Саяхан 2025 оны 9- р сарын 3- ны өдөр Хятад улс дэлхийн хоёрдугаар дайнд фашизмыг ялсны 80 жилийг ойг тун их сүржин тэмдэглэлээ. Орчин үеийн Хятад улс бол дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа хоёрт, цэргийн хүчин чадлаараа гуравт ордог хүчирхэг гүрэн болжээ.

Хятадын удирдагч Си Жипин энэ оны тавдугаар сард Оросын Москва хотод ялалтын баярт явахынхаа өмнө “Хятад болон Зөвлөлт Холбоот Улс хоёр ази болоневропт болсон дэлхийн хоёрдугаар дайнд гол үүрэг гүйцэтгэсэн. Хятад болон Зөвлөлт улс японы милитаризм ба немцийн нацизмыг эсэргүүцэх дайнд шийдвэрлэх гол хувь нэмэр оруулсан” хэмээн мэдэгдэж байв.  Энэ бол хэт нэг талыг барьсан өрөөсгөл буруу мэдэгдэл юм. 

Хятадын удирдагч саяхан болсон ялалтын 80 жилийн ойн баяр дээр хэлсэн үгэндээ дэлхийн хоёрдугаар дайн болон Хятадыг Японы милитаризмаас чөлөөлөхөд оролцсон АНУ, Британи, Монгол зэрэг улсыг огт дурдсангүй. Дэлхийн хоёрдугаар дайнд германий нацизм, японы милитаризмыг ялахад АНУ, Их Британи, Зөвлөлт Холбоот улс гурав хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ түүхийн үнэнийг хэн ч няцааж чадахгүй. 

1945 оны наймдугаар сарын 8-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс Японд дайн зарлаж, наймдугаар сарын 9-ний шөнийн 24 цагт Зөвлөлтийн улаан армийн Алс Дорнодын I, II фронт, Өвөр Байгалын фронт, Номхон далайн флот, Амурын флотилын хүчээр Манжуур болон Солонгосын хойг руу дайрлаа. Зөвлөлтийн армийн нийт бие бүрэлдэхүүн 1 сая 685 500 цэрэг, 5 250 танк, 5 200 нисэх онгоцтой байхад , Манжуур дахь японы Квантуны арми 1 сая цэрэг, 1 200 танк, 1 900 нисэх онгоцтой байв. Маргааш өдөр нь нь БНМАУ  Японы эсрэг дайн зарлав. 

Хятад дахь Манжуурын байлдаанд Зөвлөлтийн талаас 8 200 цэрэг амиа алдсан бол Японы талаас  83 200 цэрэг амиа алдаж алдаж нийт 594 мянган япон цэрэг олзлогджээ. Манжуурын дайнд Японы цэргүүд америкийн цэргийн эсрэг Номхон далайд байлдсан шиг хүчтэй эсэргүүцэл үзүүлж ширүүн дайн хийгээгүй юм. Хэрэв тийм дайн хийсэн бол Зөвлөлт, монголын цэргүүд их хохирол үзэх байлаа. Японы цэргийн удирдлага Зөвлөлт Холбоот улс Манжуур руу дайралт хийснээс хойш  4 хоногийн дараа япон цэргүүдэд бууж өгөх тушаал өгсөн байлаа.

Монголын арми энэ дайнд маршал Малиновскийн командалсан Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүн дотор “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг” нэртэйгээр оролцож Хянганы нурууг даван урагш 960 километр урт хоёр чиглэлээр давшиж хятадын Жэхэ, Долнуур хот хүрчээ. Бараг хятадын Цагаан хэрэмд тулсан юм. Энэхүү чөлөөлөх дайнд Монгол улсын 21 мянга гаруй цэрэг оролцов.Наймдугаар сарын аагим халуун, усгүй цөл дундуур Их говийг танк, авто хөсгөөр богино хугацаанд гатлах бололцоогүй тул монголын морь, тэмээг зүтгэх хүчнээр ашиглав. Энэхүү чөлөөлөх дайнд говь хянганы үлэмж урт замд нэгэнт туулах чадвар мөхөс болсон зөвлөлтийн цэргийн хүнд техникийг маш яаралтай хугацаанд ердийн хөсгөөр чирэн Цагаан хэрэм хүргэх үүргийг монголын цэргүүд амжилттай гүйцэтгэв. 

Зүүн хойд хятадыг чөлөөлөх дайн маш хурдан дууссан юм. Зүүн хойд Хятад дахь япон цэргүүд 8-р сарын 14 гэхэд буун өгч, 8-р сарын 23 гэхэд зүүн хойд хятад дахь байлдааны ажиллагаа дуусав. Энэхүү зүүн хойд хятадыг чөлөөлөх байлдаан ердөө 14 хоногийн дотор дууссан юм. 9-р сарын 2- ны өдөр Япон улс бууж өгсөн юм. 

Зүүн хойд Хятадыг Японоос чөлөөлөх дайнд БНМАУ-ын 21 000 цэрэг оролцож, 71 монгол цэрэг алтан амиа өргөсөн түүх бол үнэн түүх юм. Хятадын удирдагч 80 жилийн илтгэлдээ Хятадыг чөлөөлөх дайнд   идэвхтэй оролцсон Монгол улс бүү хэл, АНУ-ыг ч огт дурдсангүй. “Хүний тусыг мартсан хүнийг тэнгэр таалдаггүй” гэсэн үг байдаг даа.

Сүүлийн үед хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гагцхүүү хятадын коммунистуудын удирдлагаар хятадын улаан арми  л японы эсрэг баатарлагаар тулалдаж ялсан мэтээр сурталдах болжээ. Гэвч бодит байдал өөр байсан юм.

1937-1945 онуудад Японы армийн Хятадад хийсэн түрэмгийллийг Чан Кайшигийн гоминданы арми л няцааж хүнд тулаануудыг хийж байлаа. Чан Кайши бол 1937 оноос эхлэн АНУ болон Зөвлөлт Холбоот улсаас их хэмжээний цэргийн техникийн тусламж авч Гоминданы арми Японы армитай шийдвэртэй тулалдаж байлаа.Чан Кайши бол Япон улсад цэргийн дээд сургууль төгсөж японы цэргийн бүх тактик, арга барилыг сайн мэддэг хүн байлаа. Тэр бээр Хятадын армийг Япон шиг хүчирхэг орчин үеийн арми болгоно хэмээн мөрөөддөг байв. Гэвч хятадын арми нэгдсэн хүчирхэг зэвсэгт хүчин болж чадсангүй. Учир нь хятадын муж нутаг бүрд өөрийн гэсэн жижиг армитай захирагч түшмэдүүд ерөнхийлөгч, бүх цэргийн удирдагч  Чан Кайшигийн тушаалыг биелүүлэхгүй дураараа дургиж байв.  Харин Маогийн улаан цэргүүд японы армитай байлдахын оронд хятадын уулархаг газар болон  чөлөөлөгдсөн газруудад бүгж хүчээ нөөж заримдаа партизаны цөөхөн тулаануудыг хийж байсан ажээ. 1945 онд зөвлөлтийн арми Японы эсрэг дайнд Манжуураас олзолсон үлэмж их хэмжээний японы танк, нисэх онгоц, их буу, зэр зэвсгийг Сталины тушаалаар Мао Зедуны улаан армид бэлэглэж өгсөн тул хятадын улаан арми ихэд хүчирхэгжиж, 1949 онд Гоминданы армийг ялав. Гоминданы армийн генералууд дивиз, дивизээр нь цэргүүдээ зэвсэгтэй нь хамт хятадын Маогийн улаан армитай тулалдахгүй  бууж өгч толгой дараалан урваж байлаа. Чан Кайши арга буюу үлдсэн 300 000 цэргээ авч Тайвань арал руу ухарсан юм. Удалгүй Тайвань хурдтай хөгжиж азийн бар улс болсон билээ.

Хятадын улаантны суртал нэвтрүүлэг "хятадууд бид 14 жил Японтой байлдан ялсан" гэдэг. Гэтэл үнэн чанартаа 8 жил байлдсан ажээ. Хятад дахь японы дайны уршгаар хятадын нийт 15 сая хүн амь үрэгджээ. Энэ бол эмгэнэлтэй явдал мөн п дөө. Энэ бүгдийг хятадын ард түмэн даван туулсан байдаг юм. 

Хятадыг их гүрнүүдийн холбоотон улсгэдгийг1943 онд Кайрт болсон өрнөдийн холбоотон орнуудын бага хурлаар хүлээн зөвшөөрч, Хятадын алдагдсан бүх газар нутгийг нь буцаан олгоно хэмээн зөвшөөрч байжээ. 1945 онд л дайнд ялсан холбоотон улсуудын хамт Хятад улс НҮБ-ыг үндэслэн байгуулахад хамтран оролцож НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн орон болсон байдаг.

Дэлхий нийт япон хятадын дайны үе болон дэлхийн 2-р дайны бүхий л үед хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар бол Гоминданы Засгийн газар хэмээн үздэг байжээ.

Гоминданы удирдагч Чан Кайши 1936 оноос эхлэн хятадын коммунистуудтай хамтран японы эсрэг тэмцэх холбоо байгуулжээ. Чан Кайши Японы эсрэг тууштай тэмцэж байв. Гэвч энэ холбоо эвдэгдэж 1945 оноос эхлэн иргэний дайн болтлоо өргөжсөн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ Хятад улсад цэргийн болон цэргийн зэвсэг, техник, хүмүүнлэгийн тусламж нийт 1 тэрбум 700 сая ам долларын туслалцаа үзүүлжээ. Энэ бол тэр үеийн ханшаар үлэмж их тусламж юм. 

Хятад улс дангаараа Японыг дайнд ялсан гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. 1944 онд Япон улсын арми “Ити- Го” ажиллагаа явуулж, дорнод Хятадын үлэмж их газар нутгийг хяналтадаа авч байв.1945 онд Япон улс хятадын үлэмж их газар нутгийг хяналтдаа авсан хэвээр байлаа.

Хятадыг Японоос чөлөөлөх дайнд АНУ болон Зөвлөлт Холбоот улс хоёр л шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Америкийн арми дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эсрэг хүнд тулаануудыг хийж ялсан байдаг юм.

1942 оны 8-р сард Америкийн тэнгисийн цэргийн хүчин Гуадалканалын арлыг эзэлж японы нисэх онгоцны буудлыг устгав. 1943 оны 2-р сард америкийн цэрэг Соломоны арлуудыг эзлэв. 11-р сард Бутенвиль болон Гильбертийн арлыг эзлэв.

1944 оны 2-р сард Маршаллын арлыг эзлэв. 1944 оны хавар америкийн цэрэг Шинэ Гвинейг эзлэв. 1944 оны 6-р сард америйкийн цэрэг Сайпаны арлыг японы цэргээс чөлөөлөв. Энэхүү Сайпаны арлаас америкийн “Б-29” бөмбөгдөгч онгоцнууд Япон хүртэл нисэх боломжтой болжээ.

1944 оны 10-р сард Лейтегийн буланд тэнгисийн цэргийн хамгийн том тулааны нэг болж америкийн флот японы тэнгисийн цэргийн флотыг сүйрүүлсэн ажээ. 

1944 оны 11-р сард америкийн 6-р арми генерал Дуглас Макартурын удирдлага дор өмнөд Филиппины Лейт арлыг эзэлж улмаар 1945 оны 1-р сард Филиппины хамгийн том арал Лусоныг эзлэв. 3-р сард Филиппины нийслэл Манил хотыг эзлэв. 

АНУ-ын тэнгисийн цэрэг Британий цэргийн хамт 1945 оны 4-р сарын 1-ний өдөр японы Окинава арал дээр буулаа. Окинава арал дээр 6-р сарын 21 хүртэл японы цэрэг америкийн цэргүүдтэй эрэлхэгээр тулалдаж маш их хохирол үзэв. 2-р сард Ивозиме аралын төлөө байлдлаа. АНУ-ын далайн цэргийн хөлөг онгоцнуудыг  японы камиказенууд дэлбэлж байлаа. Япончууд хамаг хүчээрээ арлаа хамгаалж байлаа. Окинава арлыг тус арлын 150 00 энгийн япон иргэд арлаа хмагаалж тулалдсаар амь үрэгджээ. АНУ энэ тулаанд 12500 цэргээ алдаж, 38 000 цэрэг шархаджээ. Японы 110 000 цэрэг амь үрэгджээ. 

Энэ дайныг түргэн дуусгахын тулд АНУ 1945 оны 8-р сарын 6 болон 8- ны өдрүүдэд японы хоёр хотод атомын бөмбөгхаяж дэлбэлэв. Хиросима хотод хоромхон зуур 140 000 иргэн амь үрэгдэж, Нагасаки хотод 74 000 иргэн амь үрэгдэв. 

Япон улс 1945 оны 9-р сарын 2- ны өдөр АНУ-ын “Миссури” хөлөг онгоцон дээр үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж дэлхийн хоёрдугаар дайн дууслаа.

АНУ  Японы эсрэг Номхон далайн дайнд нийт 161 000 цэргээ алджээ. АНУ дэлхийн хоёрдугаар дайнд нийтдээ 418 000 цэргээ алджээ.

Тэхлээр 1939-1945 онуудад үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайнд германий фашизм, японы милитаризмыг зөвхөн Орос, Хятад хоёр хоёулхнаа ялсан юм биш, АНУ, Их Британи, Зөвлөлт Холбоот улс гурав шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэж,  Монгол, Хятад, Франц, Польш, Югослав, Австрали мэтийн дэлхийн олон улс оролцож ялсан юм. Дэлхийн энэхүү хоёрдугаар дайнд дэлхийн хүн амын 80.0 хувийг бүрдүүлдэг дэлхийн 62 улс оролцож, дайнд нийтдээ 110 сая цэрэг дайчлагдаж,   65.0 сая хүн амь үрэгдсэн юм шүү. Түүхийг гуйвуулж болохгүй. Түүхийн үнэнийг мартаж болохгүй.

Доржийн СҮХБААТАР   2025.09.7