-хошин тууж-

Үргэлжлэл түрүүч нь ... дугаарт


Түүхт тэр өдөр намын үүрийн дарга, хэсгийн төлөөлөгч хоёр “А” ба “Б” төлөвлөгөөнийхээ алийг сонгохоо шийдэж чадаагүй байтал морио бахардтал давхисан нэг хүн сумын захиргааны үүдэнд буужээ. Энэ хүн  янз бүрээр бичигдэж болох байсан түүхт ой, түүхэн эмнэлгийн тавиланг шийдчих шиг санагджээ. Учир нь Бибишийн ээж нярайлахаар дуншиж эхэлсэн тул орос бариачийг залахаар ирсэн юмсанж.

Энэ  хэсгийг тодоруулахын тулд албан ёсны түүхээс ишлэх хэрэгтэй санагдлаа. “...Ардын засгаас бүх бариачийн хөдөлмөрийн багажийг хураах шийд гарав. Боловсон европ эмнэлэг оронд нь дэлгэрүүлэхийн тулд ингэхээс өөр арга намзасагт байсангүй. Ингээд судлаад үзтэл бариач нарт өөрийн гарнаас өөр багаж байсангүй. Нам засгийн тогтоол шийдвэрийг биелүүлэх л хэрэгтэй, европын боловсон анагаах ухааныг нэвтрүүлэх л чухалтай тул тэдний гарыг хурааж эхэлсэн байдаг. Ажил хийж байхад алдаа гардаг л юм хойно, заримдаа жаахан уртдуулж тайрсан тал бол бий. Ийм шалихгүй зүйлийг томруулж, лам хуврага, бариач илээч нараа хядсан мэтээр цуурч, нам төрийнхээ ялгуусан түүхийг үгүйсгэж байгаа нь ардчилагчдийн үнэн нүүр царайг илчилж байна” хэмээн “Монгол улсын БНМАУ-ын түүх”-нд өгүүлжээ.

Бариач нар гартайгаа хамт тайрагдснаас  хойш энэ ажлыг Цагаан доктор орлож байж. Харин  Цагаан доктор намрын эхэн сард бурхан болсон тул нярайлж байгаа эхчүүд орос бариачаас өөр сонголтгүй болжээ.

Бид тухайн үеийн хөдөө нутгийн хоцрогдсон байдлыг харгалзан  орос эмчийг “бариач” хэмээн буруу нэрлэснийг уучлах бүрэн боломжтой юм. Хожим нийтэд дэлгэгдсэн түүний хувийн хэргийг үзвээс, “цол” гэсэн хэсэгт “бага дэслэгч”, харин мэргэжил гэсэн цонхонд “акушёр-абортница” хэмээн бичгийн машинаар цохисон байдаг. Түүний ажил мэргэжлийг танилцуулах уулзалтад намын дарга хэлэхдээ “манай малчин ардууд энэхүү орос мэргэжилтэнг идэш ч сайхан төхөөрдөг, төл ч давгүй бойжуулдаг хос мэргэжилтэй хэмээн дүйцүүлэн ойлгох нь зохимжтой” хэмээн тэмдэглэсэн байна.

     Түүхт ойн өдрөөр анхны үйлчлүүлэгч ирэх нь тодорхой болсон эмнэлгийн түргэн тусламжийн тэргийг Бибишийн ээж рүү явуулсан төдийгүй, эхбаригч-абортчин мэргэжилтэн ч үр хөндөх багажаа  ирлэж байснаа болиод далд хийсэн болой.

Ингээд аугаа их октябрийн хувьсгалын 50 жилийн түүхт ойгоор нээгдэх учиртай төрөх тасгийн цаг тоолж эхэллээ. Ийм чухал үйл явдалд тууз хайчилдаг гэж дуулсан, бас сониноос уншиж байсан намын үүрийн дарга зочны тоогоор төө хирийн тууз, мөн нэжгээд хаич бэлдүүлжээ. Хүн бүр л нэг тууз барьж байгаад хайчлах юм бодсон хэрэг. Тууз бэлдсэн нь ч их түүхтэй. Хөдөө суманд ямар юмных нь тууз байх билээ. Нам засгаас явуулж байгаа үзэл суртлын чухал ажлыг ганц туузаар  ч болов дутаагаад яахав гэсэн сэтгэлээс тэр ханджээ. Ингээд “пионерийн гишүүн  бүх охид гэзэгнийхээ туузыг тушаа” гэсэн шийдвэр гаргаад цуглуулах ажлыг пионерийн удирдагч багшид нь даатгажээ. Тэр өдөр сурагч охидын нэлээд нь гэзгээ сураар, зарим нь  хаанаасаа сугалаад  авчихсан бол гэмээр яльгүй бөрзгөр эрзээнээр боосон байсаан гэдэг юм. Ихэнх охид суучихаад  өндийвөл л нэг юм уначих аятай ерөөсөө босч өгөхгүй байсан юм гэнэ лээ. Уул нь чамгүй олон тууз цугларсан боловч учир мэдэхгүй  намын дарга нь хүний тоогоор хэрчээд хаясан байна.

Гэвч цэрэгт явсан нэг эр оросууд хэрхэн тууз хайчилдгийг үзсэн хүнтэй уулзснаа ярьж өгчээ. Түүний үгээр том бүдүүн улаан туузыг хөндлөн хадаж байгаад тас хайчилдаг, олон хүн ч оролцдоггүй, ганц нэг том дарга хайчилдаг, бусад нь алга ташаад зогсож байдаг гэнэ.

 Ингээд сумын хоршооноос толгой улаан даалимба авчруулахаар хүүхэд гүйлгэжээ. Гэтэл худалдаа  бэлтгэлийн ангид улаан байтугаа даалимба байсангүй. Тэр жил аймгийн хэмжээгээр даалимба тасарсан юм байж. Гэхдээ тэр үеийн боловсон хүчингүүд тулгарсан бэрхшээлийг нөөц бололцоогоо ашиглан шийддэг л байсан байна. Сумын зочид буудлын эрээн гэрийн дээсэн бүсийг Улаан эргийн зосонд дүрээд хөндлөн  хөндлөн татахаар болжээ.

 Дээр үед лам явсан боловч олон ламаа явуулахад тусалсны хүчинд үлдсэн, сүүлийн үед хүнээс нууж маань унших болсон Яринпил гэгч “Дээс бол хуучны ойлголтоор хөл хорьсон тэмдэг юм даа” гэснээ “Бид тэрхүү мухар сүсгийн хориог тас огтолсон ёстой сайхан марксист арга хэмжээ болох нь ээ” хэмээсэн байна.Эмнэлгийн үүдэнд улаан дээс татсан түүх энэ болой.