(Төрсөн өдрөөр нь Д.Сүхбаатарыг нэг түүхч Монголд зах зээл өрнүүлсэн ардчилагч явсан аятай номчирхов. С.Данзанг зах зээлээр замнах гэсэн эсэргүү гэж цаазалсан. Д.Сүхбаатарыг хувийн өмчийг нийгэмчлэх социализмыг үндэслэгч гэж мандуулдаг. Ард олноос жанжин алдар хүртсэн Д.Сүх хүүд ардчилал гэх гоёо доромжлол. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарт ардчиллыг өмчлүүлэхгүй хэмээн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар өөрсдийгөө ардчилагч гэж тунхаглаад пости коммунист хочтой үлдсэн).
Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсгох-намаа сүйд хийх янзтай. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр хэрэг шийдэхгүй олон сар жил арга саам хийдэг шүүх алхаа тас буулгасан нь дээрээс нүд цавчилгүй ширтэх ерөнхий сайдын харцнаас гөл авчээ янз нь. Онцгой хулгайч нь Отгочулуу гэж сэвэх улстөрд эмзэглэв. Үйлдэл дээрээ чихдүүлсэн дархан хулгайчуудаа шийтгэж зүрхлэхгүй дөнгөж торгодог атлаа АН-ын бяруунд бяр гаргасан хараат шүүхийг яалтай. Овоо хэдэн саяын цалингаас хагацах тэнд хэцүү нь мэдээж.
Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би цэцэрхээд яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар дүгнэх юм чинь! Харин Барамсай гэгч хорь гаруй настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ.
Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад-утгагүй. Шатаж үхээд-амины гарз. Насны эцэст нэг дүгнэлтэд би хүрэв. Тэр нь “хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй ард түмэн” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд сөхөөд ямар ч ашиггүй тул улиг болтол шүүмжилснээ л засвал дээдийн заяа. Тиймээс хөндсөн буглаагаа эдгэртэл янших! Харин “Н.Учрал ерөнхий сайд болохоор Төгрөг нуурын ордыг гадаад руу 250 сая доллароор заржээ гэсэн гүжирдлэг зохиов” гэх пиараар Женког шүтэгч Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн сонгогчид шиг тархитай массыг сэвэхэд “монгол ялна” гэж мэд. Тэгэхээр хэдээр, хэнийг сэвэхээс шалтгаалж ялалт ирдэг байх нь.
(Төв талбайд бужигнав. Үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал юм гэнэ. Идэр есийн тэсгим жаварт бээрч, олон цаг гадаа зогсох-аминд тулсан тэмцэл болохыг илтгэнэ. Л.Оюун-Эрдэнийн өнгөнд Х.Баттулгын гэм буруу алсран бүдгэрч, төмөр замын төслийг 16 жил гацааж 18,5 тэрбум долларын ашиг хаасан хорлон сүйтгэгчээр Ц.Элбэгдорж тодров. Сонгуулийн өмнө бичсэн нийтлэлдээ хариу хүсэж дахин байршуулав. Элбэгдорж төмөр зам гацаасныг баримтаар нотолно уу)