БИД ба ТЭД бас ЭНЭ ба ТЭР

үргэлжлэл

9. Хавтгай ба хавтгай дэлхий     
                
Эхлээд хүн төрөлхтөнд дэлхий байсангүй. Дараа нь бид хавтгай дэлхийтэй болсон. Төдөлгүй түүнийгээ бөөрөнхий болгосон. Одоо дэлхий эргээд хавтгай болж байгаа гэдэг. Тэгэхээр удахгүй бүр байхгүй болох биз. Дэлхийг хавтгайлж байгаа үндэстний нэг нь энэтхэгчүүд. Энэ тухай Томас Л.Фрийдманы номоос уншсан. Гэвч надад “чи бөөрөнхий бас тэгээд эргэдэг гэл үү?” гэж бөмбөрцгийг хавтайтал нь дэвсэлж байгаа улсыг нь харах боломж олдсонгүй. Харамсалтай. Харин Делигээс тал тал тийш тавьж байгаа давхар давхар замууд, данхайтал ачаа ачсан том тэрэгний үл тасрах цуваа нэгийг хэлнэ. Тун удахгүй энэ улс дэлхийн эдийн засагт нөлөөтэй болох байх. Хятадтай эдийн засгийн хувьд илүү их ойртож байгаа нь Дели-Бээжингийн шууд нислэгийн билээт олдохгүй байгаагаар тайлбарлагдана. Дели Энэтхэгийн нийслэл боловч эдийн засгийн төв нь Мумбай.



    Гэвч бас зай байнаа. Үүнийг хөдөлмөрийн хуваарь, ажиллаж байгаа байдал, хэрэглээ зэргээс нь харж болно. Аливаа мэргэжил, мэргэшил шаардсан ажлыг голдуу эрчүүд нь хийнэ. Үсчин, гуталчин, тогооч, жолооч, худалдагч нар нь бүгд эрчүүд. Эмэгтэйчүүдэд ажлын фронт бий, тэр нь барилга. Ямар ч зам барилга дээр нүсэр техник бараг харагдахгүй. Мэдээж шавар зуурагч энэ тэрхэн бий л дээ. Хүн төрөлхтөн караан гэж зүйл бүтээснийг огт мэдээгүй байх гэмээр. Толгой дээрээ долоон тоосго тавьсан бүсгүй залхуутай нь аргагүй ганц нэг алхана. Дөрвөн сайхан эр дундаа нэг жижиг тэрэг, ганц хүрзтэй шороо зөөж байхыг харлаа. Нэг нь лав дарга байх. Харин нэг нь хүрзний ишнээс атгаад нөгөө нь хүрзэнд уясан оосроос татан шороо хутгах аж. Ингээд зэрэг өргөн тэрэгний тэвшинд шороо хийнэ. Ярихад ч залхуу хүрмээр.
    Зах зээл хөгжихөд хэрэглээ хамгаас чухал. Гэтэл энэтхэгчүүдийн хэрэгцээ тун даруухан. Байр сууц гээд сүртэй юм хэрэггүй. Хувцас хунар нь ч ялгаагүй. Гол нь тэд ясны залхуу зантай байх. Ийм нэг түүх сонссон. Энэтхэг дэх Монголын элчинд олон жил цэцэрлэгч хийсэн нэг хүн байжээ. Манайхан идэвх зүтгэлийг нь үнэлээд цалинг нь 100 рупигээр нэмсний маргаашаас цэцэрлэгч ажилдаа ирсэнгүй, харин өөр хүн цэцэрлэгийг нь янзлах болж. Шинэ хүнээс учрыг нь асуувал нөгөө нөхөр мань эрийг хөлслөөд өөрийнхөө оронд ажиллуулж байсан гэдэг. За нэг иймэрхүү л сэтгэхүйтэй улс.
    Энэтхэгт хамгийн давгүй бизнэс нь цай зарах. Аяга цай ч байсан тусад нь чанаж өгнө. Монгол ухаанаар бол нэгмөсөн хэдэн битаанаар нь чанаад халуун саванд хийчихээд аягалж зогсмоор. Гэтэл үгүй, аяга цай бүрийг буцалган идээшүүлж, сүлээд аягалж өгнө. Зугаатай ч юм шиг. Цай зарж зогсоо эр нэлээд ажил хэрэгч төрхтэй. Энэтхэгт түмэн янзын төрхтэй таарна. Сүсгээсээ өөр өмчгүй бадарчингаас аваад дэлхийн номер нэг баян хүртэл бий. Дэлхийгээр нэг тарсан энэтхэгчүүд нутагтаа байдаг шигээ залхуу улс биш. Харин эх нутагт нь дэлхийн “хэлбэр дүрс” хэрхэн хувирч байгааг тоож сонирхдог хүн ховор ч юм шиг.

10. Жуулчин ба сүсэгтэн

Энэтхэг, Америк хоёрыг заавал үзэх хэрэгтэй гэдэг. Маклеодганж жуулчин татах юм ихтэй. Байгаль нь сэтгэл татам. Химлайн уулсын өмнөд үзүүр болох Дауладарын нурууны ноён оргил нь 5639 метр. Нэрийг нь орчуулбал “цаст хайрхан” болно. Дарамсала ер нь уулархаг газар. Энд нэг бол өгсөнө эсвэл уруудна. Тэгш газар гэж үгүй. Жижигхэн боловч үзэсгэлэнтэй цөөрөм бас хүрхрээ ч байгаа. Уулын цэнгэг булаг хаа сайгүй. Үзэх харах юм мундахгүй. Энэ ертөнцийн олон мянган хүний итгэл найдварын амьд бэлгэдэл болсон Далай ламыг зоригсод татрахгүй.
Маклеодганжид ирэгсдийн ихэнх нь сүсэгтэн. Зарим жуулчид эндхийн аж амьдрал, байгалийн сонин сайхныг үзэхээр ирдэг аж. Монголчуудын хувьд бол цэвэр “бурханы орон”. Энд IX Богд аж төрөн суугаа. Манайханд их талтай, монголчууд ч сүйд болно. Ренбүчи нар ч олон. Нэрийг нь жагсаавал нэлээд урт жагсаалт гарах биз. “Далай багшийн эмч” гэх өргөмжлөлтэй төвд эмч бий. Судас бариад л хамаг оношийг хэлдэг гэх ба үнэ төлбөргүй үзнэ. Харин хажууд нь байх эмийн сангаас бичиж өгсөн жороор нь эм авах учиртай. Үздэг хардаг, барьдаг илдэг улс ч байх. Төвдийн уламжлалт анагаах ухааны том эмнэлэг ч бий. Манайхан “сүн чэ”-нийхээ зай заваар эдгээр газруудаар заавал орно.
Далай ламыг лекц унших үеэр жуулчны тоо эрс нэмэгддэг бололтой. Миний буусан зочид буудлын эзэн дараагийн лекцэнд ирэх үү гэж асуусан. Харин лекцийн үеэр ирсэн сүсэгтэн газар оронтой танилцаад байх боломж багатай. Далай багшийн өмнө “үүрэглэж суусаар” хамаг цагаа өнгөрөөнө. Үлдсэн цагт нь дэлгүүр хэснэ. Өвөл болоод ч тэр үү, Маклеодганж 18 цагаас хойш үндсэндээ унтахаар зэхнэ. Манайхан ум хумгүй хэдэн газраар ороод буудлаа чиглэхээс өөр аргагүй. Гэхдээ жуулчны хот юм хойно баар, ресторан зөндөө. “Бүсгүй хүн бүтэн биеийн массаж хийнэ. Дотроос илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу” гэсэн тодотголтой салоон нэгийн зэрэг бий. Хажууханд нь ДОХ-ын эсрэг сурталчилгааны төв бүхий эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар харагдсан.
Мөн элдэв шидийн ёог, бяслгалын газрууд элбэг. Манайхны сайн мэддэг “Амьдрах ухаан”-ыг энд ч бас заадаг аж. Хэдхэн өдрийн дотор хинди хэл сургах дамжаатай зэрэгцээд хоромхон зуур “нирваан”-д хүргэх бэлдмэл ч байгаа. Жуулчин хүн хэдэн өдөр дотор амжуулаад үзмээр зүйл тун олон. Хурд нь сайнгүй ч интернэт кафе хаа сайгүй. Алхам тутамд олон улсын ярианы цэг бий. Бас олон улсын мөнгө гуйвуулгын “Moneygram”, “Westernunion”-ны салбарууд ч зөндөө. Энэ сувгаар л дэлхийн өнцөг булан бүрээс цагаач төвдүүдэд мөнгө цутгадаг байх. Доод Дарамсалагийн “Канграгийн эртний урлагийн музей” үзмэр багатай ч ороод гарахад гэмгүй газар. Маклеодганжийн ойр байх Дармакот, Багсу аль аль нь жуулчны нэгэн дүүрэг болохоор ид бүтээж босгож байна. Тэнд Кришнагийн хөөрхөн сүм байх агаад хүсвэл хажуу дахь задгай бассэйнд нь сэлсэн ч болохоор. Мөнгөтэй  бол энэ хооронд таксидаад л байна. Харин энэ уулын амуудыг өгсөж уруудан алхана гэдэг овоо ажил шүү. Дарамсалад Далай багш маань суудаг ч гэлээ хэний ч нүдэнд жуулчны хот гэдгээрээ илүү тод буух бизээ.