ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Eрөнхийлөгчийн гомдлыг барагдуулахад хууль ямар хамаатай юм бэ!” хэмээн ундууцжээ. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хуульч хүн гэхэд “арай ч дээ” гэхээр үг хэлсэн юм. Чинбат хурандаа шиг этгээдэд мэргэжлийн ёс зүй энэ тэр бол томдож ахадсан ойлголт бололтой. Түүний ийн хэнэггүй аархаж буйгаас харахад л илэрхий.

Чинбат хурандаагийн тархин дахь “толин неврон”-ы хувь бага байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан аутизмтай биш бол зохих ёсны толин невронтой л байж таарна. Өөрөөр хэлбэл, “бусдын оронд өөрийгөө тавих чадвар” зохих хэмжээнд байх учиртай.

Ядахдаа хурандаа Чинбат, толин невроноо ажиллуулаад иргэн Ц.Уянгын оронд өөрийгөө тавьсан бол “...хууль ямар хамаатай юм бэ!” гээд дарамталж буй эрх бүхий албан тушаалтны аюулыг мэдрэхсэн. Мэргэжлийн ёс зүй нь ахаддаг юмаа гэхэд өөрт нь ч эргээд тохиож мэдэх эрсдэлтэй, хортой жишиг шүү дээ!

Миний таних, хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхэм бий. Тэр өнөөдөр, өөрөө хилсдэхдээ хүрчихсэн яваа. Тэрбээр “Эрх мэдэлтэй байх үедээ хуулийг ягштал зөв хэрэглэдэг явдлыг журамлахгүй яав аа!” хэмээгээд толгойгоо хавдтал нь шааж явна билээ. Манай хуулийнхан эрх мэдэлтэй байх үедээ толин невроноо ажиллуулдаггүй нь гэм биш зан. Яг Чинбат хурандаа шиг!

“Хууль ямар хамаатай юм бэ!” хэмээсэн үг зөвхөн хурандаа Чинбатын аархуу үг төдийхөн байсан бол сүржигнэх шаардлагагүй л дээ. Амаа мэддэггүй албан тушаалтан эцэстээ өөрөө л хэрэгт орно гээд орхихсон. Жинхэнэ ардчилсан нийгэмд ийм үг хэлсэн цагдаагийн этгээд дор хаяж мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээдэг.

Гэтэл, өдгөө Монголд “Хууль ямар хамаатай юм бэ!” хэмээх үг улам бүр тогтолцооны шинжтэй болоод байгаа. Нарийндаа Шүүх эрх мэдэл хараат бус байдлаа алдаж, улс төрийн эрх мэдэлтэнд үйлчилдэг “Улс төрийн шүүх” болон хувирсны илрэл. Үүнээс болоод хуулийн засаглал бус, улс төрийн эрх мэдлийн засаглал тогтож байна. Монгол Улсын хараат бус Шүүх эрх мэдлийг одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Шүүх хэмээн нуулгүй нэрлэвэл зохино! 

Улс төрийн хэрэгтнүүд шууд утгаараа бий болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилснийхээ төлөө, Путиныг шүүмжилснийхээ төлөө Ц.Уянга, Г.Ганбат нарын иргэд хэрэгтэн болж байна!

Тэднийг яаж хэрэгтэн болгож байгааг, өөрийн биеэр үзэх “ховорхон аз завшаан” надад бас тохиолдсоныг өгүүлсү.

Миний бие 2019 оны 6-р сарын 21-ний өдөр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байх даа? Хуцлаа л байна! ” хэмээн твиттерээрээ жиргэсэн юм. Мөн нийтлэл бичсэн.

Ерөнхий сайд асан Энхсайханыг зохиомол хэрэг үүсгэн баривчилсан явдлыг эсэргүүцэн миний зүгээс хийсэн улс төрийн үйлдэл л дээ. Энэ баривчилгааг явуулахад З.Энхболд нөлөөлсөн гэх мэдээлэл надад байсан болоод л тэгсэн хэрэг!

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд төд удалгүй миний энэ үйлдлийн хариуг барин, өөрийг нь гүтгэсэн гэж үзээд надад захиргааны хариуцлага тооцуулахаар ЦЕГ-т хүсэлт гаргасан юм.

З.Энхболд иргэнийхээ хувиар ингэх эрхтэй юм. Үнэхээр би түүнийг гүтгэсэн нь тогтоогдвол З.Энхболдын эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг мөн болох бөгөөд хуулийн дагуу надад захиргааны хариуцлага ноогдуулах нь шударга ёс юм.

Гэхдээ цагдаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын даалгавраар ажиллаж байгаа юм шиг хэргийг шалгаж болохгүй. Хэргийг шалгахдаа хэнд ч тал засаж болохгүй. Надад хариуцлага тооцох гэж байгаа бол хуулиа л ягштал баримталж ажиллах ёстой. Намайг, З.Энхболдыг гүтгэснийг нотлох ёстой, надаас мэдүүлэг авах ёстой, мэдүүлэг авахдаа миний өмгөөлөгчийг байлцуулах ёстой, мэдүүлэг авсан тэмдэглэл нь чанд бүртгэгдсэн байх ёстой гэх мэтчилэн ажиллагаанууд наад зах нь хуулийн дагуу хийгдэнэ. Ядахдаа, хэлсэн үгээ нотлох ямар үндэс байгааг надаас асуух хэрэгтэй шүү дээ!

Эдгээр ажиллагаа явагдсангүй. З.Энхболдын хүсэлтээр ажиллаж буй эрх бүхий албан тушаалтан болох цагдаагийн ахмад Б.Ганзориг нь миний биеийг “санаатай ололгүй хугацаа хожив”, надаас мэдүүлэг огт авсангүй, өмгөөлөл авах эрхийг маань хангасангүй. Ийн аргацаасаар хуулийн хугацаа дуусмагц З.Энхболдыг гүтгэсэн нь тогтоогдсон гэж гөрдөөд, шууд надад захиргааны хариуцлага ноогдуулан хоёр сая төгрөгөөр торгов.

Намайг хууль бусаар торгосон тул би зөрүүлэн шүүхэд хандаж торгуулийг хүчингүй болгож өгөх хүсэлт гаргасан билээ. Би шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.

Харин шүүх дээр жинхэнэ “хошин шог” явдал боллоо. Гурвантаа шүүх хурал болсон. 

Эхний шүүх хурал дээр З.Энхболдын өмгөөлөгч, шүүгчээс татгалзаж байгаа тухай Энхболдын захиаг уншиж танилцуулав. Үндэслэл нь шүүгч, “энэ хэрэг, хэрэг биш юм байна билээ” хэмээн шүүх хурал болохоос өмнө хэн нэгэнд ярьсан болохыг З.Энхболд сонсож гэнэ. Өмгөөлөгч захиаг уншаад дуусахад шүүгч ихэд гайхсан бололтой “огт тийм зүйл яриагүй” гэдгээ хэлээд шүүх хурлыг завсарлуулав. Дүүргийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар З.Энхболд даргын хүсэлтийг ёсоор болгосон тул шүүх хурал шинэ шүүгч томилогдтол хойшлов.

Х.Идэр гэдэг шүүгч шинээр томилогдсоноор удаах шүүх хурал 10 гаруй хоногийн дараа эхлэв. Гэтэл З.Энхболд ахиад шүүгчээс татгалзав. Үндэслэл нь Идэр шүүгчийн аав Хувьтөгөлдөр болбоос 1996-2000 оны хооронд Бат-Үүлтэй хамт УИХ-ын гишүүн байсан тул гэнэ.

20 жилийн өмнө Хувьтөгөлдөр бид хоёр хамтдаа УИХ-ын гишүүн байсан нь үнэн. Түүнээс хойш бараг таарсангүй. Сүүлийн үед сургийг нь ч сонсоогүй яваа, би. 

Шүүгч Идэр дахин хурал завсарлуулав. Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар бас л З.Энхболд даргын хүсэлтийг хүлээн авав. Шинэ шүүгч томилогдтол шүүх хурлыг дахин хойшлууллаа. 

Хоёр долоо хоног өнгөрөөд гурав дахь шүүх хурал болов. Шинээр Д.Ренченхорол гэдэг шүүгчийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатар томилжээ.

Өмнөх хоёр шүүгчийг дэндүү хөгийн үндэслэлээр татгалзаж Ренченхорол гэдэг шүүгчээр шүүлгэх гэж байгааг тодорхой зорилготой үйлдэл хэмээн үзээд миний бие эс зөвшөөрч, Ренченхорол шүүгчээс татгалзах хүсэлтээ хуулийн үндэслэл заан гаргалаа. Гэтэл, З.Энхболдын гаргасан хөгийн хов маягийн үндэслэлийг уухайн тас шүүрч аваад байсан ерөнхий шүүгч Ж.Болдбаатар маань миний хүсэлтийг болохоор хүлээн авсангүй. З.Энхболд даргадаа тал засаад байгаа гэлтэй!

Шүүх хурал болов. Шүүх хурлын үеэр Ренченхорол шүүгч надад тун ёозгүй хандаж байгаа нь мэдрэгдээд, түүгээр шүүлгэхгүй гэж татгалзсан маань зөв байжээ хэмээн бодогдож суулаа. Даанч би Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга биш тул миний хүсэлтийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатар тоохгүйгээс хойш яалтай ч билээ!

Болдог юм болдгоороо боллоо. Өмгөөлөгч маань, эрх бүхий албан тушаалтан Бат-Үүлээс огт мэдүүлэгаваагүй, тэгээд хуулийн бараг заалт бүрийг илтэд зөрчсөөр торгууль ноогдуулсан гэх зэргийг баримтаар нотлон хэлсээр атал Ренчендорж шүүгч, нэгэнт шийдвэр нь тодорхой болчихсон аятай хар цагаан үггүй сууж байгаад З.Энхболд даргынхаа талд шийдвэр гаргалаа. Хууль бусаар намайг торгосон ахмад Б.Ганзоригийн шийдвэрийг шүүгч хэвээр нь үлдээлээ. “Хууль ямар хамаатай юм бэ” гэсэн шиг!

Ренчендорж шүүгчийн шүүж байгаа байдлыг хараад байхад, “хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолтой байж болзошгүй” хэмээн үзсэн шүүгчээсээ татгалзах эрхээ хангуулахаар зүтгээд байгаа Баянсэлэнгийн “зөв” бололтой дог. Шүүгч захиалгаар шүүж байгаа бол иргэн хүн өөр яалтай билээ!