-    Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн гэдгээр бус олон улсын харилцааны түүхчийн мэргэжлийнхээ үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ

“Гялалзах” гэдэг үгийг гялтганах гэрэлтэх гэдгээр бус, амжилттай хэрэгжих, ягштал хэрэгжих, тэр нь гялалзтал ил харагдах гэдэг утгаар хүлээн авах биз ээ. Ингэж хэлэх дүгнэх эрх, үүрэг нь надад буй. Учир нь Монгол Улсын гадаад бодлогын түүхнээ тод үсгээр бичигдэх түүхэн үйл явдлуудад оролцогч түүхэн гэрчийн хувьд хойч үедээ үнэн түүх үлдээх үүргийнхээ дагуу бичиж байна.

Яг 20 жилийн тэртээх түүхэн үйл явдлыг эргэж сануулъя. 1996 онд Дани, Европын Холбоо, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар цувралдан ойр ойрхон манай улсад айлчилсансан. Нэг дор, тэгээд бүр хоёрхон сарын дотор 5 гүрний Гадаад хэргийн сайд нар Монголд цувралдан айлчилна чинээ бид ч, олон улсын хамтын нийгэмлэг ч, хоёр их хөрш маань ч төсөөлөөгүй юм. Тэр үедээ парадокс гэхээр энэ үзэгдэл гэм нь АН-ыг засгийн эрх барьж байх үед хэрэгжсэнсэн.

Тэгвэл 20 жилийн дараа тэр үзэгдэл давтагдлаа. Гэм нь АН засгийн эрх барьж байх үед юм. Учир нь улс орны дотоод улс төр ид буцалж, УИХ сонгууль эхэлж, тэр дуулианаар АН-ыг баалах, шүүмжлэх явдал задгайрах тийшээ хандаж байгаа учраас тэгж тодотгож байна. Гэхдээ би өөрөө улс төрийн намын харьяалалгүй, төрийн тусгай албан хаагч тул гадаад бодлогыг улс төржүүлэх хүсэл огтоос алга. АН-д гавьяаг нялзаах чин санаа бүр  байхгүй. Ардчиллын 26 жилийн түүхэнд МАХН (МАН), АН, өөр намууд эвсээд засгийн эрх барьж ирсэн ч гадаад бодлого дээр ухралт хийсэн, туйлширсан, бужигнуулсан нэг ч тохиолдол гараагүй тул бүх нам гавьяатай гэж би үздэг.

Тэгээд “1996 оны давтамж” гэдгээр энэ оны хавар, мөн л хоёрхон сарын дотор ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар дараалан Монголд айлчилсныг түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэх үйл явдал хэмээн үзэж байна. Дөнгөж сая, уржигдархан баасан гаригт Ираны Гадаад хэргийн дэд сайдыг манай яаманд хүлээн авч Төрийн нарийн бичгийн дарга  Д.Ганхуяг хэлэлцээ хийж, дараа нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзахад байлцсан хүний хувьд би “тэнцвэрийг хангах” гэдэг тодотголыг энд хийж байгаа хэрэг. Олон жил дайсагналцсан, одоо ч бүрэн эвлрээгүй байгаа Иран, Америкийн төлөөлөгчдийг ганц өдрийн зайтай дараалуулаад эх орондоо авчихна, тэгээд бүр хоёулантай нь найрсаг харилцаатай, тэр нь итгэмжилсэн түвшиндээ хүрсэн буюу хүрч байгаа гэдгээр гадаад бодлогод тэнцвэр хангана гэж үүнийг л хэлдэг юм.

Орос, АНУ-ын хооронд ноцтой зөрчил оршиж буй, шинэ  “Хүйтэн дайн”-ы уур амьсгал дэлхийд мэдрэгдэж буй, тэр “дайн”-ы хоёр гол тоглогч нь ОХУ, АНУ хоёр гэж үзвэл, Гадаад хэргийн сайд С.Лавров, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нарыг дараалуулан Монголдоо урьж, дэлхийн бодлогын ба хоёр талын харилцааны хамгийн чухал, магадгүй эмзэг гэмээр асуудлыг илэн далангүй шүүн хэлэлцэж, тэгээд Төрийн тэргүүн нь хүлээн авч уулзан төрөлх хэлээр нь илэн далангүй ярилцаад гадаад бодлогодоо нэмэх оноо авчирч байгааг тэнцвэртэй гадаад бодлого хэмээн нэрлэж байна. Зөвхөн энэ хоёр гүрэн рүү хандсан энэ хоёр алхмыг ч би хэлж байгаа юм биш.

Өргөн утгаар, түүхэн орон зайд авч үзэх хэрэгтэй. Тэртээ 22 жилийн өмнө УИХ-аараа Гадаад бодлогын үзэл баримтлалаа батлахдаа анх удаа “олон тулгуурт” гадаад бодлого явуулна, “бүхэлдээ тэнцвэртэй харилцана” хэмээн гадаад бодлогоо тодотгож өгсөнсөн. Тэгээд үр дүн нь юу болов? Тэнцвэртэй гэдгийг юуны өмнө хоёр хөрштэйгээ харилцахдаа тэнцвэр барина хэмээн бүр зааж өгсөн. Тэр тэнцвэрийг өнгөрсөн 20 гаруй жилд барьсаар ирсэн. Гуйвсан дайвсан явдал аль ч УИХ, Засгийн газрын үед гараагүй. Харин сүүлийн хоёрхон жилээр аваад үзвэл, 2014 оны зуны адаг сард сар хүрэхгүй хугацаанд Хятад, Оросын Төрийн тэргүүн нар Монголд дараалан айлчилж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар анх удаа Душанбе хотноо уулзаж, гурван талын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон, жилийн дараа буюу 2015 онд Уфа хотноо уулзахдаа Монголын “Талын зам” төсөл, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”-г уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцож, хэрэгжүүлэх ажилдаа шилжсэнийг тэнцвэртэй гадаад бодлогын гайхамшиг гэхгүй өөрөөр юу гэх вэ?  

Ойрхоны жишээ. Тэрхүү 22 жилийн өмнө анх удаа тодорхойлсон “олон тулгуурт” гадаад бодлогыг манай улс, түүний дипломат алба тун чадмаг хэрэгжүүллээ. Огтын хөндий тусдаа байсан Ираны сонирхлыг Монгол руугаа татаж чадлаа, өнгөрөгч оны сүүлчээр Гадаад хэргийн сайд Иранд айлчилж, хариуд нь тэдний Дэд сайд ирлээ. Харилцааны шинэ эхлэлийг зөв тавьж чадлаа. Монгол Улсын Гадаад хэргийн сайд, ГХЯ өрнө-дорныг хослуулсан дипломатын чармайлт гаргаж, тэргүүлэх чиглэлийн хоёр хөрш улстай гурвалсан харилцааны механизм оновчтой төлөвшүүлж байна, уламжлалт Европын Холбооны орнууд, Япон, Солонгосоос гадна Персийн булангийн арабын орнууд, Энэтхэгт Гадаад хэргийн сайд ойрмогхон үр дүнтэй айлчилсан, айлчлалууд чухам л тэнцвэр хангах чиглэлээр тухайлбал Европт гэхэд л Өрнөд, Төв, Умард, Өмнөд Европын орнуудыг тэнцүү хамарч байгаа зэргийг нэрлэж болно.

Тэнцвэрийг олон талт хамтын ажиллагаандаа чухам барьж, хангаж ажиллаж байгааг бид харж байна. Олон жилийн турш бид зэвсэг хураах, хөгжлийн хөтөлбөр, ядуурлыг бууруулах гэх хэдхэн салбарт олон талт гадаад бодлогоо чиглүүлж, тэр нь зөвхөн манай өөрийн дотоодын асуудлыг шийдвэрлэх нэг чухал гарц хэмээн үзэж ирсэн бол бол эдүгээ Монгол нь гадаад улс төрийн бодлогодоо ардчилал, хүний эрхийг дээдлэх, сайн засаглал төлөвшүүлэх, авилгатай тэмцэх талаар Азидаа нэр хүндтэй улс болж, тэр утгаар өөрийн орны туршлагыг ардчиллыг шинээр болон сэргээн хөгжүүлэхээр зорьж байгаа улс орнуудтай хуваалцан хамтран ажиллах зорилгын үүднээс “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулж, Киргиз, Мьянмар, Афганистан, БНАСАУ, Лаос, Камбож, Балба, Бутан, Шри-Ланка, Зүүн Тимор зэрэг улстай сайн засаглал, ардчиллын туршлагаа хуваалцаж буй, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, “Онлайн эрх чөлөө” эвслийг тус тус амжилттай даргалсан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр бүс нутгийн бүлгээсээ хамгийн их саналаар анх удаа сонгогдсон, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан улс боловч НҮБ-д цэнхэр дуулгатанаа хандивладаг НҮБ-ын гишүүн топ 20 улсын нэг болж чадсан, Монгол бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнчлэл бүхий Азийн ганц улс гээд жагсаагаад байвал манай гадаад бодлого маш олон талтай, олон хувилбартай, үнэхээр өрнө-дорно, умард-өмнөдийн хооронд тэнцвэр хангасан байдлаар төлөвшиж чадаж байна. Үүнийг тэнцвэртэй гадаад бодлогын гайхамшиг гэхгүй өөрөөр юу гэх билээ?

Гадаад бодлогыг дотоод бодлогын шууд үргэлжлэл, дотоодын таатай хөгжлийн таатай гадаад орчны бүрдүүлэлт гэж үздэг үе өнгөрч байна. Гадаад бодлогын угсраа амжилтуудаа дотоодын хөгжлийнхөө нэг чухал түлхүүр, локомотив, хөшүүрэг гэж авч үзвэл илүү оновчтой мэт санагдана. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авагч, зочлогч, даргалагч нь Монгол Улс боллоо. Тэр бол ганц удаагийн хурал чуулган биш, олон шатны угсраа олон арга хэмжээ төлөвлөгдлөө. Тэр нь бас ойрын хоёр жилдээ үргэлжилнэ. Тэр бүхнийг хангах үүднээс дотооддоо бүтээн байгуулалтаа түргэсгэе, ард түмнийхээ бат цул, эв нэгдэлтэйг дэлхийд харуулъя, монгол хүнээ хөгжүүлье, Монгол орноо орчин үеийн огт өөр өнцгөөс дэлхийд таниулъя гэх нь юу нь буруу байх билээ.

Тэр утгаар Өрнө-Дорныг холбогч шинэ имижэд маань тун удахгүй Улаанбаатарт зохион байгуулагдах АСЕМ-ын XI саммит том үйл явдал болж түүхнээ мөнхөрнө хэмээн бид бэлгэшээх учиртай. Цаашдаа олон улсын олон хурал чуулган, олон талт хэлэлцээ, хоёр талт хэлэлцээний төв Улаанбаатар байх эхлэл тавигдлаа.

Эдүгээ бидний анхаарлын төвд байгаа, бусад улс орнууд сонирхон, зарим нь дэмжиж, байр сууриа илэрхийлж байгаа, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл санаачлаад идэвхтэй ажиллаж буй шинэ санал санаачилга бол Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэвшүүлсэн тэрхүү санаачилга болно. Төвийг сахиснаараа Монгол Улс глобал хариуцлагаасаа чөлөөлөгдөх, эсвэл сулруулах байдал гаргана гэсэн гутранги төсөөлөл байгаа бол тийм биш ээ гэдгийг хэлэх нь зөв. Төвийг сахиснаараа олон тулгуурт гадаад бодлого, тэнцвэртэй гадаад бодлого маань улам төгөлдөршинө гэж үзүүштэй.

Дүгнэвээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая айлчлахдаа Монголд маань маш том үнэлгээ өгч байна. Монгол нь ардчиллыг тууштай хөгжүүлсэн, үлгэр жишээч, гэхдээ залуухан ардчилагч улс хэрнээ түүндээ үнэнч байгаа, олон улсын хариуцлагаа гүнээ ухамсарласан найдвартай түнш, тэр хэрээрээ “Global Citizen” (“дэлхийн иргэн”) нэрээ нэр төртэй авч яваа гэв. Үүнээс өөр ямар үнэлэлт дүгнэлт бид шаардах билээ?