УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар зодолджээ. Тагнуулын дарга асан Б.Билэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд гар хүрлээ. Улстөрчдийн иймэрхүү зодооныг монголчууд “эр улсын асуудал” гээд орхидог. Гэтэл тэд эр улс нь үнэн ч, хашиж байгаа албан тушаал, түүгээр дамжсан нийгмийн үүргээрээ зодолдож, гар зөрүүлэх эрхгүй хүмүүс билээ.  Нэг нь УИХ-ын гишүүн, нөгөө нь засгийн эрх барьж байгаа намын дээрээсээ хоёр дахь том дарга. Б.Билэгт ч гэсэн өмнө нь хашиж явсан өндөр албан тушаалаар нь бол энэ нийгмийн удирдагчдын нэг, улстөрч хүн.

Хүнд нударга бол хүчтэй улстөрчийн шинж биш. Нударга бол хүчтэйгээ, хэн нэгэнд үнэнчээ, тал засч буйгаа мэдрүүлдэг шалгуур ч биш. Манайхан, ялангуяа улстөрчид л хүчтэй, харгис хоёрыг олонтаа андуурах юм. Ямар ч аав гэр бүлдээ  хүчтэй. Харин хүүхдэдээ хэзээ ч харгис байдаггүй. Хүчтэй хүн бол зөөлөн, өгөөмөр байж хүндлэл хүлээдэг. Үүнтэй адил төр нь ард түмэндээ, улстөрчид нь  соногчдынхоо өмнө харгис үйлдэл хийж болохгүй. Ард түмнийхээ хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэнэ. Бороохой бариулснаар,  мянган цагдаа зогссоноор, өлсгөлөнг албадан тарааснаар, төмөр нүүрээ үзүүлснээр төр хүчтэйгээ илэрхийлэхгүй. Хүчийг хүндлэлээр л илэрхийлнэ. Араасаа аль болох олон хүн дагуулж, тэдний хүндлэлийг хүлээж чадаж байгаагаар нь тухайн улстөрчийн хүчийг илэрхийлдэг. Түүнээс биш, зодолдоход гурван хүнийг шанаадаад унагааж чадаж байвал түүнийг хүчтэй улстөрч гэхгүй. УИХ өнөөдөр яагаад тар гэж шаардуулах хэмжээнд очтолоо үнэгүйдэж хүчгүйдээд байна вэ. Асуудал шийдэх эрх мэдэл, ажил хийх мөнгө төгрөг нь парламентад дутаагүй. Харин гишүүдийнх нь үйлдэл, 76 тэрбумын улстөрийн авлига мэт хуйвалдаанаас болоод хүндлэл, итгэл үнэмшлээ алдчихсан нь УИХ өнөөдөр бүхлээрээ   хүчгүйдэж үнэгүйдээд байгаа юм. Зарим хүн төрийн төмөр нүүр гэдэг. Олон түмнийг дагуулах хүндлэлгүй төр төмөр нүүр гаргавал харгислал л болно. Энэ бол хар хүч. Хар хүчээр улстөрд хүндлэл хүлээхгүй. Хүч бол улстөрд хүндлэлээр л илэрхийлэгдэнэ. Тэгвэл удирдагчид, нийгмийн ийм давхаргад багтдаг улстөрчид яаж бусдын хүндлэлийг хүлээх вэ.

Улстөрчид нийгмийн үүргээ биелүүлж зөв үнэлэмж тогтоож байж л бусдын хүндлэлийг хүлээдэг байна. Улс төрийн удирдагч гүүр барьж, хотыг сэргээн босгож, зам тавьж, бэлэн мөнгө тараах үүрэггүй. Харин улстөрчид бол ард түмний сэтгэл санааны удирдагч байж нийгэмд зөв үнэлэмж тээх үүрэгтэй. Ойд төөрсөн хүмүүс ахмад настнаасаа юм уу, ахлагчаасаа л асуудаг, хаашаа явах вэ гэж. Ахлагч баруун тийшээ явна аа л гэвэл бусад нь тийшээ явдаг. Түүнээс биш, тэр удирдагч хэн нэгний ачааг чирч, хэн нэгнийг үүрээд явах үүрэггүй. Яагаад гэвэл удирдагч бол зүг чиг л заадаг. Монгол Улс нэг л буруу замаар яваад байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ нь манай улстөрчид, төр засгийн удирдлагууд нийгэмд буруу үнэлэмж тогтоогоод байгаагаас л тэр. Улстөрчид Монгол Улс хөгжихгүй байгааг тогтолцооны гажиг гэж өөрсдөөсөө зайлуулдаг. Тогтолцоонд буруу өгөх нь ердийн нэгэн заль. Ард түмнийхээ тал хувийг ядууруулсан тогтолцоог улстөрчид л бий болгосон шүү дээ.

Ер нь бол нийгмийг хууль удирддаггүй. Хууль бол нийгмийн харилцааг л зохицуулдаг. Харин зарчим, ёс суртахуун нийгмийг удирддаг. Ялангуяа  улстөрчдөд зарчим, ёс зүй, ёс суртахууны үнэлэмж хуулиас хүчтэй үйлчлэх учиртай. Жишээ нь, хууль зөрчсөн жирийн хүн шоронд ордог. Тэгвэл ёс суртахуун зөрчсөн улстөрчид энгийн иргэн болох нь наад захын жишиг. Авлига бол өгч, авсныг нь батлах бараг боломжгүй хэрэг. Тэр тусмаа хоёр дарга өрөөнд суугаад юу тохирсныг хэн ч мэдэхгүй. Ийм хэргийг хуулиар шийтгэх боломжгүй. Харин ёс суртахуунаар шийдэж болдог. Тэр улстөрч яаж баяжсанаа ард түмэндээ тайлбарлаж чадахгүй, ард түмнийхээ олонхид авлигач, олигархи гэж харагдаж л байгаа бол энэ нь ёс суртахууны алдаа. Ард түмнийг араасаа дагуулах хүндлэл, итгэлээ алдсан хэрэг. Итгэлээ алдана гэдэг ёс суртахууны зөрчил. Ард түмэндээ авлигач гэж харагдаж, хардагдаж байгаа УИХ-ын гишүүн, сайд дарга нар шоронд орох албагүй, харин улстөрчөө удирдагчаа л болих, огцрох нь улстөрд хуулиас хүчтэй үйлчлэх ёстой зарчим, ёс суртахууны жишиг юм. Жишээ нь, Өмнөд Солонгост иргэдийн жагсаалын үеэр завгүй гэж явсан төрийн сайд гольф тоглож байгаад хэвлэлийнхний хараанд өртсөн. Үүнийхээ төлөө тэр огцорсон. Саяхан Японд парламентын гишүүн бусдын өмнөөс саналын кноп дарж байгаад баригдаад мөн л сайн дураараа огцорлоо. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуудад улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчилдгийн жишээ. Сайд гольф тогловол, парламентын гишүүн бусдын кнопоор санал өгвөл огцорно гэсэн хууль Солонгост ч, Японд ч байхгүй. Тэнд ганцхан улстөрчийн ёс суртахуун л бий. Харин манайд ёс суртахууны зөрчил битгий хэл, хууль зөрчсөнийг нь нотлоод байхад л огцордоггүй. Тэр бүү хэл, хуулийн эрх бүхий байгууллагаас зарим гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал оруулахад улстөрчид нь тээг тавиад гацаагаад суучих жишээтэй. У.Хүрэлсүх, Э.Мөнх-Очир нарын зодолдсоныг ч сэтгүүлчид батлах албагүй. Зодолдоогүй гэдгээ тэдгээр улстөрчид өөрсдөө л батлах ёстой. Иргэний хөдөлгөөнүүд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан сайд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг тус бүр нэг сая ам.долларын авлига авсан гэж мэдэгдээд байгаа. Энэ мэдэгдлийг гаргаж тавьсан хөдөлгөөнүүд батлахаас илүүтэй хардлагад өртсөн сайд нар өөрсдөө авлига аваагүй гэдгээ түрүүлж нотлох ёс суртахууны үүрэгтэй. Энэ бол нийгмийг нь хууль биш, ёс суртахуун удирддаг бас нэгэн жишээ. Уншиж, бусдаас сонсч байхад гадаадын орнуудын улстөрчид нийгэм дэх үнэлэмжээ алдахаас үхтэлээ айдаг бөгөөд алдвал улстөрийн карьер нь дуусдаг байна. Яагаад гэвэл тэнд нийгмийг ёс суртахуун удирддаг. Гэтэл манай улстөрчид харин ч үнэлэмжээ алдах тусам улстөрчийн имижээ бүрдүүлэн карьераа өсгөдөг.  Муугаар ч хамаагүй, мэдэх мэдэхгүй юм болгоноо яриад ч болов хэвлэлийн “од” болж, бусдын хараанд өртөж л байвал сайн улстөрч болдог гэсэн ёс суртахууны доод жишиг Монголын улстөрд үйлчилж байна.  

Нийгмийг ёс суртахуун удирддаг учраас улс төрийн удирдагчид нийгмийг зөв замаар хэрхэн авч явах тухай ярьж, бодлого боловсруулж өөрөө ч зөв явах ёстой. Хэрэв өөрөө зөв биш бол хэчнээн сайхан яриад нэмэргүй. Хятадын Күнзийн сургаалд нэг үг бий. Хятадын нэг хаан Күнзээс “манай түшмэд хулгай хийгээд байх юм. Одоо яах вэ” гэж асууж. Тэгсэн Күнз “та өөрөө битгий хулгай хий” гэж хариулжээ. Хаан бол хулгай хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хаан хулгайчийн явдалтай, шударга биш нэгэн байж. Уншигчид санаж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр авлигатай хэрхэн тэмцэх тухай асуултад хариулахдаа чихрийн тухай ярьсан даа. Чихэр идээд байсан хүүгээ загнуулах гэж нэгэн эх улстөрийн удирдагчид хандсан байна. Тэгсэн  долоо хоногийн дараа ир гэж. Долоо хоногийн дараа ирэхэд нь улстөрийн удирдагч “битгий чихэр ид” гэж хүүд хэлж. Ийм л үг хэлэх байсан юм бол үүнийгээ долоо хоногийн өмнө хэлчихгүй яасан юм гэсэн ээжийн асуултад улстөрийн удирдагч “яагаад гэвэл тэр үед би өөрөө чихэр иддэг байсан юм” гэж хариулсан тухай нэр дэвшигч Н.Энхбаяр ярьсан. Оноогүй энэ зүйрлэлээсээ болж Н.Энхбаяр өөрийнхөө рейтингээс ч оноо алдсан, өрсөлдөгчдөө ч ашиглуулсан. Яагаад гэвэл яг батлагдаагүй ч тухайн үед  нийгмийн зарим хэсэгт Н.Энхбаяр өөрөө “чихэр иддэг” нэгэн болж л харагдаж байв. Өрсөлдөгч нь тэгж харагдуулж байсан юм.   

      Манай улстөрчдийн нийгэмд өгч байгаа дохио, тогтоож байгаа жишиг нь ерөнхийдөө л ёс суртахууны хэм хэмжээнээс давсан, хуулийг үнэгүйдүүлсэн үйлдлүүд байх. УИХ-ын гишүүд, сайд дарга нар чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг дүрмээр тоглодог учраас нийгэмд чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л үнэлэмж тогтож байна. Газрын наймаа, лицензийн луйвар, төсвийн хууль бус зарцуулалт гээд бүгд л чадаж байгаа юманд аргагүй гэсэн дүрмээр эзэндээ очдог. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийн тод бөгөөд хамгийн сүүлийн үеийн жишээ нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөгийн булхай байна. Ерөнхийлөгч хориг тавиад, Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгох шийдвэр гаргаад дийлэхгүй байгаа энэ мөнгийг УИХ-ын гишүүд хууль зөрчиж авснаас гадна, хууль баталдаг давуу эрхээ ашиглаж ёс суртахууны том зөрчил гаргасан юм. Улстөрчид өөрсдөө энэ мэтээр чадаж байгаа юманд аргагүй гэж хандах нь хууль хэрэггүй гэсэн дохиог нийгэмд өгч байгаа л хэрэг юм. Олон хүн хууль хэрэгжихгүй байна, нийгэмд шударга ёс алдагдлаа гэж ярьдаг. Энэ нь улстөрчдөөс хууль хэрэггүй гэсэн үнэлэмжийг Монголын нийгэмд тогтоосонтой холбоотой. Улстөрчид нийгмийн үнэлэмжийг зөв авч явж чадахгүй байна аа л гэсэн үг. Дээр нь хуулиа буруу хэрэглэдэг. Үүнд тохирох жишээ саяхан манай сонинд тохиов. Манай сонин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг чацарганы аж ахуйтай учраас чацарганаа Засгийн газарт шахсан байж магадгүй гэж бичсэнийхээ төлөө шүүхэд дууудагдсан. Шүүхийн өмнө очоод Н.Алтанхуяг сайдыг чацарганы аж ахуйтайг, бас чацарганаа Засгийн газарт шахсаныг манай сонин нотлох үүрэг хүлээв. Зүй нь энэ сэдвийг эрэн сурвалжилж, хардаж гаргаж ирсэн манай сониныхон биш, чацарганы аж ахуйгүйгээ, бас чацаргана шахаагүйгээ Н.Алтанхуяг сайд өөрөө баталж, шүүх түүний нотолгоогоор манай сониныг шийтгэх ёстой байлаа. Гэтэл шүүх “Н.Алтанхуяг сайдыг чацарганы аж ахуйтайг “Үндэсний шуудан” сонин нотолж чадаагүй учраас...” гэдэг үндэслэлээр манай сониныг шийтгэсэн юм. Энэ бол манайхан хуулийг улстөрчийн ёс суртахуунаас дээгүүрт үздэг, дээр нь хуулийг буруу хэрэглэдгийн жишээ юм. Дарга авлига авсныг иргэн хүн, эсвэл сэтгүүлч нотлох албагүй. Харин авлига аваагүй гэдгээ дарга өөрөө л батлах ёстой. Яагаад гэвэл дарангуйлагч нийгэмд хууль бол төрийн үргэлжлэл, ардчилсан нийгэмд хууль бол иргэний үргэлжлэл байдаг байна. Төр нь иргэн төвтэй учраас улстөрийн удирдагч авлига авсан байж болзошгүй гэдгийг иргэд хэлэх, хардах эрхтэй. Харин аваагүй гэдгээ дарга өөрөө батлах ёстой юм.

Өөрөөр хэлбэл, тухайн нийгэм дарангуйлагч л биш бол хууль, ёс суртахуун хоёрыг хослуулж байж л ардчилал хөгждөг байна. Түүнээс биш, нударга хүчирхийлэл л үүсгэдэгтэй адил дан ганц хуулиар бол хуулийн дарангуйлал л тогтоно. Феодалын нийгэмд ч, боолын нийгэмд ч хууль байсан. Ганцхан ёс суртахуун, нийгмийн үнэлэмж тэнд өөр байсан. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын Үндсэн хуульд “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж хуульчилсан. Энэ нь ёс суртахуунтай нийгэм байгуулна л гэсэн үг шүү дээ.