“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин ИНЕГ-ын дарга Г.Даваа. Түүний яриа уншигч танд нэгийг бодуулна гэдэгт  найдаж байна.

-Мэдээллийн хэрэгслүүдээр балбуулсаар байгаад ерөнхийдөө олон нийтийн танил фигур болсон байх. Нэг талаас, албан тушаалын байдал гэнэт өөрчлөгдсөнөөр нийгмийн анхааралд пал хийтэл орж ирдэг. Бас шударгаар тахимаа өгч чаддаггүй, сандал ширээтэй зууралдсан нөхдүүдийн ачаар байгаагаасаа тэс өөр дүрээр олон түмэнтэй нүүр тулдаг ийм нэг жишиг тогтчихоод байгаа. Даваа гэдэг хүн ер нь хаанаас гараад ирсэн, хэн юм бэ гэх асуулт байна. Яриагаа эндээс эхлэх үү?

-Би Говь-алтай аймгийн Хөх-морьт сумын хүн л дээ. Сумандаа наймдугаар анги төгсөөд, зэргэлдээ суманд очиж сум дундын арван жилд суралцаж төгссөн. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Нисэхийн дээд сургуулийн хувиар сонгож, суралцахаар явсан даа. Тэр үед үнэхээр шударга өрсөлдөөнөөр сургууль авдаг байсан. Бидний үед чи илүү сурлагатай, илүү мэдлэгтэй л бол өрсөлдөөд тэр хувиараа авдаг байсан. Ингээд Киевийн Нисэхийн дээд сургуульд зургаан жил суралцаж төгссөн. Сургуулиа төгсч ирээд нисэхэд ажиллалаа. 1990 он шүү дээ. Техникчээс эхлээд инженер хүртэл тухайн цаг үед боловсон хүчинд тавигддаг бүх л үе шатуудаар орж ажилласан, давж гарсан, тийм л нэг мэргэжилтэн. Би өөрийнхөө тухай хамгийн товчоор ингэж л танилцуулах юм байна.

-Нисэх гэдэг их айлд 20 жил ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. 20 жил. Яг өнөөдрийн хашиж байгаа энэ албанд гарч ирж ажиллахад тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн хүн гэж үзэж болох юм. Сүүлийн 20 жилд энэ айлыг толгойлж байсан үе үеийн дарга нартай хамтран ажиллаж байсан. Сайн даргын удирдлагад ажиллах өөрөө дарга байхаас илүү сайхан байдаг юм байна гэдгийг бүрэн ойлгож байна даа. Тухайлбал, нисэхийн хонхорт хүн бүрийн сайн мэдэх Лхагваа, Дагва, Хүрэлбаатар, Наранхүү гээд сайн дарга нартай ажиллаж байлаа. Ийм сайхан хүмүүсийн удирдлаган дор ажиллаж, суралцаж байсандаа өөрийгөө азтай гэж боддог юм.

-Том том төслүүд дээр гадныхантай хамтарч ажиллаж байсан хүн гэж дуулсан?

-Үндсэндээ тэгсэн. Монголд хэрэгжсэн анхны хоёр том төсөл болох 58 сая долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлэхэд биечлэн ажиллаж байлаа. Том төслүүд дээр зөвлөх компани нь дандаа гадныхан байдаг. Тэр зөвлөхүүд чинь 50-60 настай улсууд байдаг. Өнөөгийн монголынх шиг үеийг аль тэртээ 10-20 жилийн өмнө туулчихсан улсууд гэсэн үг. Тэр чигээрээ амьд сурах бичиг болчихсон зөвлөхүүдтэй 20 жил тулж ажилласан. Асар их туршлага хуримтлуулж чадсан. Одоо жишээ нь хойд Солонгос улс ардчилал, зах зээлийн системийг сонгож аваад явлаа гэж бодъё. Өөрөө тэнд очоод хэвлэл мэдээллийн салбарт нь зөвлөх хийвэл асар үнэтэй зөвөлгөө өгнө шүү дээ. Монголын бизнесменүүд тэнд очоод ажиллахад ёстой тасрана биз дээ. Бидний туулсан 20 жил тэр чигээрээ мэдлэг, туршлага болж хувирсан гэсэн үг. Би гадны зөвлөхүүдтэй ажиллаад бүр дадчихсан хүн. Амар байдаг. Бүх юм нь тодорхой байдаг. Манайхны зарим хэлж байгаа л харагддаг. Муусайн гадныхан зөвлөнө гэж юу байдаг юм. Ёстой тэдний хэрэг байхгүй гээд л. Би энийг ойлгодоггүй. Жаахан ойворгон сонсогддог.

-Салбартаа, Монголын нисэх хүчинд гаднаас хөрөнгө татаж оруулж ирэх чухал ажил дээр түлхүү ажилласан хүн юм байна. Яагаад гудамжинд бизнес хийж явсан нэг үл бүтэх нөхрийг авчраад тавьчихсан юм шиг хачин ойлголт яваад байсан юм бэ?

-Гадныхантай ажиллаж байхдаа дандаа тэдний соёлоос суралцах, тэрхүү сонгодог орчноос монголд бүрдүүлэх талаар эрэлхийлж ажилладаг байсан. Ажил хэргийн энэ орчноосоо болоод Г.Даваа гэж хүн үнэндээ нийгэмтэйгээ бас харьцаж чадахгүй байх шиг байна. Миний өмнө энэ албыг хашиж байсан, одоо энэ гадуур элдэв хэл үг гаргаад яваад байгаа даргатай ч юм уу, түүнийг тойрон хүрээлдэг хэсэг хүмүүстэй бас харьцаж чадахүй байгаа. Жишээлбэл, би зах дээр очоод төмс авч чаддаггүй. Зах дээр очоод мах авч чаддаггүй. Яагаад гэхээр миний амьдралын орчин, ажил хэргийн орчин их өөр уур амьсгалд хөгжсөн. Бүх харилцаа шударга. За, эсвэл үгүй. Энэ болохгүй байна. Үүнийг ингэж хийх ёстой. Үүний тулд ийм ийм ном унш, ийм ийм сайтууд руу орж мэдээллээ ав. Бүх юм ийм амар. Хэнд ч хүндрэлгүй. Жишээлбэл, би сээрний мах авъя гээд хэлэхээр за, сээрний мах энэ байнаа гээд л өгчихдөг. Харахад яг л сээрний мах. Гэртээ ороод ирэнгүүт авгай үзээд “Үгүй, чи чинь одоо хүзүүний хар мах аваад ирсэн байна шүү дээ” гээд загнадаг. Төмс худалдан авдаг. Монгол төмс гээд л хувааж үзүүлээд л байдаг. За, монгол төмс юм байна гээд аваад ирэхээр авгай “Чи одоо яагаад баахан хужаа төмс аваад ирж байгаа юм бэ?” гэж бухимддаг. Эхнэр маань бол тэдэнтэй харьцаад сурчихсан байна. Түүнийг хуурч чаддаггүй. Хэнээс нь авах уу, хаанаас нь авах уу, яаж авах уу гээд тэр бүх юмаа мэдэж байна. Би харьцаж сураагүй учраас мадлуулаад байдаг. (инээв) Миний ажил хэргээ явуулж ирсэн хэв маяг бусдынхаас өөр. Энэ байдлаасаа болоод нийгэмтэй учраа сайн олж чадахгүй байна. Ний нуугүй хэлэхэд, улс төрийнхөнтэй бас учраа олж чадахгүй байна. Танай сонин хэвлэлийнхэнтэй учраа сайн олж чадахгүй байна. Энэ талаараа бол би бэлтгэгдээгүй байж болох юм. Эсвэл энэ талаар заавал бэлтгэгдэх шаардлагагүй ч байж мэдэх юм.  

-Киевт Нисэхийн сургууль төгсөөд Монголдоо ирж ажиллажээ. Харин мастераа хаана хамгаалсан бэ ?

-2005 онд Австралид мастерын зэрэг хамгаалсан. Барууны сургалт хүнийг оюун санааны хувьд хүссэн, хүсээгүй хэлбэржүүлж байдаг. Хамгаалсан сэдэв маань агаарын тээврийн менежмент.

-Томилогдоход улс төрийн дэмжлэг байгаагүй гэж үү. Тэгэхээр өр төлөх ямар нэгэн бүлэглэл ч юм уу, эрх мэдэлтэн байхгүй гэсэн үг үү?

- Байхгүй гэсэн үг. Би шударга сонгон шалгаруулалтаар ороод л ялж гарч ирсэн. Миний амьдрал шударгаар явж ирсэн. Энд ирсэн зам маань их тодорхой, их ил тод, гол нь шударга зарчим дээр суурилж байсан болохоор ажлыг нь ч шударга хийнэ л гэж үзэж байгаа. Энэ маань зарим хүнд таалагдахгүй байх шиг байна.

-Тооцоолж байсан газар тооцоолж байгаагүй нэг нөхөр гараад ирчихсэн. Тэгээд л улс төрийн эзэд бухимдаад, унагах гэж оролдоод байгаа юм биш үү?

-Мэдэхгүй л дээ. Мэдээж улс төрд таньдаг ганц нэг хүмүүс байлгүй яахав. Их эртний найзууд ч байгаа. Миний янз бүрийн элдэв хүрээллүүд рүү ордоггүй, энүүгээр тэнүүгээр гүйдэггүй, зөвхөн урдахаа хийгээд явдаг энэ зан төлөв маань огт хүнтэй нийлдэггүй, найз нөхөдгүй зожиг амьтан гэсэн үг бас биш шүү .

-Гэхдээ таныг хэвлэлүүд тасралтгүй бичиж, телевизүүд үргэлж гөвсөөр байгаад ямар нэгэн тааруухан дүрийн эзэн болгочих гээд байна. Мэдээж энэ “ажиллагаа”-ны цаана шалтгаан  байгаа. Та мэдэж байгаа байх?

-Шалтгаан бол нэг л байна даа. Хуучин дарга шүүхдээд ялсан гэж байгаа. Гэхдээ тэр шүүх нь бас зөв шүүсэн юм уу, хүмүүсийн ярьж байгаа шиг маапаантай юм хийчихэв үү гэдгийг  бол сайн ойлгохгүй л байна.

-Иргэний шүүхээр шүүхдсэн гэсэн биз дээ. Энэ өөрөө сонин сонголт биш гэж үү?

-Тийм л дээ. Уг нь бид чинь захиргааны шүүхээр явах ёстой. Ийм л нэг сонин байдал үүсчихээд, нөгөө хүн маань энэ ажилдаа буцаж ирэхийн тулд хийх хийхгүйг л хийж байна. Сонин хэвлэлээр “Энэ хүн ийм ийм муу хүн учраас би одоо эргэж ирэх ёстой. Шүүхээр яваад ялчихлаа. Миний нэр төр цагаадчихсан. Одоо би ажилдаа орно“ гэж л бичүүлж явдаг гэж байгаа.

-Иргэний нисэхийн толгойд дандаа л үл бүтэх нөхдүүдийг залчихдаг юм шиг ойлголт битүүдээ явчихлаа. Өөрөөр хэлбэл, хуучин дарга тань дараагийн хүнээ дэгээдэх гэсэн биш салбараа дэгээдээд байгаа юм биш үү?

-Би таны асуултад тийм юм байхгүй гэж хариулж чадахгүй. Хамгийн харамсалтай нь энэ үнэн. Нисэхийхэн бол зөв ойлгож байгаа гэж би бодож байгаа. Батмөнх гэж хэн гэдгийг мэднэ. Даваа гэж хэн гэдгийг ч мэднэ. Хэн нь ямар ажил хийж байгааг мэднэ. Тэгэхээр энэ дээр, салбар дотроо бол би нэг их санаа зовохгүй байгаа. Ганц нэг хүний албан тушаал, эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөхдөө тогоотой хоол руугаа шороо цацаж байгаад бүгд л харамсаж байдаг байх.  Яаж ч бодсон таагүй, увайгүй үйл ажиллагаа явж байна шүү дээ.

-Сүүлийн үед тахимаа өгж чаддаггүй баахан дарга нар монголын хариуцлагатай салбаруудыг балладаг болоод байна. Эмэгтэй хүнтэй өрсөлдөж ялагдчихаад л эргэж ноцолдоод ажлыг нь хийлгэхгүй жишээ ч  гарсаар байна. Ерөөсөө эрчүүдийн маань чанар хачин болчихоод байгаа юм биш үү?

-Нэг талаасаа, миний бодлоор нийгэм цэвэршиж байна гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл, шударга сонгон шалгаруулалт хэрхэн явуулдаг болсныг та бид харж байна. Цэвэр, шударга системээр гаргаж ирж байна шүү дээ. Тэгэхээр эерэг нүдээр харвал энэ нийгэм цэвэршиж байна гэж хэлж болохоор харагдах юм. Миний хувьд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь захиалга өгсөн. Тэгээд Төрийн албаны зөвлөлөөс шалгаруулалт явсан. Өрсөлдсөн. Шалгарсан. Томилогдсон. Тангаргаа өргөсөн. Одоо бол төрийн хуулиар хамгаалагдсан хүн гэж хэлж болно биз дээ.

-Хуучин дарга С.Батмөнх түрүүн томилогдохдоо хууль бусаар томилогдсон. Сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан ч явуулаагүй. Хоёрдугаарт, түр томилогдсон хүн байсан. Түр байсаар байгаад ажлаа өгсөн биз дээ. Төрийн албан хаагч биш, тангарга өргөөгүй, шалгалт өгөөгүй ийм хүнийг одоо Засгийн газар буцаад тавих үндэслэл байхгүй шүү дээ?

-Уг нь тийм л дээ. Гэхдээ би бусдын өмнөөс асуултад тань хариулмааргүй байна.

-Өнөө маргаашгүй халагдсан дарга С. Батмөнх тавигдана гэсэн “шувуу” л хотоор нисч байх юм. Танд ер нь дуулддаг уу?

-Дуулдана, дуулдана. Санаа зовсон хүмүүс мөн ч их байх юм. Хамгийн гол нь шударга бус явдал болох вий гэсэн хүмүүс ихээхэн санаа зовж байх шиг байна. Төр түмэн нүдтэй учраас шударга үнэн ялах байлгүй дээ. Хамгийн гол нь ийм дэл, сул яриа байгууллагын ажлын идэвх, хариуцлагыг бууруулах аюултай байдаг. Мөн бидний хайран цагаас хумсалж байна даа.

-Тусгай статустай гэж хэлж болохоор чухал салбаруудад улс төрийн хаялага бага баймаар санагддаг юм. Үргэлж улс төрийн эзэнтэй томилгоо хийгддэг. Ажлаас нь чөлөөлөхөөр эргэж элдэв гүжирдлэг явуулаад амар тайван байлгадаггүй. Ийм л нэг хэцүү зуршил монгол орныг баллаж байна даа?

-Ер нь аливаа мэргэжлийн салбарыг улс төрөөс ангид байлгаж байж л хөгжүүлнэ. Гадныхны улс төржилт улс орныхоо чухал салбарууд руу огт үсэрхийлдэггүй байх гэж ойлгож байгаа. Бид дэлхийтэй хөл нийлүүлж явъя гэвэл тэднээс суралцах ёстой. Жишээ нь бид юманд хандах хандлагаараа асар их хоцрогдсон. Тухайлбал, онгоцны хувьд бол барууны онгоц ашиглаж байна. Онгоцонд бол асуудал байхгүй. Хэрэглэдэг сэлбэг хэрэгсэл дандаа барууных. Бидний дүрэм, журам чинь дандаа олон улсын шаардлагад нийцсэн, дэлхийн стандартын дүрэм, журам байдаг юм шүү дээ. Тийм учраас монголд таарахгүй дүрэм, журам гэж байхгүй. Тэр дүрэм, журмыг мөрдөөд явбал хүн ямар нэг осол зөрчил гаргах ёсгүй. Ийм л жишгийг тогтоочихсон байгаа. Нисэхийг олон улсад хамгийн найдвартай тээвэр гэж үздэг юм шүү дээ. Жилд гарсан ослын тоогоор аваад үзэхээр хамгийн цөөн осол гарсан салбар гэж тооцогддог. Төмөр зам, авто тээвэр энэ тэрээс хамаагүй найдвартай тээвэр.

–Дэлхийн нисэхийн байгууллагуудтай харьцуулахад манай  хөгжил ямархуу шатандаа яваа дүн гардаг вэ?

-Хэд хэдэн талаас нь дүгнэж болно. Жишээлбэл, хүмүүсийн мэдлэг талаасаа бол бид ерөөсөө хоцроогүй. Баруунд дөнгөж үйлдвэрлэгдээд гарч байгаа Бойнг 737 онгоцыг бид энд нисгэж байна шүү дээ. Тоног төхөөрөмжөөрөө хоцроогүй. Барууны л юмыг хэрэглэж байна. Дүрэм, журмаараа хоцроогүй. Бид нэг л юмаараа хоцроод байгаа юм. Тэр бол хандлага. Бидний юманд хандах хандлага. Ёс зүйгээрээ хоцорч байна. Нийгмийн харилцаагаараа хоцроод байна. Байгууллагын хөгжлөөрөө хоцорч байгаа. Хувь хүний хөгжлөөрөө хоцорж байгаа. Тэгэхээр ерөөсөө миний тавьсан зорилго энэ байгууллагыг хөгжүүлье, хувь хүмүүсээ зөв хандлагатай болгоё. Бусдаар бол шинэ онгоц, тоног төхөөрөмж авч ашиглах бол дэндүү амархан ажил шүү дээ. Хэрүүл уруултай нэг тоног төхөөрөмж авчраад тавьчихаж болно. Гэрээ хэлцлийн шугамаар онгоц түрээсээр аваад ирж болно. Одоо онгоцыг чинь худалдаж авахаа байчихсан шүү дээ. Тэрийг худалдаж авахын тулд 50 сая доллар хайх хэрэггүй болсон. Энэ онгоцыг чинь би аваад ийм бизнес хийх гэж байна, ийм боломж байна, тэндээс тэдэн төгрөгийн орлого олно гэсэн тооцоо байна гээд л гүйцээ. Үүнийг нөгөө онгоц түрээслэдэг нөхдүүд “Аа яг эндээс тэд орж ирэх юм байна” гэж тооцоод онгоцоо зүгээр л өгч байгаа шүү дээ. Монголчууд барууныхнаас хэрэглэж байгаа хэрэглээгээрээ огт хоцроогүй. Мэдлэгээрээ хоцроогүй. Монгол нисгэгч гадаадад зөндөө нисч байгаа. Тав зургаан газар, тав зургаан монгол нисгэгч нисч байгаа. Монголчууд гадаадад ажиллаж байна. Арабын онгоцны дарга нь гэхэд монгол хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол мэдлэгээрээ бид хоцроогүй байгаа гэдгийн л баталгаа. Ерөөсөө ухамсар, ёс зүй, хувь хүний хөгжлөөрөө л бид хоцроод байгаа юм.

-ИНЕГ-ын даргаар томилогдсоноос хойш дайралт давшилтан дунд ажиллаж байгааг мэднэ. Явуулж байгаа бодлогынхоо зах зухаас яриач гэвэл?

-Үйл ажиллагааны үр дүн маань ерөөсөө иргэний нисэхийн салбарт эдийн засгийн үр ашиг авчрах. Мөн аюулгүй үйл ажиллагаа явуулах. Үр ашигтай байлгахын тулд хуучин явуулж байсан үйл ажиллагааг нэлэнхүйд нь өөрчлөх шаардлагатай болсон. Аль болох ажил хариуцсан хүмүүст санхүүгийн шийдвэр гаргах эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй байсан. Бүх эрх мэдэл нэг гарт төвлөрч байсныг тарааж, санхүүгийн шийдвэр гаргадаг 20 гаруй албан тушаалт бий болж байгаа. Өөрөөр хэлбэл, ИНЕГ 23 байгууллагаас бүрдэж байна. Нисэх буудал дээр нисэх буудлын дарга нар шийдвэр гаргадаг. Санхүүгийн төлөвлөлтийн төсөв гаргалтыг сайжруулаад, тэрний дагуу мөнгийг нь өгөөд байгууллагын дарга нар асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг болж байгаа. Үүнийг улам нэмэгдүүлнэ. Ингэсэн тохиолдолд байгууллагын дарга нар өөрсдөө менежерүүд болж байгаа юм. Аль болох үр ашгийн төлөө тэд ажиллах ёстой болж байна. Урьд нь дээрээс хэдэн төгрөг өгнө, түүнийг нь тараачихаад л сууж байдаг, менежмент ч хэрэггүй байсан. Ширээ сандал авах хэрэгтэй бол эндээс тендер зарлаад аваад өгчихдөг байсан. Үр дүн гарч байгаа. Тухайлбал, Булган, Өвөрхангай, Дундговийн нисэх буудал нүүрс түлж халдаг. Том оврын зуух, ганц хоёрхон байшинг хөлдөөчихгүйн тулд бөөн зардал гаргадаг байсан. Тэдэнд санхүүгийн эрх мэдлийг нь өгөнгүүт хэмнэлтийн тухай  яриад эхэлсэн. Яаж хэмнэх вэ гэсэн чинь цахилгаан халаагуур тавина гэсэн. Зөвшөөрсөн. Нэг буудал дээр 6 сая орчим төгрөгийн цахилгаан халаагуур тавьсан. Гуравхан нисэх буудалд хэрэгжүүлсэн чинь 48 сая төгрөг бодитоор хэмнэгдэж байна. Энэ чинь бас мөнгө шүү дээ. Тэр тусмаа орон нутгийн буудалд ийм хэмнэлт гаргаж байгаа нь том амжилт.

- Тэгэлгүй яахав. Ерөнхийдөө танай байгууллагын үзүүлэлт ямар болж байна вэ?

-Байгууллага өнгөрсөн жил орлогын төлөвлөгөөгөө 13 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. 10 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, 2 тэрбум гаруй төгрөгийн зардал хэмнэсэн. Зөрчлийн тоо 2 дахин буурсан. Үр ашгаар дамжиж аюулгүй ажиллагаа бий болно. Аюулгүй ажиллагааг бий болгоход арай өөр өнцгөөс хардаг болж байна. Үүнээс өмнө төсөвт төлөх ёстой навигацийн орлогоо төлж чаддаггүй хууль бус зээл авдаг байсан. Харин бид өнгөрсөн онд өрийг нь төлөөд тухайн жилийнхийг нь төлөөд ашигтай ажиллаж чадлаа. Энэ бол ганц өнөөгийн удирдлагын сайных биш. Хамаагүй  зарцуулдаг байсан зарцуулалтыг багасгасантай холбоотой амжилтууд юм. Үр ашиггүй худалдан авалт, хөрөнгө оруулалт, хандив өгөлт явагддаг байсныг зогсоосон. Иймэрхүү хямгадалтаас дээрх ашгууд гарсан гэж ойлгож болно. Санхүүгийн төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Төлөвлөлтийн дагуу зарцуулна. Тэгээд дараа жил нь төлөвлөгөөг үүнээсээ улам сайжруулна. Ийм зарчим баримталж байгаа.

-Та үүнийг яах гэж хийж байгаа юм бэ. Тэглээ гээд төр таныг үнэлэх юм уу. Дарга нар чинь өөрсөддөө л эрх мэдэл нэмэхийн төлөө ажилладаг. Юун тарааж, саармагжуулах. Эсрэгээр нь хийж байж эрх дархтай, сүр хүчтэй удирдагч харагддаг юм биш үү?

-Миний хувьд эрх мэдлийг арай өөр өнцгөөс хардаг юм. Ажлаа сайн хийе. Байгуулах гэж зориод байгаа нийгмийнхээ арга барил буюу барууны менежментийн арга барилаар ажиллая. Зүгээр нэг сайн биш, өнөөдөр сайн гэж дуудуулахдаа биш. Надад үнэндээ тийм сонирхол ч алга, мөнгөний эрх мэдэлтэй байх шаардлага ч алга. Хамгийн гол нь нисэхийн тогтолцоог зөв бүрдүүлж эхлэх юм бол таван жил, арван жилийн дараа салбар маань зөв зүй тогтолд хүрнэ. Тэр үед тогтсон систем гэж хэлэх байхгүй юу. Намайг үнэхээр арван жилийн дараа магтах хүн гарч ирээсэй гэж хүсч байна. Одоо хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Бас итгэхгүй байж магадгүй.

-Сэтгэл зүйн дарамт  ихтэй байх шиг харагдаж байна. Төрийн дарамт, улс төрийн дарамт гэж байна уу. Дарга нар ярьдаг л даа.  Томилогдлоо, тэгээд л маргаашнаас нь огцруулах ёстой гээд бичээд эхлэдэг юм байна. Ажил хийх бололцоо алга гэж...?

-Ер нь бол тийм л байдаг юм байна. Барагдашгүй ажлын дарамт ч биш. Төрийн дарамт ч биш юм. Улс төрийн дарамт ч биш юм. Хэвлэлийнхний дарамт ч биш. Жишээлбэл, намайг томилогдсоноос хойш аль нэгэн нам нь дуудаад, аль нэг улстөрч нь дуудаад тэрийг тэгэх ёстой, энийг ингэх ёстой гэж хэн ч үүрэг өгөөгүй. Харин, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолтой холбоотой дарамт салбахгүй байнга гэж л хэлж болох юм.

-Нам нь бас хандив авдаг юм биш үү. Хуучин дарга энэ талаар гаргууд нэгэн байсан санагдсан. Танаас нам хандив нэхээгүй юу?

-Үгүй.

-Сая “алтан сарнай” наадам болж өнгөрлөө. Танаас зохион байгуулах хороо нь мөнгө нэхэхгүй байна уу?

-Үгүй. Тийм юм байхгүй. Миний ойлгож байгаагаар тэр нам энэ тэр чинь хандив нэхдэг юмуу. Хүмүүс өөрсдөө барьж гүйж очдог юм биш үү. Зарим нэг хүмүүс өөрсдөө л сайн хүн болох гэж. Тийм л байдаг юм боловуу гэж би ойлгоод байгаа ш дээ.

-Баярлалаа. Дандаа ажил ярьлаа. Дараа ажлаас өөр сонирхолтой сэдвээр ярилццгаая. Танд амжилт хүсье?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад ч сайн сайхныг хүсье.

Сэтгүүлч Б.Ганчимэг