Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэж явна

Одоогоос 20 жилийн өмнө АНУ-д яг л өнөөдрийн манай нийгэмд болж буй ёс суртахууны уналт шиг эсэн бусын зүйлс болж байв. Катрина хар салхины дараах үеийн хэвлэлүүдээр нь дүүрэн луйвар, хүнд суртлын давалгаа нөмөрсөн тухай бичдэг байсныг санаж байгаа биз дээ.

Африкт янханчлал, хар тамхины гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн аймшигт явдлууд газар авч байгаа тухай мөн л шуугиж байлаа. Энэтхэгт нийгэм нь ёс зүйн үндсэн баримтлал, зүг чигнь болж ирсэн соёлын уламжлалаа алдаж байгаа тухай халаглан бичицгээж байсныг санаж байгаа байх. Ерөөс бүх дэлхий даяар ёс суртахууны шинэ уналт тийнхүү эхэлж байлаа. Үүнээс өмнө ч хорвоо ариухан байгаагүйл дээ. 

Дайн тулааны хөлд айдас зовлон нүүрлэж, хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээснээс үүдэж ёс суртахууны гажуудлууд XX зуунд ид нүүрлэж байв. Тийм үед ариун сайхан дэлхийн тухай ярих боломжгүй. Хэдийгээр жараад он гэхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэлгэрч, нийгмийн шилжилтүүд явагдаж, шинэ ёс зүйгээ тунхаглацгааж байсан ч нөгөө талд нь мөнөөх уналт үргэлжилсээр л байсан. 

Өнөөдөр манай монголд ёс суртахууны уналт доройтол газарт ойчиж, бид бие биенээ хайр найргүй барьж идэцгээж байна. Монголчуудыг монголчууд л зулгааж байна. Гаднаасаа дэлхийн жишгээр гангалж гоёсон, иж бүрэн брэндээр хулдсан гялгар хүмүүс нийгмийн дээд давхаргаар холхин нүд гялбуулж, гоё үгсийг өдөр шөнөгүй амаараа урсган цэцэрхэцгээж байвч тэндэхийн ялзмаг зад тавин хальж, ард иргэдээ жигшээж, үзэн ядалтын халуун тогоонд нэг нэгнээ чанахад бэлэн болтол улайсгаж байна. 

Монголд нэр цэвэр хүн үлдсэнгүй. Өнгөтэй өөдтэй яваа салбар ч гэж алга. Нэг нэгнээ татаж унагах харгис дайнд улсаараа мордоцгоожээ. Угаас ёс суртахууны дархлаа султай улс үндэстэн муу муухайд амархан жингүйдэж, хялбархан ч адаптацид ордог юм байна. Ухаан санаа, үйл хөдлөлөө хянах чадвараа бүр мөсөн алдсан сүрэг үүсэв. Тэд нь гүрээнийхээ судсыг гүрдэлзүүлэн “шударга ёс” хэмээн чарлалдах нь хувь заяаны шоглоом гэлтэй. Эрчүүд нь охин шигээ, ээж шигээ, эгч шигээ эмэгтэйчүүдийг байж боломгүй зэрлэг бүдүүлгээр доромжлон бах таваа хангана. Зарим эрүүл саруулаа гээсэн эмэгтэйчүүд нь ч даган мансуурч, атаа хорслын жигшим тачаалаа тайлна. Тэдний амнаас ойд багтамгүй бохир үгс торох юмгүй урсана. Тэр чинээгээрээ цахим ертөнц нь бохирын хоолой мэт үзэгдэнэ. Нийгмийн толь нь цахим ертөнц шүү дээ. 

Өөрөөсөө илүү амжилтад хүрсэн болгоныг цахим загалмайд тэлж хадаад, цусыг нь урсган тал талаас нь чулуу нүүлгэн тамлах мэт зэрлэг цэнгэлд бид автацгаасан. Бид нэг нэгнээ хүндэтгэхээ больсон. Ийм байхад биднийг хэн хүндэтгэх билээ. 

Сэхээтнүүд нь галзуучууддаа барьж идүүлэхээс айгаад нэг нь ч дугарч чадахгүй нуувчинд нугдайн сууцгаасан. Ганц нэгхэн найруулагч энэ бурангуйг сөрөн бүтээлээ тавьж буй ч тэднийг хэн ч дэмждэггүй. Баячууд нь ёс суртахууны энэ уналтын эсрэг нэг төгрөг ч зарахгүй амиа хичээн, улс төр бизнес хоршсон бүлэглэлээрээ нэгдэн улсаа тонон дээрэмдэх ажлаа л чимээгүй үргэлжлүүлж сууна.  

Хөрөнгөтнүүд нь ийнхүү нийгмээ баян ядуугийн хоёр туйл руу улам хагалан шидсээр...Тэд хүүхдүүдээ гадаадын өндөр өртөгтэй том сургуулиудад сургана. Монголын боловсролын тогтолцоог шоолон ичиглэж, хууль дүрмийг нь үл хэрэгсэнэ. Манай дээд зиндааныхан дархан цаазат бүсэд тусгаар тогтноцгооно. Бусад нь утаандаа хахаж цацан хонхортоо аж төрнө. Ингэж хоёр туйлт улсыг үүсгэн, хорсон тачаагчдаа улам өдөөсөөр...

Үр дүнд нь үзэн ядаж хорссон блок л улам томорсоор. Түнэр харанхуй, ухаан сэхээгүй хар масс уур хилэндээ улам чинэрсээр...

Үр дүнд нь өөрсдөө сонгосон төрөө маргаашнаас нь эхлэн харааж эхэлдэг, ажил хийх боломж олгохгүйгээр эргэж тэдэнтэйгээ тэмцдэг утга учиргүй нийгэм бий болсон. Ул суурьгүй, уншдаггүй, зөвхөн нэг нэгнээ үзэн ядах аймшигт хилэнд баригдсан ийм улс хэзээ дээшээ сэхэхийг таашгүй. Бид нэн удахгүй гоё машин унасан нэгнээ эвдэн сүйтгэж, сайхан байшинд суусан хэсгээ галдан шатаахад гайхах юмгүй болтол мунхарчээ. 

Шашныхан нь, соёл гэгээрлийн салбарынхан нь бүгд барьц алдаж, нэгэнт цохилтод оржээ. Одоо энэ байдлаас яаж гарах ухаанаа олохгүй бүгд манарч сууна. Манарсан, мансуурсан хотын тайзан дээрээс хөлчүү хип хопчид нь садар үгс савируулан янцаглацгаана. 

Улсаа яаж ёс суртахууны энэ их уналтаас аврах вэ? Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэж байна...

Өшөө хорслоосоо болон ухаанаа алдаж, төрийн сүлдэндээ залдаг эрдэнэт хүлгээ хядан хороож байна. Эцгээ төрсөн хүү нь “гай болоод байна” гээд хээв нэг зодоод алчихаж байна. Нялх үрээ хүчиндэж байна. Эхнэрээ өндрөөс шидээд алчихаж байна. Эрх мэдэлтэй гэмт хэрэгтнүүд ял завшиж байна. Садар самуун, ужиг цэнгэлд живж байна. Хоёр эхнэртэй эрчүүд ил цагаан моодорхож, үр хүүхдээ өнчрүүлсэн адгийн заваан амьдралаа гайхуулан дээдсийн цэнгүүн дээр навчин тамхи зууцгаан мансуурцгаах болж. Хууль завхруулагчид хууль шүүхийн удирдлагаас бууж ирэхгүй байна. Буулгаж чаддаг тэнхээтэй Төр нь байхгүй байна. 

Эрх баригчид ил цагаан бие биенээ дэгээдэн унагаж, эрх мэдлийн төлөө алалцаж байна. Намууд нь потенциалаа алдан давжаарч, гарч ирсэн шинэ үе нь балчирдан багадаж үзэгдэнэ. Хэн ч гарч ирээд, хааш нь залан тууж болохоор болчихсон ийм дархлаагүй нийгмийг ёс суртахууны сэргэлтээс өөр юу ч өндийлгөхгүй.  

Одоо яах вэ ?