1944 онд Америкийн дэд ерөнхийлөгч Вэльс Улаанбаатарт иржээ. Тэр үеийн Улаанбаатар 50 мянган хүнтэй байж чадсан юм болов уу даа. Нийт байшингийн тоо нь ч 50 орчим л байгаа биз. “Эсгий хот” гэж Вэльс хэлж. Манайхан үүнд нь учиргүй гомдсон байдаг юм. Ерөнхийлөгч ч яахав, харснаа л хэлсэн хэрэг.

    1961 онд болсон МАХН-ын их хуралд Вьетнамын төлөөлөгч Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гэж нэрлэв. Бодвол сэтгүүлчийн асуултад л хариулсан байх. Манайхны баяралсан гэж жигтэйхэн. Үүнээс хойш Улаанбаатар ийм гуншинтай болж уран зохиол, яруу найраг, дуу хууранд энэ нэрээрээ “мөнхөрсөн”. Үнэндээ мань зальжин вьетнам тал засаад л наасан байх. 100 мянган хүнтэй болж байсан Улаанбаатар маань “40 мянгат” гэсэн анхны байшин хорооллоо ч ашиглалтад оруулж амжаагүй байсан цаг. Нэгдэлжих хөдөлгөөнөөс дайжсан малчид хот руу зугтан орж ирж эсгий гэрээ хөдөөнөөс ялгаатай нь хашаа гэгч хот маягийн хүрээн дотор эгнүүлэн барьж байсан үе. Түүнээс эсгий хот хэвээрээ л байсан.

    1990 оны тооллогоор Улаанбаатарын хүн ам 520 мянга хүрчээ. Вэльс ирж байсан үеийг бодвол хотын төрх оржээ. Хотын тээвэр, барилгажилт, бохир цэвэр хоолой, усан хангамж, зам, эрчим хүч, төвлөрсөн үйлчилгээ гэх мэтээр орчин үеийн урбан үзүүлэлтээр дажгүй болжээ, хот маань. Гол нь хотын соёл хэмээх иргэншсэн соёл сүрхий нэвтэрсэн байв. Мэндлэх, оочирлохоосоо авахуулаад бүхий л талаараа уламжлалт нүүдлийн соёлоос эрс ялгаатай энэхүү амьдрах аргад нийтээр суралцаж анхны гэх хотын хоёрдугаар үеийнхэн буй болсон байна. Урбан соёл бол юун түрүүн хамтын хариуцлага юм. Газар хөдлөх, гал усны аюулаас авахуулаад хоорондоо зөрж өнгөрөх нь хүртэл дүрэм журмаар зохицуулагдахгүй бол энэ хамтын амьдрал бүтэшгүй юм.

    Мянга мянган жил хэнээс ч үл хамааран дураар нүүдэллэж явсан нүүдэлчин олон тавь жараад оны үеэс хэрхэн хотожсон, урбан амьдралыг хэрхэн шинээр буй болгосон, үүнд ямар их тэвчээр цаг хөдөлмөр орсныг Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин хүртэл” судалгааны нэг сэдэвт зохиолд маш тодорхой баримттайгаар өгүүлсэн байгаа. Хотжих энэ процест ухуулга сурталчилгаанаас гадна төрийн хүчирхийлэл ч нэлээд орсон.

    2007 онд хотын мэр маань Улаанбаатарыг нэг сая хүн амтай боллоо хэмээн зараллаа. Үнэндээ цаана нь 200 мянга орчим иргэн бүртгэлгүйгээр сууж байгаа юм билээ, үүнийг тооцвол Монголын хүн амын тэн хагас нь дөрвөн уулын дунд шахцалдан сууна. Хүний тоо л ийм болохоос хот маань хацар гоо мэр шигээ эргээд хөдөө төрхтэй болсон. Одоогоос мянгаад жилийн өмнө хятадын Шиань сая хүн амтай байсан гэдэг авч үүнийг хот гэж үздэггүй. Энэ бол аварга тосгон. Орчин үеийн урбан хотын анхдагч нь Лондон, түүнийг XVIII зуунаас хот болсон гэж өнөөгийн шинжлэх ухааны ойлголтоор үздэг юм билээ. Хот юун түрүүн хотын иргэдтэй байх ёстой. Хамтарч амьдардаг, хамтарч хариуцлага хүлээдэг, нийтлэг эрх ашигтай, энэ нийтлэгийг нь хангасан дэд бүтэцтэй, эдгээртэйгээ харилцаж чаддаг өөрийн гэх соёлтой, болоогүй энэ соёл нь иргэдэд нь үе дамжин сууж өгсөн байх ёстой аж. Урбан хэмээх энэ соёлын тухай боть боть ном, мянга мянган тодорхойлолт бий боловч ерөнхийдөө нэг иймэрхүү юм.

    Улаанбаатар мэдээж 1960 оноос өмнө томхон л тосгон байсан. Харин нэгдэлжих хөдөлгөөнөөс зугтагсадын хүчээр хүн ам нь нэмэгдэж, соёлын довтолгооны үрээр урбан соёл нэвтэрсний хүчинд хотын гэх өнгө төрхтэй болж байсан юм. Харин одоо хүн амынх нь 70-аас дээш хувийг нь эзэлж байгаа шилжин ирэгсэдийн хүчээр эргээд аварга тосгон болж хувирчээ. Шинэ Үндсэн хуулиар манай аль ч иргэн өөрийн оршин суух газраа өөрөө л тодорхойлох эрхтэй. Гэвч энэ олон хөдөөнийхөн хотшиход нэлээд хугацаа орно. Хэдэн жилийн өмнө Солонгост ажиллах ажилчин элсүүлэхэд тас хөдөөний 15 мянган залуус оочирлож байж явсан. Манайхан л тэднийг “боолын хөдөлмөр эрхлэхээр явав” хэмээн цэцэрхцгээсэн авч нэгд тэднийг хэн ч хүчээр авч яваагүй, хоёрт энэ олон хөдөөний залуус хүний мөнгө хөрөнгөөр богино хугацаанд хотжоод ирнэ гэдэг ямар их ач буян гэж санана. Мангар юм ярихаараа мөн ч уран цэцэн шүү, 15 мянган учраа олохгүй тас хөдөөний залуус энд хийх юмгүй наркиадаад биенээ хутгалаад явж байсан нь дээр гэнэ!

    1990 онд тоологдсон хотын уугуул 520 мянган хүний дэндүү дийлэнх нь юутай ч өнөөдөр орон сууцтай болоо биз. Судалгаа алга, гэхдээ цээжээрээ тэгэж хэлж болох байхаа. Харин шилжин ирэгсэдийн дэндүү дийлэнх нь тааралдсан газраа хашаа хатгаад эсгий гэрт гайгүй нь нүүрс, гайтай нь паприйшиг, гялгар уут түлээд амь зогоож байгаа. Тэдний дийлэнх нь хөдөөдөө амьдрал нь үгүй болж, бидний эцэг өвгөдийн нэгэн адил амьдрал хайн хот хүрээ бараадаж ирсэн улс. Ядуурал, гуйранчлал, гэмт хэрэг, хөлөө олохгүй явдал нийгмийн тэр хэсэгт л давамгайлж байгаа. Энэ бүхнийг судалгаа гэх юмгүйгээр хэлж болох байхаа.

    Улаанбаатар өнөөдөр дэлхий дээр магадгүй хамгийн заваан хотын нэг болсон байх. Ийм их утаатай хот өөр ховор л болов уу. Халуун орны бохир хотууд угаасаа дулаан болохоор үгүйдээ гал түлдэггүй биз. Харин судалгаагаар Улаанбаатарын утааны тун ч өчүүхэн хэсэг нь автомашин, цахилгаан станцаас үүдэлтэй аж. Ингэхээр утаа бол ерөнхийдөө л шинээр шилжин ирэгсэдийн бүтээл. Хотжоогүй хүмүүсийн хамтын хариуцлага хүлээх чадвар дадалгүйн үр дүн. Үүнийг өөхшүүлэгч хүчин зүйлийн нэг нь төрийн тогтолцоо. Жалга болгоноос нэг депутат гардаг болохоор хотын захиргаанаас гаргасан дэг журмыг нэр дэвшигчид ёстой л нулимна даа. Сонгууль ойртохоор шинээр шилжин ирэгсэд нэр дэвшигч хэмээх ам нь алт болсон хэнээтийг хүлээн эгээ л төв талбай дээр ханаа хатгах шахна.  

    Утааг хөөрөгдөгч бас нэг хүчин зүйл нь дэндүү газар авсан авилга юм. Энэ утаа төрийн алба хашигч олон хүнийг тэжээж байгаа. Утаа арилгах төсөв төлөвлөгөө болгон нь олон албан хаагчийн тансаг амьдралыг хангаж байгаа. Утаа багасгах төсөл гэдгээр гадаадаас аймаар үнээр олж ирсэн нэхээсгүй эдлэлэн туурга баахан тарааж байсныг санаж байна уу. Хөхөө өвлөөр туурганы тасархай гэрээ нэмж зузаалснаар гал түлэхээ больчихоно гэж байхгүй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид ойлгож л байгаа. Янз бүрийн зуух муух санхүүжүүлээд л, санаачлагч нь зурагтаар уралдаж ам ангайтал бүлтрээд л. Утаагаар ямар олон хүн баяжсан гэж санана? Бизнесээ тогтвортой байлгахын тулд тэд олсон олзноосоо тодорхой хувийг Улаанбаатарыг утаатай байлгахад анхаарч зарцуулдаг байх аа? Үнэндээ Улаанбаатарыг авч яваа юм бол хүйтэн, хуурай хоёр юм шүү дээ. Үүний буянаар л гоц халдварт өвчин гардаггүй. Бичил биетэн энэ хуурай хөлдүү хоёроос болоод хотыг маань сүйтгэж чаддаггүй. Дулаан орон байсан бол ч дүүрлээ л дээ. Хотын хөрс тэр чигээрээ булсан жорлонгоор дүүрсэн шүү дээ. Дундад зууны олон хот ийм байдлаас болж тэр чигээрээ сүйрч байсан.

    Хотоо аваръя гэвэл барилгажуулахаас өөр ямар ч аргагүй. Ингэхээр дор хаяж 100 мянган өрхийг орон сууцжуулах хэрэгтэй. Ийм мөнгө өнөөдөр Монголд байхгүй. Гэхдээ ийм мөнгө Монголын ашигт малтмалаас буй болох бололцоотой. Өөр хаанаас ч үүнийг хангах мөнгө олдохгүй. Стратегийн ордоос буй болох мөнгөний ердөө 2 хувийг зарцуулахад Улаанбаатарыг бүрэн барилгажуулж болно хэмээн “Баян Монгол” бүлэгийн залуус судлагаа хийсэн дүнгээ саяхан зарлаад байна билээ. Ингэхээр гарах гарц байна гэсэн үг. Хоёроо байг л дээ, арав - арван таван хувь ч байсан яадаг юм. Утаанд хахаж үхсэнээс дээр дээ. Харин эх орончид маань ордоо ашиглуулахгүй л гээд байгаа л даа. Хоол гуйх юм биш хэвтэж л байг гэдэг ухаалаг афоризмыг хууль зүйн байнгын хороон дарга хэлсэн шүү. Таван толгойг ашиглахгүйн төлөө томоохон бүлэглэл УИХ-д хэдийнээ бүрэлдсэн, одоо тэдний захиалгаар удахгүй энэ үгс гудамжинд цууриатаж өлсгөлөн суултаар илрэх цаг ойртож байна. “Надад л биш бол хэнд ч биш” гэсэн л зарчим л даа.

Юун түрүүн хотыг тэр чигээр нь цэвэр бохир болон эрчим хүчний дэд бүтцээр хангах ажлыг байгуулах мөнгө өнөөдөртөө бий. Долоон буудал руу дэд бүтэц байгуулчихвал хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ рүү хошуурч магадгүй. Ядахнаа зургийг нь гаргачаад стратегийн ордоос мөнгө ирэхийг хүлээгээд сууж байж болдоггүй л юм байх даа. Юм яаж мэдэхэв, ашигт малтмалаа ашиглаад мөнгөтэй болох ч юм бил үү. Амны билгээс ашдын билэг!

2010.III.2