Манай орон ч уудам дэлгэр юм байгаа. Ма­найхан ч одоо ид хөдөө гадаа аялан яваа. Нэгэн үзээгүй орон уул өмнө тохиох дор "Энэ юу гэдэг газар, уул, гол вэ?" гэцгээ­дэг.

-Аа энэ Баянхайрхан гэдэг уул юм аа гэх жи­шээтэй. Яагаад тэгэх бо­лов гэж ихэнх сониуч мон­голчууд цааш лавлах нь олонтаа. Эндээс эхлээд уул усны янз бүрийн домгуудыг мэддэг нэг нь өгүүлэх биз ээ. "Тэрхийн цагаан нуур"-ын тэр их цагаан нуур гэсэн домгийг сонсож ханаад цааш за­маа хөөнө. Уул усны нэр ба түүний талаарх домог яриа дууссан бол үүнийг цааш ургуулан бодолгүй ухвар дуусдаг. Их л сайн­даа хэзээнээс тэгдэг бол­сон юм гэсэн асуулт зал­гах боловч "Бүүр дээр үед энүүгээр Чингэс хаан явж байхдаа..." гэдэг үгийг сонсоод өнө мөнхийн нэр мэт сэтгэгдэл толгойд буудаг.

Хэрэв Чингэс хааны үед  нэр усгүй байсан голыг Арбулаг гэх болсон бол энэ булаг урсаж эх­лээд ердөө 800 гаран жил болж буй эсвэл нэрийг нь өөрчилсөн болж таараад байна.

Гэтэл хүний түүхэнд түүнээс өмнө нэр устай болчихсон гол ус төдий­гүй хот балгад өчнөөн байх агаад одоо ч тэр хэвээрээ. Энэ чиглэлийн судлаач нарын тэмдэг­лэлд юу гэж тусгасныг харж амжсангүй. Хар ухаа­наар бодоход али­ваа түүхэн үйл явдлын дараа газар усны нэр байнга өөрчлөгдөж бай­сан юм шиг. Чингэсийн байлдан дагуулалтын да­раа Оросын уудам нутаг дахь олон газрын нэр томьёо монголоор дуу­дагдах болсон байж мэ­дэх. Наад захын жишээ гэхэд Кремль, Арбатын гудамж, Саратов, Тюмень гээд хөвөрдөг. Манай улсын хувьд ардын хувьсгалын анхны өдөр Хиагтын нэгэн дүүргийг Алтан­булаг гэхээс эхлээд мөн ч олон шинэ нэр то­мьёотой бол­жээ.

Атар газар эзэмших хөдөл­гөөний явцад Атар, Нөхөрлөл, Октябрь, За­луучууд гээд зөндөө олон шинэ сууринд нэр оноов.

Төв аймгийн Цээл, Уг­таалцайдам сумдын дунд давдаг нэгэн давааны домог бий. 1960 оноос өмнө Харчулуутын даваа гэдэг байсан тэр хөтлөөр анх атарчин Аадгай гэдэг хүн техникээр давж газар товчилсноос хойш шинэ түүхэнд "Айдгайн даваа" гэх болсон юм.

Тэр нь одоо орон нутгийн  газ­рын зураг дээр ийн тэм­дэглэгдсэн байдаг боловч улсын хэмжээний зураг дээр арай өөр нэртэй харагдсан. Энэ мэтчилэн газар нутгийн нэр байнга өөрчлөгдсөөр иржээ.

Одоо Баян-Өлгий айм­гийн нутаг усны нэрс маш их казахжиж байна. Гэх­дээ нэр усны өөрчлөлт социализмын үед ха­маа­гаа алдаж бүхнийг бал­луурдаад хаячихсан юм биш. Дундад зууны нүү­дэлчид эргэх дөрвөн цагт бэлчээрийг сонгон явах замдаа нэг нэрийг хэд хэдэн газар давхар­дуу­лан өгөөд байсан байх. Нэгэн цээлийн хөн­дийд зусаж байснаа хэсэг яваад буудаллатал мөн ноднин зусч байсан цээ­лийн хөндийтэй төстэй болохоор нь өвөр цээл гэдэг ч юм уу. Энэ мэтээр ижил төстэй нэрүүд ол­ноор үүссэн байж болох талтай. Хүн байнга ор­шин суудаггүй болон оновчгүй, эсвэл Батаа, Болдоо гэдэг шиг түгээ­мэл нэр өгсөн газрууд тэгсгээд удалгүй өөрч­лөгд­сөөр байсан болол­той. Энэ нь яваандаа хо­жим түүхэн үйл явдлыг нэхэн хөөхөд ихэд хүнд­рэл учруулж  олон эргэл­зээг бий болгодог. Өнөө хэр нь Чингэс хааны төр­сөн буурь, Нууц товчоон дээр гардаг газар усны нэрний маргаан дуусах­гүй байна. Энэ бол захын жишээ.

Тэгэхлээр энд нэг са­нал байгаа юм л даа. Одоо бид аливаа нэг юманд хэт туйлшрахаа больж байгаа сайхан цаг дор газар усныхаа нэ­рийг зөв тогтоож албан ёсоор баталгаажуулах тийм хууль ч юм уу хө­дөлгөөн өрнүүлж бол­моор байна. Орон нутаг дахь иргэдийн төлөөлөгч­дийн хурал дээр нөгөө хорин хэдэн төлөөлөгч маань тойрч суугаад энэ уул ийм нэртэй одоо да­хиж өөрчлөхгүй гэсэн нэгд­сэн саналд хүрэх мөн дээш нь уламжилж батал­гаажуулах гойд сонир­холтой ажлыг хийвэл ямар вэ?

Их сонин юм тохиолд­дог. Орхон Сэлэнгэ гэх мэт томоохон голоос бусад хэд хэдэн сум аймаг дам­насан зарим  голууд нутаг нутагтаа өөр өөрөөр дуу­дагддаг.

Хот хөдөөгийн шил­жилт ихэссэнээс бо­лоод зарим гуу жалга өвөлжөө эзгүйрч дараа­гийн хүмүүс ирээд шинэ нэршилтэй болчихдог. Саяхан "Талын гуу" нэр­тэй газар одоо "Мөнхөө­гийн гуу" гэх энүүхэнд. Томоохон уул нуруудаас бусад огт нэр усгүй газар бол их бий. Тийм газарт хаана ч давтагдашгүй содон нэр өгөх уралдаан зарласан ч болохгүй юм алга.

Өнөөдөр хувийн ком­па­ниудад давхардсан нэр олгохгүй байх дүрэм үйлчилдэг. Харин дав­хард­сан нэртэй орон нут­гийн нэрийг яах вэ гэдэг асуудал бас байна. Ту­хайлбал Жаргалант, Бул­ган нэртэй засаг захир­гааны нэгж бараг аймаг бүрт байх юм. Монгол хэл баян атлаа яагаад нэг нэрэн дээр овоорчихов. Одоо яах вэ. Нэр усыг хуульчилж, тэр хавьд нь ачаад явчихгүйг нь бо­долцож  замын хажууд хүн чулуу босгон нэрийг нь дээр нь кирилл үсгээр сийлж өгмөөр бай­на. Тэ­гэх­гүй бол Гадаа­дын уул уурхайн олон компаниуд овоо толгод бүрийг харь үгээр юм уу эсвэл дугаарлаж, хэний ч биш нутаг болгох нь. Ха­рин хаа очиж ма­най уул усны нэр томьёоны түү­хэнд  эртний харь орны угшилтай үг байхгүй юм билээ.

Зарим томоохон уул ус түрэг гаралтай гэх төдий л зүйл сонссон. Тэгэхээр аль болох бүр Чингэсээс өм­нө юу гэж нэрлэж байс­ныг түүхээс  ухаж төнхөөд олоод гар­гаад ирвэл нэн сайнсан.

Нийслэл Улаанбаа­тар хотын хувьд маш их нэрний бөөгнөрөл үүс­сэн. 300-400 жил болж байгаа хот гэхэд ихэнх нэрс бараг надтай чацуу нь ичгэвтэр. Ядахнаа тэр хороо хориныг дугаар­лалгүйгээр Гандангийн, Шархадны, Амгалангийн хороо гээд олонд танил болсон үгээр нь нэрлэ­чихэж яагаад болдоггүй юм бэ?

Аливаа нэр ус их утга учиртай, цаанаа бод­логын олон ач холбогдол дагалддаг, анзаарахгүй байхын аргагүй сэдэв юм. Оюу толгой, Эрдэнэт, Ганц­­ худаг, Авдрант хэ­мээн нэрлэсний учир юун. Олон улс орон дайн, ко­лоничлол, үзэл суртлын хүлээснээсээ салаад юу­ны түрүүн өөрийн уугуул нэр усаа буцаах ханд­лагатай болсон. Энэ жиш­гийг дагах юм бол  Улаанбаатараас эхлээд Улаангом[?], Чойбал­сан­гийн нэрс ч хуучнаараа дуудагдах учиртай.