Өрнөтэй шууд хиллэсэн Дорнын хүчирхэг гүрнийг Чингисийн удмынхан байгуулжээ. Үүнийг Алтан Орд гэнэ. Ромын папын мэдлийн Унгар, Польш, Бохэмиад халдаж Адриатын тэнгис хүртэл давшиж явсан түүхтэй. Тэд өрнө дорнын зааг дээр өөрийн вассаль улсыг буй болгосныг Москвит гэнэ. 200 жил тогтсон их гүрэн задрахад Москвагийн Орос түүнийг эргэж хураан II Екатарина хатан хааны үед Алтан Ордын суурин дээр буй болсон Орос нь Балтын тэнгисээс Номхон далай хүртэл уудам нутагтай 200 шахам үндэстнийг нэгтгэсэн хүчирхэг эзэнт гүрэн болжээ.

Большевикууд төрийн эрхийг эргэлтээр авуутаа энэ гүрнийг тарааж орхисон юм. Дэлхийн дайны үр дүнд Польш, Финлянд тусгаар тогтнож, Бессараби Румынд буцаж, Украин, Кавказ тусгаар тогтнолоо зарлаж орхижээ. Гэвч удахгүй дахин дэгдсэн дараагийн дайнаар Сталин задарсан гүрнийг эргүүлж нэгтгэснээр үл барам алтан ордынхны морин туурай хүрсэн бүх газрыг нөлөөллийн бүсээ болгож чадсан. Москвагийн зарлиг дахин Адриатын тэнгис хүрэх болжээ.

 Большевикууд Романовынхныг бодвол хэврэг гүрэн байгуулжээ. 70 жил болоод л эзэнт гүрэн дахин зад үсэрч 15 бие даасан улсад хуваагдсан төдийгүй дотор талдаа тусгаар байдлыг хүссэн тоо томшгүй хөдөлгөөнийг үндэстэн болгон эхлүүлэв. Өрнө дорныг хэдэн зуунаар айлгаж байсан их гүрэн салбайж уналаа. Олон хүн үүнийг Ази Европын хил дээр тогтнон хагас мянган жил орчноо айдаст байлгасан Отман Түрэгийн эзэнт улсын уналттай зүйрлэж байлаа. Орос буцаж ирэхээсээ өнгөрөв гэж олон хүн таамаглаж байсан.

    Нефть хийн хамгийн ихэд тооцогдох нөөц нь энэ орныг богино хугацаанд мөнгөжүүллээ. Валютын нөөцөөрөө дэлхийд гуравт орж баяжсан Орос зэвсэгт хүчнээ дахин сэлбэж бяр хүч нь амтагдаад ирэв. Ийнхүү задарсан гүрнийг дахин эмхлэж нэгтгэх хэдэн зууны уламжлалтай зөн билэг нь сэргэн илт идэвхижив. Оросыг эзгүй байсан богино хугацаанд нөлөөнд байсан нь байтугай бүрэлдхүүнд нь багтаж байсан үндэстнүүд илт зайгаа барьж, зарим нь орос хэмжүүрээр үзэх юм бол бүр дайсагнах болсон байна. Гүрж Оростой байлдав, Украин НАТО-д элсэх гэнэ, Узбек, Киргизүүд нутаг дээрээ Америкийн цэргийн бааз байрлуулж, Балтын орнууд нутгаасаа оросуудыг хөөнө, Молдав эх Румын рүүгээ тэмүүлнэ, Тажик, Түркмэн лалын феодал ёсыг сэргээж. Дотор нь чеченьчүүд тусгаарлах гэнэ, татарчууд латин үсэгтэй болно гэнэ, якутууд англи хэлийг албан гэж зараллаа, Дагестанд бослого гарна, тэрбайтугай эдийн засгийн хямрал гарангуут хуучин Дорно Прүссийн нутаг дахь оросууд валютаа салгах гэж оролдсон тал бий. Хүчирхэг болон эргэж босч буй Орос гүрэн гүүгээ хурааж эхэллээ. Арван зүгтээ савраа илгээн арга хэмжээ авч санаачлагыг гартаа эргүүлж олж авахаар тэмцэх аж.

    Монгол улс хэзээ ч Оросын их гүрэнд хамаарч байгаагүй, гэхдээ зуун жил нөлөөллийн бүсд нь багтаж байлаа. Зөвлөлтийн эзэнт гүрэн задарснаас хойш 20 жил сул чөлөөтэй давьхижээ. Оросууд эзэнгүй энэ хооронд монголчууд гурав дахь хөршийн бодлого гэгчийг баримталж өрнийн олон орнуудтай дотно болсон төдийгүй Америктай өв тэгш харилцааны хүрээнд цэргийн салбарт хамтрах болжээ. Монгол цэргүүд АНУ болон НҮБ-ын далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэнэ. Монголд дэс дараалан нээгдэх газрын ашигт малтмалд өрнөдийнхөн гүн шургалаж хөрөнгө оруулж эхэлсэн байна.  

    Монголын ураны нөөц тийм ч толгой эргэм их биш. Дэлхийн нөөцийн ердөө 1,8 хувийг эзэлдэг. Энэ нөөцийг зөвлөлтүүд эзэмшдэг байгаад хорин жилийн өмнө хаяад явжээ. Үүнийх нь лицензийг Канадын компани эзэмшдэг, мөн япон солонгосчууд сонирхолоо илэрхийлж байна. Оросууд тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж ердөө л шулуухан хөөжээ. Яг л Узбекстан, Киргизээс америкчуудыг хөөдөг схемээр.

Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрний их орд руу бас л өрнийхөн лавтай савраа дүрж тэнд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ бол Монголыг алдана гэсэн үг. Оросын төмөр замын дарга Якунин гэгч яг ингэж яриад явж байна. Тэрээр өөрийгөө төмөр замч гэхээсээ геополитикч гэдэг. Эх газрын Орост төмөр зам л геополитикийг тодорхойлно гэж хэлэх дуртай. Энэ талаараа ном ч тууривсан. Түүхийн олон үйл явдлыг эргэж сөхөн Орос-Японы дайнд ялагдсан явдлыг дурайтал тайлбарласнаас гадна Дорнод Хятадын төмөр замын ач холбогдлыг зөв үнэлээгүйгээс болоод асар том алдаа гарсныг цохон өгүүлжээ. Ийм алдааг Монголд давтаж болохгүй, алдахын ирмэг дээр байна, иймээс яаравчлах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл Монгол манайх!

 Тавантолгойн тэндэрт Оросын төмөр зам өрсөлдөгчөөр орж ирлээ. 6.4 тэрбум тонн нүүрсийг Оросын нутгаар Номхон далай хүртэл тээвэрлэх гэнэ. Таван мянга гаруй км ийм хол замаар зөөгдсөн нүүрс тэндээ алт болж очино гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Улаанбаатар төмөр зам хэмээх 1949 онд байгуулагдсан хоёр тал тавь тавин хувь эзэмшдэг компани бий. Харин одоо Монголын баялагийг далайд хүргэж өгөх мөн тавь тавин хувийн оролцоотой “Монгол төмөр зам” гэдэг шинэ компани байгуулахаар шахлаа. Энэ бол ирээдүйд буй болох, одоохондоо огт байхгүй байгаа бүх төмөр замыг оросууд мэдэлдээ авна гэсэн үг. Ерөөсөө Монголын нутаг дээгүүр төмөр зам татах эсэх, татвал хаагуур хичнээнийг барихыг мэднэ гэсэн үг.

    Энэ оны 2-р сард Эрхүүд энэхүү байгуулагдах “Монгол төмөр зам” компаний тухай хоёр орны Засгийн газрын урьдчилсан хэлэлцээ боллоо. Оросуудын тулгасан саналд монголчуудын олон саналыг нэмж тусгахаар тохиров. Харин сарын дараа Москвад дээд хэмжээнд гарын үсэг зурахдаа уг эхээс юуг ч өөрчлөлгүй цэвэр оросуудын тулгалт бүхий гэрээнд монголчуудаар гарын үсэг зуруулж авлаа. Москвад мөн урааны асуудлаар ч Монголын ямар ч саналыг өчүүхэн ч тусгаагүй баримтад монголчууд зурж орхив.

    Энэ 4-р сарын 17-нд Улаанбаатар хотноо Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулагч хоёр талын ээлжит хурал болов. АНУ-аас Мянганы сорилын сангийн шугамаар Монголын талд буцалтгүй тусламжаар төмөр замын хөгжилд олгож буй 200 сая долларыг оросууд “шаардлагагүй учраас энэ хөрөнгө оруулалтаас татгалзахыг шаардаж байна, үүнийг Оросын тал “категорический” эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ. Хачирхалтай нь хурлаас Улаанбаатар төмөр замыг цааш тогтоон барьж байхын тулд 145 сая доллар зээлэх болон барьцаалах замаар шинээр олж ирэх шаардлагатайг дурдаад удирдлагад үүнийг яаралтай гүйцэтгэх үүрэг өгчээ. Орой нь Монголын Гадаад харилцааны сайд Вашингтон руу яаралтай захидал бичиж Америкийн тусламжаас татгалзаж байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэв. 1990 онд тогтоогдсон “гуравдахь хөршийн бодлого” хэмээх номлол ийм доод хэмжээний зөвөлгөөнөөр тас цохигдлоо. Түүх давтагддаг ажгуу. 1920 онд Хятадын олон бүлэглэлийн нэг болох Аньфу бүлгийн доод ангилалын нэг генерал Сүй Шүжан төв засгийн газрартаа мэдэгдэлгүй Монголд ирээд өөрийн санаачлагаар тулган шаардалт явуулж Монголын өөртөө засах эрхийг цуцлан монгол ноёдоор гарын үсэг зуруулж дөнгөж байсан юм. Уул нь Мянганы сорилын сангийн төсөл УИХ-аар соёхогдсон учир цуцлахаа хүрвэл тэнд л шийдвэр гарах ёстой л доо.

     Оросууд Монголоор дүүрэн төмөр зам татах гээд ингэж улайран булаацалдаад байгаа хэрэг үү? Үгүй бололтой. Хямралаас болоод Оросын төмөр зам сүйрлийн хэмжээнд тулжээ. Төмөр замаа нэмэлт хөрөнгө оруулалт гэлгүйгээр зүгээр тогтоон барьж байхын тулд тэдэнд зөвхөн энэ жил 49 тэрбум рублийн нэмэлт шаардлага буй болчоод буй гэнэ. Энэ онд 54 мянган ажилтнаа халж, 100 мянган ажилтнаа цалингүй чөлөөгөөр “шагнахаас” өөр аргагүй болсон байна. Саяхан Барклэй банкнаас 100 сая доллар зээлж чадсан боловч энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болжээ. Яаралтай зээл хөөцөлдөж буй тэдэнд зээл олох горьдлого үндсэндээ тасраад буй. Внешбанкнаас одоо тэрбум доллар гуйж байгаа. Энэ тухай тэдний албан ёсны сайтад тодорхой дэлгэрэнгүй илтгэсэн байна. Харин Монголд тэд эхний ээлжинд 1,5 тэрбум доллар оруулах гэж байгаа гэж амаар ярьж байгаа. Энэ мөнгийг хөрөнгийн биржээс босгоно гэж монголчуудад мөн амаар нааж байгаа. Нэг л тодорхой юм гэвэл тэд угаасаа ямар ч төмөр зам татахгүй. Тийм мөнгө ч байхгүй, хүсэл ч байхгүй. Тэдэнд геополитик утгаараа төмөр замын эрх л хэрэгтэй. Тэгээд аяндаа болно л биз дээ. Одоохондоо дэлхий хямарч байхад хэн тэгэж явдаг юм!

    Одоогоос 150 жилийн өмнө Америкт уул уурхай гэнэт хөгжжээ. Энд тэндгүй уурхай. Гэвч алтнаас бусад нь зөөвөрлөж байж л баялаг болно. Үүнээс болоод төмөр зам хөгжсөн гэх. Хэдхэн хүн төмөр зам татах лиценз атгачихаад уурхайнуудыг дарамталж гарлаа. Дуртай нөхцлөө тэд л тавина. “Тохирохгүй бол наад нүүрсээ нуруун дээрээ үүрээд яв” гэсэн басамжлал үг тэгэхэд гарсан. Төмөр замынхан лицензээрээ далимдуулж ард түмэнд очих нүүрсийг боогдуулж байна гэсэн хэл ам гарахад “Үхсэн баас, ард түмэн гэж юу юм бэ!” хэмээн төмөр замын хаан гэгдэж байсан Вилъям Вандэрбилт хэлсэн нь түүхэн тод хараар үлджээ. Эцэст нь төмөр замынхан тэр үеийн бүх уурхайнуудыг өөрийн болгож авснаар хэрэг шувтарч байсан. Шэрманы “Үгслийн эсрэг хууль” хараахан гараагүй байсан үе шүү дээ. Арга хуучирдаггүй бололтой.

    Одоогоос 20 жилийн өмнө хэсэг залуус цуглаан жагсаал хийсээр Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн нь удалгүй нийт ард түмний дэмжлэг хүлээсэн юм. Тэр үед зах зээлийн эдийн засгийн тухай бараг хэнд ч ойлголт байгаагүй учир ийм юм ярьдаггүй байлаа. Ардчилал гэдэг уриа нь ч их сайндаа л социалист ардчилалыг улам төгөлдөршүүлэх тухай хэмжээнд яригддаг байсан. Монголын ард түмэн хорин жилийн өмнө ардчилал зах зээлийн төлөө гэхээсээ туурга тусгаар орныхоо өөрөө өөрийгөө тодорхойлох бүрэн эрхийн төлөө боссон юм. Тонуулчин ч бай, увайгүй ч бай удирдлагаа өөрсдийн үзэмжээр сонгож, алдсан ч бай өөрсдөө тэр хариуцлагаа хүлээж, хүний эрхээр жаргахгүй өөрийн эрхээр зовно гэж босож билээ л.

2009. 5. 3