УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Бат-Үүл гишүүн та хоёрын дунд өрнөсөн шинэчлэлийн тухай яриа сүүлдээ ширүүхэн маргаан болсон гэж байх юм.  Тухайн үед юу болсон болоод нэгийгээ дуэльд дуудахад хүрэв?

-Э.Бат-Үүл гишүүн бид хоёр хөдөлж байгаа  цэг  нэг. Либерал ардчилал гэж ярьдаг хүмүүсийн оролцоог дэмждэг, шударга ёс бойжиход тусладаг ардчиллыг яаж хамгаалах тухай ярьж байгаа. Өнөөдөр олигархижсан төртэй байгаагаас бизнесийн  шийдвэрүүд  маш хурдтай  гарч, төрийн  мөнгөөр хэн баяжиж болох вэ гэдэг шийдвэр нүд ирмэхийн зуур л гарч байна. Нийгэмд шударга ёс, ил тод байдал алга болсон. Засаглалыг сайжруулах,  олигархиудаас төрийг яаж салгах вэ гэдэг санаа нь ижил. Гэхдээ арга зам дээрээ зөрчилдсөн. Ямарч байсан том өөрчлөлт орж, шийнэчлэлийн том давалгаа явах ёстой. Харин хувьсгал гэж нэрлэх үү үгүй юу гэдэг байгаа. Маргах болсон гол шалтгаан нь хоёр танхимтай парламент. Хууль тогтоох дээд байгууллагыг цэгцэлж чадахгүй бол төрийн байгуулалт ерөөсөө цэгцрэхгүй гэдэг атлаа яаж гэхээр хоёр танхимтай парламент гэж яриад байгаа юм. Түүнийхээр  сум бүрээс сонгогддог байнгын ажиллагаатай бус танхимтай. Тэндээсээ хууль тогтоох дээд байгууллага сонгогдох жишээтэй. Энэ загварыг нь төсөөлөөд  харахаар 1990-1992 онд манай улсад хэрэглэж байсан загвар болж байна. Одоогоор БНХАУ-ын  Бүх нийтийн хурал шиг юм яриад байна л даа.

-“Таныхаар явбал парламент дампуурна” гэсэн үг тань маргааныг хуцатгасан юм биш үү?

-Миний ойлгож байгаагаар 20 жилийн ардчилал мэргэжлийн бус, бодлогогүй байснаас дампуурсан. Парламентыг яаж мэргэжлийн төвшинд тогтвортой ажиллуллах талаар анхаарах ёстой болохоор эрх мэдлийг задлаад алга болгочихож болохгүй. Тэгвэл ардчилал гэдэг хоосон нэртэй замбараагүй зүйл болж хувирч байна. Өмнөд  хөршийн  бодлого маш олон хүнийг оруулж асуудлыг ардчилсан байдлаар шийдэж байгаа юм шиг харуулаад цөөхөн хүний  хүрээнд шийдвэр гардаг. Яагаад гэвэл оролцох, ойлголцох  магадлал нь  олон хүнээсээ болж үгүй болдог. Энэ загварыг Бат-Үүл гишүүн их чухал гээд үзсэн. Бид хоёрын хувьд ямар нэг сандал ширээ, эрх мэдэл дээр зөрчилдөөгүй. Яагаад парламентыг дампууруулах гээд байгаа юм гэдэг асуудлыг би тавьсан. Манай хүн болохоор энэ жинхэнэ төлөөллийн ардчиллыг хамгаалах гол зүйл гэсэн.

-Маргаан сүүлдээ ширүүссэн гэж байсан?

-Үзэл бодлын  хувьд нэлээд ширүүн маргаан болсон. Дуу өндөрсөх юм гарсан.

-Хоёр танхимтай байхаар парламент дампуурах юм бол  зөв гарц нь юу байж болох вэ?

-Парламентын хяналтыг маш хүчтэй сайжруулах ёстой. Хяналтыг олонхи биш цөөнх авах хэрэгтэй. Парламентыг амьд байлгадаг зүйл нь олонхи, цөөнх. Олонхи, цөөнхийн механизмыг хамгийн үр ашигтай хувилбар руу оруулах нь чухал. Миний бодлоор ХБНГУ-ын загвар хамгийн оновчтой санагдаад байна. Олонхи шийдвэрээ гарга. Цөөнх гаргасан шийдвэрийнх нь араас ширхэгчлэн дагаж хянана гэсэн зарчмыг барьдаг. Гэтэл  манайд олонхи нь ч шийдвэр гаргадаггүй цөөнх нь ч хянадаггүй. Олонхи нь шийдвэр гаргах гэхээр цөөнх нь барьцчихдаг. Аль нь ч шийдвэр биш болж хувираад хяналт тавих боломжгүй дампуу юм болж байна. Үүнийгээ зөвшилцөл гэдэг үгээр хайцаалдаг. Монголын парламентад зөвшилцөл байхаасаа илүү хурдтай, оновчтой шийдвэр, араас нь хяналтын систем байх ёстой. Өнөөдрийн байдлаар  английн парламент шиг  хэлэлцүүлгийнх болсон. Чуулганы танхимд орж ирээд телевизийн камерийн өмнө цэцэн цэлмэг царайлаад энд тэндээс ухаалаг үг хэлэхээс шийдсэн юм  алга.

-Хяналтын систем тогтоод олонхи, цөөнх нь үүргээ гүйцэтгэдэг болчихвол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт гарах вэ?

-Хяналттай болчихвол байнгын хороод нь эрх мэдэлтэй болж мэргэжлийн төвшинд асуудлыг хардаг болно. Ийм байдлаар  байнгын хороо хүчирхэгжээд ирвэл байнгын хорооны дарга бялуу хуваадаг суудал биш  бодит улс төр болно. Хэн нэгэн хүнийг  хамгаалахын тулд ажилладаг бус  Засгийн газрыг үйлдэл болгоноор нь хянана. Өнөөдөр Засгийн газрын гар хөл бологсод байнгын хорооны дарга болж байна. Эрх мэдэл хуваарилсан Үндсэн хуулийн хуваарилалт нь улс төрд ирэхээрээ алга болчихлоо.  Цөөн тооны урт гартнууд энд тэнд хүмүүсээ байршуулаад парламент, Засгийн газрыг ч дампууруулж байна. Тэгэхээр төлөөллөөсөө илүү хариуцлага хяналтын систем чухал байна гэж харж байна. Харин Бат-Үүл гишүүн болохоор орон нутгаас аль болохоор олон хүн оруулвал хяналттай болчихно гэж бодоод байгаа юм.  Миний бодлоор мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг оруулах тусмаа хариуцлагатай,  хяналттай болно.

-Маргаанаа дуэлиэр шийдэхээр болжээ. Ямар аргаар хийх бэ?

-Бат-Үүл гишүүн хоёулаа энэ өрөөнд  хэн нь чанга хашгирч маргах вэ гэхээсээ  илүү үзэл бодлоороо уралдъя. Миний үзэл бодол яагаад зөв болох тухай нийтлэл бичиж чамайг дуэльд дуудна. Чи зөрүүлээд үзэл бодлоо хамгаалсан нийтлэл  бичээрээ гэсэн. Энэ бол бодлогын өрсөлдөөн. Улс төрд бодлогын өрсөлдөөн байх ёстой атал манайд эсэргээрээ тэрийг огцруулна, хусна  гэсэн л эрх мэдлийн төлөөх хор нь улс төр болчихоод байна.

-Баянгол дүүргийн АН-ын ротациар С.Эрдэнэ ах дүү хамаатан садантайгаа нийлж байгаа Х.Тэмүүжинг ҮЗХ-ноос шахаж гаргалдаа гэсэн мэдээлэл  гарсан. Энэ талаар?

-АН дотор нэг том өөрчлөлт хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Үнэндээ дунд шат, орон нутгийн намын байгууллагыг мөнгө олдог арга хэрэгслээ болгоод хамаатан садан , найз нөхдөөрөө дүүргэсэн.  Ардчилалд зүрх сэтгэлтэй хүмүүсийн оронд кноп дарж мөнгө тоолоод сууж байдаг хүмүүсээр багаа бүрдүүлсэн гаж тогтолцоог өөрчлөх ёстой. Өөрчилж чадахгүй бол намын бодлого зөв явахгүй  сандал ширээний дайн болж хувирдаг. Залуу, шинэ хүн аль нэг фракцын өлгүүрт өлгөгдөж байж дээшээ ахидаг. Өөрөөрөө байвал чамд хэнийг нь үзүүлнэ гэсэн өширхсөн дуу хоолойны золиос болж болохгүй. Тэр тусмаа АН дотоод эрүүл мэнд нь гажигтай, мөнгөөр хэмжигддэг болчихсон цагт  нийгмийн ардчиллын төлөө ярина гэдэг худал, хуурмаг болно.

-“Ардчилсан хүчний холбоо”-г төдийлөн таатай хүлээж аваагүй чинь ҮЗХ-ноос шахагдах бас нэг шалтаг болсон гээд байгаа?

-Улс оронд юм хийе гэсэн зорилго нь надад таалагдсан. Гэхдээ АН-аас гадна төрийн бус байгууллага байгуулаад түүгээрээ хийнэ гэж бодож байгаа бол энэ эндүүрэл. АН цул, нэгдмэл байх тусмаа Монгол Улсын ардчилалд хэрэгтэй гэж боддог болохоос талцаж хуваагдаад фронт байгуулаад, өөр өөрийн гэсэн эдлэн газар бий болгодог. Тэндээ эзэн хаан болж эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж байгаа бол энэ улс оронд юу ч хийхгүй гэсэн үг.  Ний нуугүй хэлэхэд АН намын олон нийтээсээ хэтэрхий тасарчихжээ. Өөрийгөө тойрон хүрээлдэг хэдэн хүнийг энд тэндээс авлигадаж хулгайлсан мөнгөөр тэжээчихээд үүнийгээ  намын ажил явж байна гэж бодоод  өөрийг нөлөөтэй гэж ойлгож байгаа бол эндүүрэл. АН-ын олон жирийн гишүүд ардчилал гэдэг үзэл бодолтой зүрх сэтгэлдээ ойр байгаа. Түүнээс биш хэн нэгний мөнгөнд худалдагдаагүй байгаа. Ер нь АН-д нэг үе солигдох цаг болсон. Түүнээс намын тоосгыг өрөлцөж явсан хүмүүс явсан зам хийж байгаа зарчим нь буруу байна . Үүнийгээ солихгүй гэж байгаа бол бидэнд хийх ажил,  нураах ханын зузаан их байна гэсэн үг. Зарим залуучууд хэн нэгний тавьсан шатаар өөдөө гарч ирж байхад зарим нь өөрийн тавьсан шатаар гарах гэж оролдож байна. Ялгаа нь тэндээ  байна. Гэхдээ энэ бол залуу хүмүүсийн хоорондын хэрүүл бус хоёр үеийн хэрүүл эхэлж байна гэж харагдлаа.

-Та хэр найдвартай шат тавьсан бэ?

-Уг нь шатаа босгоод тавьчих санаатай үзээд байна. Миний шат хэврэг байна. Хажууд нь байгаа хүмүүсийн шат үнэхээр хүчтэй, төлбөр нь өндөр, хор нь зузаан байна.