Оросын нэрт зохиолч, түүхч Эдвард Радзинскийн “Сталин” хэмээх шуугиан тарьсан баримтат туужийг Баабарын орчуулгаар “НЭПКО” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан нь номын худалдаанд нэгэнт гарчээ. Энэ дугаартаа уг зохиолын төгсгөлийн бүлгийг сонирхуулж байна.

ТРИЛЛЕРИЙН ТӨГСГӨЛ

Эзэн тэгээд л амар яваад өгчихсөнгүй. Москвад түүний ард түмэнтэй салах ёслол нь цуст үйл болсон.

    Түүний шарилыг Баганат танхимд байрлуулсан, харин мянга мянган хүмүүс гудамжинд гарлаа. Хот болгоноос богоон богооноор хүмүүс бурхантай салах ёс гүйцэтгэхээр ирлээ...

    Тэрхүү нарлаг өдөр хажууд зогсож байсан охины нүд ухаангүй болон гөлийгөөд ирснийг би санаж байна. Шахцалдсан олон бид хоёрыг хавччихсан юм. Гэнэт бүгдээрээ зайлан хөдлөхөд хүмүүс энд тэндгүй нуран унаж байв. Хүмүүст өргөгдөөд ирлээ, тэгснээ хэвтээ хүн дээр бүдэрч унав... Шахалдаанаас арай гэж мултраад гудамжны цардмал зам дээр өнхөрч унаснаа л санаж байна. Гадуур хувцас юу ч үгүй урагджээ, гэхдээ л би амьд байна...

    Тэр өдөр хүмүүс мянгаараа гишгүүлж үхсэн. Сталин буцахдаа ч цус урсгахгүй байж төвдсөнгүй... Бяц дарагдсан эдгээр амь түүний урьд нь устгасан сая сая амьтай ингэж нийлсэн юм.

        1953 оны III сарын 5-нд бас нэг хүн нас барсан юм. Харин түүний үхлийг хэн ч анзаарсангүй. Энэ бол Сергей Прокофьев. Бэлбэсэн эхнэр нь ганц ч болов цэцэг олчих санаатай их ч гүйж, гээд бүх юм хаалттай, хаана ч худалдаалдаггүй. Аугаа хөгжмийн зохиолчийн шарил дээр ядахнаа нэг юм олоод тавьчих гэсэндээ хөршийнх нь авгай тасалгааны бүх цэцгээ хяргажээ. Энэ үед Прокофьевийн хайртай төгөлдөр хуурч Святослав Рихтер Баганат танхимд Жолоодогчийн шарилын дэргэд тоглохоор дуудагдан Тиблисээс тусгай онгоцоор ирж явлаа. Онгоцонд тэр чигээр нь цэцэг чихсэн тул Рихтер хурц үнэрт нь золтой л муужирч үхсэнгүй...

    Оршуулгын комисс завсарлагагүй хуралдаж Жолоодогчийг мөнхжүүлэх арга болгоныг олох гэж мурчийцгаана. ”Нөхөр Сталины цогцсыг удаан хугацаагаар хадгалагдахаар бодон занданшуулж В.И.Лениний Бунханд тусгайлан байрлуулах нь зүйтэй гэж комисс үзэж байна. Нөхөр Сталины цогцосыг цэргийн дүрэмт хувцастай нь, ЗХУ-ын баатрын тэмдэг, Социалист хөдөлмөрийн баатрын тэмдэг, мөн одонгийн лентийг нь энгэрт нь зүүж авсанд байрлуулна... Гүнгэрвааг бүтээх тухай төслийн тогтоолыг бэлдэх шаардлагатай”.

    Түүнийг занданшуулахтай холбогдуулан мөрдэс, мүндирын товч, баатрын таван хошууг алтаар бүтээв.

    Хоёр дахь большевик бурханы дотроо муми агуулсан гүнгэрваа ийнхүү Бунханд байраллаа.

    Бунханд түүнийг байрлуулахад өөрийг нь алсан үнэнч тойрон хүрээлэгчид нь эгнэн зогсчээ: Маленков чихтэй малгайтай, Хрущев папахтай, харин Берия хавчиг шилнийхээ дээгүүр өргөн хүрээтэй бүрх духдуулсан нь кинонд гардаг мафи шиг харагдана. Хөнөөсөн шүтээнээ тэд алдаршуулна.

    Оршуулгын дараа түүний тойрон хүрээлэгчид ганц хүүг нь тасралтгүй чагнан мөрдөх боллоо. Ерөнхийлөгчийн архиваас би түүний ярианы бичлэгийг олсан юм.

    Василий (жолооч Февралевтэй оршуулгын тухай ярьж байгаа юм): “Хичнээн хүн даруулж үхэв ээ, аймаар юм! Би бүр Хрущевтэй хэрэлдсэн гээ... Холбооны Ордонд ч аймаар юм болсон. Шилээвэр барьчихсан нэг эмээ ирлээ... Шарилын хүндэт харуулд Маленков, Берия, Молотов, Булганин гээд л бүгдээрээ зогсож байна... Гэнэт нөгөө эмээ чинь тэдэнд хандаж: “Муу шаарнууд алчихаад баярлаад зогсож байна уу! Хараал чинь хар толгойд чинь тусна даа!”.

    Эцгийгээ үхснээс гурван долоо хоногийн дараа агаарийн нисэх хүчний дэслэгч генерал Василий Сталин цэргийн дүрэмт хувцас дахиж өмсөх эрхгүйгээр армиас халагдлаа. Дахиад нэг сар өнгөрөхөд тэрээр баривчлагдав. Ханхүү маань шоронгоос дөнгөж 1961 оны хавар суллагдсан юм. Үхэх гэж суллагджээ.

    Түүнийг Казань руу цөлсөн. Удалгүй тэндээ 1962 оны III сарын 19-нд өөд болжээ.

    Эсвэл Эзэний тогтоосон уламжлал ёсоор өөд болоход нь тусалсан юм болов уу?

    Василийгийн араас түүнийг суулгасан Берия өөрөө шоронд ирлээ.

    Түүнийг буудан хороосон тэмдэглэл байна: “Түүний гарыг ард нь гавлаад модон хананд шаасан дэгээтэй холбож уяв. “Би нэг юм хэлье л дээ...” –хэмээн Берия орилон гуйна. Харин Ерөнхий прокурор тушаал өгч: “Наадахынхаа аманд алчуур чих” – гэлээ. Аман дахь алчуурын дээхнээс бүлтэрч унах шахсан нүд гялалзана. Офицер гохоо дарахад сум духных нь гол хавьцаа туслаа”.

    Дараа нь Маленков, Молотов, Каганович... нар ээлжлэн нурж уналаа. Эцэст нь – Хрущев.

    Тойрон хүрээлэгчид нь биенээ хэмэлж байх тэр үесд түүний эзэнт гүрнээр нэг заваан хөвөнтэй хүүрчигтэй хүмүүс тэнүүчлэнэ. Түүний хорих лагериас хүмүүсийг үй олноор нь суллажээ. Алексей Каплер (түүний охины дурлаж байсан хүн) бас суллагдав. Олон жилийн дараа Каплер надад ингэж ярьсан юм: “Би нэгэн цэцэрлэгт талбайд очин чулуун дээр суугаад тоглож байгаа хүүхдүүдийг харан ямар ч юм бодолгүй гөлрөн суулаа... Нэг жаал миний хажуугаар инээд алдсан гүйсээр одов. Хүүхдийн ямар ч хамгаалалтгүй туранхай хөл жирэлзэнэ. Юу болсон юм бол доо... Би уйллаа. Яг л хүүхэд шиг ичиж зовох юмгүй енгэнэтэл уйлж гарсан... Өршөөгөөд л... өршөөгөөд л... өршөөгөөд л...”

     Хамаг үнэнийг нь Хрущев нүцэглэж тавьсан ч гэсэн Сталин Бунханд хэвтсээр байлаа. Би түүнийг харснаа сайн санадаг юм: хүүхэлдэйнийх шиг болтлоо авчсан Лениний толгойтой харьцуулахад бүр амьд юм шиг нүүрэн дээр нь ширүүн сахал нь сөрвийнэ.

    Бүүр найман жил өнгөрсөн хойно түүнийг Бунхнаас зайлуулсан юм.

    Кремлийн хорооны хамаандлагч Ф.Конев дурсахдаа: “1961 оны X сарын 31-нд сэргийлэх ангийнхан Улаан талбайг цэвэрлэж, орох гарцыг хаав. Харанхуй болсон хойно Кремлийн хананы дэргэд булш ухах ажил эхлүүлэх шийдвэр ирлээ. Сталины цогцсийг шилэн гүнгэрвээнаас нь гаргаж улаан даавуугаар ороосон авсанд байрлууллаа. Сталин яг л амьд юм шиг харагдана. Ажиллагсад багажаа хаяад салгангаа уйлалдаж гарав. Мундирын алтан товчийг гуулиар солилоо, мөн алтан мөрдэсийг нь хуулж авав. Дараа нь биеийг нь хар өнгийн торон шаанд ороож, царайг нь ил үлдээв. 22 цагт дахин оршуулгын комисс ирсэн. Төрөл төрөгсөдөөс нь хэн ч байлцаагүй... Минут хүндэтгэн дуугүй зогсоод шарилыг нүхэнд хийв. Нүхийг хоёр давхар төмөр бетон хавтангаар даруулах заавар ирсэн байсан. (Авснаасаа эргээд гараад ирэх вий гэсэн юм шиг - Э.Р.) Гэвч бид зүгээр л шороогоор булсан.

ЗУУНЫ ТӨГСГӨЛ

Горбачёв засгийн эрхэнд гарч перестройка эхэлснээр хүмүүс өнгөрсөн амьдралаа эргэж нэг харлаа

    Тэр үед би энэ захидлыг авсан юм:

“Пепеляев Юрий Николаевич танд захидал бичиж байна. Өөрийн овгийн талаар би эртнээс судалэ байгаа нэгэн. Хэрэв бололцоотой бол та миний төрөл төрөгсөдийн тухай мэдэх зүйлээ тодорхой бичээрэй. Юу гэвэл:

    Пепеляев Н.М.- хаант засгийн хошууч генерал, 1916 онд дэлхийн дайнд нас барсан.

    Пепеляев В.Н. – Колчакын армид засгийн газрын тэргүүн байгаад 1920 онд Эрхүүд буудуулсан.

    Пепеляев А.Н. дэслэгч генерал Колчакын Сибирийн I армийн хамаандлагч, дараа нь Алс Дорнодод дайтаж яваад олзлогдсон, 1938 онд буудуулсан.

    Пепеляев Л.Н. – цагаан офицер, иргэний дайнд алагдсан.

    Пепеляев М.Н. – хаант засгийн армийн штабын ротмистр, 1933 онд шүүхээр орж хорих лагерьт амь үрэгдсэн.

    Пепеляев А.Н. – Колчакын армийн эмч, 1942 онд яллагдсан, 1946 онд Сибирийн хорих лагерьт үрэгдсэн.

    Пепеляев А.И. – Эсер намын гишүүн, 1918 онд Пермийн ЧК буудан хороосон.

    Пепеляев М.Е. – миний өвөг эцэг, Бийскт амьдарч байгаад гучаад онд шийтгэгдсэн.

    Пепеляев М.И. – Бийскт амьдарч байгаад эх орны дайнд амь үрэгдсэн”.

    Оросын ХХ зууны товч түүх юм биш үү?

    Эзэний хоёр хамтран зүтгэгч Молотов, Каганович нар сэрүүн тунгалаг байсаар байлаа. Сүнс сүүдэр аятай гудамжаар хүртэл алхлана.

    Молотов амьдралынхаа сүүл рүү зөнөсөн л дөө. Өөрийгөө засгийн газрын тэргүүнээр төсөөлж, гонжоом зангиагаа нэхэн, заримдаа Горбачёвын сайд нар ирж өөрт нь илтгэхийг тэвчээртэй нь аргагүй хүлээнэ. III Александр хааны үед төрж, II Николай хааны үед амьдарч, Ленин, Сталин нартай ажиллаж, Горбачёвын үеийг хүртэл насалсан энэ хүн 1986 онд нас барж большевик уламжлалын улаан авсанд нойрссон юм...

    Каганович 90 хүрчээ. Түүний хамаатан нь надад ингэж ярьсан: “Тэр 1991 оны VI сард нас барсан. Зурагтаар мөнөөх л перестройка болсон мэдээ дамжуулж Горбачёв, Ельцин нарыг харуулж байв. “Энэ бол сүйрэл” гэж хэлэхийг нь гэрийн үйлчлэгч сонссон аж. Тэгээд очоод хартал зурагтынхаа өмнө суугаагаараа талийгч болсон байв”.

    Гуравхан долоо хоногийн дараа 1991 оны VIII сарын хэрэг мандав. Бөөгнөрсөн олон Бурханлениний хөшөөг сүйтгэж, түүний намын ТХ-ы дагшин ордны цонхыг яйруулав...

    Мөнх байлгахаар бодож Эзэний бүтээсэн СССР хэмээх аугаа их Эзэнт гүрэн үнс нурам болон сүйрэн уналаа.

    Бабилоны цамхаг ч, Аугаа мөрөөдөл ч салхинд хийсэн алга болов.

    “Аугаа их хот золгүй еэ, золгүй еэ! Хот ганц цагийн дотор сүйрлээ” (Илчлэлт 18:10)

    “Би бол эхэн, Би бол эцэс, Надаас өөр Бурхан байхгүй” (Исаиа. 44:6)

    Ариун судрын энэ үгийг Сталин нэрээр түүхэнд орсон шашны сургуулийн бяцхан сурагч хөвүүн Сосо Жугашвили сайн мэдэж байсан байх учиртай.