Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 3D технологиор  ӨАБНУ-аас дэлхий дахинаа шууд дамжуулж эхэллээ. “Шидэт” гэгддэг технологийн энэхүү дэвшлийг Тэнгис, Skytel, BNCA ХХК, Desoft студи хамтран монголчууддаа толилуулж байна. Хиймэл дагуулаас өндөр нууцлалтайгаар цацах гурван хэмжээст долгионыг хүлээн авах эрхийг эдгээр компаниуд Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтэд үзүүлэх эрхийг албан ёсоор худалдан аваад буй бөгөөд энэ эрхийг Азид хоёрхон улс авсны нэг нь манайх юм.
Технологийн дэвшилд тулгуурласан энэхүү туршилтын цацалтыг Sony компани анх удаа хийж буй бөгөөд өнөөдрийн гурав дахь тоглолт буюу Улаанбаатарын цагаар шөнийн 02:30 цагт болох Испани-Гондурасын тоглолтыг ESPN-ын бэлтгэснээр хүн төрөлхтөн уг технологиор нэгэн зэрэг үзнэ. Тэнгис кино театрт суурилуулсан Германы Kinoton фирмийн 3d digital cinema төхөөрөмжийг тусламжтайгаар “амьдаар нь” үзэх боломжийг монголын хөлбөмбөгийн фанатууддаа олгож байна. Цаашид хамгийн сонирхолтой тоглолтуудыг энэ технологиор шууд дамжуулах бөгөөд шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг 3D-гээр үзэх боломжийг ОУХБХ-ноос дэлхий нийтэд санал болгоод байгаа.
Тоглолтуудыг хуваарийн дагуу шууд үзүүлэх бөгөөд хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа тайлбарлан хүргэх юм. 3D технологийн дамжуулалтын Тэнгис кино театраар үзүүлэх тасалбарын үнэ тоглолтоосоо хамааран 10,000-20,000 төгрөг байж аж.