Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсгох-намаа сүйд хийх янзтай. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр хэрэг шийдэхгүй олон сар жил арга саам хийдэг шүүх алхаа тас буулгасан нь дээрээс нүд цавчилгүй ширтэх ерөнхий сайдын харцнаас гөл авчээ янз нь. Онцгой хулгайч нь Отгочулуу гэж сэвэх улстөрд эмзэглэв. Үйлдэл дээрээ чихдүүлсэн дархан хулгайчуудаа шийтгэж зүрхлэхгүй дөнгөж торгодог атлаа АН-ын бяруунд бяр гаргасан хараат шүүхийг яалтай. Овоо хэдэн саяын цалингаас хагацах тэнд хэцүү нь мэдээж.
Юу л болоод-хаашаа яваад байна даа хүүхдүүд минь? Яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг зуун улирч үүрийн гэгээ манхайсан. Үнэн учраа эрхэмсэг хөршдөө ойлгуулах гарц нээгдсэн ч ухаан суухгүй бол дахиад хатуу гарт базуулах аюул арилаагүй шиг байна. Монголын гол хүч-оюунлаг олон. Тиймээс би хүн зоноо тэнэг гэж наанаа уцаарлаад байгаа буурай. Өвгөн миний бухимдлыг эерүүлж ойлгоорой.
Манай эрх баригчдын цавчаа хаяагаа хадардаг малын хулгай шигээ балар эртнийхээрээ тул хэн ч бичихэд түвэггүй-ил. Тиймээс ухаан шаардах гүн утгатай, уйлам гунигтай чёрный юмор тэрлэхээс улаан галзуу хараах нь шулуун. Мянга шахам автобусанд төсөвлөсөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хусах замдаа МАН-ынхан балиартав.
Зөрчилд идэгдсэн манай нийгэм цөхөрч дөжрөөд эмзэглэхээ больчхож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячхаж нөгөө эрх чөлөө чинь. Шоолж инээх ариусал байжээ. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.
Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид.