Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Монгол Улс цаазын ялыг гүйцэтгэхээс түдгэлзэж буйг УИХ-ын индэр дээрээс  мэдэгдлээ. Амийг амиар солих хатуу нэхэл энэ өдрөөс амийг амьдралаар нь тарчлаах зарчим болж хуульчлагдах нь. Ерөнхийлөгчийн хэлснээр хүний амь хөнөөсөн этгээд 30 жилээр гянданд хоригдоно.

Цаазын ялаас түдгэлзэх нь монголчуудын сэтгэхүйд зөв буруу гэсэн хоёр талтай бууна. Манай улс одоогоор гэмт хэрэг гарах шалтгаангүй болтлоо өндөр хөгжөөгүй, хээл хахууль авлига нь буураагүй, хууль нь  хүн бүрт ижил тэгш үйлчилдэггүй, улстөр, эдийн засгийн хувьд тогтворжоогүй үе дээрээ явна. Харин    байгуулахыг зорьж байгаа нийгэм, явж байгаа зүгээ харвал цаазын ялаас түдгэлзэх Ерөнхийлөгчийн саналыг олон хүн дэмжих байх. Бид ардчилсан нийгмийн тоосгыг 20 жилийн турш өрж яваа. Тэр нь зүгээр ч нэг эдийн засгийн хэлбэртэй, эсвэл Хойд Солонгос маягийн ардчилал биш. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм юм. Ийм нийгмийн төр нь иргэнийхээ амьд явах эрхийг тасалдаг байж таарахгүй. Харин ямар ч тохиолдолд хүний амь насыг хөнөөдөггүй ухамсар хүмүүжилтэй хүмүүнлэг иргэдийг бэлтгэх, амьдралын тийм орчин бүрдүүлэх нь төрийн үүрэг билээ.

Амьд явах бол хүний эрхийн хамгийн дээд нь гэж Ерөнхийлөгч хэлэв. Үнэхээр ч амьд явах эрх бол хүн хэмээх оюун ухаант бодгальд заяасан ганц олдох хамгийн нандин бөгөөд хамгийн эрхэм эрх билээ. Хүн амьд явах, амьдрах л гэж хорвоод мэндэлдэг. Тийм учраас хүн хүнийхээ, эсвэл хүний оюун ухаанаар бүтээсэн байгууламж төр хүний амьд явах эрхэд халдах эрхгүй. Гагцхүү хүнийг хорвоод илгээсэн бурхан л хүний амьд явах эрхийг таслах ёстой. Энэ бол ертөнцийн жам.  

Цаазын ялаас түдгэлзлээ гээд гэмт хэрэгтнийг уучилж, ялыг хөнгөрүүлж  байгаа хэрэг огтхон ч биш. Гучин жилээр гянданд хорино гэдэг харин ч өрөөлийн амьд явах эрхэд халдсан жигшүүрт хэрэгт нь арай дөхөж очсон шийтгэл юм. Ялаа алж, амьтны амь хөнөөлөө гэж зэмлүүлсэн нэгэн “харин ч би зовлонг нь дуусгаж төрлийг нь дээшлүүлж байхад” гэж биеэ өмөөрсөн гэдэг. Ялаа, хүн хоёрыг зүйрлэж болохгүй ч, цаазын ял бол гэмт хэрэгтнийг хүлээх хариуцлага, үүрэх зовлонгоос нь түргэн салгаж байгаа энэрэнгүй шийтгэл. Эрх чөлөөгүй, дөрвөн ханын дунд 30 жил тарчилна гэдэг амьд явахын өчүүхэн ч хэсэг болохгүй. Харин ч амьдын там. Иймд амьд явах эрхийг нь хассанаас амьдралаар нь дөрвөн ханын дунд хорих нь арай шударга ёсонд дөхөж очно. Хүний амьд явах эрхийг нэг ялтны тарчлаант амьдралтай адилтгаж болохгүй ч гяндангийн гучин жил бол цаазын ялаас илүүтэй шийтгэл болж чадна. Энэ талаасаа Ерөнхийлөгчийн үг хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэнд оноох ялын бодлогыг хүндрүүлж, басхүү шударга ёсонд дөхүүлж байна. Харин 30 жилийн гяндангийн ялыг хөнгөрүүлдэг байж болохгүй. Дэглэм бууруулж болох үгүйг бас бодох ёстой болов уу.

Цаазын ял Монгол Улсад нууцын зэрэглэлтэй. Төрийн нууц учраас цаазлах тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаас хойш энэ талаар хэн ч мэддэггүй. Улсын Ерөнхийлөгч надад хүртэл мэдээлэл байдаггүй, сайндаа л асуудаг гэж өчигдөр Ц.Элбэгдорж хэллээ. Төр өөрөө ч мэддэггүй нууц учраас л цаазын ялыг хардлага сэрдлэг байнга дагадаг. Хүүг нь алсан алуурчинтай зургаан жилийн дараа Оросын хил дээр таарсан тухай, банкнаас мөнгө завшсан бол тэрнээсээ авлига өгөөд гадаадад гарчихсан, зарим нь гоо сайхны мэс засал хийлгээд явж байна гэсэн шар бор мэдээнүүд байнга л нисч явдаг. Энэ бүхэн мэдээж, тэрхүү алуурчны гарт хүнээ алдсан хэн нэгний ах дүү, амраг садныханд эргэлзээ төрүүлж, дарамт болдог. Цаазын ялыг түдгэлзүүлснээр энэ хардлага үгүй болж, шийтгэл ил тод, нээлттэй, бодитой болгох боломжтой. Төрийн нууц учраас цаазлуулсан ялтны цогцсыг ар гэрт нь өгдөггүй. Хэдийгээр тэрхүү ялтан жигшүүрт гэмт хэрэгтэн ч хүн, дээр нь аав ээж, ах дүү амраг садандаа сайн, сайхан хүмүүсийн л нэг. Шивэртэй гээд хөлөө огтолдоггүйтэй адил, гэмт хэрэгтэн гээд ах дүү нар нь түүнийг хөсөр  хаяхгүй. Тэдэнд цаазлуулсан талийгаачдаа хүн ёсны хүндэтгэл үзүүлэх санаа  байж л таарна. Тэгтэл тэдэнд дотнын хүнийх нь цогцосыг үзүүлэх битгий хэл, ялыг хэзээ гүйцэтгэсэн тухай мэдээлэл ч өгдөггүй байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү гэмт хэрэгтнийг амьдад нь цаазлаад, дараа нь энэ тухайгаа нууцалж, амьгүй цогцсыг ч, ах дүү нарыг нь ч давхар цээрлүүлдэг ажээ. Энэ бүхнийг нь мэддэг цаазын ялтай гэмт хэрэгтнүүд өөрийнхөө цогцсыг ар гэрийнхэндээ үлдээхийн тулд ихэнхдээ шоронд амиа хорлодог тухай мэдээ ч байдаг. Харин цаазын ялыг түдгэлзүүлснээр гэмт хэрэгтний ар гэрийнхэн нууц нэртэй төрийн давхар шийтгэлээс хамгаалагдаж  байна.

Цаазын ялыг түдгэлзүүлснийг хамгийн хүндээр хүлээж авах хэсэг нь гэмт хэрэгтний гарт хүнээ алдсан хохирогчийн ар гэрийнхэн. Тийм байхаас ч аргагүй. Цаазын ял, 30 жилийн гяндангийн аль аль нь тэдний шархыг эдгээхгүй. Тэдний сэтгэл зүрхний шаналлыг төр ч, цаазын ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан Ерөнхийлөгч ч бүрэн ойлгохгүй. Цаазын ялыг түдгэлзүүлснийг зөвтгөж бичиж байгаагийнхаа төлөө тэдний өмнө сэтгүүлч миний бие ч гүнээ мэхийе.

Цааз, гучин жилийн гяндан хоёрын аль нь ч амиа алдсан хүнийг нь босгоод ирэхгүй. Гэхдээ хохирогчийн  ар гэрийнхэн бахаа хангах л гэж  амийг амиар солино гэдэггүй байх. Амийг амиар гэдэг нь хүнээ алдсан цөхөрлийнх нь багахан хэсэг,  өчүүхэн ч гэсэн шударга ёс хүсэмжилснийх болов уу. Харин шийдвэр гарсны дараа цаазлуулсан болов уу, үгүй болов уу гэж эргэлзэн, хэвлэлийн шар мэдээ, цуу яриад итгэж ядан алдсан хүний арван тамаа нэгээр нэмэхийн зовлонг эдэлдэг. Энэ үүднээсээ ил тод, бодитой шийтгэл хохирогчийн ар гэрийнхэнд ч хэрэгтэй.  Нөгөөтэйгүүр цаазын ялыг түдгэлзүүлсэн нь шинэ үеийн монголчуудын хүнлэг чанарын илэрхийлэл болно. Гэхдээ энэ нь гэмт хэрэгтэнд үзүүлж байгаа хүнлэг чанар биш шүү. Гэмт хэрэгтний ард үлдэж байгаа аав ээж, ах дүү төрөл садныг давхар яллуулахгүйн тулд тэдэнд  хохирогчийн ар гэрээс үзүүлж байгаа хүн чанар юм. Иймд Ерөнхийлөгч санаачилж, төр шийдвэр гаргаж байгаа ч, цаазын ялыг түдгэлзүүлж байгаад санаатай санаандгүйгээр хайртай хүнийхээ амьд явах эрхийг цаг бусаар таслуулсан хүмүүсийн ар гэрийнхний агуу их энэрэнгүй уучлалд мөргөх ёстой.                 

    Ямар ч гэсэн ардчилсан Үндсэн хуулиа баталсны 18 жилийн ойн маргааш өдөр Монголын түүхэнд тэмдэглэн үлдээх түүхэн шийдвэр, үйл явдалтай өнгөрлөө. Харин энэ нь 1953 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг шиг аравхан сарын “нас”-тай байхгүй гэдэгт найдъя. Хэдэн хүн тутамд харьцуулсныг нь мэдэхгүй юм, цаазын ял гүйцэтгэлээрээ Монгол Улс дэлхийд эхний дөрөвт орж байгаа судалгааны дүн өчигдөртэй хамт ард хоцорлоо. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн Монгол Улс өнөөдрөөс цаазын ялыг халсан, түдгэлзсэн зуу гаруй орны нэг боллоо. Энэ шийдвэрийнхээ алдаа оноог дэнслэх нь тийм чухал биш. Харин гучин жилийн гяндангийн ялтай гэмт хэрэг үйлдэх ёс суртахуунгүй иргэд бэлтгэж, ийм төрлийн гэмт хэрэгт орон зайгүй амьдралын орчин бүхий нийгмээ байгуулахад тэмүүлцгээе.    

Г.ОТГОНБАЯР