Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд

Харамсалтай нь бид хэтэрхий их мэдээллийн урсгалд живж байх болсон. Ахуйн, нийгмийн, эдийн засгийн, улстөрийн, соёлын. Тэр байтугай яг одоо намайг ингээд бичиж байхад хажууд хүүхдүүд шулагнаж, зурагтаар ханнибал гарч, өөр өрөөнөөс хөлбөмбөг сонсогдож  байна. Өдөр бол бүр аймаар. Яг л живж үхмээр их мэдээлэл. Энэ дундаас хувь хүн миний хувьд хамгийн чухлыг нь олох, бас Монголын хувьд хамгийн чухлыг нь олж харах гэдэг амаргүй. Ихэнхдээ бараг бололцоогүй.

Бүр харамсалтай нь бидний тархинд түүнээс долоон дор хаос бодол санаануудын өөдсүүд эргэлдэнэ.  Орчин тойрны мэдээллээс хэд дахин их бодлын өөдсүүд өнгөрсөн одоо бас ирээдүйгүйгээс холилдон орж ирж яг энэ мөчид миний тархинд хуйларна. Энэ дундаас гол санаа бодлоо олж, түүн дээрээ тогтож төвлөрнө гэдэг бололцоогүй. Арга байхгүй л өгөгдсөн сэдэв рүү гээ дахин дахин хүчээр ухаанаа төвлөрүүлэхээс өөр арга үгүй.

Бусад хүн надаас бага хаос болсон орчинд илүү замбараатай сэтгэлгээтэй байдаг гэж итгэхэд бас хэцүү. Магад эрт үед нэг л тогтсон орчинд, хөдөө ч юм уу бодож сэтгэхэд, төвлөрөхөд арай амар байсан болов уу. Ямар салхины хурд, нарны гэрлийн бууралт, навчны хөдөлгөөн бүрийг ухамсартайгаар бүртгээд задлан шинжлээд байх биш. Гэхдээ л бодол нь бас л минийх шиг хаос байсан болов уу. Тиймдээ ч сүм хийд бясалгалын орон алс аглагт байсан биз. Ядаж л орчин нь хэрэггүй мэдээллийн урсгалд живүүлэхгүй.

Гэхдээ л бас бодол санаа нь хором бүрт холион бантан байдаг хүний мөн чанар адил байсан биз. Бясалгал гэж нэг их айхтар тусгай юм ч биш. Зүгээр л хором бүрт бодол санааны хэлтэрхийнүүдийн хаост живж байдаг сэтгэхүйгээ аль болох цэгцэлж нэг юман дээр төвлөрч сурах л байх. Хүйсэн дээрээ ч хамаагүй, гол нь ганц юман даар тогтож төвлөрч сурах.  Байгалийн шоглоомоор ч юм уу жишээ нь хурдан халдаггүй байх зориулалтаар ч юм уу, өөр ямар нэг санамсаргүй жамаар  хүн өөртөө хэтэрхий томдсон агуу том сэтгэх эрхтэнтэй болжээ. Тархи. Энэ агуу эрхтэн одоо бидний хэрэглэж байгаа хамгийн арчаагүй дэглэм болох хаос бодлын хольцоор тун бага хэсгийг нь үр бүтээл маш бага ашигласан ч одоохондоо бидэнд дэндүү илүүдсэн хангалттай хэвээр байна. Яг л хамгийн сүүлийн үеийн хэт хурдтай хүчирхэг компьютерийг бичгийн машин болгон хэрэглэж байгаа над мэт. Тэгээд ганц хуудас бичвэрийг хэдхэн хуруугаараа чадан ядан бичих, элдэв бодлын хольцдоо будунгуйран бас зурагт харж, тамхи татан, ундаа ууж бас бус өчнөөнийг амжуулах шиг. Үр дүнд нь 20 минутийн дараа л нэг хуудас бичиг бий болно. Компьютерт энэ нь үнэн тэнэг доромжлол мэт санагдах биз. Бидний тархиа ашиглах ч энэ мэт.

Агуу хүмүүсийн тархийг судлахад биднээс илүү жинтэй юм уу, бүтэцтэй байдаггүй. Харин ч зарим нь жижгэвтэр тархитай байсан тохиолдол цөөнгүй. Байгаа нь бидэнд магадгүй хэдэн мянга дахин томдчихоод байхад тэдэнд илүү жин, илүү нугалаа юунд л хэрэг болов гэж. Суутнууд биднээс ялигүй илүү төвлөрч сэтгэдэг ганцхан л давуу талтай байсан болов уу. Заавал бидний мэдэхгүй Моцарт, Тэмүжин, Ван Гог, Бетховен гэж ярьснаас бидний үед байгаа бидний мэдэх, би хувьдаа заримыг нь таних суутнуудаас сонирхоё л доо. Бид Өлзийтөгс, Жанцанноров, Баабарын эрин үед амьдарч байгаа.  

Баабарын бичсэнийг уншихад далай шиг их мэдлэгээсээ цэгцтэй сэтгэлгээний асар том шанагаар хутган авч нийтлэлийн бяцхан хундаганд их авьяасынхаа хэмжээгээр асгаж цутган халиаж хийсэн нь илт харагддаг. Тийм ч учраас түүнтэй ойрхон очих байтугай алсын тоосонд нь ч давхих нийтлэлч нэгээхэн ч үгүй. Асар их мэдлэгийн далайгаас нэгэнт өөртөө бий болгож чадсан хүчирхэг сэтгэлгээний шанагаар хутгаж байгаа болохоор бараг л ямар ч сэдвээр гайхмаар сайн, их бичиж чаддаг. Яриа нь бас адилхан хүчирхэг, яг л галт тэргэнд гэнэт дайруулчих шиг заримдаа санагдана. Тэрнээс биш зарим нэгний өөрийн хэмжээнд тайлбарладаг шиг илүү уран юм уу хорон үгээр, эсвэл гоё үзгээр бичээд байгаа юм биш. Байгалийн авьяас, төрөлхийн амьд сонирхолоороо асар их мэдлэгтэй болсон, түүн дээрээ хүчирхэг ухаанаараа чөлөөтэй сэлэн анализ хийж чадаж байна. Товчхон хэлбэл хүчирхэг энгийн сэтгэж аливаа юмны гол мөн чанар, далд механизмыг харж чадаж байна. Тэрнээс биш гоё бичээд байгаа юм биш.

Баабар шиг ингэж энгийн, асар хүчирхэг сэтгэж чаддаг хүмүүс л өнгөрсөн их үйл явдлуудын учрыг олж бидэнд хэлж өгч чаддаг. Тэр нь Монголын Түүх ном нь. Тэрнээс өөрөө сэтгүүлчидээс зугтахын тулд хэлсэнээр нь эхэлж архивд орсондоо ч биш юм. Өнөө цагийн улстөр эдийн засгийн үйл явдлуудаас бас Баабар л ганцаар гол мөн чанарыг нь олж харж чаддаг. Тэрнийгээ ч нийтлэл болгон бичиж бидэнд өдөр тутам хараалгаж явдаг. Бид бүр өнгөрсөн хойно нь л нээрээ түүний зөв байж гэж мэдэх боловч амьд байгаа дээр нь хэлэхгүй, тоогоогүй мэт царайлдаг. Монголын улстөр, нийгэм эдийн засгийн тухай ойр холын ирээдүйг ч тэр биднээс хамаагүй бодатай харж, байж болох ирээдүйнүүдийн учирч болох магадлалыг хүчирхэг тархиараа дахин дахин шүүж байдаг. Нийтлэлүүдээрээ анхааруулж байдаг. Тэр нь бас л бидэнд таалагддаггүй. Аргагүй шүү дээ. Яг л компьютерийг бичгийн машин гэж андуурагч над мэтийн хүнд түүний хүчирхэг сэтгэлгээ, асар их мэдлэг байхгүй болохоор өөрийн бяцхан мөрөөдөл ба хэрэгцээтэйгээ харьцуулаад л таалагдахгүй бол тэр. Харааж эхэлнэ дээ. Бурхан төрсөн нутагтаа үнэгүй гэдэг билүү.

Мань мэтийг хөдөө сумандаа дуудлаганд харайлгаж, зүүдэндээ ч үзээгүй байхад Баабар Бүү март, мартвал сөнөнө номоо гар бичмэлээр тарааж байсан. Энэ бол зөвхөн эр зориг биш биднээс магадгүй 10 жилээр түрүүлж сэтгэж байсан их сэтгэгчийн бүтээл байсан. Түүнээс хойш энэ хүн уяанаасаа алдуурч жинхэнэ эрх чөлөөтэй хүчирхэг сэтгэж, замыг маань гэрэлтүүлж байхад бид ядаж уншаад уншаад ойлгох ч хэмжээнд хүрээгүй байсан. Хүрэх ч үгүй биз. Түүний ганцаараа бие даан хийсэн Үндсэн Хуулийн хувилбар нь л гэхэд хэдэн зуун мэргэжлийн хүмүүсээс нь хэдэн арван жилээр урьд байсных нь баталгаа юм. Заримдаа тэр бидэнд хэтэрий томддог. Ийм ойрхон байгаа хэт аварга том юмыг бүхэлд нь олж харна гэдэг хэцүү. Харин ирээдүй цагт их холдож байгаад эргэж харвал зах зухаас нь мэдрэх биз. Б.Ренчин гуайн “мунхагуудын дунд амьдрахад амьдрал чи юутай урт, мундашгүй эрдмийн оргилд мацахад амьдрал чи юутай богино” гэж дуу алдсан нь энэ цаг үед чухам л Баабарт хэлсэн мэт санагддаг.  

Мэдээж Баабар бурхан биш болохоор алдах онох юм байлгүй яахав. Ойр зуурын юман дээр ч, заримдаа арай том зарчмын зүйл дээр ч, хаа нэгтэй буруу зөрүү таамаглалдаа ч юм уу. Бурхан байсан ч алддаг онодог биз. Ядаж дандаа зөв байхаас уйдаад тоглоод ч юм уу. Уул нь том хүн, том уул хоёрын нөөлөг ч их, сүүдэр ч том гэдэг. Харин Баабар тийм том байтугай томхон гэж ч болохоор сүүдэр үлдээж байсангүй. Баабар 1990 оноос хойш монголчуудын оюун санааны гэрэлт зам болон оршсоор байна.

Бид их азтай. Монголын түүхийн ийм гайхамшигтай үед төрснөөрөө. Мөн Баабарын үед амьдарч байсанаараа, түүнийг амьдаар нь харж, сонсож, уншиж байснаараа их азтай.   Тэнгэр түүнд эрүүл мэнд хайрлаг.

Б.Болдсайхан эмч            2009-12-06