Зөвлөлт гүрний мөхөл
Өнөө үеийн Орос улсад хэрэгтэй сургамж
Егор Гайдар

Өдгөө Оросын нийгмийн ухамсарт нэвт шувт нэвчээд буй эзэнт гүрнийг санагалзах үзэл нь зөвхөн бидэнд анхлан тохиолдож байгаа зүйл биш. Ийм зүйл урьд өмнө түүхэнд нэг биш удаа тохиож байсан билээ. Зөвлөлт Холбоот Улс нь XX зуунд задран унасан анхных нь биш, харин сүүлчийнх эзэнт гүрэн бол мөн юм. ХХ зууны эхэн үед өөрсдийгөө эзэнт гүрэн гэж нэрлэж байсан улсуудаас, мөнхүү зууны эцэс гэхэд нэг нь ч үлдсэнгүй. Хэд хэдэн үндсэн шинж чанараас үзэхэд манай улс далайн чанадын нутаг дэвсгэртэй уламжлалт колоничлогч гүрнүүдтэй адилгүй байсан ба эзэнт гүрэн байсан эсэх тухай маргаан удаан үргэлжлэх буй заа. Орос улсыг эзэнт гүрэн байсных нь содон шинжийг нотолж, Оросын ард түмэн, хаадын үед ч, коммунист дэглэмийн үед ч манай оронд амьдардаг бусад улс түмнүүдийн хувьд эдийн засгийн донор байсан тухай бүтээлүүд олноор гарах нь дамжиггүй. Орос бус гаралтай оросын нийгмийн зүтгэлтнүүдийг ван Багратионоос эхлээд Иосиф Жугашвилигээр төгсгөн жишээ татах болно. Магадгүй, чухамхүү энэ өвөрмөц байдал нь Оросын эзэнт гүрнийг олон арван жилийн өмнө бутран унасан бусад гүрнүүдээс удаан тэсэж үлдэхэд нь тусалсан байх.
Харин хаант засгийн үеийн элитүүд улсаа эзэнт гүрэн гэж үзэн, тэгж ч нэрлэдэг байв. Зөвлөлтийн эзэнт гүрний удирдагчид ингэж ярьдаггүй байсан боловч, харин түүнийг СССР гэж нэрлэдэг улсын албан ёсны хил хязгаараас хамаагүй өргөжүүлэн тэлсэн билээ. Өнөөдрийн эзэнт гүрнийг сэргээн, дахин байгуулахыг хүсэгчид хаант Оросоос эхлэн, зөвлөлтийн түүхийн үеэр дамжин өнөөг хүртэл ирсэн манай түүхийн өвд олонтоо хандах болжээ.
Орчин үеийн Орос улсад эзэнт гүрнийг санагалзах үзлийн гал дээр тос асган өдөөн дэвэргэж буй жишээг тоолж баршгүй. Эдгээрээс цөөн хэдийг нь дурдъя. Кремлийн удирдлагад ойрхон байдаг улс төрийн технологич С.Белковский: “2004-2008 онд орос үндэстний үндэс суурийг тавих ёстой. Оросын үндэстэн эзэнт гүрэн л байх ганцхан хувь тавилантай”. Зохиолч А.Проханов: “Тийм ч учраас өнгөрсөн үеийн их эзэнт гүрнүүд нь аугаа бүгд найрамдах улсуудаас хавьгүй дээгүүр байсан. Тэд Бурхны санааг мэдэрч хэрэгжүүлэх чадвартай, нэгдмэл хүн төрөлхтний санааг өөртөө агуулж байлаа. Тийм ч учраас өнөөгийн либерал, жигшмээр Орос бол эзэнт гүрэн байсан, бидний хайхрамжгүйгээсээ болж алдсан аугаа Зөвлөлт Холбоот Улсаас ч хамаагүй дор, ёрийн оронцог юм”. Геополитик А.Дугин: “Зөвлөлт улсыг ард түмэн “Шинэ гүрэн”, “Гэгээлэг дэлхийн хаант улс”, “сүнсний хийд”-ийн бүтээн байгуулалт гэж үздэг байсан болохоос бус, тоо ширхгээр тоологдох нэгжүүдийг удирдаж, захирах үр ашигтай байгууллага гэж үздэггүй. Зөвлөлт Холбоот Улсын задралыг XX зууны сүүлчийн, дэлхийн эзэнт гүрний сүйрэл болгон харуулсан төсөөллийг энэ цаг үед зориулсан зохиол бүтээлд өргөн дүрсэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны Хуралд илгээсэн илгээлтдээ (2005 он) Зөвлөлт Холбоот Улс задарсныг энэ зууны хамгийн том геополитикийн сүйрэл гэж нэрлэсэн байна.
Эзэнт гүрний эрин үе улиран өнгөрсөн боловч түүний түүхийг судлах явдал өдгөө моодонд оржээ. Түүхэнд ийм зүйл болж л байсан. Энэ нь эзэнт гүрний дараах үеүдэд үндэстэн хоорондын зөрчилдөөн хурцадсантай холбоотой байлаа. Эзэнт гүрний мөхлийн тухай ном зохиол тоолж баршгүй их билээ. С.Монтэскюгийн Ромчуудын сүр хүч ба уналтын шалтгааныг эргэцүүлэх нь номыг эсвэл Ромын эзэнт гүрний уналт, мөхөлд зориулсан Э.Гиббоны зургаан боть номыг эргэн санавал, эзэнт гүрний сүйрэл, эзэнт гүрний дараах хам шинжийн талаарх сэдэв нь шинэ зүйл биш гэдгийг бид ойлгоно. Эзэнт гүрнийг санагалзах үзлийн ул мөр тод харагдах аугаа ном XVII зууны эхээр Испанид хэвлэгдэн гарсан бөгөөд энэ бол Сэрвантэсын Дон Кихот юм.
Таныг өвдөж байхад, танаас өмнө нь энэ өвчнөөр олон хүмүүс шаналж байсан гэж тайтгаруулсанаар таны өвчин эдгэрэхгүй. Энэ бол бусдын зовлон зовлон биш, эртний явдал сонин биш гэдэгтэй утга нэг. Харин өнөө бидэнд тохиолдоод байгаа зүйл бол өнөөдрийн шаналгаа.
I Петр хаан Бүх Оросын эзэн хааны титмийг авахдаа Оросыг Европын аугаа их гүрэн болохыг тунхагласан. Тэр үед сүр хүч, эзэнт гүрэн хоёр ижил утгатай байв. Өдгөө улс төрийн маргаан мэтгэлцээнд “эзэнт гүрэн” гэдэг үг маш түгээмэл хэрэглэгдэж байгаа боловч харин түүний, орчин үеийн нөхцөлд тохирсон, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт үгүй байгааг ойлгоход хэцүү. Далийн толь бичигт эзэнт гүрнийг эзэн нь, эзэн хааны цол, хэмжээгүй эрхтэй захирагчийн дээд цол хүртдэг улс гэж тодорхойлжээ. Ожеговын толь бичигт эзэнт гүрэн бол эзэн хааны удирдан захирдаг хаант улс юм гэж тодорхойлсон байна. Орос хэлний академик толь бичигт мөн эзэнт гүрний дараах хоёр тодорхойлолтыг өгчээ: эзэн хаантай хаант улс ба томоохон империалист колоничлогч гүрэн гэжээ. Орчин үеийн Орос улсад хэрэглэж буй “эзэнт гүрэн” гэдэг үгийн утгатай эдгээр бүх тодорхойлолтууд төдийлөн нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Түүхэн явцад нэр томьёоны агуулга өөрчлөгдөн уян хатан болсон. Өнөөдрийн нөхцөл байдалд илүү ойр байдлаар энэ ойлголтын тодорхойлолтыг би томьёолохыг оролдъё. Энэхүү номд “эзэнт гүрэн” гэсэн нэр томьёо нь хязгааргүй эрх мэдэл хүчирхэг эзэнт гүрэнд төвлөрсөн, үндэсний ардчилсан инстүүцүүдийн үйл ажиллагаа (хэрэв байгаа бол) колончилсон нутаг дэвсгэрт нь үйлчилдэггүй эсвэл хяналтад нь байгаа тухайн нутаг дэвсгэрийн хүн ам нь дор хаяж сонгуулийн эрхгүй хүчирхэг, олон үндэстний төрийн байгууламжийг илэрхийлнэ.
XX зуунд эзэнт гүрний хоёр хэлбэр болох далайн чанад дахь эзэнт гүрэн (Их Британи, Холланд, Португал г.м.), газар нутгийн хувьд нэгдмэл эзэнт гүрнүүдийн (Австри-Унгар, Орос г.м) өмнө тулгарсан бэрхшээлийн ялгаа нь тодорхой харагдаж эхэлжээ. Газар нутгийн хувьд нэгдмэл эзэнт гүрнүүдийн тухайд колониуд нь түүнээс далайгаар тусгаарлагдаагүй бөгөөд эзэн гүрэн ба харьяат нутаг дэвсгэр дээр давамгайлж буй угсаатны бүлгүүд зэрэгцэн амьдардаг, өөр хоорондоо нягт харилцдаг онцлогтой.
Түүх, ялангуяа XX зууны хоёрдугаар хагасын түүхэн туршлагаас харвал эзэнт гүрнүүд ч нурж, задардаг юм байна. Төрийн сүр хүчийг эзэнт гүрэнтэй адилтгах ойлголт нь том гүрэн задран, тэргүүлэх байр сууриа алдахыг нь хүлээн зөвшөөрч дасан зохицохоос өөр аргагүй болсон хуучин эзэнт гүрний үндэсний ухамсарт хүнд цохилт болдог ажээ. Эзэнт гүрний дараах нийгмийн синдромыг ашиглах нь улс төрийн дэмжлэгийг авах үр дүнтэй арга юм. Эзэнт гүрэн бол бусад үндэстнийг ноёрхож буй хүчирхэг улс гэсэн үзэл баримтлал нь сoca-сola эсвэл живх шиг борлуулахад хялбар бараа юм. Үүнийг сурталчлахын тулд оюун ухааны хүчин чармайлт нэг их шаардагдахгүй.
Эзэнт гүрний дараах хам шинжтэй тулгарсан улс орны хувьд алдагдсан эзэнт гүрнийг санагалзах эмзэг мэдрэмжийг нь өдөөж, цөсийг нь хөөргөхөд амархан харин эх орноо дахин сэргээн босгох уриа лоозонг практикт хэрэгжүүлэхэд амаргүй. “Эзэнт гүрнийг сэргээн босгох нь ард түмний тусын тулд” гэж хэлэхэд хэцүү биш. Ийм уриа түгээмэл бөгөөд нэр хүндтэй байдаг. Харин бодит байдал дээр эзэнт гүрнийг сэргээн босгох боломжгүй юм.
1917-1921 онд Оросын эзэнт гүрнийг огт өөр, коммунист, бараг танигдахааргүй хэлбэрээр сэргээн босгосон нь хосгүй тохиолдол. Энэ бол дүрмээс гадуур тохиолдол бөгөөд огт өөр хэлбэрээр явагдсан тул үнэхээр чамбай судлаач бол “сэргээсэн” гэсэн үгийг хашилтад авах биз. СССР нь олон сая хүн амь эрсэдсэн харгис хэрцгий Иргэний дайн, түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй харгислалын үр дүнд үүссэн юм. Ихэнх тохиолдолд нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт удаан хугацааны чиг хандлагаас болж үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эзэнт гүрнийг сэргээх боломжгүй байдаг.


Энэхүү зөрчилдөөн нь хуучин эзэн улсууд өмнө нь хяналтад нь байсан улсуудтай харилцахдаа гаргасан олон алдааны үндэс юм. Сүэцийн сувгийг хяналтандаа авахын тулд Египет рүү довтлох тухай Англи, Францын 1956 оны шийдвэр нь Оросын эрх баригчид 2003 онд Украинд юу хийхийг завдсаныг өөрийн эрхгүй сануулж байна.
Эзэнт гүрэн үүсэх нь нийгэмд гарсан суурь өөрчлөлтийн үр дүн юм. Тэд түүхэн нөхцөл байдлын нөлөөн дор үүсэн буй болж, бас задран унадаг. Огт өөр эрин зуунд, эргэн ирэх гэсэн мөрөөдөл нь хий хоосон зүүд мэт зүйл бөгөөд түүнийг хийх гэж оролдвол ялагдалд хүргэдэг. 2003-2004 онд Гүрж, Аджари, Абхаз, Украин, Молдавид буцан ирэх гэсэн Оросын бүтэлгүйтлийн туршлага нь бусад хүмүүсийн өмнө нь хийж байсан “алдааны цуглуулга” -ийн үргэлжлэл болсон юм. Гэхдээ эзэнт гүрний дараах нийгмийн ухамсар үүнийг ойлгодоггүй. Биднийг гүрж, украинчууд бус, харин тэдний ард буй “дэлхийн хуйвалдаан” ялсан гэдэгт итгэхэд хялбар билээ. Хэрэв ийм маягаар сэтгэж шийдвэр гаргавал бүх зүйлд тунин гоморхож, улам олон алдаа гаргах болно.
Нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл эзэнт гүрнийг санагалзах нь далайн чанад дахь эзэнт гүрнийг санагалзахаас илүү хүчтэй, удаан, гүн гүнзгий аж. Бараг гурван сая судетын германчууд (Австри-Унгарын эзэнт гүрэнд ноёрхогч ард түмний төлөөлөгчид байсан) шинэ Чехословак улсын үндэстний цөөнх болсон байр сууриндаа дасан зохицоход амаргүй байв. Тэдний нөхцөл байдалтай холбоотой үг яриа нь Чехословакийг эзлэхээс өмнөх Гитлерийн суртал ухуулгын гол сэдвүүдийн нэг байсан юм. Нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл гүрэн (Австри-Унгар, Герман, Орос, Түрэг, СССР) задарснаар судетын германчуудад тулгарч байсантай ижил төстэй бэрхшээлүүд өргөн олныг хамарчээ. Хэрэв үүнийг ухаарахгүй бол серб ба хорватын дайны гарал үүсэл, Боснийн эмгэнэлт явдлыг ойлгоход хэцүү.
Эзэнт гүрний мөхөл нь аажмаар, олон жилийн турш явагддаг үйл явц бөгөөд элитүүд ба нийгэм бүгд, түүнийг хадгалах гэж оролдох нь найдваргүй, утгагүй зүйл болохыг ойлгосон тохиолдолд нийгмээрээ гэнэтийн сүйрлээс илүү тайван хүлээж авдаг.
Энгийн жишээ бол Германы эзэнт гүрний төгсгөл юм. 1918 оны намар хүртэл Германы эрх баригчид ард түмнээ ялалт ойрхон гэдэгт итгүүлж байсан тул мөн оны арав-арваннэгдүгээр сард Германы цэргийн машин сүйрэх нь тодорхой болж, бууж өгөх нь зайлшгүй болсон нөхцөлд нийгэм нь үүнд бэлэн биш байв. Ийм учраас “дайны талбарт хэзээ ч ялагдаж үзээгүй Герман”, “ар нуруу руу нь хутгалсан дайснууд” гэсэн домгийг бий болгоход хялбар байжээ. “Ар нуруу руу нь хутгалсан дайснууд”-ын тухайд ил, далд аль ч утгаараа социалистуудыг хэлж байв. Дайны төгсгөл үед Москвагаас санхүүжүүлэн, Германд ажил хаялт зохион байгуулсан еврей хувьсгалчид ба урвагчдад эзэнт гүрэн нуран унасны бурууг тохжээ. Чухам тэд, энэ хувилбарыг зохиогчдын үзэж байгаагаар Кайзерыг албан тушаалаасаа огцроход хүргэсэн аж. 1920-иод оны дунд үед энэ хэлц үг хэллэгийг Германы армийн удирдагчид асан, 1918 оны ес, аравдугаар саруудад иргэний эрх баригчдад дайныг үргэлжлүүлэх боломжгүй тул ямар ч нөхцөлд энх тайвны гэрээ байгуулах ёстой гэж мэдэгдэж байсан хүмүүс хэрэглэж байв.
Олон германчууд дайны сүүлийн жилд хаант улсыг хэрхэн үзэн ядаж байснаа, 1918 оны аравдугаар сард Кайзер ба дээд командлалынхан ард түмнийг хууран мэхэлсэн нь олж мэдсэнээ тун хурдан мартжээ. 1918 оны аравдугаар сард чухамхүү генерал Э.Людендорф Германы шинэ канцлер, хунтайж Макс Баденаас Баруун фронтын цэргийн ялагдлаас сэргийлэх зорилгоор эвлэрлийн гэрээ байгуулахыг шаардсан хүн гэдгийг хүмүүс мэдээгүй юм. Хэрэв германы нийгэм хуучин дэглэм дампуурсан гэсэн итгэл үнэмшилгүй байсан бол Хохэнцоллэрнийн хаант засаг 1918 оны арваннэгдүгээр сард ийм хурдан нуран унахгүй байсан юм.
Иймэрхүү зүйл түүхэн ой санамжаас хурдан арчигдан алга болдог. Нийгэм ч үүнийг санахыг хүсэхгүй. Юу болсон нь хэнд ч сонирхолгүй юм. Дайны ялагдалд нэрвэгдсэн олон нийтийн ухамсрыг үлгэр домгоор гайхшируулахад хэцүү биш. Гитлер 1918 оны наймдугаар сарын ялагдлыг Германы армийн урьд өмнө нь байгуулсан ялалттай харьцуулахад тоглоом байсан гээд, эдгээр нь бууж өгөх шалтгаан болоогүй гэж байлаа. Түүний хэлснээр ялагдлын шалтгаан нь Герман үндэстний оршин тогтнолын үндэс болсон улс төр, ёс суртахууны зарчим, хүчийг устгахын тулд олон арван жилийн турш дайснууд ба тэдний туршуулуудын явуулсан үйл ажиллагаа байсан аж.
“Алив, намайг хуурах ч хэцүү биш дээ, би өөрөө ч хууртагдахад баяртай байна” гэсэн Пушкины мөрүүд санаанд орж байна. Ваймарын Бүгд Найрамдах Улсын түүхийг судлаачид, түүний удирдагчид Дэлхийн I дайныг өдүүлсэн Германы удирдагчдад хүлээлгэх хариуцлагын тухай материалыг олон нийтэд дэлгэхэд бэлэн бус байсан нь бүгд найрамдах улсыг ялагдалд хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл гэж үзжээ. Гэм зэмгүй, ялагдашгүй, үнэнч, доромжлогдсон Германы тухай домгийг бүгд найрамдах засгийн удирдагчид ардчилсан үнэт зүйлд итгэдэггүй хүмүүсийн гарт зэвсэг болгон өгчээ.