-Хөрөнгө орлогын мэдүүлгийн нээлттэй сонсголоор жараахайнуудыг авчирч бүлтэлзүүллээ. Томчууд нь хаачсан вэ гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү?

-Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаад гаргаж ирсэн нэр. УИХ, Хууль зүйн байнгын хорооноос мэдэж хэн нэгийг дуудах эрх байхгүй. Тэгэхээр энэ сонсголоор АТГ-ын ажил ямар байгааг харлаа. Сонин хэвлэлээр гараад байгаа том гэж яриад байгаа хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг ямар ч асуудалгүй юм уу. АТГ яагаад шалгадаггүй юм. Ил гаргаж, УИХ яагаад оруулж ирж чадахгүй байна гэх мэт асуудал хөндөгдөж байна. Гэхдээ АТГ-ын ажил руу өнгийж орохоос илүүтэй иргэдийн зүгээс гаргаад байгаа өргөдөл, гомдлыг  сайн бодох ёстой. Нээлттэй сонсголоор ярьж байгаа олон зүйл нь явж явж эргээд хууль дээр буудаг. Энэ нь УИХ хуулийг бодож, дараа нь гарах үр дагаврыг тооцож, боловсруулж, баталдаггүй юм байна гэдгийг харуулж байна. Нээлттэй сонсголоор олон нийтэд авилгатай тэмцэх нөхцөл байдал ямар байгааг шууд харах бололцоо олгож байгаа юм. Хөрөнгөө буруу мэдүүлсэн, шалгаж байгаа газар, хариуцлага тооцох ёстой албан тушаалтныг оруулж ирээд ярилцахаар хаанаа асуудал байна гэдгийг харлаа. Хууль байлаа ч хариуцлага тооцох сонирхолгүй учраас гууль болгодог. Хууль боловсруулдаг хүмүүс нь асуудлаа дутуу хардаг, хууль нь учир дутагдалтай байдаг. АТГ нь ажилласан болдог. Зөрчил гаргасан хүмүүс нь ичихгүй худал ярьж чаддаг юм байна гэдгийг харлаа. Одоо Хууль зүйн байнгын хороо хэн нь худлаа хэлээд байна гэдгийг нягтлан шалгах ёстой.

-Жараахайнууд гээд голоод байх юм. Гэтэл жараахайнууд их том болсон байна. Хөрөнгөө худал мэдүүлсэн албан тушаалтанд торгуулийн, сахилгын хариуцлага тооцоод өнгөрсөн байх юм. Авлигын эсрэг хуульд уг нь албан тушаалаас нь чөлөөлөх  гэж байгаа биз дээ?

-Жараахай гээд байгаа хүмүүс жирийн иргэдтэй харьцуулахад их л том байналээ. Авлигын эсрэг хуульд цалин хасах гэж байхгүй. Огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж л байгаа. Харин өөр хуульд байгаа учраас  хэрэглээд байна гэж албан тушаалтнууд ярьж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэл оноох үндэслэл болно гэхээс эрүүгийн хэрэг үйлдсэн нь ял шийтгэл оноосон ч болно, оноохгүй байсан ч болно гээгүй байх. Шүүгч нар хуулийн ийм утгатай заалтыг шууд тодорхой үйлчлэх ёстой гэж уншдаг, удирдах албан тушаалтнууд болохоор өөрийнхөөрөө тайлбарлаад уншчихаж болдог гэж бодоод байгаа нь тэдэнд хууль унших  өөр өөр нүдний шил байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь хуулиа уншиж байхад нөгөө хэсэг нь ашиг сонирхлоороо уншаад байна гэсэн үг.

-Хэн гэгч албан тушаалтан хөрөнгөө буруу мэдүүлсэн. Тэдэнд хариуцлага тооцохоос хэн гэгч сайд, дарга зайлсхийгээд байгааг харлаа. Одоо тэдэнд хариуцлага тооцож чадах уу. Ингээд л өнгөрөх үү?

-Чадахгүй бол УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл, хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг нь цаасан дээрх хоосон үг болж, хууль завхруулагчдад бууж өгсөн зүйл болох байх даа. Тэгүүл хууль тогтоогчид шударгаар уучлаарай Монгол Улсад Үндсэн хууль, бидний баталсан хууль тогтоомж үйлчилдэггүй, харин хэн нэгэн хүчтэй даргын ааш аяг, заавар, үг үйлчилдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм нөхцөлд УИХ гэж 76 хүн хууль тогтоогч болж тоглох хэрэггүй л байхгүй юу. УИХ нь парламент юм бол парламент шиг эрх мэдэлтэй, гаргасан шийдвэр нь шийдвэр шиг үйлчилдэг байх ёстой. Тийм болгохын төлөө санаачлаад хийж байгаа ажлын эхлэл нээлттэй сонсголууд. Татвар төлөгчдийн мөнгөөр эрх ашгийг нь хамгаалж ажиллана гээд төрийн албанд очсон албан тушаалтан зөвхөн  өөрийнхөө байгууллагадаа ажиллаж байгаа хүний төлөө ажилладаг. Тэдэндээ хүнлэг хандаж, өрөвдөн хайрлах тухай ярьж байна. Тэр байгууллага, ажилтнаас нь болоод хохирч байгаа иргэдийн эрх ашгийн төлөө хэн ч санаа зовохгүй байна. Тэд хувиараа төрийн байгууллага гэдэг компани байгуулаад тусгай эрх ашгийн төлөө зогсч байгаа юм шиг харагдаж байна лээ. Дарга нарынх нь хандлага буруу. Авлигыг хянах хамгийн том хэрэгсэл болох хөрөнгө орлогын мэдүүлэг аахар шаахар зүйл. Зөрчөө л биз дээ, сүртэй юм. Ар гэрийн гачигдалтай байсан. Анзааргагүй хандсан эсвэл мэдээгүй байсан одоо мэдлээ гэж байна. Уг нь мэдсэн байх ёстой хүмүүсийн ажилладаг газар төрийн алба байлтай.

-Авлигын эсрэг бүлэг байгуулаад нээлттэй сонсгол хийж албан тушаалтнуудыг дуудаж байцаалаа. Долдугаар сарын 1-ний үйл явдлаар нээлттэй сонсгол хийж эхэлсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор байна. Үнэнийг хэлээд, илчлээд ирэхээр дарамт, шахалт ямар нэг байдлаар ирж байна уу?

-Янз бүрийн нөлөөлөл байна. Барьж аваад боож унагаад цохичихгүй ч гэсэн сонин хэвлэлээр балбаад эхэлсэн. Хэн нэгнийг багалзуурдаж, хэвлэлээр балбадаг нь зарим улс төрчдийн ёс жудаг нь биз. Амьдралынхаа туршид эрх мэдэлтэй байж хяналтад орж  үзээгүй хүмүүс цочир бухимдуу байх шиг байна.

-Шүүх, эрх зүйн шинэчлэлийн талаар ярихаар Ц.Нямдорж сайд их бухимддаг. Үүнээс үүдэлтэй та хоёрын дунд зөрчил ажиглагддаг. Тэгэхээр сайдын зүгээс иймэрхүү дарамт ирүүлээд байна уу?

-Ц.Нямдорж сайдаас ирж байгаа эсэхийг мэдэхгүй. Надад мөрдөн шалгадаг эрх мэдэл, тааж мэддэг зөн билэг алга. Над руу хаягласан, Тэмүүжинг гутаагаад, муу хүн болгож харуулчих юмсан гэсэн  хэн нэгний захиалгатай чулуунууд ирж байна. Ний нуугүй хэлэхэд урдаас хараад сууж байгаа хүн үү, Түгжил шиг хажуу бөөрнөөс хутгалж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ууртай, дургүй байгаа эрх мэдэлтнүүдийн зүгээс хаягласан  нь ойлгомжтой чулуунууд ирж байна. Авлига, хээл хахууль гээд нийгэмд байгаа гажиг зүйлийг өөрчлөх гэж оролдохоор ийм хэмжээний эрсдэл ирнэ. Үүнийг хүлээх чадвартай байх ёстой гэж бодоод дуугүй явж байна. Эзнийг нь тодруулчихвал өөрсөдтэй нь ижил хар чулуу шидэж чадахгүй ч гэсэн гашуун үгээ хэлчихнэ.

-Ц.Нямдорж сайд өөрийгөө хамгийн сайн хууль гэж бодоод байгаа болохоор залуу гишүүдийн  саналыг хүлээн авч чаддаггүй . Дургүйг нь хүргэсэн нэгнийг нударгаар дарах санаатай байх шиг?

-Ер нь Ц.Нямдорж сайдыг сайн хуульч гэж боддоггүй. Зүгээр л социалист хуульч. Итгэсэн, чиглэсэн зүйлийнхээ төлөө шургуу, хатуу байр суурьтай явдаг нь сайн хуульч  мэт харагдуулж  магадгүй. Хуульч хүний хувьд надад юу бодогдож явдаг гэхээр хууль зүйн бодлого, салбарынх нь асуудал уначихсан, тодорхойгүй, болхи байхад сайд нь болоод байгаа. Өөрчлөх шаардлагагүй гэж хэлж байгаа нөхцөлд бодлогын зөрүү их байна гэж бодож байгаа. Нийгэм, ард иргэд шударга ёс, хууль зүйн салбарын шинэчлэл, хууль хууль шиг хэрэгждэг, хууль нь нийгэмдээ зохицсон ухаалаг байхыг үгүйлж байгаа нөхцөлд бодлогыг нь тодорхойлох зан чанар, сайд хийх боломж энэ хүнд алга. Муйхар, боловсролгүй, гөжүүд, болхи байдал нь нийгмийн хүлээж байгаа хүлээлтэд хариу өгөх чадваргүй байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр эрх мэдэл бөглөж суухаас илүүтэй чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгөөд өөрчлөлтийг нь хийлгэх хэрэгтэй. Миний шүүмжлэлд хувь хүн, ааш авирт нь хаяглагдсан зүйл бус бодлогын хэмжээнд байгаа.

-Цагдаагийн хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр эрхэм сайд шүүмжлэл хүлээж аваагүй. Үүнээс болж мөн л та хоёр ширүүхэн маргаад авсан. Асуудал болохоор маргадаг нь ямар нэг шалтгаантай юу?

-Цагдаагийн байгууллага хүний эрхийг эрхэмлэдэг, олон нийтэд хянагддаг, мэргэжлийн ур чадвартай байх ёстойн хувьд хэрхэн өөрчдөгдөж байгаа. Жирийн иргэдийн оролцоо, хяналт, орон нутгийн удирдлагын оролцоо, санхүүгийнх нь нөхцөл гээд тодорхойгүй олон асуудал байна. Цагдаагийн хуулийг цагдаагийнхан бариад гүйгээд байгааг би ойлгож байна. Гэхдээ цагдаагийн амбицаас илүүтэй иргэдийнх байх ёстой. Үүнийг тээж явах  Хууль зүйн сайд нь цагдаадаа үүрэг өгчихөөд өөрөө ялхаатлаа суугаад шинэтгэл хэрэггүй гэж хэлж болохгүй. Энэ мэтчилэн асуудалд бодлого байхгүй учраас Ц.Нямдорж гэдэг хүн сайд хийгээд, шинэчлэл хийгээд явах чадваргүй юм байна гэж бодсон. Харин улстөрчийнхөө хувь парламентад байх ёстой л хүн байх.

-Бухимдахаараа УИХ-ын гишүүнээ боож унагаад танхайрч болдог сайдтай болсон. Ийм хүнд ямар хариуцлага тооцох ёстой бэ. Хоёулаа төрийн түшээ болохоор намын асуудал болгоод өнгөрүүлдэг юм болов уу?

-УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн ингэж дарамталж байна гэдэг парламент Монголд ямар байгааг л харуулж байгаа юм. Хууль хууль шиг байж, улс төр нь эрүүл байсан бол УИХ-ын гишүүний өөдөөс Засгийн газрын гишүүн лонх шидэх биш харц нь арай доогуур байх байсан. Яагаад гэвэл хянагддаг, ажлаа тайлагнадаг учраас тэр. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ УИХ-ын гишүүнийг урдаа сөхрүүлээд өөрөө харц дээгүүр явж байна гэдэг эрүүл биш байгаагийн шинж. Хуулийг үйлчлүүл, хууль мөрд гээд Хууль зүйн яам, сайдтай байгаа. Гэтэл сайд нь өөрөө хуулиа уландаа гишгээд гэмт хэргийн шинжтэй танхай балмад авирлаад ирэхээр жирийн иргэдэд ямар шаардлага тавих вэ. Хэрэв улс төр жаахан ёс зүйтэй байсан бол сайд нь "Уучлаарай" гээд огцрох байсан. Ёс зүй байдаггүй юм гэхэд хууль нь гайгүй байсан бол парламентад сайдыг дуудаад асуудаг. "Та яагаад УИХ-ын гишүүний халдашгүй байдал, эрх чөлөөнд халдав. Танаас УИХ-ын гишүүний хувьд бус Засгийн газрын сайдын хувьд асууж байна" гээд Засгийн газрын танхимд байгаагийн хувьд ийм хариуцлагатай шүү гэх байсан. Одоо хууль ч тэр, ёс зүй нь ч тэр ажиллахгүй болохоор нөгөө гоё зөвшилцөл нь ажиллах байлгүй.

-УИХ-ын хуучин гишүүд нэлээд эрх дархтай байгаа нь ажиглагддаг. Үүний нэг  жишээ нь хуучууд залуу, сүүлд орж ирсэн гишүүдийг  "Чи дуугүй бай", "гөлөг" гэх мэтээр хэл амаар доромжилдог. Энэ байдал өнөөдөр ч байсаар байна уу?

-УИХ-д орж ирээд үүнийг шүүмжилж  хэлээд жаахан чичлүүлсэн. Уг нь 76-гийн нэг болчихлоо гээд ороод ирсэн чинь шийдвэр гаргалтад оролцож чаддаггүй. Дуу хоолой хүрдэггүй. Тиймээс дүрмээ шударга болгоё, гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиа өөрчилье, УИХ парламент шиг байя гэсэн чинь Ц.Нямдорж сайд намайг "гөлөг" гэсэн. Тэгэхээр нь "Би төлөг бол та нас гүйцсэн нохой болох уу" гэж асуусан. Энэ нь хувь хүний хэрүүл гэхээсээ  бодлогынх байсан. УИХ-ын архаг, хуучин гишүүд эрх мэдлээ алдахыг хүсээгүй. Ийм бодол  нь Нямдоржийн үгээр илэрсэн. Уул нь УИХ-д ажил явдаг, улс төр нь эрүүл, бодлоготой, гишүүд нь дотроо ялгаварлалгүй адил эрх мэдэлтэй, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, ил тод байя гэж бодож л хэлсэн юм. Дээр нь УИХ нь УИХ шиг байя. Ард түмний төлөөллийн байгууллага нь өөрөө итгэл үнэмшлээ алдаад ирвэл ардчилал дампуурна гэж болгоомжилсон юм. Миний хувьд залуу, хөгшин гэдэгт асуудал байгаа биш. Нямдорж гишүүн надтай маргахдаа "УИХ-д гудамжнаас орж ирчихээд" гэж  хэлж байсан. Тэгэхээр мань нөхөр УИХ-д хэнийг оруулах, оруулахгүйгээ шийдчих гээд, бас УИХ-д төрөөс, гудамжнаас гэж орж ирсэн гэх хоёр ангилал байх шиг байна лээ. Бүхнийг би шийднэ, би мэднэ гэж боддог бол тэр үе өнгөрсөн. Тэрийгээ мэдрэхгүй байгаа юм байна гэж харсан.

-УИХ-д суусан хүмүүсийн  бизнес, амьжиргаа дээшилдэг гэсэн ойлголт нэгэнт тогтсон. Сүүлийн үеийн мэдээллийг хараад байхад та хаммер жийп хөлөглөөд, хауст тухлаад байгаа гэх юм. Энэ өөрчлөлт үнэхээр гарсан уу?

-Амны билгээс ашдын билэг гэж. Хаммер жийптэй болчих ч юм билүү. Гэхдээ бензинийг нь дийлэхгүй балрах байх л даа. Манай эхнэр хүүхдүүд "тэр яриад байгаа хауст нь амьдардаггүй юмаа гэхэд ороод үзчих юмсан" гээд инээж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлгээс  хаана юунд амьдарч, ямар машин унаж байгааг минь харах биз. Нийтийн орон сууц, хуучин япон машин минь байж л байгаа. Хүмүүсийг шүүмжилж, болохгүй бүтэхгүйг нь уудалж байгаа  болохоор би өөрөө цэвэр байж, алдаа гаргахгүй байх ёстой юм байна. Тэгэхгүй бол цагдаа, шүүх гээд эрх мэдэлтэй байгаа хүмүүстэй нэлээд зөрчилдөх нь.

-Эрүүгийн нөхцөл байдал хүндэрлээ гэдгийг цагдаагийн байгууллага хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймаг, нийслэлд онц ноцтой хэргүүд гарсан ч илрээгүй байна. Ийм үед Хууль зүйн сайд үүрэг өгч, цагдаагийн байгууллагыг удирдлагаар хангаад ажиллах ёстой биш үү?

-Монголд Хууль зүйн сайд байхгүй. Дотоод хэргийн сайд л гэж байгаа. Хууль зүйн салбар эзэнгүй болсон. Үүнийг анхаардаг сайд, бодлого нь байхгүй болсон. Ийм байгаа болохоор хууль зүйн бодлогыг тээж явдаг сайд нь үхмэл байна. Ц.Нямдорж сайд  дотоод хэргийн сайдаа болиод Хууль зүйн сайдаа хийгээсэй гэж хүсч байна. Дотоод хэрэг гэдэг бараг социализмын үеийн ойлголт. Дотоодын дайсан гэж иргэдээсээ хайж бий бий болгоод цагдаж мөрдөхийн тулд ажиллагаа явуулдаг юм. Мань нөхөр дотоодын дайснаа нам дотроосоо ч олоод байгаа биз дээ.

-УИХ-д орж ирэхээсээ өмнө та гаднаас нь нэлээд шүүмжилдэг байсан. Дотор нь орж ирээд энэ бодол чинь хэр өөрчлөгдөв?

-Гадна байсан итгэл үнэмшил улам хатуу болж байна. Дотор нь орж ирээд томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлнэ гэж бодсон. Гэхдээ цөөнгүй дэвшилттэй асуудлыг амжуулж байна. Ганц Тэмүүжин хийгээд байгаа юм биш. 76 гишүүн чинь бүгдээрээ муу биш шүү дээ. Эрүүл зөв бодолтой, асуудлыг эерэгээр шийдчих юмсан, өөрчлөлт хийчих юмсан гэсэн хүсэл зоригтой хүмүүс дэмжиж, хамтарч ажиллаж байгаа болохоор нэлээд зүйлийг явуулж байна. Хүн өөрөө хийх ёстой гээд зүтгээд байвал болж бүтэх гарц олдож л байна. Хүмүүс надад хэлдэг. УИХ-д ороод цаад хэд шигээ заваан болчихов доо гэдэг. Иргэд ийм л ойлголттой байна. Улс төрийг заваан бохир гэдэг талаас нь хархаасаа илүү бид улс оронд өөрчлөлт авчирч чадах зүйл гэдэг талаас нь бас харах ёстой. Энэ талаас нь өөдрөгөөр харж байгаа болохоор өөрчлөх зүйл их байна л гэж бодож байгаа ш дээ. Гэхдээ туулах зам, учрах бэрхшээл их байгаа гэдгийг мэдэж байгаа.