Эрх ашиг ба өрсөлдөөн

Сүүлийн найман жил үйл явцын оролцогч биш ч идэвхтэй ажиглагч байсны хувьд Монголын уул уурхайн салбар дахь өрсөлдөөний тухай овоо их материал цуглуулжээ. Яг энэ сэдвээр 100 гаруй өгүүлэл бичсэн байх юм. “Монгол таймс”, “Улстөрийн сонин”, “Өдрийн сонин”, “25 дугаар суваг” телевизээр бүгд олон нийтэд хүрсэн. Харин бүх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд Монгол дахь өрсөлдөөний гол учир нь эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх улангассан тэмцэл юм байна гэсэн ганцхан дүгнэлтэд хүрэхээр байна. Нүүрс, уран бол эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд, зэс ч гэсэн зарим талаараа эрчим хүч дамжуулахад үнэт түүхий эд. Нүүрс, ураны ордуудад өрсөлдөгчийн нарийн ажиглаж ялгавал ердөө хоёр улс байна. Энэ бол ОХУ, БНХАУ.

Нефтийн үнэ өсч, В.Путин Орос орныг хатуу гараар удирдаж амжилтанд хүрсэн тэр жилүүдэд Монгол дахь хоёр гүрний өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн ба дэлхийн эдийн Засгийн хямралд нэрвэгдсэн ч Орос суларснаа үл хайхран Монголын талбарт Хятадтай өрсөлдөж байна. Хоёр тал Монголын эрчим хүчний түүхий эдийн төлөө өрсөлдөхдөө ойрын бус хэтийн бодлогоо хэрэгжүүлэх гэж чармайж байсан, цаашид ч тэгэх төлөвтэй. Оросын ашиг сонирхол нь Монголын нүүрсний ордуудыг мэдэлдээ авахад чиглэж байна. Үүнийг сайндаа ч анзаарсан юм биш, хуучин КГБ-ийн чөлөөнд гарсан хошууч үүнийг тодруулж өгсөн юм. Оросууд үнэ ихтэй учраас Монголчууд их анхаардаг болсон коксждог нүүрсийг цэвэр худалдааны тактикийн сонирхлоор ашиглах, харин эрчим хүчний нүүрсийг улстөр-эдийн засгийн стратегийн сонирхлоор ашиглахыг эрмэлзэж байна.

БНХАУ-ын үсрэнгүй хөгжил эрчим хүчний дутагдал бий болгож байгаа ба түүнийгээ нөхөхийн тулд Оросын ашиг сонирхлыг сөрж байна. Хоёр хөршийн ашиг сонирхол идэвхжих шалтгаан нь мэдээж Монголын өмнөд нутаг дахь нүүрсний аварга том бассейн. 2020 он гэхэд БНХАУ-ын зүүн хойд дөрвөн мужид 20 000 Мвт эрчим хүчний  дутагдалд орно. Өнөөгийн Монгол Улсын жилийн хэрэглээг даруй 20 нугалах хэмжээ. Ердөө 2012 онд БНХАУ эрчим хүчний хэрэглээгээр АНУ, ОХУ, Японы дараа орох төлөвтэй байна. БНХАУ Монголын эрчим хүчний нүүрсний ордуудад хөрөнгө оруулж, цахилгаан станц барьж, цахилгаан дамжуулах шугам татаж, импортлох замаар дотоод эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхийг зорьж байна. Ингэхийн учир нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалж, хятадын хойд мужуудын төмөр замын ачаалал одоо ч хэтэрчихээд байгаа юм. Энэ бүхэн Шанхайн “Лү нэнг” группийн судалгаанд тусчээ.

Харин ОХУ “хаяад явсан” 20 жилд Монголыг гэнэт санаж, Хятадын түрэлтийг маш хурдтай  сөрөн давшиж, эрчим хүчний түүхий эдийн нөөцөд хяналтаа тогтоохыг хичээж байгаа ба зорилт нь тун энгийн, Монголыг өнөөгийн Галуут нуур, Хятадыг өнөөгийн Монгол болгохыг хичээж байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний нүүрсийг хянаснаар ирээдүйд БНХАУ-ыг Монголоос гарцаагүй импортлох цахилгаан эрчим хүчнээс хараат байлгах гэж хичээж байна.

Монголын нүүрсний ордуудын байршлын дутагдалтай тал нь говьд байна. Хэдийгээр олборлолтын зардал бага шаардах зөөлөн хөрст тал нутагт байгаа боловч нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станц барихдаа тулбал усны нөөцгүй юм. Чухам ийм шалтгаанаар Хятадын тал Шивээ Овоод барихаар төлөвлөж байсан 3600 Мвт цахилгаан станц барих төслөө хэрэгжүүлэхийг яарахгүй байна. 660 сая тонн нөөцтэй ордод түшиглэсэн, энэ нөөц барагдсан ч Хэнтийн нурууны урд бэлээс Говь-Алтай хүрсэн том бассейны төвд шахам байгаа, одоо Монголын үйлдвэрлэж буй эрчим хүчний түүхий эд-нүүрсний гуравны нэгийг нийлүүлдэг жижигхэн уурхайг өргөтгөж, жилдээ 15 сая тонн нүүрс олборлох аварга том уурхай барих ба олборлосон нүүрсээр дэргэд нь барих 600 Мвт-ийн зургаан тогоотой, 3600 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станцыг хангаж, үйлдвэрлэсэн цахилгааныг 500 кВт-ын тогтмол гүйдлийн шугамаар татаж авах төлөвлөгөөтэй юм. Хятадын тал дангаараа хөрөнгө оруулалт хийснээрээ уурхай, станцын 85 хувийг, Монголын тал ордоороо 15 хувийг эзэмших байсан энэ станцыг хэрэв ашиглалтад оруулсан бол Монголчууд цахилгааны гачаалаас гарч, ОХУ-аас цахилгаан авах шаардлагагүй болох юм. Үүний дээрээс Монголын нутагт үл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл тул бүх татвар хураамж Монголын талд оногдох юм.

Бас Улаанбаатарт эрчим хүчний тавдугаар эх үүсвэр шаардлагагүй харин станц барих мөнгөөрөө Шивээ Овоо руу цахилгааны шугам татаж болох байв. Ингэснээр Туул голын усны хэрэглээ багасаж, Улаанбаатар бас нэгэн “утааны эх үүсвэр” барилгүй цахилгаанаар хотын халаалт дулааны асуудлаа шийдчих байлаа. Оросоос импортолдог 130 сая киловатт цаг эрчим хүчний дутуугаа элбэг нөхөөд “Шивээ Овоо”-гоос цаахантай байгаа Цагаан суварга, Оюу толгойн зэс, алтны орд, Ухаа худаг, Таван толгойн нүүрсний ордыг ашиглаж буй үйлдвэрүүдийг цахилгаанаар хангах байлаа. Ингэснээр энэ томоохон төслүүдийн зардлаас лав цахилгаан эрчим хүчинд оногдох хэсгийг Монголд шингээчих бололцоотой байв. Гэтэл өнөөдөр энэ бүх төслийг  Хятадын тал цахилгаанаар хангаж овоохон ашиг олох болжээ.

Монголын ирээдүйн хөгжлийн нэг том гарц нь эрчим хүчний үйлдвэрлэлд байна. Хэрэв Монголчууд эрчим хүчний нүүрсээ түүхийгээр гаргалгүй дулааны станцууддаа боловсруулж, эрчим хүч гаргаж эхэлбэл тэртэй тэргүй өлсгөлөнд орсон Хятадын зүүн хойд дөрвөн мужийг цахилгаанаар хангахад л төсөөлшгүй их орлого олох байв. Нэг квт/цаг цахилгааныг ОХУ-аас 90-110 төгрөгөөр авч байна. Хэрэв энэ үнээр Хятадын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхнө  гэвэл жилдээ 200 000 000 000 төгрөг олох юм. Харин энэ ашгийг Оросууд түрүүлж харж, тооцсон байгаа юм. Алдсан нь бид Хятадын сонирхлыг дагуулж тоглосон бол Хятадад эрчим хүч экспортлогч болоод амар мөнгө олох байсан юм.

Нүүрс ба ус

Дулааны цахилгаан станцын түүхий эд зөвхөн нүүрс биш бас ус их хэрэгтэй. Говьд ус ховор. Өнөөдөр говьд усны хайгуул, нөөц гэдэг өнөөх зэс, нүүрснээсээ ч чухал болжээ.  Чухам тиймээс “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэгчид үйлдвэрлэлээ хэвийн явуулахын тулд илрүүлсэн усны нөөцөө чухалчилж, тэр нь парламентад томоохон хэрүүл тарьж байна. Хуурайшил нүүрлэж, газар нутгийн 70 гаруй хувь цөлжсөн Монголчууд өнөөдөр усны төлөө тэмцэлд орж байна.

Харин өнөөдөр бид юу гэж ярьж байгаагаа анзаарав. Хүн үе үе хөндлөнгөөс харж байхгүй бол хүн өөрийнхөө юу ярьж байгааг анзаардаггүй юм билээ. “Эрчим хүчний нүүрс бол шороо, коксжих нүүрсээ үнэ хүргэж заръя, Японд, Оросод, Өмнөд Солонгост худалдая л гэж байна. Юун эрчим хүчний экспорт аль эрт мартаад түүхий нүүрсээ гаргах, яаж шорооноос жаахан үнэтэй гаргах вэ?” гэж ярьж байна. Манай гол алдаа нь эрчим хүчний нүүрсний стратегийн ач холбогдлыг төдийлөн ойшоолгүй орхиод жаахан үнэтэйгээр нь кокждог нүүрсэнд хамаг анхаарлаа хандуулсанд оршино. Гэтэл Хятадууд Монголын кокждог нүүрсэнд шунаж байна гэж бодож байна уу? Үгүй юм, эрчим хүчний нүүрсийг илүү анхаарч байна. Тиймээс усны асуудал, Оросын түрэлтээс болоод төмөр замын асуудал нэг номероор тодорсон юм.

Туйлшрал

Нэг хэсэг өргөн, нарийн төмөр зам гэж баахан манаргав. Тэгээд гурван сарын дараа харсан чинь улс орон тэр чигээрээ Оросын төмөр урхинд орох болчихсон байна. Улс орныг коммунизмын үед ч байгаагүй орос төмөр замын сүлжээ хэрэн хэжих болжээ. Хэрэв энэ төмөр замыг Оросууд тавьж өгье гэж байгаа юм бол яахав заяагаараа болог гэхсэнж. Гэтэл бид өөрсдөө хөрөнгө гаргаж энэ замыг тавина.

Одоо бол Оросын стратегийн сонирхол бүрэн дүүрэн хэрэгжих шатандаа оржээ. “Энержи ресурс” консорциумыг толгойлж байсан Сү.Батболдыг дарамталсаар консорциумыг задалсан ба одоо нүүрсний уурхайн бүтээгдэхүүнд төмөр замаар дамжуулан нүүрсний  бүрэн хяналтаа тогтооход ойрхон болжээ. Төмөр замын төслийн маргаан болж байхад өргөн төмөр замыг /1520 мм царигтай/ дараахь чиглэлээр л тавих нь ашигтай гэж үзэж байсан билээ.

Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн төмөр замыг тавьснаар Монгол улс нүүрсний экспортын нэг зах зээлээс, БНХАУ-аас хамаарахгүй болчихож байгаа юм. Хэдийгээр зорилтот зах зээлдээ хүрэхэд хэт тойруу ч гэсэн стратегийн хувьд амин чухал энэ замыг элдэв саад бэрхшээлийг үл тоон тавих ёстой байв. Нөгөө талаас Япон, Өмнөд Солонгос коксжих нүүрсийг өндөр үнээр авах сонирхолтой байна. Эдгээр улс эрчим хүчний нүүрс сонирхдоггүй ба атомын цахилгаан станцуудаас хэрэглээгэ хангадаг. Харин хойд Солонгост эрчим хүчний нүүрс хэрэгтэй. Гэтэл төмөр замын бодлогын баримт бичигт туссанаар энэ зам Чойбалсан хүрэх замдаа Сүхбаатар аймгийн Хөөтөөс гурав салаалж, хоёр үзүүр нь Бичигт ба Нөмрөгөөр Хятадын хилд тулж очих болсон байна. Энэ тийм хэрэгтэй зам уу? Харин үүний оронд Алтанбулаг, Замын Үүдийн босоо тэнхлэгийн замыг хоёр урсгалтай болгох ёстой. Гэтэл зурагт энэ замыг тусгасан хэрнээ хэзээ барихыг “мартчихсан” байна. Манай стратегийн гол зорилт бол босоо тэнхлэгийн замыг нэг бус хоёр урсгалтай болгох, Ерроп Азийг холбосон хамгийн дөт энэ замыг эзэмшиж буй оросын талын хувь хэмжээг бууруулахад орших ёстой.

ОХУ АНУ-ын мянганы сорилын сангаас Монголд өгөх болсон 185 сая ам.долларыг төмөр замын салбарт оруулж, “Монгол төмөр зам” байгуулах төслийг дарамталсаар буцаасан ба “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэхь 51 хувийн эзэмшлээ бататгаад байна. Ийм нөхцөлд зэрэгцээ урсгал бий болговол бид энгийн тооцоогоор 75 хувийг эзэмшигч болж чадах байсныг яагаад ч юм мартчихаад байна. Оронд огт өөр чиглэлд нэг урсгалтай 580 километр өргөн төмөр зам барих болжээ. Энэ Оросууд арай дэндүү нөлөөлөөд байгаа юм биш биз? Яагаад ЗТАЖЯ Оросын талд хэтэрхий буулт хийгээд байгааг гайхаж байна. Орос, Хятад хоёрт ямар ялгаа байна? Адилхан л өөрийн сонирхлыг хангах гэж Монголд өрсөлдөж байгаа гүрнүүд. Түүнээс хорин жилийн өмнөх шигээ Оросыг Хятадаас дээр гэж үзэх үндэс өнөөдөр Монголчуудад л лав байхгүй. 70 жилийн түүхээ санасан ч тэр. Чухамдаа бол өргөн төмөр замыг босоо тэнхлэг, зүүн чиглэлийнхээр хязгаарлах ёстой юм.

Тэгтэл Монголын төмөр замын стандартыг ОХУ-ынхтай нийцүүлэхээр болжээ. Одоо хөрөнгө оруулалтын тооцоо бодъё. Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн төмөр зам дор хаяж 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө шаардана. Энэ мөнгийг хэн гаргах вэ? Таван толгойн ордыг барьцаалж энэ мөнгийг босгох уу? Монгол Улс ОХУ-аас цахилгаан, шатахуунаар хараат байна, одоо нэмээд төмөр замаар 100 хувь хараат болох уу?

БНХАУ-аас хил дамнасан төмөр зам тавих асуудлыг дараахь үндэслэлээр эсэргүүцэж байсан. Нэгдүгээрт эдийн засгийн хувьд хараат болно, хоёрдугаарт хятадын цэргийн стратегийн анхаарах ёстой, гуравдугаарт нүүрсний экспорт нэг зах зээлээс хараат болно гэж байсан. Одоо харвал энэ үндэслэлүүдийг ОХУ-ын ашиг сонирхолд сөргүүлэх хэрэгтэй байна. ОХУ-ын стратеги Хятадынхаас огтхон ч ялгарахгүй юм, хамгийн энгийн жишээ нь Хятадын талаас Ухаа худгийн орд руу нарийн төмөр зам тавихдаа Оюу толгойг дайруулахыг сонирхож байсан шиг  өргөн төмөр замын шугамыг М.Фрадковын айлчлалын үеэр Оросууд их сонирхсон Цагаан суваргын ордоор дайруулахаар тооцсон байна. Хоёр хөрш өөрийн стратегийг Монголчууд байхгүй юм шиг л шийдэж байна. Харин Монголчууд анзааргагүй гэнэн загнаж байна, эсбөгөөс санаатайгаар нэг тал руу нь туйлширч байна. Ийм туйлшрал л бидэнд хамгийн ашиггүй байгаа юм даа. Юмны эзэн сумны занги Монгол гэж нэг улс, түүний төрийн бодлого хаачсан бэ? Ёстой энэ бол манай төрийн бодлогын асуудал, энэ асуудлыг шийд гэж Монголчууд төрийг сонгосон биш үү? Гэтэл Монголын төрийн бодлого Оросын стратегийн сонирхолтой яг давхцаж байгаа нь үнэндээ гайхалтай. Их зөрсөн нь өмнө бичсэн хоёр салаа л юм биз дээ. Үнэндээ тэр хоёр салаа бол хуурмаг өгөөш шиг л санагдаж байна.

Одоо асуудал нь Монголын парламент Хятадын бус Оросын түрэлтийг яаж зогсоох вэ? гэдэгт чиглэх ёстой болж. Дан оросын төмөр зам Монголд ашиг авчрахгүй учраас одоо тэнцвэржүүлэгчийн үүргээр нарийн төмөр зам тавих болох нь. Монголын тусгаар тогтнол хөгжил дэвшил хоёр хөршийн дунд яаж тэнцвэр барьснаар л хангагдах юм. Стратегийн хувьд босоо тэнхлэгийн төмөр замыг хослуулахын зэрэгцээ энэ төмөр замаас хараат байдлаа зөөлрүүлэхийн тулд Дундад Ази хүрсэн Хятадын төмөр замын бэлэн сүлжээнд холбогдохыг чармайх ёстой. Энэ зам хилээс 100-гаад километр зайтай эмжин өнгөрч байна, холбогдоход маш амархан, зардал бага юм.

Гацаа

Хэрэв бүх зам өргөн царигтай болбол ОХУ ядаж эдийн засгийн хоригоо сулруулах баталгаа байна уу? Эсвэл манай зам бишь танай зам гэж байна уу? Энэ хорин жилд Орос “ах нар” маань биднийг яг юугаар дэмжсэн бэ? Шатахууны болон цахилгааны үнэ байнга өсөж байсан. Дээрээс нь экспортын татвараа байнга нэмж байв. Монголын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний уламжлалт, хамгийн эрэлттэй зах зээлээ гаалийн 35-45 хувийн татварын ханаар хаасаар байна. Их өрийн далд хэлэлцээрээр хаяад явсан Эрдэнэтийн 49 хувийг хүчээр өөртөө авсан. Тэгээд Монголчууд биднээс хашаа зайлахав гэж байна, тэр нь үнэн болох янзтай. Зарим УИХ-ын гишүүд Оюу толгойг Эрдэнэтийн жишгээр байгуулна гэлцэж байсан, үнэндээ эдийн засгийн тооцоогоор Эрдэнэт анх байгуулагдахдаа 5:95 гэсэн харьцаагаар ашгаа өгч байсан. Мэдээж 5 нь Монголд ноогдоно.

Гэтэл чухамхүү энэ хүнд хэцүү хорин жилд Монголчууд шилжилтийн эдийн засгаа харьцангуй гайгүй чирч явсны учир шалтгаан өмнөд хил нээлттэй байсных. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн жилийн өсөлт дунджаар 6-7 хувь, 20 жилд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөв дахин өссөн нь, 10 жилийн дараа үйлдвэрлээ 1990 оны хэмжээнд хүргэж чадсан нь өмнөд хилээр худалдаа чөлөөтэй байсных. Гэтэл яг өнөөдөр бид энэ бүх боломжийг олгож байсан хаалгаа өөрсдөө хаагаад төмөр утсаар цоожлох гэж байна. Энэ хаалга л хаагдвал Монгол улс түүхий эд экспортлогч улс хэвээр байх болно. Учир нь энэ өргөн төмөр замын стандартаас болж нээлттэй зах зээлээс хуримтлал үүсгэх боломжоо Монголчууд алдах гэж байна.

Эрхбиш парламентын засаглалтай тулдаа “Оюу толгой”-г хоёр хөрштэй биш,  гуравдагчтай хамтран ашиглах гэрээ байгуулж чадсан. Одоо Тавантолгойн ордыг өөрсдөө бие даан ашиглахаар шийдэж чадаж байна. Монголчууд эрхбиш нүүрсээ олборлож чадахтайгаа учраас дотоодын компаниудаа дэмжих нь зөв. Гагцхүү энэ дэмжлэгийг Оросын төмөр урхиар боомилбол бид ирээдүйд улс орныг чирч явах гол компаниудаа өөрсдийн мэдлээс алдаад, өөр улсын ашиг сонирхолд боомилуулах нь байна. Урд хилээр төмөр зам дамнуулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа БОЯ-наас лоббидоод автозам тавих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэр компаниуд бүгдээрээ Хятадад хайртай юу? Үгүй л дээ, ашиг олох боломжит зах зээлийг нээхийн төлөө л төртэй, үнэндээ Оросуудтай тэмцэж байна.  

Хэрэв Монголын бүх төмөр замыг коммунизмын үеийн стандартаар өргөн царигтай болговол бизнесийнхэн зөвхөн энэ алга дарам цааснаас болж асар их алдагдалд орж, олон тэрбумын шаардлагагүй хөрөнгө оруулалт хийх болно. Монгол Улс хөгжинө гэж байгаа бол уян харимхай, нээлттэй бодлого явуулах ёстой. Өнөөдөр бид Хятадаас хий хоосон айсандаа хаалгаа хаах гэж байгаа бол мунхаглал. Өнөөдөр дэлхийн улс орон бүхэн нээлттэй Хятадын агуу том зах зээл рүү орохыг чармайж байна. Харин энэ зах зээлд орох зам нь нүүрс олборлогч томоохон орон болох ирээдүй байгаа Монголчуудын хувьд төмөр зам юм. Хэрэв бид асуудлыг Хятад Монгол руу орж ирэх гэж байна гэдэг талаас нь биш Монгол Хятадын зах зээл рүү орж байна гэж харвал шал өөрөөр харагдана. Нээлттэй зах зээлүүд харилцан ашигтай ажиллаж чадна. Төмөр замын босоо тэнхлэгээс хаа байсан 1000 километрийн тэртээх Нарийн сухайтад шүдэнзний мод шиг богинохон 45-хан километр өргөн төмөр зам тавих нь ямар утга учиртай юм бэ?

Одоо өгүүллийнхээ эхлэлтэй холбоё. Хятадын өнөөгийн сонирхол бол Монголоос эрчим хүчний нүүрс импортлох. Алсын сонирхол нь эрчим хүчний гачаалаас гарахын тулд Монголын өмнөд хязгаарын нүүрсний баялаг ордуудыг түшиглэж станц байгуулах. Харин Монголын сонирхол нь Хятадын зах зээлд өнөөдөр шаардлагатай байгаа нүүрсийг нь хямд өртгөөр өгөх замаар хуримтлал бий болгох, тэр хуримтлалаараа цахилгаан станц байгуулах. Хэрэв компаниуд наад зах нь төмөр замын тэнэг стандартаас болоод хоосон хөрөнгө оруулалт хийхгүй бол тэр хөрөнгөө өөр зүйлд цахилгаан станцад оруулж чадна.

Үүний тулд одоо УИХ-аар хэлэлцэж байгаа “Ус” хөтөлбөрийг ухаалгаар томъёолж, өмнөд бүсүүдэд цахилгаан станц байгуулах нөхцлийг бүрдүүлэх. Монголын эцсийн зорилго нь  эрчим хүч экспортлогч орон болж хувирахад чиглэх ёстой. Энэ бол өнөөдөр бидний яриад байгаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл.

Энэ бол их санаа л даа, гэхдээ л боломжит хувилбар гэж бодож байна. Одоогоос ердөө хагас зуун жил хүрэхгүй хугацааны өмнөхөн хар арьстны эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” гэж хэлсэн юм. Өнөөдөр түүний мөрөөдлийн биелэл нь Барак Обама-хар Чингис. Хэрэв бид хэрэгжүүлж чадвал Монгол ОХУ-аас цахилгааны хувьд хараат байдлаасаа салах давхар зорилгоо хэрэгжүүлнэ. Хэрэв бид дан өргөн царигтай төмөр зам тавьбал энэ бүхэн үлгэр л болох байх. Орос Хятадыг Монголын нутгаас нийлүүлэх эрчим хүчнээс хараат болгох гэж байгаа бол, тэр хэрэгжиж байгаа бол төмөр замын стандартаар дамжин орж ирсэн тэдэнтэй Монголын компаниуд нутагтаа тэнцвэргүй өрсөлдөөнд орох болох нь. Ингэж санаачлагаа бусдад алдаж болдог юм уу?

Монгол бол жижиг улс, коммунизмаас салаад дэлхийн эдийн засгийн интеграцид идэвхтэй нэгдэн орж байна. Гэтэл энэ төмөр замын бодлого гэгчээр умардаас хаалттай байгаа хэрнээ өмнөдөө хаавал хойд Солонгос л болох юм. Монголын гадаад бодлогын зарчим,  дэлхийн худалдааны системд нэгдэн орсон ашиг сонирхол, нээлттэй байх зарчим нь улс орны аюулгүй байдлын баталгаа юм. Хэрэв бид урд хилдээ төмөр босго тогтоовол өмнөд хөршдөө итгэхгүй дайсагнаж байна гэсэн үг. Худалдааны нөхцлөө өөрсдөө боомилж байна гэсэн үг. Оюу толгой бол сонголтын эрх чөлөө байсан, гэхдээ аль нэг хөршөө үргэлж боогоод байх нь наад зах нь боловсон бус хэрэг биш үү? Бид ухрахгүй, давшиж л эрх чөлөөгөө баталгаажуулах ёстой. Ер нь бол 3000 жил бид урд хөрштэйгөө хаяа нийлж амьдрахдаа худалдааны зах зээлийг нь нээлгэх л гэж дайн өдөөдөг байсан юм шүү дээ.