Яг таны дуртай…Монголдоо тавтай морил.

Сэтгүүлч миний бие их аварга Д.Дагвадоржтой монголчуудынхаа халуун цусыг лугшуулсан ярилцлага хийж, уншигчдаасаа өндөр үнэлгээ авч билээ. Японы сумогийн ертөнцийг эзэрхийлэн дагуулсан алдарт их аваргын дотоод ертөнцийг нээж, хамтдаа омогшиж, хамдаа уярч, хамтдаа асч байсан тэр үеийн бичлэг өдөржин сэтгэлд хөврөв. Их аваргыг маань шахаж хавчсаар байсан довтолгоо чинээндээ тулж, зодог тайлах мэдэгдлийг хийхэд хүргэжээ гэх муухай мэдээ хүлээж авснаас хойш зүрх тийн булиглав. Аварга бид хоёрын ярилцлагын нэгэн хэсэг ийн үргэлжилж байсан санагдана.   

 -Сумогийн холбоо тодорхой хэмжээний уналтад орсон үед монгол Ёкозүна төрж, маш том сэргэлт авчирсан. Мэдээж энэ бол бидний бахархал. Гэхдээ сумо үзэхээр ирсэн тэр олонлог дотор таныг ялахад талархахгүй хэсэг байдаг. Хашгираад л, зэрлэг монголыг алаад өг гээд л. Тэдний тэр хашгираан таны чихэнд ирдэг үү?

-Тэр бол намайг ирлэдэг бас нэг өгөгдөхүүн л дээ. Тэд хашгирдаг. Аймаар бүдүүлэг хашгирдаг. Бүдүүлэг гэж шууд хэлэхэд бас хаашаа юм бэ дээ. Яахав дээ, хүн нэг тийм үзэн ядсан өнгөөр хашгирдаг ш дээ. Надад тэр хашгираан ирдэг.  

-Тэд гэхдээ өөрчлөгдсөн үү. Эсвэл өрсөлдөөн юм болохоор үүрд тийм байх юм болов уу?

-Юу гэж өөрчлөгдөх юм бэ. Үүрд мөнхийн зүйл шүү дээ. Би танд нэг дурсамж яръя. Гурван жилийн өмнө 11 сарын башё Фүкуокад болсон. Кайогийн нутаг л даа. Би Кайог ялсан. Бас рекорд эвдсэн. Жилийн нийт барилдаан зургаан башё нийлээд 90 барилдаан болдог. Би 84 ялчихсан байсан. Дээр нь бүтэн жилийн түрүү авчихсан. Хэн ч миний хажуугаар ороогүй. Дээр нь рекордыг эвдээд, долоон башё дараалан түрүүлсэн. Надад бол бас том нервний асуудал л даа. Тэгээд барилдаандаа орлоо. Тэнд байгаа бүх хүн Кайо Кайо гэж орилоод л. Саяын болдог Монгол башё шиг л юм болсон. Бүгд орилолдоод. Би ийм үед нэг зүйлийг аймаар боддог ш дээ. Би нээрээ эх орондоо байсан бол миний ард түмэн яг та нар шиг ингэж миний төлөө хашгирна шүү дээ гэж. Намайг тэд минь яаж дэмжиж байх бол доо гэж…(хэсэг дуугүй суув) Энэ бол миний л тавилан. Тэгээд л дэвжээн дээр байж байсан чинь яг миний өлмий хавьд тэр дор нэг ногоон цамцтай япон хүн суучихсан, намайг хараад уйлж байсан. Тэр хүний нулимс асгараад л байсан. Намайг Монгол улсын гавъяат тамирчин болж байхад манай Ерөнхийлөгч Багабанди гуай хэлж байсан юм. Биеийн хүчээр нэгийг ялна. Ухааны хүчээр мянгыг ялна гэж.

-Тийм ээ, таныг гавъяатын тэмдэг зүүж байх агшныг сурвалжилж байсан?

-Яг тэгж хэлж байсан тээ.

-Тэр ногоон цамцат таны төлөө уйлж байсныг та мартдаггүй юм байна. Тэгэхээр та тэр ард түмний хайрыг нь бас авсан гэсэн үг. Дэвжээний дор уйлж суусан ногоон цамцтын нулимс таныг гэсэн хайр?

-Тэгэлгүй яахав. Барилдаан болсон. Кайог би ялсан л даа. Гэхдээ тэр зрителийг бүгдийг нь ялна гэдэгт л миний гаргасан хүч оршиж байгаа юм шүү дээ. Тэгээд би ногоон цамцат руугаа харсан. Ногоон цамцат бид хоёр хоёулаа л уйлсан даа. Чи бид хоёр ялсан шүү гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм.

….Ярилцлагын маань энэ хэсэг миний санаанаас огт гардаггүй. Нүд нь ялимгүй чийгтсэн их аварга өмнө минь хүнээрээ, сэтгэлээрээ, ямар нэгэн хаалт халхавчгүй сууж байсан. Сэтгэл зүйн ийм орчинд үүссэн яриа үнэтэй байдаг. Тийм ч учраас санаа сэтгэлийн гүнд тэр чигээрээ хадгалагдан үлддэг биз ээ.

Өчигдөр арлын японоос монголчуудын хийгээд сүмод хайртай дэлхийн бүх үзэгчдийн  сэтгэлийг цочирдуулсан мэдээ ирэв.  Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү гэнэт зодог тайлж байгаа мэдэгдсэн нь ийнхүү санаа сэтгэлийн давалгаа үүсгэсэн хэрэг. Үзгээ шүүрсэн шалтгаан маань ч энэ болов.  

Үнэхээр цочир мэдээ юм аа. Хүлээж авахад, тэгээд бас эвлэрэхэд.

Харийн орны үндэсний спортын дэвжээг түрэмгийлэн эзэлж, амжилт, алдаа оноо, аархаж илүүрхсэн гайхам амьдрал, залуу халуун насны ид хав, олон жилийн шахалт хавчилт…Нүдний өмнө хөврөх шиг.   

Аварга маань арван хэдэн жилийн  турш зүрх сэтгэлийг нь хэмлэн идсэн хэл ам, дуулиан шуугианаас зүгээр л нэг өдөр залхаад, баяртай гэж хэлэх хүн биш. Юуны төлөө шүд зуун тэсч, даваа болгоныг давж амьдарсан билээ. Тэгэхээр түүнийг түлхэж гаргасан шахалт байсан нь гарцаагүй юм. Дандаа аливаа юмны араас  шалтгаан ухаж байдаг мэргэжлийн өвчин нь хөдлөөд ийм үг унагаж байна гэж битгий бодоорой.

Их аварга японы сүмогийн холбоонд албан ёсоор хүсэлтээ гаргаад “Би гэм буруугаа ойлгож байна. Зодог тайлснаар миний сэтгэл санаа ариуслаа” хэмээн хэлжээ. Гэм буруугаа ойлгож байна гэдэг бол усыг нь ууж ёсыг нь дагаж амьдарсан улс орондоо ёс зүйн хүндэтгэл илэрхийлж унагах протоколын шинжтэй байх л үг. Харин дараагийн өгүүлбэрээр цэцэн саруул их аварга нэгийг хэлж, нөгөөг илчиллэхээ мартсангүй. Япончууд иймэрхүү үгийн цаад утгыг тайлахдаа хэр юм бол.   

Долгорсүрэнгийн Дагвадорж бол мэргэжлийн сүмод 25 удаа түрүүлж, тэндэхийн цайзан дээр алтан үсгээр гуравт сийлэгдэх бахдам амжилтыг үзүүлсэн, цагийг эзэлсэн их аварга юм. Мөн сүмогийн гаднаа шударга юм шиг дүртэй ч дотроо атаа жөтөөний нойтон агаар сэнгэнүүлж байдаг, өөрийн гэсэн өнө эртний дэг жаягаар тэр бүх муухай юмаа нууцлан байх, хүнд хэцүү, хатуу ширүүн, бас явцуу ертөнцөд өөрийн хүчээр амжилт гаргаж, их аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн анхны монгол хүн билээ. Түүний энэхүү зүтгэлийг Монголын төр үнэлсэн. Тэрнээс илүү монголын ард түмэн үнэлж, хайрласан.  Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин гэх идэр залуу насанд нь зохиогүй ч юм шиг хааяа дуулддаг алдар суунаас нь илүү ард түмнийх нь хайр энэ хүнийг илүү их чимдэг. Түүний угсарсан, уран гоё мэхээр түмнийг алмайруулсан, дайчин, эрэмгий, давтагдашгүй барилдаанууд сүмогийн ертөнцөд шинэчлэл авчирсан гэдгийг тэд өөрсдөө дуугаа нэгтгэн хүлээн зөвшөөрдөг. Монгол хүний ид хавыг япончуудад битгий хэл дэлхийд гайхуулсан түүнд бид бүгдээрээ хайртай. Хайртай гэдгээ өнөөдөр ахиад мэдэрсэн. Хэдийгээр Асашёорюү зодог тайлах болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч сүүлийн долоо хоногт Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан их аваргатай холбоотой мэдээлэл, түүний нэр хүндэд зориудаар халдах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, Японы сумо бөхийн холбооны зохион байгуулалтад орсон шахалт дарамт Монголын их аваргыг зодог тайлахад хүргэсэн нь тодорхой. Дээрээс нь мэдээж залуу насны ааг омог, алдаж гишгэсэн ганц хоёр юм нөлөөлөө л биз.

Ялангуяа, өнгөрсөн сарын башёд түрүүлснийх нь дараа Японы сонин хэвлэлээр Асашёорюүгийн нэр хүндэд халдсан мэдээллүүд системтэйгээр цацагдах нь хэрээс хэтэрч, түүнийг нь өрсөлдөгчид нь бодлоготойгоор дэвэргэж, сумогийн холбоо ёкузанаг илтэд хамгаалахгүй бодлого баримталж эхэлсэн нь их аваргад сэтгэлзүйн хүнд дарамт болсон нь ойлгомжтой.

Асашёорюүг тэвчихийн аргагүй байдалд хүргэсэн үйл явдал нэгэн ресторанд өрнөжээ. Тэнд үйлчлүүлээд гарахдаа туслахыг нь үл тоомсорлосон рестораны эзэнтэй маргаж, улмаар урдаас нь дошин дээрээ шошилзоод байсан нөхрийг манайхны үзэмжээр бол нэг алгадчихсан юм даг уу даа. Бүх явуулга үүнээс эхэлжээ. Нэгдүгээр сарын 16-нд болсон гэх уг жижиг маргааныг түрүүлсэн өдөр  нь буюу нэгдүгээр сарын 24-нд Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гэнэт цацсан нь сонин. Энэ өдөр их аварга Д.Дагвадорж 25 дахь удаагаа түрүүлснээр Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдэж, домогт Тайхо /32/, Чиёнофүжи /31/ нарын араас нэхэн ирсэн түүхт өдрөө өнгөрөөсөн. Мэдээж энэ амжилт тэдэнд таалагдсангүй.

Сүмогийн үзүүлэх барилдаанд оролцолгүй эх орондоо ирээд, хөл бөмбөгийн талбайд гарч ганц бөмбөг өшиглөсөн төдийд барилдах эрхийг нь хасч, хатуу ширүүнээр яллан их аваргын сэтгэлийг сэвтээж байсан цаг сайхан. Энэ удаа японы сүмо бөхийн холбоог далдаас атгаж байдаг бүлэглэлүүд хэтэрхий инээдэмтэй шалтгаанаар шахаж, залуу аваргын гэдэнг хөдөлгөжээ. Алийн болгон ингүүлж байхав гэж тэр эрсхэн бодож.

Ийнхүү Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд шинэ хуудас нээж, үзэгчгүй болсон үндэсний спортыг нь сэрээж сэхээж өгсөн, агуу дээд амжилтуудын эзэн их аварга   өнөөдрөөс эхлэн арлын японы дэвжээн дээр өөрийн орон зайг үлдээн, зодог тайллаа. Зүгээр ээ, дөнгөж 29 настай их аварга. Цэл залуу, омог төгөлдөр аварга шүү дээ.

Үсээ цавуудаж боочихоод, өмд гутал ч өмсөөд явах эрхгүй, эрээн даавуун халад шиг юм углачихаад тэдний эрхээр тэгж явахын оронд талын монголдоо тавтай морил. Морио унаад, салхиа залгиад давхи. Өөрийн чинь унасан шороо, өлгийдөж авсан эх орон чинь шүү дээ.

 Та өөрөө ярьсан даа.  

…Энэ чинь миний эх орон шүү дээ. Салхиар нь алгадуулж, бороонд нь норж ганцаараа алхах хичнээн сайхан бэ. Өвлийн тэр тэсгим хүйтэн агаарыг би аймаар санадаг. Гараад л амьсгалахад өөдөөс  уур цан сэвшээд л. Би хүйтэнд маш дуртай гэж. Тэгээд бас …

Хүлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад

Хөндийг туулсан нутгийн зам аа

Хүүгээ үдээд хоцрох ээжийд

Ханисаад үлдэх аяны харгуй

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай…

Зовлон жаргал ээлжлэн хөврөөд

Зураг төөрөгтэй нутгийн зам аа

Зүрх догдлон таньдаа очиход

Зөрөг жим нь тодрох харгуй… гэж дуулах дуртай биз дээ. Ирээд дуул, бас уйл…

Амьд домог Асашёорюү, эх оронд чинь агаар нь тачигнасан омголон өвөл болж байна

Яг таны дуртай…