүй хэмлэлдэн тэмцэлдэж байна. 

Тариаланчдын амжиргааны гол хэрэгсэл болох дизель түлш дор хаяж одоо байгаа үнэ дээрээ 800-1000 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэсэн яриа тариаланчдыг түгшээж эхлээд байна шүү дээ. Энэ хүндрэлийг дийлээд явах компаниуд хэр олон билээ. Тэгээд ар дээр нь хүнсний ногооны үнэ хэд хүрэх вэ. Алт шиг үнэтэй гурил  идэх цаг тулж ирчихээд байна. Хэрэв шатахуун ийм өндөр үнэтэй болчихвол яаж ажиллах вэ гэдгээ тариаланчид бодож тунгаах хэрэгтэй. Нэгдэж нийлж ажлаа явуулах, бага газраас их ургац авах технологи руу орох, хаврын тариалалтынхаа мөнгө төгрөгийг босгох гээд хуучнаасаа арай өөр арга ухаанаар ажиллах хэрэгтэй болох шиг боллоо. Төр засаг нь энэ хэддээ олгох зээлээ түргэн гаргах, гаргасан хэдээ дундын хулгайч түшмэдүүдийн заль мэхээс холуур явуулах гээд ажил мундахгүй их байна. Ямар ч байсан хуучнаараа яваад байж болохгүй бололтой. Ард түмнээ өлсгөчихгүй шиг, энэ хүнд ээдрээтэй цаг хугацааг давж гарах хариуцлагатай үе ирлээ. Гэтэл бид ээлжит хэрүүл тэмцлээ зохиож аваад хоорондоо л үзэлцэж байна. 

Манай газар тариалан бол байгалийнхаа эрхшээл дор аргадаж жаахан юм олж авдаг түвшнээсээ халиагүй явж байгаа салбар шүү дээ. 

Нөхөн сэргээлтийн технологи бүхий иж бүрэн ухаалаг газар тариалан дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Харин манай улсын газар тариалан үнэнийг хэлэхэд хамгийн бага ургац өгдөг, хөрснийх нь 60 хувь муудсан гэх үнэлгээтэй. 

Хаврын тариалалт хаяанд ирчихсэн энэ үед бид чанартай үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, техник хэрэгслийн бэлэн байдал гэх сэдвүүдээ л ид ярьж байх ёстой. Гэтэл ...

Тариалалтын хугацаанд тасралтгүй ажиллах дизель түлшний нөөц бидэнд бий юу. 

Энэ хаврын чуулганаар төсөв, эдийн засагтай холбоотой олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай байгаа. Гэтэл парламент бойкоттой байж байдаг. Сангийн яамнаас “ 2-3 жилийн турш боловсруулсан татварын багц хуулийг хэлэлцүүлэхээр бэлэн болгосон. Хэрэв энэ хуулийг хаврын чуулганаар баталж амжихгүй бол өөрчлөлтүүд 2027 оноос нааш эдийн засагт нөлөөлөх боломжгүй ” гэдгийг мэдэгдэж байна. 

Урд хөршид маань шинэ шинэ ололт, гайхамшигт тэсрэлтээр дүүрэн байгаа газар тариалангийн салбар манайд орчин үеийн шилдэг боловсон хүчнүүд нь ч байхгүй шахам байр байдалтай байна. Технологийн дэвшлийг ашиглан хөрснийхөө элэгдлийг бууруулах, усалгааныхаа системийг илүү төгс сайжруулах, ургамал хамгааллын шилдэг шинэ нээлтүүдийг хэрэгжүүлэхэд дэлхийн газар тариалан гол анхаарлаа хандуулж байхад манайх усалгааны бүрэн системтэй компани ч ганц хоёрхонтой. Монгол Улс хөдөө аж ахуйн салбартаа фермерүүдийн бүхэл бүтэн үеийг яаралтай бэлтгэх шаардлагын өмнө байгаа. Гэвч тэд нь хаанаяваа юм бүү мэд. 

Их гүрнүүдийн өрсөлдөөн улам хурцдаж байна. Үүнээс үүдсэн инфляцын өсөлт дэлхийн эдийн засгийг бүхэлд нь эрсдлийн өмнө аваачиж байна.

Дөнгөж өчигдөр манай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэл хийлээ. Ямар мэдэгдэл хийснийг анзаарч сонссон уу ?

Тэрбээр “Эрчим хүчний салбар маань олон жил хуримтлагдсан тарифын асуудлаас болоод хүнд байна. Тарифыг удаан хугацаанд хүчээр барьж ирсний улмаас энэ бүх ноцтой байдал үүссэн. Өнгөрсөн өвлийг бид тодорхой зогсолт, гэмтэл, хүндрэлүүдийг туулж ард нь гарлаа. Энэ асуудал бол нэг эрчим хүчний сайдын асуудал биш. 20-30 жил хуримтлагдсан бодлогын алдаа юм. Иймд Засгийн газраас тодорхой хувилбарууд боловсруулж, төсвийн тодотгол хийх эсвэл одоогийн зардлын хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх саналуудаа УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Бид жил бүр хүүхдийн мөнгөнд1.6 их наяд төгрөг төсөвлөдөг. Гэтэл энэ дүн жил тутам 50-70 тэрбум төгрөгөөр өссөөр байна. Харин эрчим хүчний салбарт шаардлагатай санхүүжилтийг тооцоход ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн нэг удаагийн зардлаар үндсэн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Үүнийг шийдсэнээр гурван жилийн хугацаанд үе шаттай шилжилт хийж байж зорьсон тарифтаа очих юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны суурь тооцоогоор 591 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай байгаа. Үүнийг баялгийн сангийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн зардлыг нэлээд танаж ирсэн. Цаашид дахин таналт хийх ньЗасгийн газар болон яамдын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тулгарна. Тиймээс бид баялгийн санг ашиглаж суурь асуудлуудаа шийдэхээс өөр арга байхгүй" гэж хэллээ. 

Бид ийнхүү хараалаар баахан булсан баялгийн сангаасаа өөр орох юмгүй болчихоод зогсож байна.