Хөөрхий амьтан. Намар оройн хатсан хамхуул, өгөр гандуу зээр хоёрыг хорвоо ямар даахгүй гэх биш дээ. Зэрэглээ хүртэл дээрэлхэн дээш доош нь шидэлдэг зээрийн амьдрал нэн өрөвдөлтэй, ядуугийн туйл билээ.

Амьтан л болсон хойно зай­луул, өөртөө таарсан мөрөөдөл далд ухамсартаа тээж явдаг л байх. Араатнаас айлгүй ганц удаа бүтэн нойртой хонож үзэх юмсан. Элчил­гүй ээрэм талд минь балгахан ус байдаг ч болоосой. Өдөржин шө­нө­жин шилбүүрдэн хөөх хөх сал­хины доор хором бохисхийгээд авах малгайн чинээ нөмөр олдоо­сой билээ. Бодол гэж байдаг бол энэ хүрээд л зогсох төдий өчүүхэн.

 Хорвоо зөвхөн чинийх шүү гээд өмчилж өгсөн хялганат талдаа хулгайч шиг түгшиж амьдрах юутай шударга бус. Үүрээр дагжин чичирч огло харайна. Өмнөх өдрөөс улам хол харайж үйлийн үртэй биеэ амьд авч үлдэхийн төлөө зүтгэнэ. Мянга мянгаараа нийллээ ч  өмөг түшиг болчих сүргийн эзэн сүрхий ооно гэж үгүй. Эр эмгүй цөмөөрөө уяхан туяхан, уйлсан уруудсан бөөн хамхуулууд. Жаднаас хурц хоёр шорон эвэр бурхнаас заяасан ч юунд хэрэглэхийг нь хэлж өгөөгүй. Юун чононы өөдөөс дайрах мана­тай. Цагаан зээрийн өдий хүртэл амьд оршсоор ирсний учир юун гэвэл хэнд ч гай болохгүй дэндүү мөрөөрөө явсных нь их буян бөл­гөө. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс байвал хагасыг нь үлдээж, тал нутгаа там болгодоггүй элэг зөв амьтан ш дээ. Энэ амьтны эрлэг номун хаан нь дээхнэ үед цэргийн ангийн машин унасан согтуу галзуу цэрэг ахлагчид байлаа.  Тэд зээ­рийн сүрэг рүү байлдааны хүчихэг буу­гаар гал нээж цусанд нь будаж зугаа­гаа гаргадаг байсан юм. Дор­нод талд үе үе болдог энэ аллагын дараа эхийгээ босоод ирнэ гээд тор­­­мойтол хүлээх янзага, гэдсээ хө­­вүүлсэн, хөлөө санжуулсан эрэм­­­­дэг амьтдаар тал дүүрч, салхи ёолж, элэг эмтрэм эмгэнэл үлдээ­дэгсэн. Тэнд зөвхөн согтуу хал цэрэг л ганцаараа тас тас хөхрөн бахаа хангах нь зүүдэнд хадаг­дана. Амьтны амийг таслахад худ­лаа ч гэсэн шалтаг гардаг бол зээрэнд хэлэх үг олддоггүй. Бэл­чээр талхалсан, булаалдсан гэлтэй биш. Махыг хүнсэнд гэх боловч арвигүй энэ тураг махаар өвлийн идшээ базаадаг хүн гэж үгүй. Эл­дүүр даахгүй арьс нь гутлын ул үрэхэд ч нэмэргүй. Амьд амьтан үхэхийг л үзэх төдий шалтгаар цагаан зээрийг улаан зээр болтол хядсан нь арай л элэг барьсан явдал юм.

Нэг зээр чонын хоол болон болтлоо юутай их зовлонг туулдаг гэж санана. Хавар орой төрсөн янзагаар тал тэр чигээрээ хоол­лоно. Үнэг хярс, элээ шаазгай хүр­тэл "нялх ногоо" идэж тэнхрэ­хээр янзаганы анд оролцдог. Таван са­рын сүүлээс долоон сарын дунд хүртэлх чилийсэн хоёр сарын хооронд айлсан сүрэглэсэн зээр хамаг янзагаа алдаж дуусдаг юм билээ. Бид сувай шарагчин гээд нэгэн сайхан амьтан байдаг шиг ярьж дуулдаг ч билүү. Сувай шараг­чин нь аборт хийлгээд гунхаж яваа залуу хүүхнээс тэс өмнөө алаг нүдэндээ дүүрэн нулимстай эцэн­хий бөгтөр гөрөөс юм.  Шарагчин­гууд нэг дор цугларч бөөн бөөнөө­рөө төрцгөөдөг. "Жирэмсэн" гөрөө­сийг эртнээс даган шиншилж яваа араатнаас үр төлөө нуухын тулд хэвтээд босохын зуур бушуухан амаржаад бутны уг руу янзагаа шургуулаад зугтан оддог. Хорвоод сая мэндэлсэн янзага төрсөн эхний секундээсээ эхлэн тэнгэрт дуугаа хадааж орилохын оронд  амьсга­лаа түгжин хэдэн цагаар хөдөл­гөөн­гүй бүгэх зохилдлогоотой.

Хавар Тосон Хулстайн талаар явж үзэх юм бол үхсэн амьд нь мэдэгдэхгүй  гөлийсөн зээрийн нялх зулзага энд тэндгүй хэвтэж байдаг. Эх нь зугтлаа гээд тийм ч хол явчихгүй. Тэрүүхэн тэндээ цомцогноод нүд салахгүй. Харин хөгшин муур зээрний нүдийг да­гуулж хараад "Аа энд л нуусан аж" гэсэн шиг янзагыг дор нь суйлаад зуугаад явчихна. Хөөрхий зээр хөлөө газар дэвсэн, хамраа тачиг­нуулан арай үсээ л зулгааж чадах­гүй юм даа. Түүнийг ийн гашуудаж байхад янзага барьсан араатан нүдэн дээр нь үрийг нь амьдаар нь тамлаж, өөрийнхөө зулзаганд зээр агнах хичээл заацгаадаг. Энэ бол хялганат талын өдөр болгон то­хиолддог амьдрал юм. Юутай ч намар гэхэд олны олон гэсэндээ тал бүрхсэн зээрийн сүрэг өсч өндийх боловч зовлон дуусахгүй.

Монголын нийт нутгийн 70 хувийг цөл болтол нь мэрсэн 50 сая гаран мал сүргийн зах  Дорнод Монголын тал руу цутган орж ирлээ. Тэнд бүр Төв, Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн оторчид хүртэл нүүн очсон. Дагаад малын гаралтай төрөл бүрийн өвчин тахал нүүрлэх боллоо. Хамгийн гаслантай нь малаас  бус зээрнээс шүлхий өвчин тарлаа гэсэн цуу тарав.  Шүлхий тараасан гээд зээрийг зуу зуугаар нь буудан хөнөөж эхлэв. Санаа муут яван хатна гэгчээр тэнд одоо зээр ч үгүй, мал ч үгүй болох нь шиг байна. Цагаан зээр нь хонь ямаанаас өөр төрөл, адуу үхрээс бүр ондоо амьтан болохоор тэр болгон мал­тай ойр дотносож, шүлстэй  хошуу амаа нийлүүлээд янаглаад байх нь юу л бол. Ер нь бол зээрэндээ л Афганистанд Зөвлөлтийн цэрэг орчихсонтой адил юм болчихоод байгаа аж. Евразийг дамнасан хэдэн мян­ган километр үргэлжил­сэн их талд сүүлийн зуун жилийн дотор хот балгад, зам харгуй, мал тариалан хөгжүүлсээр сул газаргүй болгосон. Дорнод Монголын хялганат тал нь дэлхий дээр үлдээд байгаа хам­гийн сүүлчийн онгон тал хээр юм. Дэлхий анх ийм бай­сан юм гэдгийг хүн төрөлхтөн зөвхөн эндээс л бодитоор нь олж хардаг ховор нутаг л даа. Хялганын толгой дээ­гүүр зээрийн сүрэг зэрэглээтэн хөвөхийг үзэх гэж, аниргүйн дунд алжаалаасаа салах гэж  жуулчид мөнгөө гарздан  зорих хэрэгцээ  нэмэгдэж байгаа. Түүнээс бус тарган хонины хорхог идэх гэж, энд үнээ мөөрөхийг сонсох гэж очдог хэн байх билээ.

Дэлхийн цаг агаарын таагүй байдал энд ч бас нөлөөлж ган зуд нүүрлэн байгалийн аюулт үзэгдэл болсоор байна. Хамгийн аймшиг­тай нь талын түймэр. Намар, хав­рын цагт хатаж өөрөө шатах нь холгүй болсон хуурай их өвсөнд ганц чүдэнз алдахад  л их тал тэр чигээрээ оволзон дүрэлзэж  газар дээр байгаа бүхнийг устгаж байна. Зээрийг ч мөн ялгаагүй. Бас шүл­хийний шүлс гэж байдаг бол хамт шатдаггүй юм гэхэд хатах нь тодор­хой. Харин хамгийн түрүүнд мал малчин хоёр энэ аюулд өртөх байнгын түгшүүртэй.

Энэ бүх эрсдэлийн дэргэд хэдэн зээр бол цээр сэжиг биш. Юу ч биш юм. Тэднийг өмөөрөх хүчингүйгээр нь янз бүрийн мэргэжлийнхэн, хэн дуртай нь илт дээрэлхэж байгаа нь нэн харамсалтай.

Хэрэв зээрнээс болж шүлхий өвчин гарсан бол эхлээд зээртэй нутгаас өөрсдөө гарч малаа ха­риулах ёстой байх. Галзуу чоно шиг мал хүн хоёр дээр давхиад ирдэг зээр гэж үгүй. Дараагийн өөр хувилбар бол талд бэлчиж яваа бүх зээрийг устгаад оронд нь малаа тавьж бэлчээх тухай. Энэ бол их амархан. Угаасаа устаж байгаа хэдэн зээрийг "АК"-тай хэдэн цэрэг гаргаад л долоо хоног пижигнүү­лэхэд л гүйцээ. Гагцхүү дараа нь үүсэх үр дагавар, дараа нь өрнөх үйлийн үр хоёрыг хэрхэн давж гарах асуудал бий. Даян дэлхийн байгаль хамгаалах байгууллагад юу гэхэв. Уул талын лус савдгийг хэрхэн тахиж ямар маани уншиж аргаддаг юм бүү мэд. Хожим ямар ашиг олох, олохгүй бол хариуцлага хүлээх этгээд хэн байх зэргийг өнөөдөр тооцож үзсэн юм алга. Тэр байтугай асуудалд ач холбог­дол өгөхөө болиод дөжирчихсөн нийгэм цагаан зээрийн хувь та­виланг хар цээр болгон хэрчиж орхилоо. Хөөрхий дөө.