Жанжны талбайн баруунд орших 25-р гуанз. Кассны хажууд хүн олон. Хижээл эр Дэндэв кассанд жагсагч олныг уцаартай ширэв татаад, “Цөм залуус. Ер нь миний насныхан ийм гуанзанд ингэж оочерлож байж хоололдоггүй байх. Заяагүй амьтан” гэж өөртөө гомдмоор ч юм шиг, эсвэл өөрөө хэр чадвараасаа дэндүү доогуур үнэлэгдэн, дарагдаж яваа нэгэн агаад гагцхүү түүний энэ хохирлыг нэг ч том дарга, цаашилбал, нам засаг анзаарахгүй тэнэгтээд ч байгаа юм шиг. “Улс эх орон миний мэдлэгийг ашиглавал бүх хүчээ шавхаад үхэх юмсан” гэж энэ мөчид Дэндэв шазуур зуув.

Дэндэв давчхан бөгчим гудаанд мушигралдсан урт дараалалд хөлс алдан жагссаар кассны ойролцоохь том толинд тулж ирлээ. Үдийн ундаа амжиж уухаар дугаарлаж бухимдсан ойр хавийн үйлдвэрийн ажилчид, будаг шавар шохой болсон ажлын хувцастай барилгачид ханын толинд өөрсдийн арчаагүй дүрсийг сэм сэм харна. Дэндэв ч бас харлаа. Дан залуусын дунд том бүрх духдуулж, гоё цүнх барьсан дарга маягийн гүзээтэй хижээл эр урт дарааллын дунд бас ч гэж хэрдээ сүрдэрлэнэ. Дарга маягтай цэмцгэр атлаа Дэндэв тэр л залуус шигээ ядарчээ. Түүнд түрүүчийн гомдол дахин сэргэж, том цүнхээ шахцалдаанд тээр болоход ямар ч хэрэггүй мөртлөө ямагт түүнийг барьж явдаг учраа энэ агшинд харин анх удаа ойлгосонгүй. “Энэ дөнгийг хичнээн жил санжигнуулав аа” гэж өөртөө уцаарлаад толинд өөрийгөө дахин харвал залуусын дундахь цүнх барьсан дарга галбирын бүдүүн эр улам ч инээдэмтэй, улам ч хөөрхийлөлтэй үзэгдэв.

Гэнэт хооллох танхимын хамба хилэн хөшиг шурхийн ярагдаж, цав цагаан хувцастай үйлчлэгч хүүхэн уран сайханч мэт золбоолог гарч ирээд,

-Хоёрдугаар хоол дууслаа. Битгий бичээрэй гэж концерт зарлах адил цоглог мэдэгдэв.

“Хоол дуусахад энэ муу үйлчлэгч бас их баярлажээ” гэж эгдүүцсэн Дэндэвийн өлссөн ходоод гомдолдоо хорслоо. Дэндэв удаан зогсож хөл нь чилсэндээ ер юуханд ч атугай дэлбэ уурлахад бэлэн болов. Хоол дууссаныг сонсоод чилтлээ зогссон хүмүүс уурлахын оронд хүсэн хүлээсэн жүжигчин нь тоглолтоо цуцалсан мэт “Өө ямар” гэж сулхан санаа алдаад гомдлоо чимээгүйхэн залгихад Дэндэв дэндүү хүлцэнгүй тэдэнд ууралсандаа золтой л бахирчихсангүй. Тэд гомдлоо залгиж сурсан ажилчид болтой. “Гараад явах уу” гэж Дэндэв эргэлзсэнээ гараад үүнээс дээр гуанз байхгүй. Тэгтэл үдийн завсарлагааны цаг дуусах дөхөж байдаг. Дэндэв кассчинд дөхөж очоод нэгдүгээр хоол бичүүлэх гэвэл хөлс нь гоожсон бор авгай “Ямар ч хоол байхгүй” гэж залхуурсандаа арай ядан ам нээв. Дэндэв бухимдлаа барьсаар “Нэгдүгээр хоол дууссан гэж хэлээгүй байх аа. Эсвэл нэгдүгээр хоол түрүү нь дууссан юм бол уу” гэж бодуут кассчинд,

-“Нэгдүгээр хоол дуусаагүй. Бич” гэж саяын хүүхэн чинь чамд хэлсэн шүү дээ гэж гөрдөв.

Кассчин авгай Дэндэвийн үгийг тоож анхаарсангүй, бушуухан бүх хоол дуусаасай, юу ч хийхгүй зүгээр суухсан гэсэн тогтмол цалинтай хүний далд хүсэлдээ хөтлөгдөнө. Түүнд зэвүүрхээд зүрхээр нь сүрхий хатгасан тул Дэндэв “Нэгдүгээр хоол бий, тэр ч бүү хэл, зөвхөн нэгдүгээр хоол бич гэж сая чамд хэлээгүй юү” гэж кассчин авгайг загнав. Архаг кассчин залхуураад түүний үгийг сонссонгүй. “Уурлана л биз. Ямар зодов гэж” гэсэн аятай долингор царайллаа. Дэндэв кассчин авгайг зодох эрхгүйдээ улам бачимдав. 

Тэгтэл хамба хилэн хөшигний цаанаас түрүүчийн цагаан хүүхэн цухуйж ирээд кассчинд,

-Хөөе та нэгдүгээр хоол бичээч гэж шаардав.

Баярласан Дэндэв лазан кассчинаас хариугаа урт авахаар амаа асар том ангайсан боловч кассчин түүний өмхий үгнээс өрсөөд ногоотой шөлний тасалбар үмхүүлчихэв. Ногоотой шөлний тасалбар зуусан Дэндэвийн гомдол арилсангүй, хөшигний цаанаас цухуйгч хүүхэнд,

-Энэ кассчин чинь чамайг нэгдүгээр хоол дууссан гэж хэлсэн гээд бичихгүй байна шүү дээ гэж ховлоод эргэн тойрноосоо сэтгэлээ онгойх дэмжлэг хүлээв. Гэвч идэвхгүй арчаагүй нийгэм түүний бухимдлыг тайлсангүй. 

Ингээд Дэндэв хооллох танхимд гонсгордуухан оржээ. Одоо зөөгч хүлээж хичнээн удаан суух бол гэхээс Дэндэвийн нүүр улс улсхийнэ. Гэтэл танхимын эхэнд театрын тайзархуу жижиг тавцан дээр цав цагаан бүтээлэгтэй нэг тансаг ширээ түүний нүдийг булаав. Дэндэв тэр ширээнд суух санаатай дөхтөл хотын захиргааны хурган дарга нарт зориулсан “тусгай үйлчилгээний ширээ” гэсэн пайз байхыг үзээд мань эр царайгаа барайлган буцав. Бас болоогүй тэр тусгай ширээнд нэг эр ганцаар тухтай хооллох бөгөөд жижиг тайзан дээрээсээ тэр бээр доорд ажилчдад даргамсаг додийно. Дэндэв түүнийг анзаараад түй гэж нулимав. Гэхдээ цээжин дотроо нулимсан нь мэдээж. Дэндэв дотроо “Би дор хаяж энэ муу шиг явж чадах л байсан” гэж харамслаа.

Санасныг бодвол хоол зөөгч түргэн ирэв. Жоохон цагаан бүсгүйд тасалбараа өгөхдөө Дэндэв,

-Ганцхан ногоотой шөл. Хоёрдугаар хоол байхгүй гээд бичихгүй байна. Байвал миний дүү ядаж ахдаа ганцыг аваад ирэхгүй юү. Ах нь дараа нь бичүүлээд талоноо чамд авчраад өгчихье гэв. Бүсгүй дуугарсангүй яваад өглөө. Дэндэв ойр хавьдаа хоёрдугаар хоолны барианд орсон азтан хоолоо зооглохыг харж, өөрийгөө азгүй амьтан хэмээж суув.

Тэгтэл зөөгч бүсгүй нэг, хоёрдугаар хоол Дэндэвт авчирч өглөө. Дэндэв жигтэйхэн их баярласны дээр бас ч дуугай байсангүй,

-Өө юун сайн юм бэ. Ах нь хоолоо идчээд хоёрдугаар хоол бичүүлээд чамд талоноо авчирч өгье. Чамд маш их баярлалаа гэв.

Хоолоо идэж дуусахын алдад Дэндэв хоёрдугаар хоолоо заавал бичүүлж, нөгөө хөөрхөн охинд тасалбараа өгөх юм шүү. Харин тэр бүсгүй маань аль нь билээ гэж зөөгч охидыг харцаараа эргүүлдэв. 

Чингэтэл Дэндэвт ер нь хоёрдугаар хоолоо бичүүлэхгүй яваад өгвөл яасан юм бэ гэсэн гаж санаа төрлөө. Гэвч Дэндэв сайн тунгаагаад өөдгүй заль сэдсэн өөрийгөө зэмлэв. Тэгж яаж болохов. Муухай. Хүн сайхан сэтгэл гаргаж байхад би өөдөөс нь хөө цацаж болохгүй гэж тэр өөртөө хатуу тушаав. Хэрэв кассан дээр хүн пиг байвал дахин оочерлох хэцүү юм аа. Үгүй ээ тийм зан манай нийгмийн хүнд таарахгүй, шударга бус явдал. Гэвч намайг шударга бус зан гаргасан гэж хэн мэдэх юм бэ. Хэн ч мэдэхгүй. Тэгээд л өнгөрнө. Харин ингэсэн гээд миний үйлс бүтэхгүй болчихвол би яах вэ. Гэхдээ юмс хоорондоо тийм механик холбоотой байх нөхцөлгүй. Тэр бол шашны номлол. Балар эртний хоцрогдсон номлол үнэн бол би балрах нь байна шүү гээд Дэндэвийн баргар нүүр анх удаа жуумалзахад хуншгүй гуанзанд гэрэл гэгээ орох шиг. Намайг хоёрдугаар хоолны хоёр төгрөг завшсан гэж хэн ч мэдэхгүй. Хамаг учир “хэн ч мэдэхгүйд” л байна. Гэхдээ л эвгүй юм. Ерөөсөө хоёр төгрөгөө тушаагаад тасалбараа нөгөө намайг баярлуулдаг хөөрхөн бүсгүйд,

-Май миний дүү. Ах нь чамд зөндөөн их баярласан шүү гээд өгье. Энэ чинь сайхан шүү дээ гэж бодсоор босов.

Кассны дэргэд бөөн хүн. Хөдөлж ядсан бойдуу кассчин авгайг бүгд загнасаар ажээ. Дэндэв хүмүүсийн урдуур зүтгэж, “Би идчихсэн хоолоо бичүүлье” гэлээ. Уцаар нь туйлдаа хүрсэн хүмүүс түүнд зай тавьж өгөх янзгүй агаад тэр ч бүү хэл нэг ёхилзсон шөрмөслөг эр,

-Тэр нөхрийг хараач. “Идчихсэн хоолоо бичүүлье” гээд залилдаг моод гараад ирж. Манайхан социализмд хэзээ орно доо гээд шогшров. Дэндэв хэсэг зогссоноо “За яршиг” хэмээн гараа нэг саваад гарч одлоо.

Дэндэв бодлогошрон ажил руугаа алхав. Зөөгч бүсгүйн сайхан сэтгэл рүү би тоох ч үгүй нулимлаа даа. Миний ингэснийг хэн ч мэдэхгүй. Зөөгч бүсгүй ч өдийд мартчихаа. Харин ийм яльгүй мөртлөө новшийн заль гаргасан гээд миний үйлс бүтэхээ больчихвол яана гэсэн болгоомжлол түүнийг шаналгасаар. Ер нь сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр хариулж буйг хэн шүүж байгаа юм бэ. Бурхан л шүүдэггүй юм биш бол хэн ч шүүж чадахгүй. Ертөнц бол замбараагүй эмх цэгцгүй, тийм учраас ёс суртахуунгүй, хуурамч хорвоо. Харин бурхан шүүдэг нь ил тод бол би нүгэлд унахаас айгаад хоёр төгрөгөө төлнө. Энэ бүгд таагдашгүй ертөнцийн нууц юм чинь би алийг нь гэж оноож хоёр төгрөгөө төлөх вэ. Хоёр төгрөгнөөс гайтаж нүгэлд унах нь тодорхой бол би айгаад хоёр төгрөгөө тушаана. Энэ чинь тэгэхээр ариун буян бус зөвхөн алд биеэ нүгэлд унахаас хамгаалсан бас л нэг нүгэл. Иймээс шашин гэдэг хар амиа хичээсэн хүний айдсаас үүссэн хаяагаа манах номлол юм биш үү? Харин хүний сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр, сайхан итгэлийг сайхан итгэлээр хариулна гэдэг энгийн атлаа агуу юм. Сайхан сэтгэл хайрлаад хариу нэхдэггүй хүнд бол сайхан, сайхан сэтгэлийнхээ хариу тооцдог хүнд бол хилэнц юм. Тэгтэл бас цаана нь хамт олны сайхан сэтгэл итгэл, бүх хүн төрөлхтөний сайхан сэтгэл итгэл гэж буй. Ертөнцийн энэ бүх сайхныг чадах чинээгээрээ хариулсаар яваад үхвэл мөн сайхан аа.

Ингэж бодоод Дэндэв нөгөө гуанз руугаа эргэж харав. Гуанзнаас нэлээд холджээ. Энэ зуур Дэндэв дөрвөлжин хар цүнхээ барьж яваагаа анзаарч, энэ новшийг би өдий жил яах гэж дандаа барьж явдаг байна аа гэж гэнэт ад үзээд Засгийн газрын ордон өөд харлаа. Дэндэв ордны гуанзанд нэг удаа хооллож үзсэн ажээ. Ордны гуанзны цэлгэр танхимд жинхэнэ сайд, Төв хорооны хэлтсийн эрхлэгчдийн хооллодог тусгай ширээ байсныг санаж, 25-р гуанзны театрын тайзархуу жижиг тавцан дээр додигор хооллож суусан хотын нэг муу хурган дарга нүдэнд нь харагдаж дахиад л гуниглав. Уг нь Дэндэв аравдугаар ангиа онц, улсын их сургуулийг улаан дипломтой төгссөн нэгэн билээ. Тэр бээр ордон өөд дахин хараад, “Даанч дээрээс надад татаас алга даа” гээд өөртөө гомдов. Тэгээд бас байнга өөртөө андгайлдаг “Чармайж хуримтлуулсан мэдлэг боловсролыг минь нам засаг ашиглая гэвэл бүх хүчээ шавхаад үхэх юм сан” гэх цээжинд уяатай үгээ давтлаа. Түүний амлалтыг хэн ч сонсох билээ дээ.

1984