“Covid 19” халдварын улмаас сар шинийн баяр, валентин, март ер нь юу, юу байдаг билээ дээ, жилийн хамгийн их дараалсан баярууд нам гүмхэн өнгөрлөө. Угаасаа онцгой нөхцөл байдалд дүрэм журам нь тэгж гарсан, чанд байхаас ч аргагүй өдрүүд өнгөрч байна. Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Манайхны өргөн тэмдэглэж ирснээр эрчүүдийн баяр. Эрчүүддээ даруухан үнэндээ нам гүмхэн өнгөрөөж байгаа баярын мэндийг хүргэе. Бас эрчүүддээ баярын өдөрт нь зориулж насжилт бас хатжилтай нь холбоотой зарим баримтуудыг хүргэе гэж саналаа. 

Жендэрийн Үндэсний хороо, Үндэсний Статистикийн хороо хамтран өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” суурь судалгааг гаргажээ. Монгол хүний дундаж наслалт хэд байдаг гэж та боддог вэ. Тэр дундаа эрэгтэй хүн дундажаар хэд насалж, эмэгтэй хүн бас хэд насалж байна вэ. 

1992 онд монгол эрчүүдийн дундаж наслалт 60.7 байлаа. Нөгөө жар хүрээд ухаан ороод 61-тэй талийгч болно гэдэг шиг л. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 жил. Зөрүү нь 4.6 жил байв. Харин 2018 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 болж нэмэгджээ. Яасан сайхан хэрэг вэ. Эмэгтэйчүүдийнх ч мөн нэмэгджээ. 75.8 болсон байна. Хоорондын зөрүү нь 9.7 жил болж алсарчээ. Өөрөөр хэлбэл, хархан багаасаа гэрлэсэн хосуудаас өвгөн нь түрүүлж дээш дэвшээд, гэргий нь арваад жилийн дараа араас нь очихоор тийм үзүүлэлт. Ерээд оны 4.6 насны зөрүү гэдэг бол дэлхийд дундаж үзүүлэлт байсан бол өнөөдрийн 9.7 зөрүү бол хэтийдсэн үзүүлэлт болж байгаа юм. Улс орнууд энэ зөрүүгээ ойртуулж явахад манайд холдсоор. Хоорондоо зөрүүтэй насалж байгаа энэ үзүүлэлтээрээ дэлхийд бид 12 дугаарт, Ази Номхон далайн бүстээ бүр хоёрдугаарт жагсч байх нь тэр. Яагаад эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ төрүүлэн одож, нас баралтын хэмжээ хүүхнүүдээсээ 1.5 дахин их байна вэ. Үүнд хэн буруутай вэ. “Үхсэний хохь, үлдсэний зол” гэдэгчлэн үлдэж “аз жаргалтай”-гаар амьдрах гэж байгаа эхнэрийн буруу юу. 

Саяхан манайхны нэг ахмад настан “Сүүлийн жилүүдэд манайд эрчүүд нь түрүүлж явчихаад, хүүхдийн хурим найр, бэрийн гуйлга дээр намбайж суух эрчүүд ховор, хоёр талаас дандаа л авгайчууд сууж үлдэж дээ” хэмээн гунигтайхан өгүүлж байж билээ. Залуу бүсгүйчүүд ч хар залуугаараа бэлэвсэрч хоцорч байна. Бараг энэ тохиолдолд хажуудахаа халамжлаагүй, хар толгойг нь залгисан хэрэгт өнөөх хэдэн хүүхнүүд л буруутаж үлддэг. Одоо энэ хандлагаасаа бид салмаар байна. Өөрийнхөө амь насыг хайрлаж, эрүүл энх, урт удаан амьдарч, элдэв хорт зуршлаас ангид байж хариуцлагатай амьдрах цаг болжээ гэдгийг эрчүүддээ хэлмээр байна. Насны бөгсөнд хамтдаа үр хүүхдийнхээ дунд жаргаж суух насан дээрээ зулын ар дахь зураг болж үлдэх ёсгүй шүү, эрчүүдээ. 

Баярын энэ өдрөөр хатуу энэ үгийг хэлэх болсон шалтгаан нь дээрх судалгаатай холбоотой. Дундаж наслалтын зөрүүтэй байдал, нөлөөлөх хүчин зүйлсийг судлаад гаргаад ирэхэд эрчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дутуу байгаа нь тодорхой гарч иржээ. Тэдний нийт нас баралтын 80 орчим хувь нь халдварт бус өвчин байгаа бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна. Нарийвчлаад харвал, 28.7 хувь нь зүрх судасны өвчнөөр, 24.9 хувь нь хавдраар, 7.6 хувь нь зам тээврийн ослоор, 5 хувь нь амиа хорлосон байх юм. Насны бүлгээр нь харвал 15-44 насанд архины хордлого, амиа хорлолт, мотоцикль, тээврийн ослоор голдуу нас барж байгаа бол 45-аас дээш насанд зүрх судас, харвалт, хавдраар бурхан болж байх жишигтэй. 

Монгол эрчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаан гэвэл эрчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт төдийлөн хамрагддаггүй, өөрсдийгөө хатуу чангын туйл байх ёстой учраас өвдөх ч учиргүй, хүчтэйгээ харуулна гэдэг урьд хождын улирч баларсан буруу бодолтой нь холбоотой байдаг. Эхнэр нь эмнэлэг дагуулж явна гэхээр бултаж үзнэ, зугатаж үзнэ. Сүүлдээ “Ингэж байгаад л үхнэ биз” гэж айлгахдаа сүрхий. Архи тамхи, амьдралын буруу хэвшлээс нь болоод цусны даралт ихэсэх, чихрийн шижин үүсээд байна аа гээд хоол хүнсийг нь солих гэхэд “Ямаа биш өвс идэхгүй. Хэдэн үеэрээ ингээд болоод ирсэн юм. Цаг нь болбол тэр л биз” гэж ирээд уурлана. Ядахад тэдэнд зориулсан эмнэлэг, мэргэшсэн кабинет ч ховор. Бас эр хүн эхнэрээс чанга хатуу байх ёстой гэсэн бодлоороо эрүүл мэнддээ анхаардаггүй. Дандаа эрсдэлтэй алхмууд хийнэ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь гэр бүлгүй, залуус давамгайлж байсан бөгөөд тэдний гуравны нэг нь амь насаа эрсдэлтэй аюулд оруулж байсан гэжээ. Битгий ийм бай л даа. 

Гэхдээ яг бүх зүйл дээр хатуу байна уу гэхээр амиа хорлож байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Тэгэхээр тэдний насжилтад сэтгэлийн хатжил, хатуужил бас чухал болж таарч байна. Монгол улс амиа хорлолтоор дэлхийд дээгүүрт цохих болсон. 2017 оны үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт байх жишээтэй. Тэгвэл Монголд амиа хорлогчдын дийлэнх нь эрчүүд гэвэл та итгэх үү. Дааж давахгүй ачаа өөртөө үүрүүлээд аз жаргалгүйхэн алхахын оронд ханьтайгаа гэр бүлтэйгээ илэн далангүй ярьж, сэтгэлээ хуваалцаарай. Эргээд бодох нь ээ, монголчуудын “Эр хүн уйлдаггүй юм” гэсэн сургаад ч байгаа юм шиг, чадаад ч байгаа юм шиг тэр явган яриа дотоод сэтгэлээ нээж чаддаггүй, хүмүүсийг бий болгожээ. 

Тэр нь ч нөгөө талаас эмэгтэйчүүд бидэнтэй холбоотой. Бие даах чадвартай болгохоосоо бүх зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, нэг эхнэрийн гарт халуун чихийг нь бариулчихвал болчихно гэсэн бодолтой хүүгээ өсгөсөөр иржээ. Бүдэрч унаад өвдсөндөө нулимс нь дүүрээд ирсэн хүүгээ “Эр хүн уйлдаггүй юм. Ямар охин хүүхэд биш дээ” гэж аргадсаар нулимсыг нь цааш залгиулчихна. Эцэст нь сэтгэлээ нээж ярьдаггүй, эр хүн юм чинь бүгдийг болгох ёстой гэсэн ачаатай, өөрийгөө махан биетэй цусан нүдтэй гэдгээ ч ойлгодоггүй төмөр мэт хүмүүс бий болно. Хүнтэй ойлголцохдоо тааруу, ууртай нэгэн болж өсөх нь элбэг. Хөвгүүдэд маань сэтгэл зүйн нээлттэй эерэг орчин үнэхээр үгүйлэгддэг. Нас хэвийх үед өвчин гэдэг үнэнд гүйцэгдээд ирэхээрээ “Аав минь ч залуугаараа өнгөрсөн. Манай эрчүүд нас богино”-той гэж ирээд хувь заяа ярина. Уучлаарай, эрчүүдээ. Хэдүүлээ одоо өөрчлөгдөе. Хамтдаа өөрчлөгдөе. Дөнгөж төрсөн хүүгээ хандлага, хүмүүжлээс нь бид ч хамт өөрчлөе, эр хүнд олон юм шалчиганаж хэлэх шаардлагагүй гээд та нар ч зайгаа барилгүй хамтдаа өсгөлц, ирээдүйд өөрийнхөө энэ биеийг хайрладаг, эрүүл мэнддээ анхаардаг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг, өвдөөд байвал эмнэлэгт очоод үзүүлчихдэг, хавдар, даралт гээд халдварт бус урьдчилан сэргийлбэл асуудалгүй ангид байх тийм өвчнүүдээр явчихдаггүй, асуудал үүсвэл сөрөөд шийддэг эрчүүдтэй болмоор байна. Сүрхий эр хүн болох гэж хичээж байгаад сөхрөхдөө олс эсвэл хугархай буу авч гараад асуудлаа шийддэггүй баймаар байна. Болохгүй бол цурхиртал уйл, үнэнээ хэл. Хажуудах багана болсон бүсгүйчүүд бид чинь дэмнээд л, болохгүй бүрийг хамтдаа босголцоод ирнэ шүү дээ. Эрчүүд минь та нар, уул болж дүнхийж байгальд шингэлгүй, ус болж дэргэдээс урсч холдохгүй. Зүгээр л хамтдаа амьдраач. Хариуцлагатай амьдраач. Зулын арын зураг болж үлдэлгүй, үр хүүхдүүдийнхээ аз жаргалтай амьдралын гэрч болж, эхнэртэйгээ урт удаан, энх тунх амьдраач дээ. Гуйж байна, та нараасаа.