Д.ОДБАЯР: Парламентын засаглал гэж УИХ-аа тараах эрх бүхий Ерөнхий сайдын засаглалыг хэлдэг.

УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ярилцлаа. Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн тэрээр өнөөгийн засаглалын хямралыг арилгаж, тэнцвэрийг хадгалахын тулд сонгуулийн реформыг цогцоор хийх ёстой гэж үзэж байгаа юм.    

-Таны орсон ажлын хэсэг Сонгуулийн хуулийн төслийг боловсруулахдаа одоо мөрдөж байгаа сонгуулийн тогтолцоогоо сайжруулах, эсвэл шинэ тогтолцоо гаргаж ирэх хоёрын алийг гол болгов?

-Ажлын хэсэг хамгийн гол нь өнгөрсөн сонгуулиудын сургамжийг тооцон дүгнэлт хийж иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг илүү  баталгаатай хангах, аль болох чамбай хуулийн төсөл боловсруулахад анхаарсан. Тогтолцоог шинээр авч үзэхдээ УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчмыг хадгалахыг гол зарчим болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэх бодлого барьсан. Бидний боловсруулсан төслөөр улсаараа нэг тойрог болно.  Сонгуульд оролцох нам, эвслүүд тус бүрдээ 76-аас дээшгүй хүний нэрийг дэвшүүлнэ.  Сонгогч нэг л саналын эрхтэй. Намын төлөө санал өгөхгүй. Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгнө.  Энэ нь УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа юм.

-Энэ нь тэгээд мажоритар, пропорциональ, холимог гээд сонгуулийн хувилбаруудын аль нь вэ?  

-Цэвэр пропорциональ уу, эсвэл цэвэр мажоритар уу гэдэг дээр ажлын хэсгийн төвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй. Яг суудлаа хуваарилах зарчим талаасаа пропорционалийн шинж илүү давамгайлсан. Харин сонгогч санал өгч байгаа процесс нь мажоритар. Нэр дэвшигчийн төлөө өгсөн сонгогчийн саналыг намд өгсөн саналаар давхар тооцож УИХ-ын суудлыг хуваарилна. Пропорционалийн элемент энд харагдаж байгаа юм.

-Яг ийм хувилбараар сонгуулиа явуулдаг улс орон байна уу. Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг намынх гэж тоолоод парламентын суудлыг намуудад хуваарилах нь байна шүү дээ?

-Ойролцоо зарчмаар сонгуулиа явуулдаг улс орон бий. Пропорционалийн 100-гаад хувилбар байдаг. Тэдгээрээс бараг ихэнхийг нь ажлын хэсгийнхэн судалсан.  Тэгээд манай Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимтай нийцсэн, үндэсний онцлогт тохирсон ийм холимог маягийн хувилбар байж болох юм гэж үзсэн. Их л шинэлэг зарчим болох байх аа даа.  

-Намуудад тавьж байгаа долоон хувийн босгыг яаж тооцох вэ?

-Нэр дэвшигчдэд нь өгсөн саналын нийлбэр нь нийт сонгогчдын долоон хувийн босгыг давсан  нам, эвслийг УИХ-д суудал авах болзол хангасанд, бие даагчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Долоон хувьтай тэнцэх саналын нийлбэр дээр нэмэх нь нэг санал /7%+1 санал/  гэж томъёолж байгаа.  Долоон хувийн босго давсан нам, эвсэл наад зах нь УИХ-ын дөрвөн суудалтай болно. Босгыг ингэж тогтоосон нь парламентын төлөвшилд чухал ач холбогдолтой. Сонгодог парламентын зүг хийж байгаа алхам л даа.

-Жишээ нь Дорж, Дулам  гэсэн тус тусын лидертэй хоёр нам нэг эвсэл болж сонгуульд орлоо гэж бодъё. Дорж нийт сонгогчдын  4, Дулам нь нийт сонгогчдын 3 хувийн саналыг авчээ. Тэгэхээр энэ хоёр нэр дэвшигчийн  саналын нийлбэрээр уг эвсэл долоон хувийн босгоо давчихаж байна гэж ойлгож болох уу?

-Энэ долоон хувь дээрээ нэмж нэг санал авбал тэгж ойлгож болно. Сонгуульд орохоос өмнө тухайн намууд эвсэл болж буйгаа Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлнэ. Эвсэлд хэдэн ч нам орсон 76-гаас дээшгүй хүний нэр дэвшүүлнэ. Бүх нэр дэвшигчдийнх нь авсан саналуудын нийлбэр нийт сонгогчдын долоон хувиас илүү байвал уг эвсэл  УИХ-д суудал авах боломжтой болно.

- Намууд авсан суудалдаа нэр дэвшигчдээ яаж хуваарилах вэ. Жишээ нь А нам нийт сонгогчдын 30 хувийн саналыг авсан бол УИХ-ын 76 суудлыг 21-22 суудал авах нь. Түүндээ 76 нэр дэвшигчээсээ  яаж сонголт хийх вэ?

-Энэ нэг их төвөггүй.  Тухайн намын нэр дэвшигчдийг ард түмнээс авсан саналынх нь дарааллаар эрэмбэлнэ. Тэгээд хамгийн олон санал авсан дарааллаар нь намд ногдох суудалдаа хуваарилна. Өөрийн чинь жишээ болгосноор А нам УИХ-ын 21 суудлыг авсан бол түүндээ ард түмнээс хамгийн олон санал авсан эхний 21 хүнээ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно л гэсэн үг. Энд ямар нэгэн маргаан хардлага гарахгүй. Тухайн намд ногдох УИХ-ын суудалд хэн суух вэ гэдгийг ард түмэн шийдэж байгаа юм. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад нэр дэвшүүлэх болон суудал хуваарилахад  намын удирдлагад  хэт их эрх мэдэл төвлөрдөг, намын даргын дарангуйлал тогтдог, ингэснээрээ нам дахь авилгын сүлжээг бий болгож алсдаа нам нь хагарах шалтгаан болдог гэсэн шүүмжлэл байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж л энэ хувилбарыг гаргаж ирсэн. УИХ-ын гишүүнийг шууд сонгоно, засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн зарчим энд бас хадгалагдаж байгаа юм.

-Сонгогчдод хэдэн саналын хуудас очих вэ. Сонгуульд орж байгаа намуудын тоогоор тус бүрд нь саналын хуудас өгөх үү, эсвэл бүгдийг нь багтаасан нэг л хуудас байх уу?

-Техникийн шинжтэй асуудал л даа. Хэрвээ нам намаар нь ялгасан тус тусдаа хуудас байвал тухайн сонгогчийн өгсөн саналын нууцлал алдагдана. Сонгох эрхэнд нь  халдсан хэрэг болох байх. Бас тоолоход хүндрэлтэй. Тийм учраас бүх нэр дэвшигчийг нам, намаар нь бас эвсэл, бие даагчаар нь энгийн, ойлгомжтой байдлаар ялгаж жагсаасан дэвтэр маягийн  нэг л хавтгай  байх болов уу. Сонгогч тэндээс өөрийнхөө дэмжсэн  нэг л нэр дэвшигчийг сонгоно.    

-Та бүхний энэ төсөл парламентын хөгжилд хэр ач холбогдолтой вэ?

-Маш чухал ач холбогдолтой. Үнэндээ өнөөдөр Үндсэн хуулийн түвшинд засаглалын хямрал бий болчихсон нь нууц биш шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Асуудлыг цогцоор нь авч үзсэн тохиолдолд сонгуулийн тогтолцоо өөрчилсний ач холбогдол бүрэн гарна. Түүнээс бус, одоо нийгэмд үүсээд байгаа засаглалын хямрал, засаглалын тэнцвэр алдагдсаныг ганцхан Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр  шийдчихнэ гэвэл өрөөсгөл болно.  Цаад үндэс нь хэвээрээ л байна. Үндэс нь арилаагүй нөхцөлд үр дагавар нь хэвээрээ л байна гэсэн үг. Реформ хийх хэрэгтэй. Сонгуулийн хуультай холбоотой бусад хууль тогтоомж, Үндсэн хуулиа хүртэл цогцоор нь авч үзэж байж реформын шинжтэй өөрчлөлт болно. Засаглалын хямралыг шийдэх нэг боломж нь сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр гарч ирж байгаа юм. Энэ боломжийг алдалгүй эх орон, ард түмэндээ ашигтай засаглалын шинэ хуваарилалтыг хийх хэрэгтэй юм.   

-Тухайлбал, сонгуулийн тогтолцоог дагуулж  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг юуг шийдэх ёст  ой вэ?  

- Сонгууль мөнгөнийх боллоо гэдэг. Мөнгөний сонгууль гэдгийг манайхан мөнгө амладаг, мөнгө тараадаг төдийхнөөр ойлгоод байна. Мөнгө амладаг нь батлагдсан. Энэ нь намуудын амлалтаас харагдаж байгаа. Харин мөнгө тараадгийг сонгогчид баталдаг, нэр дэвшигчид болон намууд үгүйсгэдэг. Мөнгөний ийм ойлгомжгүй урсгал яваад байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж байгаа юм.  Монголчууд бид цөөхүүлээ. Нэр дэвшигчид нь гэхэд гадаадын нэг томоохон компанийн захиргааны ажилтнуудын тоотой тэнцэнэ. Нийт сонгогчид нь улс үндэстэн дамнасан гадаадын нэгээс хоёр том компанийн нийт ажилчдын тоотой л тэнцэнэ.   Тэгэхээр гадаадын мөнгө орж ирээд сонгуулийн тойргуудыг худалдаж авах боломж бий болох төдийгүй улмаар эх орныг минь тусгаар тогтнолтой нь хамт бүхэлд нь эрхшээлдээ оруулах аюул харагдаж байгаа.  Хэрэв тэр тохиолдолд Монгол Улсын  орших уу, эс орших уу гэдэг асуудал хөндөгдөнө. Эдийн засаг хөгжиж тэлэх хандлагатай энэ үед улс орныхоо аюулгүй байдлыг давхар бодох ёстой. Тийм учраас юуны түрүүнд засаглалын тэнцвэрийг бий болгох шаардлагатай байгаа юм.  Засаглалын тэнцвэр хуваарь алдагдсанаас болоод өнөөдөр институцууд өөр, өөрийн гэхдээ батлагдаагүй дүрмээр тоглоод эхэллээ.  Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч гэхэд л Үндсэн хуулиар өөрт нь хамааралгүй асуудлаар дуугарч, албан хэрэг хөтлөлт, хэлбэржсэн эрх зүйн ямар нэгэн баримтгүйгээр лиценз олголтыг амаараа хэлээд зогсоож ч байх шиг. УИХ нь болохоор Засгийн газрынхаа бүх ажилд оролцоод эрх мэдлийг   нь өөр дээрээ булаан төвлөрүүлж юу юугүй л төсөл тендер, мөнгө хөрөнгө болчих гээд л.  Засгийн газар нь амиа аргалаад УИХ-аар шийдвэрээ гаргуулж л  байвал болно, хариуцлагыг шийдвэр гаргасан парламент нь хүлээнэ биз гэсэн байдлаар хариуцлагаас зайлсхийх хандлага гарч байнаа даа.  Шүүх нь эрх зүйн өөрчлөгдөж байгаа орчиндоо дасан зохицож байгаа эсэх нь ойлгомжгүй яваад байна. Яаж шүү нэг засаглал гэдэг дүр зурагаа олж авах юм бол доо гэсэн эргэлзээтэй бодол төрүүлсээр. Хамгийн сүүлд гэхэд л цэцийн шийдвэр шүүх засаглалын шийдвэр мөн үү, биш үү гэсэн бөөн маргаан дэгдлээ шүү дээ. Цэц нь шүүх мөн үү, биш үү гэх мэт асуултад тодорхой хариулт олдохгүй л байна шүү дээ. Энэ бүгдийг засч засаглалын тэнцвэрийг онолын үндэстэйгээр бий болгох хэрэгтэй юм.

-Засаглалын тэнцвэр ингэж алдагдсаны гол шалтгаан юу вэ?

-Хэд хэдэн юм бий. Хамгийн гол нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоёр дэндүү их холилдчихсонд байгаа юм. Ингэж холилдсоноор засаглалын тэнцвэртэй байдал алдагдаж, засаглал хуваах онол үндсээрээ хэрэгжихгүй явна. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх гэсэн гурван засаглал байгаа. Энэ нь УИХ, Засгийн газар, шүүх. Засаглалуудын тоглоомын дүрэм их тодорхой, зөвхөн өөрт  хамаатай өөрийн дүрмээр л тоглодог.  Хууль тогтоох нь хууль баталдаг, хэрэгжүүлэх нь баталсан хуулийг хэрэгжүүлдэг, шүүх нь хуулийн хэрэгжилт зөв байгаа эсэхийг хянадаг. Ийм л товч бөгөөд тодорхой дүрэмтэй.   Одоо бол УИХ, Засгийн газар холилдсоноос болоод парламент нь баталсан хуулиа хэрэгжүүлээд, Засгийн газар нь хууль батлалцаад явж байна. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад хяналт-тэнцлийн систем гэж байдаг.

-Тэр нь юу байдаг юм бэ?

- Манайд энэ систем онолын хувьд Үндсэн хуулинд гайгүй сайн тусгалаа олсон ч хэрэгжүүлэх дээрээ их дутагдал гарч байнаа. Энэ бол нэг засаглалын эрх мэдлийг нөгөөгийнхөө эрх  мэдлээр хянаж тэнцвэржүүлдэг зарчмыг хэлдэг. Өөрөөр хэлбэл давхардсан биш, харин хязгаарлагдмал давхцалын зарчмаар эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Жишээ олон бий л дээ. Хууль тогтоогч хуулиа батлахад шаардлагатай бол эрх зүйн эсхүл бодлогын үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байдаг. Их хурлын чуулганыг Засгийн газрын саналаар хуралдуулж болохоор зохицуулсан байдаг ч юм уу. Шүүх шийдвэрээ гаргасан ч уучлал нь нэг засаглалд нь хадгалагдаж байхад өршөөл нь нөгөө засаглалд нь хадгалагдах жишээтэй. Үндсэн хуулийн эрх зүйд үүнийг хяналт-тэнцлийн систем  буюу  “Cheсks and balances” гэж томъёолдог. Энэ нь эрх мэдэл хэт төвлөрхөөс болон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Үүнийг зөв төлөвшүүлснээр л Монгол Улс сонгодог парламентын засаглалтай болно. Манайд өнөөдөр УИХ тарах ёстой гэхэд л хөндлөнгөөс тараадаг систем нь алга. УИХ өөрөө  өөрийгөө тараахаар хуульчилсан. Засгийн газрыг болохоор хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлэгч бараг нэг гишүүний саналаар огцруулчихаж байна. Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа адилхан бүх ард түмнээс сонгогддог. Энэ нь хэн бугай ч байсан бүхнийг захирагчийн амбицтай болгоод байдаг институц юм уу даа гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Энэ нь манай нөхцөлд засаглалын бие биеэ хянасан тэнцвэрийг алдагдуулаад байгаа юм.   Манайхан  парламентын засаглалтай гэдгээ буруу ойлгодог.

-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг тодорхойлолт буруу томъёолол уу?

 -Харин УИХ-ыг төрийн эрхийг барих дээд байгууллага гэдэг рүү нь  дэндүү туйлшруулж  ойлгоод байх юм. Төрийн эрхийг барих дээд байгууллага юм чинь УИХ бүхнийг шийдэх эрхтэй гэж дэндүү ташаа авч үзэх явдал ч түгээмэл байна. Тийм учраас УИХ өнөөдөр хууль батлах үндсэн үүргээсээ хэт хөндийрч өөрт хамааралгүй дэндүү олон асуудлыг өөр дээрээ овоолон авч байна. Засгийн газрын ажилд дэндүү их хутгалдаж байна. Олон албан тушаалтныг УИХ дээр дэмий авчирч байцааж, томилж байна.  Хуулиа тогтоох ажиллагаан дээр бодлогын илт зөрчил гарахгүй бол нэг их зогсоод байхгүй атлаа хүн томилох юмуу Засгийн газрын асуудал хэлэлцэх болохоор л УИХ-ын үйл ажиллагаа нь гацчихдаг. Байнгын ажиллагаатай шинж нь эргэлзээтэй байдалд орчихдог. Гацаж байна гэдэг маань парламент хийх ёстой ажлаасаа илүү юманд хошуу дүрээд байна аа л гэсэн үг. Парламент дэндүү хяналтгүй байна манайд. Парламентын жинхэнэ засаглалтай болохын тулд УИХ энэ илүү ачаанаасаа татгалзмаар байна. Үүнээс гадна  парламент өөрөө хариуцлагатай байхын тулд парламентыг тараадаг систем их ойлгомжтой байх  ёстой. Өөрт хамааралгүй илүү ачаа үүрсэн, тарах систем нь тодорхойгүй парламентыг сонгодог парламент гэдэггүй дарангуйлагч парламент гэдэг юм.

-Тэгвэл сонгодог парламент ямар байх ёстой вэ?  

-Сонгодог парламент гэж хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр нэг эх сурвалжтай байхыг хэлдэг.  Өөрөөр хэлбэл, ялсан намын даргын удирдлага, толгойгоор явна гэсэн үг юм даа. Ялсан намын дарга сонгуулийн дараа хууль тогтоох засаглалын тэргүүнд намаасаа нэр дэвшүүлнэ, өөрөө Засгийн газраа тэргүүлнэ.  Ерөнхий сайдын хувьд нь түүнийг огцруулах эрх мэдэл парламентад байна.  Харин парламентыг тараах эрх нь Ерөнхий сайдад нь байдаг. Энэ нь пропорциональ тогтолцоо бүхий сонгуулиар, намын нэрээр УИХ-д орсон гишүүдээ намын даргын хувьд эргүүлээд парламентаас татчихна гэсэн үг. Энэ бол хяналт-тэнцлийн хамгийн гол зарчим. Энэ зүгт явж байгаа парламенттай улс орныг жинхэнэ парламентын засаглалтай гэж үздэг. Тэгэхээр парламентын засаглал гэдэг нь үнэндээ хууль тогтоогчдын засаглал биш юм.  Харин парламентаа тараах эрх бүхий Ерөнхий сайдын засаглалыг төгс парламентын засаглал гэдэг. Сонгодог парламент Засгийн газартай холбоотой ганцхан томилгоо хийнэ. Тэр нь Ерөнхий сайдыг томилох. Хариуд нь Ерөнхий сайд кабинетын зарчмаар Засгийн газрын бүх хариуцлагыг  парламентын өмнө хүлээнэ.  Харин бусад сайдаа Ерөнхий сайд хэнээс ч үл хамааран зөвхөн өөрөө томилно. Түүнээс бус өнөөдрийнх шиг УИХ бүх сайдыг томилоод л асуултаар булаад л, ил далд дарамт шахалт үзүүлээд байж болохгүй. Парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай л ярина. Засгийн газрын нэг сайдын гаргасан алдаа, хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө Ерөнхий сайдыг огцруулж ч болдог.  Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулбал кабинетын зарчмаар Засгийн газар бүхлээрээ огцорно. Тийм учраас нэг сайдаас болж танхимаа огцруулахгүйн тулд Ерөнхий сайд нь тэр сайдаа л халчихна. Сайд нараа ч шахаж ажиллана. Энэ бол парламентын засаглалын шинж.  

-Сонгодог парламентад өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүн сайд байж болохгүй юу?

-Ерөнхий сайдаас бусад нь парламентын гишүүн бус байвал их зохимжтой. Ерөөсөө өнөөдрийн засаглалын хямралын гол шалтгааныг ганцхан Сонгуулийн хууль руу чихэж болохгүй юм. Сайн хөөгөөд үзэхээр Засгийн газар, УИХ хоёр хэт хутгалдаж холилдсонд л байгаа юм. Үүнээс гадна хяналт-тэнцлийн системийг хангахын тулд бүх шатны Засаг даргыг томилдог болох ёстой.  Ерөнхий сайд нь аймгуудын, аймгийн Засаг дарга нь сумдын Засаг дарга нарыг томилох нь зөв. Засаг дарга бол тухайн орон нутагтаа Засгийн газрын бодлогыг зохион байгуулж хариуцах хүн учраас дээд шатнаас томилно. Манай засгийн бодлогыг танай аймаг, суманд энэ хүн хэрэгжүүлнээ хөө, болохгүй бол надад хэлээрэй гээд нутгийн өөрийн удирдлагын байгууллагын ил хараанд аваачиж тавьлаа л гэсэн үг.  Хэрвээ тухайн Засаг дарга алдаа гаргасан бол түүнийг сануулдаггүй, 20 хувьддаггүй, торгодоггүй, дээд шатных нь Засаг дарга нь шууд л  огцруулдаг зарчимд шилжих ёстой.  Өнөөдрийнх шиг сонгуульд ялагдсан намынх нь гишүүн, эсхүл Засгийн газрыг хянах үүрэгтэй парламентын сөрөг хүчнээс орон нутагт Засаг даргаар ажилладаг байж болохгүй. Одоо бол Засаг дарга нь ИТХ-аа хянаад бүр худалдаад авчихаж байна. Эсрэгээрээ ИТХ-ын төлөөлөгч ч бас өөрийг нь сонгодог учраас  Засаг даргаа дарамталж байна. Энэ хооронд ашиг сонирхолын болон төсөл, тендер, авилга, хээл хахууль, албан тушаалын наймааны асар их урсгал явж ард түмэн хохирч байна. Тийм учраас Засаг даргыг дээд шатнаас нь томилж, ИТХ-ийн төлөөлөгчид орон нутгийн иргэд нь нэр дэвшүүлдэг тогтолцоонд шилжих нь зөв юм. Сүүлийн үед орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлье гэж  Ерөнхийлөгчөөсөө эхлээд улстөрч болгон  энэ тухай ярьж байна. Орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлнэ гэдэг бол орон нутагт хариуцлагын тогтолцоог бий болгоно оо л гэсэн үг. Тэр нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхийг хэлж байгаа болохоос бус, тухайн шатны Засаг даргын эрх мэдлийг өргөжүүлнэ  гэсэн үг биш юм.

-Ерөнхийлөгч энэ хяналт-тэнцлийн чухам хаана нь байх вэ?

- Одоо манайх Ерөнхийлөгч бүхий парламентын засаглал руу л яваад байна. Сонгодог парламентын засаглалтай орнуудын хувьд Ерөнхийлөгч бол  бэлгэдлийн шинжтэй байдаг. Үндэсний эв нэгдлийг илэрхийлнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн институцийг зөв байранд нь бас тавих хэрэгтэй.  Хэрвээ Сонгуулийн хуулийн хүрээнд асуудлыг нэгэнт цогцоор нь авч үзье гэж байгаа бол Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох ёстой. Парламент нь бүх ард түмнээс сонгогдож байгаа юм чинь Ерөнхийлөгч нь бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлнэ. Тэрнээс бус лиценз зогсоогоод юм уу, дэргэдээ мини парламент байгуулаад сууж байж таарахгүй. Ер нь Ерөнхийлөгч гэдэг институцийн одоо байгаа эрх мэдлийг жаахан хязгаарлаж өгөх ёстой.

- Тэгэхээр намын даргын эрх мэдэл нэлээд өндөр болох нь ээ?

-Нэг талаар намын даргын эрх мэдэл өндөр болж байгаа мэт харагданаа. Гэхдээ түүний эрсдэл илүү их болдог. Буруутбал улс төрөөс шууд гардаг, гарахаас өөр аргагүй байдалд оруулдаг л тогтолцоо шүү дээ. Хэрвээ сонгуульд  ялсан намын дарга л юм бол ард түмний өмнө хариуцлагаа хүлээдэг, Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын өмнөөс бүх ажлаараа хариуцлага хүлээдэг байх ёстой. Ерөнхий сайдын бодлого, парламентын байр суурьтай зөрж болно. Дэмжлэг авахгүй байж болно. Хэрвээ шийдэж чадахгүй бол алиных нь зөв бэ гэдгийг ард түмнээсээ асуучихдаг. Яаж асуух вэ гэхээр парламентаа тараана, эсхүл өөрөө огцорно. Сонгууль зарлана л гэсэн үг л дээ. Тэр намын даргын зөв гэж ард түмэн үзвэл түүний намд саналаа өгчихнө, тэрээр ажлаа үргэлжлүүлнэ. Ард түмэн дэмжихгүй бол нам нь ялагдаад мань хүн улс төрөөс арчигдах учиртай. Нам, түүний хамт олон нь чадалтай хамгийн гол нь цэвэр, шударга лидертэй байхын төлөө ажиллана. Нам доторх ардчилал бодитой болж авилгын асуудал цэгцлэгдэх найдвар бий болох юм. Хяналт-тэнцэл байгаа учраас ойр ойрхон Засгийн газар нь огцроод, парламент нь тараад байхгүй л дээ хэрэв эрх зүйн тогтолцооны хувьд хууль дээдлэх зарчмаас эрх зүйд захирагдах ёсруу шилжилт хийж чадвал . Улс ард түмний эрх ашиг бас үйлчилнээ. Бүр л болохгүй бол ард түмнээрээ хагалуулдаг. Энэ нь Засгийн эрх ард түмний мэдэлд гэсэн Үндсэн хуулийн  үзэл санааны хэрэгжилт болдог.

-Энэ нь Япон, Англи зэрэг улсад байдаг шиг  Ерөнхий сайд парламентаа тараана гэсэн үг биз дээ?

-Тийм. Чухал бодлого тавьтал парламент нь  дэмжихгүй бол Ерөнхий сайд намын даргын хувиар гишүүдээ татаж парламентаа тараадаг. Энэ бол ил тод, шударга зарчмаар шийдэж байгаа хамгийн зөв шийдвэр болдог.  Ер нь хяналт тэнцлийн систем ойлгомжтой үед парламент Засгийн газар хоорондын зөрчил голдуу авлигын асуудлаас болж гардаг. Тийм учраас авлигын асуудал цэгцтэй болж, авлигатай тэмцэж  чадна. Мэдээлэл авах эрх чөлөө бодитой хэрэгжинэ.

-Сонгуулийн хуультай холбоотой энэ бүх өөрчлөлтийг тэгээд одоо байгаа УИХ-ын үлдэж байгаа бүрэн эрхийн хугацаанд хийж амжих уу?

- Хэрвээ энэ бүх өөрчлөлтийг хийхгүйгээр зөвхөн Сонгуулийн хуулиар хязгаарлабал нэг их сайн үр дүнд хүрэхгүй.  Асуудлыг төгс шийдэж чадахгүй. Зөвхөн сонгуулийн хууль болон тогтолцоогоо өөрчлөөд орхивол  хагас алхсантай адил. Сонгуулийн реформыг цогцоор нь хийж байж бүтэн алхдаг. Одоогоор Сонгуулийн хуулийн төслийг ямар ч байсан хэлэлцэх дүр зураг харагдаж байна. Харин хэлэлцэх явцад зарим гишүүдийн зүгээс асуудлыг цогцоор нь авч үзье, эхэлж Үндсэн хуулиа өөрчилье гэдэг санал гарахыг үгүйсгэхгүй. Үүний хажуугаар УИХ-ын гишүүд, ялангуяа дараагийн сонгуульд нэр дэвших бодолтой улстөрчдийн зүгээс асуудлыг хувийн сонирхлоор зөвхөн өөртөө ашигтай байдлаар харах хандлага ажиглагдах байх.  Уг нь бол улстөрч хүн сонгуулийн ямар ч тогтолцоонд бэлэн байх ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаас нь түмэнтээ илүү дээдлэх эх орон, ард түмний язгуур эрх ашиг гэж нэг юм байх учиртай юм аа. Энэ бүхнээс болоод Сонгуулийн хуулийг батлах хугацаа сунжирч магадгүй. Хэрвээ сунжрахгүй бол сонгуулийн реформыг цогцоор нь хийх хангалттай хугацаа энэ УИХ-д бий. Энэ ажлыг хийж гүйцэтгэлээ гэхэд цаг хугацааны хувьд 2012 оны сонгуулийн дараагаас мөрдөж эхлэхээр тооцож болох юм.