Сүүлийн жилүүдэд Хятадын “Нэг бүс, нэг зам” олон улсын мэдээний өдөр тутмын үг болов. Хятадуудын тайлбараар “Евразид зам гүүр, худалдаа наймаа, интернэт сүлжээ гээд бүх чиглэлээр хэлхээ холбоо үүсгээд цөмөөрөө “энэ хавиараа балай авъя”” гэж санал болгосон бол Америк ба өрнөдийнхөн “наадах чинь өрийн хавханд та нарыг оруулах урхи занга байна, эхнээсээ Шри Ланкийг хар л даа” гээд бөөн хэл ам таталж эхэлсэн. Чухам аль нь юм бол? Боломж уу, эрсдэл үү, эсвэл аль аль нь юм уу?

“Нэг бүс, нэг зам” манай улсад хэр хамаатай вэ? Монголын “Хөгжлийн зам”-ыг “Нэг бүс, нэг” замтай уялдуулж, энхний ээлжинд зам дэд бүтэц барина, улмаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулагдах гэж байна. Ийм тохиолдолд бид “Нэг бүс, нэг зам”-ын талаар бүх талын байр суурийг тэнцвэртэй авч, мэдээ, мэдээлэл, судалгаатай байх ёстой. Тэгж гэмээ нь эрсдэл байвал боломж болгон хувиргах, боломж байвал улам сайн ашиглах учиртай билээ. Ийм учраас бидний хэдэн нөхөд Хятадын Ардын их сургуулийн профессор, “Нэг бүс, нэг зам” судлаач гэж алдаршсан Ван Ивэйгийн ээлжит нэгэн бүтээлийг орчуулан, уншигч таны мэлмийд толилуулж байна. Номын хэсгээс энд орууллаа. Хэрхэн тунгаахыг уншигч таны мэргэн оюунд даатгав!


“Нэг бүс, нэг зам”: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага

“Нэг бүс, нэг зам” Хятадын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг олон улсын жишигт хүргэж, газар тариалангийн соёл голчилсон байдлаас аж үйлдвэрлэл, мэдээллийн соёл иргэншил рүү шилжин оруулах юм. 

Анхан шатны тооцоогоор “Нэг бүс, нэг зам”-д 64 улсын (Хятад орохгүйгээр) 900 орчим төсөлд 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар байна. 2016 оноос хэрэгжилтийн үе шат эхэлж, дэд бүтцийн ажлын шаваа тавин, зам дагуух орнуудтай нэгдмэл ойлголцлыг бүрдүүлж эхэллээ. 2024 онд интеграцын эхний алхам хийгдэж, зам дагуух орнуудын өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ үндсэндээ бүрэлдэнэ. Балтийн тэнгис, Газрын дундад тэнгис, Энэтхэгийн далайн стратегийн замууд аюулгүй нэвтэрдэг болно. 2049 онд ашиг сонирхол, хариуцлага, хувь заяаны цогц нэгдлийг байгуулж, “Таван хэлхээ” үндсэндээ хэрэгжсэн байна. “Таван хэлхээ” гэдэг нь бодлогын уялдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чөлөөтэй урсгал, хөрөнгө санхүүгийн эргэлт, иргэд хоорондын ойлголцлоор дамжуулан системчлэгдсэн, сүлжилдсэн, хүмүүнжсэн хэлхээ холбоо юм.

“Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь Хятадын гоцлон тоглолт огтхон ч биш, харин дэлхий нийтийн найрал дуу билээ. “Нэг бүс, нэг зам” санаачилга дэлхийн олон туйлт үйл явц, эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжилтийн голдиролд нийцэхийн сацуу бүс нутгийн хамтын ажиллагааны нээлттэй үзэл санааг баримтлан, дэлхийн чөлөөт худалдаа, нээлттэй эдийн засгийг бүхий л хүчээрээ хамгаална. “Нэг бүс, нэг зам” бол Хятад улсын гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэх хэрэгцээ ч мөн, Ази, Европ, Африкийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага ч мөн билээ. 

“Нэг бүс, нэг зам” дотооддоо бол хөгжлийн стратеги, харин олон улсад бол хамтын ажиллагааны санаачилга болно.

“Нэг бүс, нэг зам” сөргөлдөөн биш, тоглоомын онолоос давж гарсан хамтын ажиллагааны шинэ ухагдахуун билээ. Үүнийг Хятад улс удирдан жолоодох биш, харин бүгд хамтын оролцоотой байх явдал чухал бөгөөд Хятад улс зам дагуух орнуудтай хамтран ажиллах төдийгүй зам дагуух улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллах юм. 

Өдгөө Хятадын эдийн засаг боломжийн сайн байгаа тул “хөгжлийн галт тэрэг”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой, тийм чадал чансаатай ч байна. 

Европ, Ази, Африкийн эх газрын улс орнууд яагаад Хятадын эдийн засгийн хөгжлийн галт тэргэнд суухгүй бол болохгүй гэж? Энэ бол чухамдаа хуучин даяаршлаас улбаатай асуудал юм. Хуучин даяаршил буюу үнэн хэрэгтээ далай тэнгисийн даяаршил бол хагас хугас даяаршил юм. Учир нь дэлхийн бөмбөрцгийн 71% нь далай тэнгисээр бүрхэгдсэн агаад худалдааны 90% нь далай тэнгист өрнөж байна. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 80% нь далайн эрэг дагуух 100 километр дэх бүс нутгаас гардаг гэсэн тооцоог “Дэлхийн банк”-аас гаргажээ. Европ, Америкаар удирдуулсан энэхүү даяаршлын үрээр хүчтэй нь улам хүчтэй, буурай нь улам сул дорой болдог бөгөөд “тэдний даяаршил”-ын мөр Ази, Европ, Африкийн далайд гарцгүй орнуудад хүрч очиход нэн хүндрэлтэй. Энэ бол туйлын тэгш бус даяаршил болой. 

“Нэг бүс, нэг зам” санаачилга дэлхий дахинд “хүртээмжтэй даяаршил”-ыг авчрах бөгөөд дорно нь өрнөдөд, тосгон нь хотод, эх газар нь далай тэнгист харьяалагддаг хөгжлийн загвартай өрнийн даяаршлаас салж, хүртээмжтэй, тэгш, өгөөжтэй хамтын ажиллагааны бүтцийг бий болгоно. Чухам иймээс л хуучны даяаршилтай зөрчилдөх юм уу шинээр дугуй зорох гээд байгаа хэрэг биш, харин сайныг нь авч саарыг нь хаясан илүү гүнзгийрсэн даяаршлыг бий болгох гээд байгаа юм.

Хятадын стратеги: “Том шанагаар дундуур утгаж, дунд шанагаар бага утгах”

“Нэг бүс, нэг зам”-ыг байгуулах боломжтой юу? Санхүүжилт дутмаг, стратегийн эрсдэлтэй, аюулгүй байдлын сорилт ихтэй байдлаа хэрхэн даван туулах вэ? Үүнийг бүтээн байгуулахад хичнээн жил шаардагдах бол? Хятадын эдийн засаг саарч буй ийм үед бүтэлгүйтэж балрах уу? Энэ асуултууд гадаад дотоодын олон хүнд эргэлзээ төрүүлдэг. Америкчуудад бол бүр бүтэшгүй хоосон зүйл мэт харагддаг. Гэвч энэ бүхэн “Нэг бүс, нэг зам”-ын философийг ойлгоогүйгээс болсон хэрэг л дээ. “Том шанагаар дундуур утгаж, дунд шанагаар бага утгана”. “Жоу улсын зурхайт ном”-ын энэ санаа “Нэг бүс, нэг зам”-д нэн тод илэрч буй. 

“Нэг бүс, нэг зам” бол тусдаа ангид зүйл биш, хятадын стратеги бүхэлдээ ч бас биш юм. Харин Хятадын дотоодын өөрчлөлт шинэчлэлт, бүх талаар нээлттэй байх бодлого (үүнд мөн Хөх мөрний эдийн засгийн бүс, Бээжин-Тянжин-Хэбэйн интеграцыг оруулаад хамтад нь хөгжлийн гурван том стратеги гэж нэрлэдэг) болон Ази Номхон далайн Чөлөөт худалдааны бүс буюу “Хятадын хос жигүүр” стратегид тулгуурлан гарч ирсэн, улмаар Хятадын мөрөөдлийг гүйцээх тийм стратеги билээ.


Хятадын тактик: Өрнө-дорныг, эх газар-далайг нэвт холбох нь

Хүмүүс энэ стратегийг Ази руу чиглэж буй АНУ-ыг сөрсөн, “Баруун руу довтлох стратеги” хэмээн ойлгох нь бий. Энэ бол үнэндээ барууныхны тактикаар хятад ухааныг тооцоолж буй хэрэг юм. “Нэг бүс, нэг зам” бол нэг хот, нэг нуурыг авах алдах тухай бус, харин өрнө дорно хоорондоо уусан нэвтэрч, эх газар далайтай нэвт холбогдохын үр ашгийг бүхэлд нь тольдон харах “Го даамын ухаан” билээ. 


Хятадын зам: Цогцоор нь төлөвлөж бүхэлд нь анхаарахуй

Хятад улс арав хүрэхгүй жилийн дотор 20 мянган км хурдны төмөр зам тавьсан нь дэлхийн нийт хурдны замын 60-аас илүү хувийг эзлэх огцом амжилт мөн хэдий ч зөвхөн Бээжин-Шанхайн хурдны төмөр зам л ашигтай ажилладаг гэж үздэг олон хүн бий. Ийн үзэх нь Хятад улс хурдны төмөр замаа цогцоор нь төлөвлөж, бүхэлд нь анхаарсан гэдгийг ойлгоогүй хэрэг юм. Хурдны төмөр зам дагуух бүс нутаг цэцэглэн, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн салбар хөгждөгийг ч мөн үр ашгийн тооцоонд оруулах ёстой. Энэ нь барууны эдийн засгийн ухаанаас хэтийдсэн зүйл бөгөөд эдийн засгийн хам эерэг үр дүн билээ. 

***

Хятадын иргэншил Европ, Ази, Африкийн эх газрын бусад эртний иргэншлүүдтэй хэрхэн хамтдаа сэргэн мандах арга замыг эрэлхийлэх нь “Нэг бүс, нэг зам”-ын овоо хараан дахь чухал сэдэв юм.