Өнөөдөр Британника гэсэн нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй болов уу. Энэ бол дэлхийн хамгийн ууган, хамгийн дэлгэрэнгүй нэвтэрхий толийн нэр. Кока Кола, Тоёото, Диснэйлэнд зэрэгтэй адил түгсэн нэршил. Гэхдээ эдгээр компаниудаас хавьгүй ахмад. 1768 онд анхны Бриатанника толь Шотландын Эдинбүрг хотод хэвлэгдсэн байна. Шигшмэл юм Америк руу нүүдэг “журмаар” 1943 оноос Британника Америкийн нэвтэрхий толь болж Чикагод төвлөрөх болов. Зуун зууныг туулж нийтдээ 15 удаа шинэчлэн хэвлэгдсэн энэ аварга толь, хүн төрлөхтний цуглуулсан аугаа мэдээлэл мэдлэгийг товчлон хураангуйлсан  цогц билээ. Жил болгон хэвлэгдэж шинээр буй болсон ойлголт, мэдлэг мэдээллийг нэмж явдаг онцлогтой. Ухаан нь 2004 оноос “нанотехнологи” гэсэн нэршил анхлан орсон бол жил болгон нэмэгдсээр одоо энэ салбарын толгой үг зөндөө олон болжээ.
    Британникагийн хамгийн сүүлчийн шинэчлэл 1974 онд хийгдсэн ба нийтдээ 32 боть, 65 мянган өгүүлэлд нь 44 сая үг багтжээ. Үүнээс гадна тэд Хураангуй Британника, Урлагийн Британника 10 боть, Шинжлэх ухааны Британника 16 боть, Залуучуудын Британника 26 боть, Хүүхдийн Британника 12 боть, Цэцэрлэгийн хүүхдийн Британника 13 боть, Оюутны Британника 16 боть, Британника Зурагт толь, Британника Дэлхийн атлас гээд өөр цувралууд хийдэг. Британника Сод туурвил гэдэг 60 ботид Аристотелиас авахуулаад Гарсиа Маркэз хүртлэх хүн төрлөхтний бичгээр үлдсэн аугаа бүтээлүүдийг багтаажээ. Копэрник, Ньютон, Фарадэй, Смит, Эйнштэйн, Морган гээд аугаа эрдэмтэдийн бүтээсэн ном хэвлэлийг багтааснаас гадна уран зохиол, түүхийн онцгой олон бүтээлийг нийлүүлжээ. Мэдээж тэр болгоныг нь бүтнээр нь багтаах аргагүй учир хамгийн гол хэсгийг нь оруулжээ. Толстойн Дайн ба энх хэмээх дэндүү аварга хэд хэдэн боть зохиолын хамгийн гол өгүүлэмжтэй хэдэн бүлэг энд багтсан байх жишээтэй. Мэдлэгийг системчилж чадсанаараа Британника нь толь зүйд эргэлт гаргаж чадсан юм. Алдарт эрдэмтэн Мортаймар Адлэр 1974 оны Британникаг хамгийн гайхамшигт хэлбэрээр системчилсэн юм. Ийм систем боловсруулахад тэрээр амьдралынхаа дөчөөд жилийг зарцуулжээ.
    Дэлхийн аль ч өнцөгт өөрийгөө хүндэлдэг соёлтой айл болгон гэртээ Британникатай байдаг. Учир нь тулгарсан ямар ч асуултанд хариулж дөнгөнө. Британникаг тэр чигээр нь болон хэсэгчлэн олон хэлд орчуулжээ. Хятадууд, япончууд, испани хэлтнүүд өөрийн хэл дээр бүх төрлийн Британникаг ашигладаг. Хамгийн сүүлд польш, унгар хэлнээ 32 боть Британникаг тэр чигээр нь орчуулан хэвлүүлжээ. Британника бол гагцхүү уншихад зориулсан биш мөн гоё ганган тавилгын зориулалттай байдаг. Иймээс хэвлэл дээр нь онцгой анхаардаг бололтой. Бэнчинтэй гангамсаг хүмүүст зориулж тусгайлан гоё хавтастай Британника ч үйлддэг. Тугалын арьсан гадартай, матрын арьсан гадартай, эсвэл толь эзэмшигчийн хөрөг бүхий ганцхан хувь гэх мэтээр. Мэдээж энэнээс болж мөн тусгай үнэ буй болох байх л даа.
    Соёлтой улс гүрэн болгон өөрийн үндэсний нэвтэрхий толийг үйлддэг. Францийн Японы, Германы их нэвтэрхий толиуд маш сайн чанартайд үнэлэгддэг. Гэхдээ Британника шиг ийм өргөн дэлгэр толь хэн ч бүтээж чадаагүй. Өрсөлдөх арга хэмжээг 1949 онд Сталин нэг оролжээ. Тэрээр Зөвлөлтийн их нэвтэрхий толийг 50 ботиор хэвлүүлсэн байна. Тооны хувьд цохиж чадсан боловч дотор нь орсон тэмдэгт өгүүллийн тоогоор бараагүй юм. Учир нь том үсэг дэндүү их зураг чимэглэл зэргээр тооны араас хөөцөлджээ. Нөгөөтэйгүүр хэтэрхий үзэл сурталжсанаас болоод нэр хүнд гэхээсээ элэг доог болох юм болж. Бүх юмыг орос зөвлөлтөөс гарсан болгож түүхийг гуйвуулсан хэрэг. Автомашинийг эл тольд үнэмших юм бол Дамлер, Бэнц нараас зуу гаруй жилийн өмнө Новгородын нэг тариачин бүтээсэн болж таарав. Пенецеллинийг 1926 онд Флэминг биш, 1950 онд Зөвлөлтийн эрдэмтэд нээсэн аж. Попов радиог, Можайский онгоцыг, уурын хөдөлгүүрийг Ползунов, чийдэнг Лодыгон гэдэг оросууд нээсэн болж таарав. Үүнээс болоод сэхээтний хүрээнд “дэлхийн хамгийн том, хамгийн гоё, хамгийн чадалтай заан бол зөвлөлтийн заан” гэдэг онигоо гарчээ.

     “Энциклопедиа Британника инк  компани”-аас  энэхүү толийг монгол хэлээр  орчуулах, Монголын түүх, газар зүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг, болон бусад мэдээллээр баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгоод хэвлэн гаргах эрхийг 2006 онд НЭПКО компанид өгсөн билээ.. Энэ үеэс тус компанийн дэргэд байгуулагдсан редакцийн зүгээс манай хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчдаас эхлээд түүхч, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэн сэхээтэн, сэтгүүлч, нийтлэлч, эрдэм шинжилгээний ажилтан, нэр томьёоны мэргэжилтнүүд гээд улс үндэснийхээ шилдэг сэхээтнүүдийг оруулсан хамтлагыг байгуулан ажиллуулсны хүчинд нөр их ажлыг нугаллаа. Хүн төрөлхтний хурааж хуримтлуулсан мэдлэг, мэдээллийн хамгийн төгс системчлэгдсэн хураангуй болох “Энциклопедиа Британника” нэвтэрхий толь бичгийн  ширээний нэвтэрхий толь хэлбэрийн цогцлол  монгол “Британника” ийнхүү анх удаа монгол хэлээр таван ботиор гарч байгаа нь энэ
     Нэвтэрхий толь бэлтгэх байнгын редакцид 30 шахам редактор, техникийн ажилтан, хөдөлмөрлөж, гэрээт редактор, орчуулагч, хянагч, эх зохиогчоор 200 шахам мэргэжилтэн оролцлоо. Түүнчлэн орон нутгийнхаа түүх, газар зүйг сонирхдог, нэр нь тодроогүй гавъяатан ба сайн үйлсийг эрэн сурвалжилдаг иргэд, сонирхогчдын ирүүлсэн, сануулсан мэдээлэл баримтууд нь үнэлж барамгүй тустай байсныг бас тэмдэглэе.
       Олон зуун хүний бүтэн дөрвөн жил гаруйн хүч хөдөлмөрийг шингээсэн ажлын  санхүү, менежмэнтийг өөрийг чадавхи, туршлагаараа хуваан үүрэлцсэн үндэсний  бизнесмэнүүдийн элдэм оюуны салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг онцгойлон үнэлж байгаагаа бас дурьдя.
     Толилуулан буй таван боть нэвтэрхий толь нь Британникагийн үндсэн сан болох манай гариг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан зэрэг 52 сэдэвт хамаарах 25 мянган толгой үг дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт  баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн хүмүүс хүртэлх 1500 шахам намтрыг багтаалаа. Түүнчлэн манай эх түүхийн онцгой эргэлт болсон 1500 үйл явдал дээр үндэсний брэндүүд, шилдэг бүтээн байгуулалт ба бүтээн байгуулсан хамт олны нэр бас бичигдлээ. Ингээд манай талаас 4000 гаруй толгой үг нэмэгдсэн гэсэн үг. Уг нь Британника хэвлэлийн газраас Монгол улс болон монгол үндэстэнтэй холбоотой 5 мянган толгой үгийн эрх олгосон боловч яаж ч шүүгээд жишигт таарах ийм тооны үг олдсонгүй. Аргал, гэр, бажий, морин хуур, үндэсний бөх, айраг зэргээс эхлээд байгалийн гол цогцолборууд, жижиг гэж гололгүй хамаг нуур цөөрөм, гол усаа багтаасан. Мазаалай, алтан хундага гээд өөр газар байдаггүй биологийн төрөл зүйлээ ч орууллаа. Түүхийн хэдэн зуун үйл явдлыг Чингисийн үеийн их бага тулалдаанаас авахуулаад Хадгаламж зээлийн хоршооны хэрэг хүртэл бүртгэн багтаалаа. Ориг Британника тольд Чингисийн үеийн хэдэн алдартны эс тооцвол То ван, Мянгат гэсэн хоёрхон монгол хүн багтсан байдаг бол энэхүү монгол хувилбарт 1500 шахам монголчууд болон монголтой холбоотой гадаадын хүмүүсийн намтар орсон.   
    Ямар 1500 хүний намтар оров оо. Британникад бол өөрийн жишиг бий. Тэр л жишгээрээ эдийн засгийн реформыг нүүдэлчдийн дунд санаачлан хэрэгжүүлсэн Тогтох вангийн нэр орсон байх. Харин Монголын үндэсний Британника тольд өөр стандарт орохыг зөвшөөрсөн юм. Анхдагч, анх удаа нэвтрүүлсэн, онцгой үйл хийсэн гэх мэт шаардлага тавих ба энд одон медаль цол гуншин огт хамаардаггүй юм байна. Тиймдээ ч манай уламжлалт ойлголтоор бол ийм нэр хүндтэй тольд яагаад ч багтах аргагүй анхны бүлэг тонуул дээрэм хийсэн шилэн нүдэн гэгдэх Дамдин, анхны бүлэг танхайрал зохион байгуулсан чонон хэмээх Борис нар багтсан байх жишээтэй. Гэхдээ өөр гэмт хэрэгтэн байхгүй ээ. А,В,С,D гэсэн ангилалаар намтрыг тавьдаг юм байна. А зэрэглэлд Монголын бүх төрийн тэргүүнүүд зэрэг цөөн хүн багтлаа. Зураг хөрөгтэйгээ, амьдралын цадиг нь их тодорхой байдаг аж. Ихэнх монголчууд D ангилалаар орсон. Монголтой холбоотой гадаадын иргэд нэлээд орлоо. Барон Унгерн, Филатова, Шастин эмч гэх мэт. Гадаадын Монголч эрдэмтэд ч багтсан. Буриад, Халимаг, Өвөр Монголын монгол угсаатны нэр төртэй хүмүүсийг ч бас багтаасан. Жишээ болгоод дор D ангиллын хоёр хүний намтрыг сонирхуулъя. 
    Сундуйжав Гүндсамбуугийн (1940.04.05-нд Монгол, Хөвсгөл, Цагаан-Уулд төрсөн.)  Чехийн Прага хотод Карлын их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн(1966).  Чехословакийн геологийн экспедицэд багтан Эрдэнэтийн ашигт малтмалын ордыг судлан илрүүлэхэд оролцжээ (1964-1972). Энэ нь тухайн үедээ Монголын геологийн түүхэн дахь хамгийн том нээлт байлаа. Сундуйжав нь Сэлэнгийн Түшиг дахь Улаантолгойн нүүрсний орд, Заамарын алтын ордыг судалж илрүүлэхэд оролцжээ. Төрийн шагналтай (1973).
    Дэннис П. Кокс (1929.09.12-нд АНУ, Сиатлд төрсөн). Геологич.  Станфордын их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн (1951). Зэсийн орд судлах дэлхийн гол мэргэжилтний хувьд Пуэрто Рико, Папуа Шинэ Гвинэй,  Япон, Хятад, Колумба зэрэг орнуудад хайгуул судалгаа хийж байжээ.  1996 онд BHP компаний урилгаар Монголд ирж ажиллахдаа Оюутолгойн орд газарт 22,3 тэрбум унци зэс, 9 сая унци алт байгааг тогтоожээ.  1997 онд Оюутолгойн нарийвчилсан зураглалыг гаргасан байна. 2002 онд Пэтэр Дробэкийн багтай хамтран өрөмдлөгийг удирдан зэсийн ордыг олж нээжээ.
    Эцэст нь монгол хэл дээрхи “Британника нэвтэрхий толь”-ийн ач холбогдлыг гурван талаас нь авч үзэх учиртай санагдана. Юуны өмнө дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн нэвтэрхий толь анх удаагаа монгол хэлээр гарч байгаа нь Монголын соёл, шинжлэх ухааны амьдралд нэгэн шинэ хуудас даруй мөн.
    Түүнчлэн монгол хүнд зайлшгүй хэрэгтэй эрдэм мэдлэг, монгол үндэстний өөрийн гэх онцлогтой, зайлшгүй хэрэгтэй 4000 гаруй мэдээллээр баяжин гарч байна. Үүнийг Британника брэндээр, дэлхийн стандартаар гарч байгаа Монголын анхны үндэсний нэвтэрхий толь гэж үзэхээс өөр аргагүй.
    Нөгөө талаас монголын түүх соёлын мэдээллээр дэлхийн стандарт толийг өргөжүүлж, манай эх түүх, газарзүй, соёл иргэншлийн 4000 орчим мэдээллээр хүн төрөлхтний танин мэдэхүйн ертөнцийг баяжуулж байгаа юм.
2010.9.7.