Эрүүгийн цагдаагийн албанаас энэ оны 1 дүгээр сарын 6-нд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хамаарал бүхий объектуудаас ойролцоогоор 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх төгрөг, ам.доллар, евро, юань бэлнээр илрүүлж түүнийг баривчлан хорьсон. Хамгийн сүүлийн мэдээллээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10.2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн, С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. сан. Түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлогын эх үүсвэрээ хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Мөнгө угаах/, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд анх дуулиан дэгдээсэн их хэмжээний мөнгөний “цаад эзэн” олдоогүй боловч С.Батдөлийнх ч, УБТЗ-ын ч мөнгө биш гэсэн таамаглал л хамгийн ихээр газар авсан. Түүнчлэн С.Батдөлийн оронд хэнийг томилох бол гэдэг асуулт хариулт нэхсээр байгаа юм.
Одоогоос сар гаруйн өмнө нэгэн цагт “УБТЗ” гэдэг “вант улс” шахуу том байгууллагыг олон жил удирдсан, УИХ-ын гишүүн асан Р.Рашийн хамаарал бүхий хүн Т.Үржинг томилуулах тухай мэдээлэл явж байсан. Лавлахад, уг томилгоог АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй тул зөвшөөрөөгүй гэсэн хариулт олдсон юм. Харин хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд С.Батдөлийн оронд түүнтэй нэг албанд ажилладаг Б.Мөнхтулгыг томилох тухай яригдаж байгаа бололтой. Тэрбээр “УБТЗ” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын дарга асан Батхүүгийн хүү юм билээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар вагон хуваарилалт хүний оролцоогүй цахимжсан, 2/3 гэгч будилаантай жагсаалт устаж үгүй болсон ч тээвэр зохион байгуулалтын албанд хамтдаа нэгэн дуугаар вагоны хуваарилалт хийж байсан нэгнийг С.Батдөлийн оронд томилох нь оновчтой томилгоо болох эсэх нь эргэлзээтэй.
Сонирхолтой нь С.Батдөлтэй хамт ажиллаж 2022 оны 10, 11,12 дугаар саруудад вагон хуваарилалтыг баталдаг байсан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарын гэргий, “УБТЗ” ХНН-ийн Ачаа тээврийн хэлтсийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганзул өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч энэ сарын 14-ний өдрөөс эхлэн тэтгэвэртээ гарахаар болсон аж. Уг хуваарилалтын жагсаалт Б.Мөнхтулга,  Х.Мөнхдэлгэр Ц.Ганзул гэсэн гурван хүний гарын үсэг болон С.Батдөлийн баталснаар явагддаг байсан.

Эх сурвалжуудын мэдээлснээр бол 2/3 гэгч схемийг вагон эзэмшигч “Талын хишиг майнинг”, “Жи ар” компаниудын санаачилгаар эхлүүлсэн гэдэг юм билээ. Хэрэв үнэн бол “Талын хишиг майнинг” нь Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүүгийн компани, харин “Жи ар капитал ложистик” нь Булган аймгийн ИТХ-ын дарга С.Гал-Эрдэнийнх. Энэ асуудлын ээдрээ холбоог ч бас шалгаж мухарлах ёстой. С.Батдөлөөс “олдсон” мөнгө УБТЗ-ын ч, улсын төсвийн ч мөнгө биш. Харин шүүхийн үзэж байгаагаар үндэслэлээ тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхээ тогтоолгох гэж байгаа мөнгө гэх үү дээ. “УБТЗ” ХНН-ийн хувьд зорчигч тээврийн тарифыг “ойрд үзэгдээгүйгээр” буюу 50 хувиар нэмэгдүүлсэн. Мөн Хятадын талтай хийсэн удаа дараагийн хэлэлцээрийн дүнд 2022 оны 1 дүгээр сарын 19-нөөс эхлэн хоногт 14 галт тэрэг солилцдог байсныг 15  галт тэрэг болгож нэмэгдүүлсэн, үүний дүнд экспорт, импорт, транзит болон орон нутгийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн онд 27.7 сая тонн байсныг энэ онд 33 сая тоннд хүргэн тээвэрлэж, үнэмлэхүй амжилтыг үзүүлэхээр зорьж байгаа том зорилготой хамт олон. Тус байгууллагад ойрын үед албан тушаалын томилгооны өөрчлөлт хийж “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Хүрэлбаатар ажиллаж байсныг чөлөөлж оронд нь Замын Ерөнхий инженерийн орлогчоор ажиллаж байсан, 30 гаруй жилийн ажлын туршлагатай,  А.Батболдыг, харин түүний оронд Замын Ерөнхий инженерийн орлогчоор мэргэжлийн инженер Мөнхцоожийг тус тус томилсон байна. Авлигыг эцэслэн, алдагдлыг багасгаж, улс орны эдийн засагт авчрах үр ашгийг нэмэгдүүлж буй “УБТЗ” ХНН гэдэг байгууллага ийнхүү үзүүлэлт бүрээр ажлаа сайжруулж буй ч гэнэт гарч ирсэн олон тэрбумын үндэслэлгүй хөрөнгийн дуулианаар донсолгоо түгшүүртэй, дотроо шаналгаатай явах учиргүй юм. Тиймээс холбогдох байгууллагууд хяналт шалгалтын үр дүнд хэний халхавч дор хэрхэн үндэслэлгүй хөрөнгө илэрснийг олон нийтэд зарлаж эргэлзээг тайлах цаг тун удахгүй байх аа гэдэгт итгэлтэй байна.