15
_______

“Эхлээд нураагтун, бүх зүйл
өөрөө аяндаа босно”

“Соёлын хувьсгал” эхэлсэн нь  
1965-1966


    
1960-аад оны эхээр Хятадад учруулсан бүхий л гай гамшиг нь байсаар байгаа ч гэсэн ард түмний шүтээн болсон Мао эрх мэдлийн оргилд үлдсэн хэвээр байлаа. Гэхдээ улс орныг үнэн хэрэгтээ прагматикууд удирдаж байсан болохоор уран бүтээлийн тодорхой эрх чөлөө байсан юм. Урт хугацааны оюун санааны нойрмог байдлын дараа олон жүжиг, дуурь, кино, роман бий болов. Тэдгээрт шууд нам руу дайрсан довтолгоон байгаагүй, ер нь орчин үеийн сэдвийг ховорхон хөндөж байлаа. Мао тэр үед хамгаалах байр суурь эзэлж, 1930-аад оны үед тайзан дээр тоглож байсан өөрийн эхнэр Зян Цинтэй улам их ойртов. Түүхэн сэдвүүд нь дэглэм, Маогийн өөрийнх нь эсрэг бодож олсон гүтгэлэгийг өнгөлөн далдлахад ашиглагдаж байна гэж эр эм хоёр шийдсэн байна.

Хятадад сөрөг хүчний сэтгэл санааг түүхэн ёгт сануулгад хучих нь хүчтэй уламжлалтай юм, тэр ч байтугай хэдхэн хүнд зориулсан ёгт сануулга ч гэсэн өнөөдрийн амьдралыг хэлж байна гэж ойлгогддог 1963 оны дөрвөн сард Мао хохирогсдын сүнс өөрсдийг нь мөрдөн мөшгигчдөөс өс хонзонгоо авч буй тухай өгүүлсэн “сүнсний тухай” драмын бүх жүжгүүдийг хориглов. Өс хонзон авдаг сүнснүүд нь түүний хаанчлах үед зовж зүдэрсэн ангийн дайснуудтай хэтэрхий адилхан санагджээ.

Эхнэр, нөхөр хоёр Мао өөр нэгэн төрөл, “Мин гүрний түшмэдийн тухай жүжиг” өөрөөр хэлбэл, Хай Жуй гэдэг Мин гүрний  (1368-1644) үеийн түшмэлд анхаарлаа хандуулав. Эрэлхэг зоригтой, шударга энэ түшмэл ядарч зүдэрсэн жирийн ард түмэндээ тус болохын тулд өөрийн амьдралын эрсдлийг үл хайхран эзэн хаандаа эсэргүүцэл илэрхийлжээ. Түүнийг тушаалаас нь буулгаж, цөлжээ. Мао эхнэрийн хамт “Мин гүрний түшмэл” гэдэг нэрийн дор батлан хамгаалах яамны сайд асан, 1959 онд өлсгөлөнд хүргэсэн Маогийн эвдэн сүйтгэх чиг бодлогыг эсэргүүцсэн маршал Пэн Дэхуайг дүрсэлж байна гэж сэжиглэжээ. Пэнийг халсны дараа л бараг тэр даруй Мин гүрний түшмэлийн тухай жүжиг дахин сэргэсэн юм. Хатагтай Мао эдгээр жүжгийг буруутгахыг хичээж, зохиолч, бичгийн хүмүүс, соёл хариуцсан сайд нарт хандсан боловч тэд нар үгийг нь тоогоогүй юм.

1964 онд Мао гучин есөн зураач, зохиолч, эрдэмтний жагсаалт гаргаж, тэднийг “хөрөнгөтний харгис нэр хүндтэн” буюу ангийн дайсны шинэ ангилалд хамруулсан юм. Тэдний дотор Мин гүрний түшмэлийн тухай жүжгийн хамгийн алдартай зохиогч У Хань, төрөлтийн төлөвлөлтийн тухай анх дуугарсан томоохон эдийн засагч профессор Ма Иньчу нар байлаа. Үүнийхээ төлөө бүр 1957 онд “баруунтан” гэж нэрлэгдэж байсан юм. Хожим Мао төрөлтийн төлөвлөлтийн зайлшгүй болохыг ухаарсан, гэвч тэр профессор Маг алсын хараатайд нь үзэн яддаг байжээ. Жагсаалтыг нийтэд зарлаагүй, гучин есөн зүтгэлтнийг намын цэвэрлэгээнд оруулаагүй. Мао түүнийг ээжийн түвшингийн ажилтнууд хүртэл буулгаж, бусад “харгис хөрөнгөтний нэр хүндтэнгүүдийг” барих заавар өгчээ. 1964-1965 оны өвөл ээж “үхрийн зах” сургуульд ажлын хэсгийг толгойлов. Түүнд нэртэй багш нар болон ном юмуу өгүүлэл бичдэг хүмүүсийн дунд сэжигтнийг эрж хайхыг тушаажээ.

Ээжийг энэ даалгавар айлгасан, учир нь цэвэрлэгээ түүний хамгийн их хүндэлдэг хүмүүсийг заналхийлж байлаа. Түүнээс гадна ямар ч “дайсныг” олохгүй гэдгээ тэр ойлгожээ. Үүний зэрэгцээ ер нь саяхны мөрдөлт мөшгилтийн дараа хүмүүс ам ангайхаас айдаг болжээ. Ээж өөрийн санаа бодлыг даргатайгаа, Чэндүд кампанит ажлыг удирдаж буй нөхөр Паотай хуваалцжээ.

1965 он өнгөрлөө, ээж ямар нэгэн зүйл хийсэнгүй. Нөхөр Пао ч түүнд дарамт учруулсангүй. Тэдний юм хийхгүй байгаа нь намын ажилтнуудын дундах ерөнхий сэтгэл санааг тусгаж байв. Ихэнх хүнийг улс төрийн дайралт залхаасан, тэд хүн амын аж байдлын түвшинг дээшлүүлэх талаар ажиллахыг хүсэж байлаа. Гэвч тэд Маогийн эсрэг ил тэмцэхгүй байсан, харин чиг түүнийг тахин шүтэх явдлыг цэцэглүүлэхэд тус дөхөм болж байсан юм. Маог бурханчлан шүтэхэд болгоомжлон хандаж байсан цөөн хэдэн хүмүүс юу ч хийж чадахгүй байсан, “Агуу их удирдагчийн” эрх мэдэл ба нэр хүнд түүнийг тахин шүтэхийг зайлшгүй болгож байсан юм. Тэд идэвхгүй эсэргүүцэх л боломжтой байлаа.

Мао шулмын ангуучлал эхлэх түүний уриалгад намын ажилтнуудын үзүүлж буй хариу үйлдлийг тэд урьдын адил өөрт нь үнэнч биш байна, тэдний сэтгэл зүрх дарга Лю, ерөнхий нарийн бичгийн дарга Дэн нарын талд байгаагийн гэрч гэж харсан байна. Түүний сэжиг таамаг намын сонинууд өөрийнх нь дэмжлэгтэй бичигдсэн У Хань болон түүний бичсэн Мин гүрний түшмэлийн тухай жүжгийг гутаасан өгүүллийг хэвлэн нийтлэхээс татгалзах үед нотлогдлоо. Энэ өгүүллээр Мао улс орны бүх хүн амыг шулмын ангуучлалд татан оруулахыг эрмэлзсэн юм. Гэтэл одоо тэр өөрийн харъяат нараасаа намын тогтолцоо гэдэг зуучаар таслагдсан байна. Үнэн хэрэгтээ тэр эрх мэдлээ алджээ. У Хань орлогч дарга нь байсан Бээжин хотын намын хороо, урлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хариуцдаг суртал нэвтрүүлгийн Төв хэлтэс Маогийн өмнө цочсонгүй, У Ханийг зэмлэн буруушааж, халахаас татгалзжээ.

Мао аюул заналыг мэдрэв. Тэр өөрийгөө амьд байхдаа Хрущёвт эрх мэдлээ алдсан Сталин гэж мэдэрч байв. Тэр “хятадын Хрущёв” гэж үзсэн хүн буюу Лю Шаоци, түүний хамтрагч Дэн болон нам дахь тэдний талынханд түрүүлж цохилт өгч, устгахыг эрмэлзэж байлаа. Энэ ажиллагаандаа тэр “соёлын хувьсгал” гэдэг хуурамч нэр өгсөн юм. Тэр ганцаар тулалдана гэдгээ мэдэж, энэ тулааныг тэр орчлонгийн тулаан шиг бүхэл бүтэн ертөнцийг дуудаж буй сүрлэг дуудлага гэж хүлээж авсан юм. Тэр ч байтугай Мао асар том намын аппарат гэдэг хүчирхэг дайсны эсрэг боссон эмгэнэлт баатар гэж өөрийгөө бага зэрэг өрөвдөж байлаа.

Бээжинд У Ханий жүжгийг буруушаасан өгүүллийг нийтлэх гэж бүтэлгүй оролдсоны дараа арван нэгэн сарын 10-нд өөрийн аялдан дагалдагчдын тусламжтайгаар Мао үүнийг Шанхайд хийж чадсан юм. Чухам энэ өгүүлэлд анх удаа “соёлын хувьсгал” гэсэн нэр томъёо гарч ирсэн юм. Намын сонин “Жэньминь жибао” (Ардын өдөр тутмын сонин), бас “Бээжин жибао” (Бээжингийн өдөр тутмын сонин) өгүүллийг дахин хэвлэхээс татгалзсан юм. Хөдөө нутгийн зарим сонин өгүүллийг хэвлэсэн юм. Тэр үед эцэг намын “Сычуань жибао” буюу “Сычуаний өдөр тутмын сонин” сонины ажлыг удирдаж байсан, тэр өгүүллийг дахин хэвлэхийн эсрэг байсан, учир нь гэвэл өгүүлэлд маршал Пэн рүү дайрч, шулмын ангуучлалд уриалж байгааг мэдэрсэн ажээ. Тэр мужийн соёлын хэргийг хариуцсан хүнд очсон, тэр хүн нь Дэн Сяопинд утасдахыг санал болгосон ажээ. Дэн өрөөндөө байсангүй, утсыг Дэний дотно нөхөр, Улс төрийн товчооны гишүүн маршал Хэ Лун авчээ. Чухам түүний хэлсэн “Үнэн хэрэгтээ сэнтийд тэр (Дэн) байх ёстой” гэсэн үгийг эцэг 1959 онд санамсаргүй сонссон билээ. Хэ өгүүллийг дахин хэвлэхгүй байхыг тушаав.

Дараагийн гурван сарын туршид Маогийн сөрөг хүчин, түүний дотор Жоу Эньлай шулмын ангуучлалыг саатуулах зорилгоор идэвхтэй арга саам хэрэглэсэн юм. 1966 оны хоёрдугаар сард Маог Бээжинд эзгүй үеэр Улс төрийн товчоо “эрдмийн шүүн хэлэлцүүлэг” мөрдөлт мөшгилт болж хувирах ёсгүй гэсэн шийдвэр гаргажээ. Мао эсэргүүцсэн, гэвч түүнийг үл тоомсорложээ.

Дөрвөн сард эцгийг Улс төрийн товчооны хоёрдугаар сарын шийдвэрийн үзэл санаагаар Сычуань дахь “соёлын хувьсгалын” тухай баримт бичиг бэлтгэхийг хүсчээ. Түүний бичсэн “дөрвөн сарын баримт бичиг” “Мэтгэлцээн дан ганц эрдмийн чанартай байх ёстой. Эрс буруушаах зүйл гаргаж үл болно. Үнэний өмнө бүгд тэгш байна. Нам сэхээтнийг хүчээр дарах ёсгүй” гэж мэдэгджээ.

Таван сард энэ баримт бичгийг яг хэвлэхийн өмнө гэнэт саатуулжээ. Улс төрийн товчооны шинэ шийдвэр гарсан байжээ. Энэ удаа Мао оролцож, Жоу Эньлайн оролцоотойгоор ялжээ. Мао хоёрдугаар сарын шийдвэрээс урваж, бүх эрдэмтэн- тэрс үзэлтэн болон тэдний үзэл санааг “устгах” нь зүйтэй гэж мэдэгдэв. Тэрс үзэлтэн эрдэмтэд болон бусад ангийн дайсныг намын ажилтнууд дэмжиж байна гэж онцлов. Тэр ийм түшмэдийг “капиталист замаар замнагчид” гэж нэрлээд, тэдэнд дайн зарлав. Тэднийг “капитализмын замын хань” гэж нэрлэв. Ингэж албан ёсоор асар их цар хэмжээтэй “соёлын хувьсгал” эхлэв.

Чухам хэн “замын ханийн” зэрэглэлд орох вэ? Мао өөрөө ч нарийн мэдэхгүй байлаа. Тэр Бээжин хотын намын хорооны бүх бүрэлдэхүүнийг солихыг хүсч хийж чадсан юм. Түүнчлэн тэр, Лю Шаоци, Дэн Сяопин нар болон “намын доторх хөрөнгөтний штабаас” салахыг хүсэж байлаа. Гэвч намын асар том тогтолцоонд хэн түүнд үнэнч байна, хэн Лю, Дэн болон тэдний капиталист замыг дагаж байна гэдэг нь тодорхойгүй байлаа. Тэр намын бүрэлдэхүүний ердөө л гуравны нэгийг хянаж байна гэж тооцоолжээ. Нэг ч дайсанд зугатах боломж олгохгүйн тулд тэр бүх коммунист намыг нураахаар шийджээ. Түүнд үнэнч хүмүүс сорилтыг давж гарна. Маогийн үгээр хэлбэл, “Эхлээд нураагтун, бүх зүйл аяндаа өөрөө босно”. Намаа эвдэн сүйтгэж магадгүй байдал Маогийн санааг зовоосонгүй, учир нь түүнд коммунист гэхээсээ илүү эзэн хаан гэх чанар ямагт давамгайлж байлаа. Өөрийнх нь хамгийн дуртай баатрын нэг эртний жанжин Цао Цаогийн хэлсэн үгийг тэр бахаддаг байсан нь “хэн нэгэн нь надтай шударга бусаар харилцсанаас би өөрөө Тэнгэрийн доорх бүгдтэй шударга бусаар харьцсан нь дээр” гэсэн үг болой. Цао Цао энэ үгийг урвасан гэж сэжиглээд үнэн хэрэгтээ амийг нь аварсан өвгөн эмгэн хоёр хосыг дэмий алснаа мэдсэн үедээ хэлсэн гэдэг.

Маогийн бүрхэг дайчин уриа хүн ам болон намын ажилтны ихэнхийг гүнзгий сандралд оруулсан юм. Юунд түлхээд байна, одоо хэн дайсан бэ гэдгийг мэдэж байгаа хүн цөөхөн байлаа. Эцэг эх хоёр өндөр тушаалын намын ажилтнуудын нэгэн адилаар Мао хэн нэгэн түшмэлийг шийтгэх хүсэлтэй байгааг таамаглаж байсан. Гэхдээ чухам хэнийг гэдгийн талаар ойлголтгүй байлаа. Тэднийг өөрсдийг нь ч байж болох юм. Тэдэнд муу совин татаж, гайхшралд оржээ.

Гэтэл энэ үед Мао өөрийн хамгийн гол зохион байгуулалтын алхмыг хийсэн, намын аппаратын хүрээнээс гадна өөрийн захирах тогтолцоог бий болгосон, гэхдээ энэ нь Улс төрийн товчоо, Төв хороонд захирагдаж байна гэж албан ёсоор мэдэгдээд намын тушаалаар ажиллаж байгаа мэт дүр эсгэж байсан юм.

Эн тэргүүнд тэр өөрийн орлогчоор 1959 онд батлан хамгаалахын сайд Пэн Дэхуайг сольсон, зэвсэгт хүчинд Маог тахин шүтэх явдлыг нэн их хөгжүүлсэн Линь Бяог томилов. Тэр бас “соёлын хувьсгалын” хэрэг эрхлэх Бүлэг гэсэн шинэ байгууллага байгуулсан, тэнд үнэндээ түүний нарийн бичгийн дарга асан Чэнь Бода, тагнуулын тэргүүн Кан Шэн, хатагтай Мао нар захирч байлаа. Тэд “соёлын хувьсгалын” удирдлагын цөм нь боллоо.

Дараа нь Мао олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эн тэргүүнд, хүн ам дэглэмийн дуу хоолой гэж хүлээж авч дадсан, намын хамгийн нэр хүндтэй сонин “Жэньмин жибаог” барьж авлаа. Таван сарын 31-нд тэр Чэнь Бодад түүнийг тэргүүлэхийг даалгав. Чингэснээрээ олон зуун сая хятадуудтай шууд харилцах сувгийг өөртөө бий болгов.

1966 оны зургаадугаар сараас “Жэньминь жибао” нь “Мао Зэдуны үнэмлэхүй нэр хүндийг бэхжүүлэх”, “бүхий л үхэр чөтгөр, могойн бузрыг шүүрдэн таягдах” (ангийн дайсан) уриа бүхий орилж чарласан тэргүүн өгүүллүүдийг орон даяар цацаж, ард түмнийг Маог дагаж, “соёлын хувьсгалын” өргөн, урьд байгаагүй хөдөлгөөнд нэгдэхийг сургамжлав.  Бид хэдийгээр сургууль руугаа урьдын адил очиж байсан боловч манай сургуульд зургаадугаар сараас эхлэн хичээл бүрэн хаагдав. Чанга яригчаар “Жэньминь жибаогийн” тэргүүн өгүүлэл, сонины бүх нэгдүгээр нүүрийг сүртэй уншиж, түүнийг бид өдөр болгон судалж, бүтэн хуудсыг бас Маогийн хөрөг эзлэх нь цөөнгүй байлаа. Өдөр бүр Маогийн хэлсэн үгийн эшлэл бүхий зурвас гардаг байлаа. Би одоо хүртэл ангид олон удаа давтсанаар толгойд хоногшсон лоозонгийн том үсгүүдийг санаж байна, тухайлбал, “Дарга Мао бол бидний сэтгэл зүрхний улаан наран”, “Мао Зэдуны сургаал бол манай амьдралын зам мөн”, “Бид дарга Маогийн бүх дайсныг бут ниргэнэ”, “Даян дэлхийн хүмүүс агуу их удирдагч дарга Маог хайрлаж байна” Дараа хуудас хуудсаар гадаадынхны сайн ерөөл дэвшүүлсэн сэтгэгдэл, Маогийн бүтээл рүү тэмүүлж байгаа европын олон хүний гэрэл зураг хөврөнө. Маог тахин шүтэхийг бататгахын тулд хятадуудын үндэстний бахархалд тулгуурласан байна.

Өдөрт сонин унших нь удалгүй “бяцхан улаан ном” гэж алдаршсан, улаан хуванцар хавтастай, халаасанд багтах бяцхан ботийн Дарга Маогийн эшлэлийг чанга уншиж, цээжлэх ажлаар солигдов. Хүн бүрт “эшлэлийн” хувийг тараан өгч, түүнийг “нүдний цөцгий мэт” ариглан гамнахыг тушаалаа. Бид өдөржин эшлэлийг хоолой нийлүүлэн аялгуулан уншдаг байлаа. Би одоо хүртэл тэдгээрээс олныг үгчлэн санаж байна.

Нэгэн удаа бид “Жэньминь жибао” сонинд нэгэн хөгшин тариачин өрөөнийхөө хананд Маогийн гучин хоёр дүрсийг өлгөөд “одоо хаашаа ч харсан нүдээ нээмэгц л Мао даргын дүрийг харж байна” гэсэн тухай уншсан юм. Бид бас ангийнхаа хананд Маогийн эелдгээр инээмсэглэсэн дүртэй зургийг наасан юм. Гэвч тун удалгүй түүнийг авах гэж яарсан юм. Үнэн хэрэгтээ тариачин эдгээр зургийг хананы цаасны оронд ашигласан, учир нь гэвэл Маогийн хөрөг сайн цаасан дээр хийгддэг, бас үнэгүй тараагдаж байсан гэсэн цуу үг тархсан. Тэмдэглэл бичсэн сурвалжлагчийг “Мао даргыг доромжлохыг” номлосон ангийн дайсан гэж илчилсэн мэтээр ярих болсон юм. Анх удаа миний оюун ухаанд Маогийн өмнө айх сэтгэл орж ирсэн юм.

“Үхрийн зах” болон манай сургуулийн аль алинд нь ажлын хэсэг ажиллаж байлаа. Энэ хэсэг зүрхээ чангалж байгаад сургуулийн хэд хэдэн шилдэг багшийг “хөрөнгөтний харгис нэр хүндтэй хүмүүс” гэж нэрлэжээ, гэвч үүнийг сурагчдаас нуусан юм. 1966 оны зургаан сард “соёлын хувьсгалын” долгионд сандарч, хохирол заавал байхыг мэдэрч, ажлын хэсэг гэнэт тэдний нэрийг бүх сургууль даяар зарлав.

Сурагчид болон буруушаагдаагүй багш нарт илчлэн няцаах зурагт хуудас, лоозон бичихийг тушаасан, энэ нь удалгүй сургуулийн бүх хашааг бүрхэв. Багш нар хэд хэдэн шалтгаанаар, тухайлбал, конформизм буюу олноо аялдан дагах, намын тушаалд дуулгавартай байх, бусад багш нарын нэр хүнд, эрх ямбанд атаархах, түүнчлэн айдас зэргээс идэвх гаргалаа.

Миний хятад хэл утга зохиолын багш, шүтэн дээдэлдэг Чи багш маань галд өртөв. Нэгэн том үсгийн сонин дазыбаод 1960-аад оны эхээр Чи багш “Их үсрэлт мандтугай” гэж хашгирснаар цатгалан болохгүй” гэж хэлж байсан гэж өгүүлжээ. “Их үсрэлт” өлсгөлөнд хүргэснийг мэдэхгүй болохоороо би түүнд хамаатуулсан үгийн утгыг ойлгосонгүй, гэхдээ түүний хүндэтгэлгүй хандаж байгааг мэдэрсэн юм.

Ямар нэгэн зүйл Чи багшийг орчин тойрныхонтой нь адилгүй болгож байлаа. Тэр үед би чухам юу гэдгийг тодорхойлж чадахгүй байсан, энэ бол егөөдөл байсан гэж би одоо боддог. Санаагаа гүйцэд хэлээгүйг нь гэрчилдэг инээх, хий ханиах хоёрын дундын нэгэн авиаг тэр олонтаа гаргадаг байсан юм. Миний тавьсан дараах асуудалд тэр бас тийм байдлаар хариулсан юм. Манай сурах бичигт тэр үеийн төв суртлын хэлтсийн дарга Лү Динь И-гийн “Их аяны тухай” дурдатгалын хэсэг байсан юм. Нарсан бамбар гэрэлтсэн цуваагаар уулын муруй тахир зөргөөр саргүй шөнө явж байгаа цэргүүдийг хурц тодоор дүрслэн бичсэн хэсэгт багш бидний анхаарлыг хандуулсан юм. Шөнө хүрэх газраа хүрээд цэргүүд “оройн хоолонд ямар нэгэн зүйл олж авахын тулд тавгаа барин гүйлдсэн.” Энэ өгүүлбэр миний гайхшралыг төрүүлсэн, учир нь гэвэл улаан армийн цэргүүдийг дандаа өгөөмөр хүмүүс, сүүлийн зүйлээ нөхөртөө өгөхийн тулд өөрөө өлсөж байдаг гэж дүрсэлдэг байсан юм. Тэд яагаад “олж авах” гэж зүтгэж байгааг төсөөлөхгүй байлаа. Үүнд хариулахыг би багшаас хүссэн юм. Тэр хагас ханиаж, хагас инээж, намайг хэзээ ч өлсөж байгаагүй юм байна гээд хурдан сэдвээ сольсон юм. Энэ нь миний итгэл үнэмшлийг төрүүлээгүй.



ЗЭРЛЭГ ХУН

“Хорьдугаар зууны Хятадын хар дарсан зүүд шиг амьдралын тухай миний уншсан бүхий л түүхүүдээс хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн, мөн хамгийн зүрх шимширмээр түүх нь Зэрлэг Хун болой. Зарим хэсэгтээ дорны аймшигт үлгэр шиг үйл явдал өрнөх боловч үндэслэл болоод даруу төлөв хүсэл тэмүүлэлтэйгээр ярьсан Юн Чан болон бусдын дурсамж нь алдаагүй юм.”                                           
КОЛИН ТУБРОН, Ажиглагч


“Зэрлэг хун бол маш онцгой бүтээл юм. Үүний тухай юм бүхэн гайхалтай. Уншилгүй орхих аргагүй учир алдартай бэстселлэр байгаад зогсохгүй хамгийн ноцтой шүүмжлэлийн анхааралд өртсөн ном юм. Энэ ном харуусал, айдас гэхчилэн бүхий л сэтгэл хөдлөлийг төдийгүй гунигтай харанхуйн зүрхэнд гэрэлтдэг оюун ухааныг харахад бахдал, цөхрөл, баяр хөөрийн цогц холимог гаргадаг.”      

МИНЕТ МАРРИН, Сандэй Телеграф


“Сэтгэл татам. Зэрлэг Хун бол даван туулж чадагсдын тухай бүх л гайхамшигт түүхүүдийн адилаар замдаа ямар ч аймшиг, гамшигтай тулгарсан ч эцэст нь сэтгэл санааг өөдрөг болгодог ном юм. Энэ бол энэ гэр бүлийнхний эр зориг, сэтгэл санаа бөгөөд (тохиолдсон аймшгийн тухай дурсамж маань арилахад удаан хугацаа шаардагдах ч гэсэн) надад төрсөн сэтгэгдэл хувиршгүй байх болно гэдэгт би итгэж байна.”

АНТОНИО ФРЭЗЕР, Таймс


“Ихээхэн ер бусын ном. Юн Чан бол бараг итгэмээргүй нарийн тооцоолсон өнгөөр дүрсэлж чаддаг сонгодог зохиолч юм.”

ПЕНЕЛОП ФИЦЖЕРАЛЬД, Лондон Ревью оф Бүүкс


“Зэрлэг Хун миний сэтгэлд бүтэн жилийн турш хадагдсан. Мартагдашгүй ном.”

МАЙКЛ ИГНАТИЕВ, Таймс Литерари Сапплмэнт


“Хамгийн ялагдашгүй, нэрд гарсан, гайхамшигтай түүх. Амьдралын бяцхан таашаал, заналхийлж байгаа аймшгийг бичих байдал нь Юн Чаны шударга, бас шогч егөөтэй байдлын үзүүлэлт төдийгүй, Зэрлэг Хунг сэтгэл татам болгож байгаа нэг хэсэг нь юм. Зэрлэг Хунг бэстселлэрийн жагсаалтыг дүүргэж байгаа бусад үлгэр домогтой харьцуулах нь түүний бодит, онц ноцтой сэдвийг гутаах мэт санагдаж болох боловч энэ номонд түүхийн сайн зохиомжийн таашаалыг санал болгоно.”

ЛЮСИ ХЮЗ-ХАЛЛЕТ, Индепендэнт


“Анхаарал татсан, хосгүй түүх. Орчин үеийн Хятадыг байгуулах, хүн төрөлхтөний дөрөвний нэгийн хувь заяан дахь дарангуйллын тогтолцоо, дайны үр нөлөөтэй тохирохгүй ойлголт, гэр бүлийн дурсамжийн үнэн, амьд түүхийг дүрсэлжээ.”

РИЧАРД ХЕЛЛЕР, Мэйл он Сандэй