Монгол улсын Ерөнхий сайд Оюун Эрдэнэ 2021оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 1990 оноос хойш ажиллаж байсан Монгол улсын Ерөнхий сайд нартай уулзалт зохион байгууллаа. Түүнээс өмнө ажиллаж байсан намайг урьсан боловч харамсалтай нь би эмчийн хяналтад эмнэлэгт байсан учир очиж чадаагүй бөгөөд 5-ны өдөр эмнэлгээс гараад уулзалтын тухай мэдээ сонсож, Бодлогын зөвлөл байгуулахаар болсоныг дэмжиж, Засгийн газраас шийдэх тулгамдсан асуудлаар, үүний дотор Оюутолгой төслийн гэрээнд ямар өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогын яамыг байгуулахад анхаарах асуудлаар саналаа товч бичиж хүргүүлсэн болно.

Манай улсад 1990 оноос хойш байгуулагдсан засгийн газрууд тогтвортой ажиллаагүй, эдийн засаг нийгмийн хөгжлийн хурд удаан, ядуурлыг арилгах зорилт хэрэгжээгүй нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд засаг төрийн зохицуулалт хэрэггүй гэж байсан буруу онолын хор уршсаар Засгийн газар хөгжлийн урд хугацааны хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөөтэй ажиллахгүй байгаатай шууд холбоотой. Эдийн засгаа хүчирхэг болгож, нийгэмийг хөгжүүлэх урт хугацааны тодорхой зорилготой, түүнийг хэрэгжүүлэх үндэслэл тооцоо бүхий төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан дунд хугацааны тодорхой төлөвлөгөөтэй, биелэлтийн нь төлөө хариуцлага хүлээж ажилладаг засгийн газар л тогтвортой ажиллах боломжтой. Ийм учраас Хөгжлийн бодлого хариуцсан яамтай байхыг олон жил зөвлөж байгаа.

Би 1990 оноос өмнө, социализмын үед улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлж төлөвлөдөг байгууллагад олон жил ажилласан туршлагаасаа хуваалцахыг хичээдэг. Намайг 1969 онд Сангийн сайдын албанаас чөлөөлж Улсын төлөвлөгөөний комисс, улмаар Засгийн газрын удирдлагад 1990 он хүртэл хугацаанд ажиллуулсан буюу БНМАУ-ын хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох, түүнийг ажил хэрэг болгох таван жилийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцуулж байсан билээ. Улсад нийтдээ 60 жил, үүнээс 41 жил төрийн байгууллагад ажилласан бөгөөд 1970-1990 оны 20 жилийн ажлынхаа үр дүнгээр би илүү бахархдаг.

Социалист системийн улсууд өнгөрсөн зууны жараад онд Эдийн засгийн харилцан туслах Зөвлөл нэртэй олон улсын байгууллага бий болгосон, бүх улсууд таван жилийн төлөвлөгөө боловсруулаад тэдгээрт тусгагдсан гол арга хэмээний талаар мэдээлэл солилцож, ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж болох талаар хэлэлцээр хийж тохиролцдог байлаа. Төлөвлөлт хариуцсан байгууллагууд тогтмол хуралдаж хөгжлийн бодлого төлөвлөгөөг уялдуулах асуудлыг хэлэлцэж шийддэг байсан. Түүнээс манайхан суралцсан юм их байсан.

Улсын төлөвлөгөөний комисс болон Шинжлэх ухааны академийн дэргэд байсан эдийн засгийн хүрээлэнг нэгтгээд Улсын төлөвлөгөөний комиссын байранд ажиллуулж Монгол улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах ерөнхий схем нэртэй Монгол улсын эдийн засаг нийгэмийг урт хугацаанд буюу 1970- 1990 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, улмаар тав таван жилээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.  Үүний ачаар 1970-1990 онд Монгол улсад урьд байгаагүй их бүтээн байгуулалтын жилүүд болсон буюу одоо бидний ахуй амьдралд шийдвэрлэх ач холбогдолтой байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүд бий болсон, нийгмийн олон чухал асуудал шийдэгдсэн байдаг.

Улс ардын аж ахуйн үндсэн фонд 10 тэрбум төгрөг байсан бол 1990 онд 53,7 тэрбум, үүний дотор үйлдвэрлэлийн үндсэн фонд 6,4 тэрбумаас 34,1 тэрбум төгрөг хүртэл нэмэгдсэн байдаг.  Үр дүнд нь нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 1970 оны хэмжээ 1990 онд 3 дахин өссөн байдаг.

Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн, академич Т.Намжим 1996 онд “Монголын эрт ба эдүгээ“ ном бичиж хэвлүүлсэн бөгөөд түүндээ Монгол улсын социализмын үеийн эдийн засаг, нийгмийн амьдралын түүхэнд судалгаа хийж, 7О орчим жилийн ололт амжилт, шийдэж чадаагүй асуудлыг бодитоор дүгнэж бичсэн байдаг.  Таийгаач Т. Намжим уг номондоо: “Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил 1990 он хүртэл хугацаанд, ялангуяа сүүлийн 20-30 жилд зогсоогүй, харинч чамгүй хурдацтай урагш ахисаар байсан.  Гэвч эдийн засгийн хүч чадал, цар хэмжээ, чанар чансаа нь өөрийгөө тэтгэн хангах ,нөхөн үйлдвэрлэл явуулах түвшинд хүрээгүй, техник технологийн түвшин доогуур, зохих бүтэц бүрэлдэхүүн нь бий болж амжаагүй, бусдаас хэт их хараат байдалтай байсан.  Тэгэхдээ, эдийн засаг нийгмийн үйлчилгээний салбаруудыг бий болгох, улс орны хүн ардын хэрэгцээ шаардлагад нийцсэн эдийн засгийн бүтэцийг бүрдүүлэх арга хэмжээг хөрөнгө оруулалтын бодлогоор хэрэгжүүлэхийг оролдож байсан юм“ гэж бичсэн байдаг.

Зах зээлийн эдийн засагтай орчин үеийн нөхцөлд хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болох боломж байгаа.  Хөгжлийн ухаалаг бодлоготой байвал түүнийг төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай ажил хэрэг болгоход саад болох гаднын бэршээл хамаарал байхгүй гэж хэлж болно.

Одоо шийдэх ёстой гол асуудал бол Засгийн газарт Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг нэн даруй бий болгох юм.

Ийнхүү, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн ажил хариуцсан яамыг бий болгон, шилдэг эрдэмтэд, эдийн засагчдыг томилон ажиллуулж, Монгол улс эдийн засаг, нийгмийн хөгжлөөр ойрын 10-15 жилд хүрсэн байх түвшин буюу зорилтуудыг тодорхойлох, уг зорилтыг хангах тодорхой төсөл арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцуулбал Засгийн газар тогтвортой үр бүтээлтэй ажиллах боломжтой болно.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан яаманд Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын буюу хөрөнгө оруулалтын асуудал, үүний дотор гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээг монголын ашиг сонирхолыг тусгасан нөхцөлөөр байгуулж байх ажлын хариуцуулах хэрэгтэй.  Энэ чухал ажлыг хариуцах эзэнтэй болгосноор хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн асуудлыг тохиолдлын, мэрэгжлийн, мэрэгшсэн биш хүмүүс шийдэж байдаг алдаа засагдана.

Эдгээр саналаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхдийн бий болгохоор шийдвэрлэсэн Бодлогын Зөвлөлд танилцуулж зөвлөмж гаргуулах бодолтой байгаа.

Монгол улсын Ерөнхий сайдаар 1990 оноос өмнө ажиллаж байсан гавьяат эдийн засач Думаагийн Содном

2021 – 11 – 25