Арван оны анхдугаар долоо хоног өнгөрч байгаа харагдахым даа. За нэг таавар таалганаа.

Оршилдохуй: Нэгний өдрөөс Хятад АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс бий болсоноо зарласнаар манай урдууд дэлхийд гурав­т орох том чөлөөт худалдааны бүс бий болж байх шив /Европын хол­боо, Хойд Америкийн чөлөөт ху­далдааны бүсийн дараа орох/. Чөлөөт худалдааны бүс байгуулахаар талууд бараг арав орчим жилийн бэлтгэл хийж сая ийнхүү мэндэллээ.

Үүнийг гаалийн тэг татварт эрин үе эхэллээ гэж урд хөршийн хэвлэлүүд зарлаж байна. Тодруулбал уг бүс дэх орнуудын гаалийн татвар 12,8 хувиас 0,1 хувь, 0,6 хувь болтлоо буурчээ. Одоогоор 7000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд уг хөнгөлөлт хүчинтэй агаад 2015 он гэхэд нийт барааны 90 хувь нь тэг татвартай болох аж. Ингээд бараг 2 тэрбум хүнтэй азийн чөлөөт худалдааны бүсэд бараа эргэлт, хөрөнгө оруулалт үерлэснээр ойрын 10 жилд эдийн засаг нь дунджаар жилийн 25 хувийн өсөлттэй хөгжих прогнозтой аж, гэхдээ дэлхийг хамарсан санхүүгийн хямрал дахиад нүүрлэчихгүй бол шүү дээ.

Уг чөлөөт худалдааны бүсийг ирээдүйн юанийн бүс ч гэж нэрлэж байна. Үүнийг Хятад давамгайлсан бүс нутгийн эдийн засгийн интеграцийн эхлэл гэх үү, Хятадын эдийн засгийн нөлөөний орон зайн тэлэлт гэх үү, юутай ч энэ бүс нутгийн худалдаа арилжаа эрс идэвхжихийн хэрээр Хятадын нөлөө, үүрэг хариуцлага ихсэн тэр хэрээр бас үгийг нь дуулгавартай сонсох орны тоо нэмэгдэх нь тодорхой боллоо. Гэхдээ эдийн засгийн интеграциар юань бүс нутгийн мөнгөн тэмдэгт болбол, мөн үүний дараа энэ бүсэд эдийн засаг донсолвол 1997 оны Азийн санхүүгийн хямралаар юань чөлөөтэй хөрвөдөггүй байсантай холбоотойгоор Хятад хамгийн бага өртсөн шигээ зүгээр өнгөрнө гэж санахын хэрэггүй, Хятад өртөх өртөхдөө айхтар өртөж мэдэх юм. Том ашиг том эрсдэл дагуулдаг гэдэг шиг. Мэдээж энэ мэтийн эрсдэлийг гятадууд тооцчихсон л доо.

Ямартаа ч ийгээд Их Хятадын бүс АСЕАН-тай юу юугүй наалдчихдаг юм байжээ. Их Хятадын бүс (Greater China) гэдэг нь ганц БНХАУ биш л дээ, эх газрын Хятадаас гадна, Хонгконг, Макао, Тайванийг багтаасан өргөн ойголт. Их Хятадын бүс үүсэх болсон эхлэлийг 90-ээд оны сүүлээр Хонгконг, Макаог Хятадад амжилттай нэгтгэсэнтэй холбодог. Улаан Хятад сүрхий баруунжсан чөлөөт сэтгэлгээтэй Хонгконг, Макаог улс төрийн хувьд “нэг улс хоёр систем” загвараар захираад арав гаран жилийн нүүрийг үзээд байгаагийн зэрэгцээ, Тайванийг нэгтгэхээр уйгагүй хичээж “нэг улс хоёр систем” саналаа шургуу тавьсаар буй. Эдийн засгийн хувьд 2003 онд Хонгконгтой байгуулсан гэрээний дагуу олон бараа бүтэгдэхүүний татварыг тэглэж, хоёр талын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хамаарлаа аажмаар нягтруулж уяагаа чангалсаар байна. Тайвань, Хятадын хувьд эдийн засгийн харилцаа хоёр талын гол хэлхээ холбоо нь болдог, сүүлийн үед улс төрийн хүрээнд ч чухам халуу дүүгиж буй.

Гэх мэтчилэн Бээжин төвтэй улс төр, эдийн засаг, соёлын нэгдмэл орон зай бүхий Их Хятадын бүс гэгч бүрэлдэж байх энэ үед АСЕАН - Хятадын чөлөөт худалдааны бүс үүсэж байгаа нь Хятадад бүс нутаг дахь нөлөөгөө зузаатгах сайхан боломжийг олгож буй нь тодорхой. Учир нь энэ чөлөөт худалдааны бүсийн 1,9 тэрбум хүний 1,3 тэрбум нь хятадууд, дээрээс нь Зүүн өмнөд ази дахь хятад угсааны цагаач бизнесмэнүүдийн урсгалыг нэмбэл бараг шууд л “Хятадын бүс” гэчихмээр.

Энэ чөлөөт худалдааны бүсийн ч, Их Хятадын бүсийн ч хойд хил хязгаар нь Монголд тулна, ... гэхдээ ... газрын зураг дээр тэр шүү дээ. Таавар: Бид газрын зураг дээр юуг харж чадахгүй байна вэ гээд Параг Ханна http://www.youtube.com/watch?v=XRWTyUVh0BQ   эхэлдэг шиг бидэнд харахгүй байгаа, харсан ч хараагүй юм шиг суусаар байгаа зүйлс ... тэр юу вэ, таагаарай чихшиг.

За тэр яахав. Хөлдөж үхлээ. Черниль царцаад цаашаа бичиж чадашгүй болов. Энэ жил агаарын урсгал урдаас чиглэлтэй тул ингэж тачигнаж байна гэх юм. Дайны хажуугаар дажин гэгчээр агаар салхи нь бас юучив дээ. Уг нь салхи ихэнхдээ баруун хойноос ирж Сибирийн хүйтэн агаар Монголд нөлөөлдөг гэж сонсдог байсийшд. Энэ муу Сибирийн салхи ирээшдээ. Эсгий гутлынхаа ачаар онд мэнд орчихымсан.