Хөлбөмбөг бол шашин (Уругвай-1930)

Аваргын төлөө шалгаран үлдсэн Уругвай – Аргентины багийн тоглолт 1 цагаар хойшилсон нь шүүгчийн хуурамч үнэмлэхээр цэнгэлдэхэд орох гэж оролдсон 20 гаран балиашигаас болжээ. Тэдэнтэй хамт “жинхэнэ” шүүгч Жон Лангэнус цагдаагийн газар хоригдож байлаа. Зохион байгуулагчид яаралтай очиж шүүгчээ авчирсан юм. Мөн Лангэнус, хөлбөмбөгөөс болж бараг л дайны байдалд хүрсэн хоёр хөрш улсын хөгжөөн дэмжигчдээс айж, шүүгчид болон тэдний гэр бүлийг хамгаалалтанд авч, тоглолт дуусаад нэг цагийн дотор усан онгоцонд суулгаад Европ руу явуулна гэсэн амлалтаар тоглолтоо эхлүүлсэн гэдэг.

Италичуудын даалгавар (Франц-1938)

Италийн ерөнхий сайд, фашист Муссолини дасгалжуулагч, тамирчиддаа Дэлхийн аваргад заавал түрүүл гэсэн тушаал буулгажээ. Энэ ч ёсоор италичууд хоёр дахь титмээ өргөсөн юм. Үүнээс гадна Аргентин, Уругвайн цагаач тамирчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Шигшээ тоглолтын өмнө дасгалжуулагч Виторио Поццод “ялалт эсвэл үхэл” гэсэн цахилгаан ирж байлаа.

Гуталгүй тамирчид (Бразил-1950)

Азийн бүсээс оролцох болсон Энэтхэгийн шигшээ гуталгүй хөл нүцгэн учир ОУХБХ-ны дүрмийн дагуу тэмцээнээс хассан юм. Энэтхэгчүүд бид нар гутал өмсөхгүй гэж зохион байгуулагчидтай маргалдаж, гуталгүй хөлбөмбөг тоглоно хэмээн зүтгэжээ.

Ид шид (Швейцар-1954)

Хэсгийн тоглолтод тэр үеийн Дэлхийн шигшээ гэж нэрлэгддэг Унгар, Баруун Германыг 8:3-ийн харьцаагаар хожсон бөгөөд аваргын төлөө дахин тоглохоор болжээ. Мажаарууд Дэлхийн аварга болно гэж бүгд л бодож байлаа. Гэтэл 1954оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Бэрн хотноо 60 000 үзэгчийн өмнө ид шид тохиосон юм. Ердөө 6 болон 8 дахь минутанд мажаарууд 2 гоол оруулан болдог юм болдогоороо л явж байлаа. Харин тоглолтын өмнөхөн маш их устай бороо орсон нь германуудад ашигтайгаар эргэж, дараалсан 3 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаав. Дасгалжуулагч Зэпп Хэрбэргэр “Хэрвээ бороо орохын бол бидэнд хожих боломж гарч ирнэ” гэж шөнөжингөө тэнгэрийн хаяаг харсан гэдэг. 1954 оны Дэлхийн аваргаар Баруун Германы шигшээ Ади Дайслэрийн бүтээсэн “адидас” фирмийн доороо товруутай пүүз тэднийг Дэлхийн анхны аваргаа авахад тусалсан юм. Үүнээс хойш спортын стандарт хувцас хэрэглэл хүч түрэн орж ирсэн.

Сантьягогийн  тулаан (Чили-1962)

“В” хэсгийн хоёр дахь тоглолтод таарсан Итали-Чилийн шигшээ багуудын тоглолт хөлбөмбөгийн түүхнээ хараар бичигдэж “ирээдүй”-д цагаанаар дурсагдахаар тоглолт болжээ. Тоглолтын дундуур тамирчид нэг нэгнээ гэмтээхээр бүдүүлэг тоглолтыг хийж улмаар зодоон болж цагдаа нар 3 удаа талбайд гарч зохицуулжээ. Тоглолт дуусангуут хоёр багийн тамирчид дахин зодолдож эцэст нь хоёр өөр хаалгаар тамирчдыг гаргажээ. Гайхалтай нь тамирчдад ямар ч шийтгэл оногдуулаагүй юм. Дараа нь энэ тоглолтыг шүүсэн Английн Кэннэт Астон 1966 онд гэрлэн дохио хүлээж байхдаа энэ тоглолтыг дурсан санаж шар, улаан хуудас өгөх санаа олж, 1970 оноос хэрэгжиж эхэлжээ.

Чухал дүрэм (Чили-1962)

Энэ Дэлхийн аваргын үеэр ОУХБХ чухал хоёр дүрмийг гаргажээ. Нэгдүгээрт, өмнө нь хэсгийн тоглолтод оноо тэнцсэн тохиолдолд маргааш нь ахиж тоглодог байсан дүрмийг больж, бөмбөгний зөрүү тоолдог болсон. Хоёрдугаарт, аливаа нэг улсын шигшээд тоглосон тамирчид өөр улсын нэр дээр тоглохгүй байх дүрэм гаргасан нь Испани, Итали гэх мэт улсуудыг хүнд байдалд оруулж “Дэлхийн шигшээ”-г бүрдүүлдэг аргыг нь үгүй хийжээ.

Сугалаагаар бүхнийг... (Чили-1962)

Дэлхийн аваргын түүхэнд анх бөгөөд эцсийн удаа мэргэн бууч буюу шилдэг довтлогчийг сугалаагаар тодруулжээ. Зургаан тамирчин тус бүр 4 гоолыг оруулсан учир ОУХБХ, зохион байгуулагчид яахаа мэдэхгүй тээнэгэлзсэний эцэст сугалуулахаар болсон гэдэг. Бразилын Гарринча сугалаанд азтай байж мэргэн бууч болжээ. Гэхдээ Гарринча амьдрал дээр тийм ч азтай нэгэн байгаагүй юм. Ид гялалзаж байх үедээ маш их мөнгө олж байсан ч замбараагүй цацсан бөгөөд хөлбөмбөгөө тоглохоо болиход нь хэн ч түүнийг тоохоо больжээ. Эцэст нь мөнгө олохыг тулд сугалаанд ихээхэн мөнгө зарсан ч өмнөх шиг нь аз таараагүй юм.

Цом анх удаа хулгайлагдав (Англи-1966)

ОУХБХ-ноос англичуудад аваргын цомыг сурталчилгаанд ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд үзэсгэлэнд тавигдсан цом гуравдугаар сарын 20-ны өдөр хулгайлагдаж томоохон шуугиан дэгдэв. Маргааш нь 15 000 фунт стэрлинг өгөхгүй бол цомыг хайлуулна гэсэн захидал хүлээж аваад цагдаа нар ажилдаа оржээ. Цагдаа нар гэмт хэрэгтэнг барьсан ч цом нуусан газрыг нь хэлүүлж чадсангүй. Харин гуравдугаар сарын 25-нд Пиклс нэртэй нохой цомыг олсоноор хэрэг дуусчээ. Нохойны эзэн 6000 фунтээр шагнуулж Пиклсийн тухай кино, ТВ шоунууд гарах болж, “Оны шилдэг нохой” гэсэн шагналыг хүртжээ. Цомын хулгайч харьцангуй хөнгөн буюу хоёр жилийн ял авсан байна.

Үхэхдээ үхэр буугаа (Англи-1966)

Шигшээ тоглолтод таарсан Англи – Баруун Германы хүндхэн тоглолтыг шүүсэн захын шүүгч ЗХУ-ын Тофик Бахрамов, Жэфф Хөрстийн тоглолтын нэмэлт цагийн 100 дахь минутад орсон гоолыг тооцсон юм. Бахрамов хөндлөвч оноод шугамны дотор буусан гэж үзээд  гоол гэж тугаа дээшээ өргөсөн.  Гэтэл 1993 оны аравдугаар сарын 12-нд нас барахаасаа өмнө “Тэр бөмбөг шугамны цаана буугаагүй юм” гэж германуудын өмнө гэмээ хүлээжээ. Үүний дараа 1995 онд Оксфордын оюутнууд компьютэр ашиглан нарийн судалгаа хийж үнэхээр шугамыг гоол орох хэмжээнд хангалттай давж чадаагүй гэсэн дүн гаргажээ. Хоёр жилийн өмнө Английн хөгжөөн дэмжигчид Бахрамов 66 тоотой футболк өмсөн, Бахрамовын хүүтэй зургаа авахуулж түүнийг дурссан гэдэг.   

Анхны солилцоо (Мексик-1970)

Өмнө нь Дэлхийн аваргаар солилцооны тамирчин ордоггүй байсан гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байгаа биз. Дасгалжуулагч 11 тамирчнаа гаргасан бол гэмтэл авсан ч солилцоо оруулж болдоггүй хэцүү байв. Харин энэ тэмцээнээс хоёр тамирчин солилцоогоор оруулахыг зөвшөөрч хөлбөмбөгийн тактикт асар том дэвшил гарч, дасгалжуулагчдын үүрэг роль өндөр болж ирсэн юм.

Бараг л найраа... (Аргентин-1978)

Хэсгийн тоглолт дуусаад багууд дахин хэсэгт хуваагдан тоглоход Аргентины шигшээ Перугийн хүчирхэг багийг 6:0-ээр буулгаж авсан юм. Ингээд тэд бөмбөг тоолон Бразилийг ардаа орхиж аваргын төлөө тоглохоор шалгарсан түүхтэй. Аргентинчуудыг Перуд хахууль өгсөн, найрааны тоглолт болсон гэж одоог хүртэл ярьж, бүхэл бүтэн ном хүртэл гарч байлаа.  

Дүрэм (Испани-1982)

Бразилийн Жоао Авэланж 1974 онд ОУХБХ-ны ерөнхийлөгч болж, Дэлхийн хамгийн том баяр цэнгэлд 16 баг оролцох нь учир дутагдалтай хэмээн үзээд оролцох багийн тоог нэмэх санал тавьжээ. Шинэ ерөнхийлөгчийн санаа 1982 онд хэрэгжиж, үнэхээр оносон шийдвэр байсан нь батлагдсан юм. Мөн энэ онд урьдчилсан шатанд эзэн, зочин багийн дүрэм буюу одоогийн мөрдөгдөж буй дүрмээр тоглох болжээ. Талбайдаа гоол алдалгүй, эсрэг багийн талбай дээр гоолтой тэнцсэн нь дараагийн шатанд шалгарах болов.

Хуучин цом хулгайлагдав (Испани-1982)

1970 онд гурав дахь удаагаа түрүүлэн Алтан дагиныг үүрд хадгалах эрхтэй болсон Бразилчууд 1983 онд Рио дэ Жанэйрогоос цомоо хулгайд алджээ. Хуучин цагдаа, банкны ажилтан, зураач, алт мөнгөний наймаачингаас бүрдсэн 4 хүний баг хурууны хээ ч үлдээлгүй цомыг хулгайлжээ. Мэдээлэлд маш их мөнгө амалсаны хүчинд гурвыг нь барьсан ч, цом олдсонгүй. 3 жил мөрдсөний эцэст цомыг хайлуулан зарсан байна гэж цагдаагийн газраас зарлажээ. Гол гэмт хэрэгтэнг 1994 онд барьж 9 жилийн ял өгчээ. Бразил хүүхдүүд нэг бол хөлбөмбөгчин, нэг бол хулгайч болдог гэдэг ортой шүү.

Хар энергитэй тоглолт (АНУ-1994)

АНУ-Колумби хэсгийн хоёр дахь тоглолт. Колумбийн шигшээ багийн хагас хамгаалагч Габриэл Гомэст нэгэн хаяггүй захиа иржээ. Захиан дотор “Хэрвээ талбайд гарах юм бол гэр бүлийнхэнд чинь муу юм тохиолдоно шүү” гэсэн бичиг сумтай хамт ирсэн аж. Гомэс талбайд гарсангүй. Харин энэ тоглолтод АНУ-ын шигшээ 1:0-ээр хожиход Колумбийн хамгаалагч Эскобар өөрийн хаалганд авто гоол оруулжээ. 2005 оны долдугаар сарын 2-нд Мэдэльин хотод Эскобарыг, Умбэрто Муньос буудан хороож 43 жилийн ял сонсчээ. Шүүх хурал дээр Муньос ”Түүнийг муу тоглосных нь төлөө шийтгэсэн юм” гэж гудиггүй хариулжээ.

№ 23 (БНСУ, Япон-2002)

Зарим багууд Дэлхийн аваргад 2 хаалгачтай ирж байсан нь ОУХБХ-ноос 23 дахь тоглогчийг бий болгожээ. Хэрвээ нэг хаалгач гэмтэх эсвэл талбайгаас хөөгдсөн тохиолдолд нөөц хаалгачгүй болох магадлал өндөр болсон. Тиймээс заавал 3 хаалгачтай ирэх даалгавар багуудад өгч бүрэлдхүүн нь 23 болон нэмэгджээ.

Шүүгчдэд халтай жил (БНСУ, Япон-2002)

Энэ удаа ОУХБХ гуравдагч орны шүүгчдийг олон тоогоор оролцуулсан нь эцэс төгсгөлгүй маргааны эхлэлийг тавьжээ. Хөлбөмбөг гэдгийг бараг мэддэггүй Уганда, Нидерландын Антил, Зимбабвэ, Вануату, Антигуа Барбудагийн шүүгчид захын шүүгчээр ажиллаж “самарсандаа” харин ч нэг.

Байж боломгүй алдаа (Герман-2006)

Дэлхийн аварга байтугай хөлбөмбөгийн түүхэнд гарч байгаагүй алдааг Английн шүүгч Грэм Полл хийжээ. Хорват-Австралийн тоглолтыг шүүх үедээ Хорватын хамгаалагч Иосип Шимуничэд 61, 90, 93 дахь минутанд гурван шар хуудас өгсөн юм. ОУХБХ Англи Поллын энэ алдааг уучлалгүй олон жил дээд түвшний тоглолт шүүсэн хүнд байж боломгүй алдаа гэж үзээд насаар нь тоглолт шүүх эрхийг нь хасчээ.

Африк тивд анх удаагаа болох Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн Дэлхийн аваргыг угтан НЭПКО хэвлэлийн газраас гаргаж буй “Хөлбөмбөгийн Дэлхийн аварга 1930-2010” түүхэн зурагт альбом номны хэсгээс.