Нэг зоосны хоёр тал.

Хэвлэлийнхэндээ ингэж уриалж байна. Асуудал хоёр талтай. Д.Энхбатыг хулгайлж авчирсан нь, түүнийг шоронд үхүүлсэн нь яагаад ч зөвшөөрч болохгүй асуудал. Б.Хурцыг Англид баривчилсан нь манай иргэний аюулгүй байдалд /тэр тусмаа диплмат халдашгүй эрхтэй байхад/  гадаад улс орнууд халдаж болдог, баталгаагүй байгааг харуулсан бол Д.Энхбатыг “хулгайлж” авчирсан нь Монгол Улсын иргэд гадаадад байхад өөрийн улс нь    иргэнийхээ аюулгүй байдалд заналхийлдэг, баталгаа, хамгаалалтгүй байгааг харууллаа. Бараг л Хойд Солонгос, Хятад, зарим талаар Оросын иргэдтэй адил гэсэн үг л дээ.

Өмнөх өгүүллийг бичсэний дараа Д.Энхбатыг баривчилж ирэхэд юу ч хийгээгүй байж гэж олон шүүмжилсэн. Чухамдаа Д.Энхбатыг баривчилж ирэхэд энэ асуудлаар их ч олон өгүүлэл гаргасан нь хожим эрх баригчдын хаасан “Монгол таймс” сонинд хадгалаатай бий. Тэр үед “Эх орон-Ардчилал” эвслийн ялалтад энэ асуудал тун чухал байсан юм шүү.

Оросууд бол зугтсан хүнээ хордуулаад алчихдагийг бид хоёр жилийн өмнө Англи-Оросын хооронд дэгдсэн шуугианаас харсан шүү дээ. Англид зугтан гарсан ОХУ-ын аюулгүй албаны ажилтан Литвиненког хоргодож байсан буудалд нь химийн хүчтэй бодисоор хордуулж алсан. Харин манайх иргэнээ яаж ийгээд амьд мэнд авчирсан ч Д.Энхбат Монголд өвчнөөр нас барсан. Тиймээс асуудлыг энэ дэнсэн дээр тавимааргүй байна. Аль аль талаас нь мөрдөж мөшгөөд, баривчлаад намнаад байгаа Монгол хүн ямар үнэ цэнэтэй гэж?

Асуудлыг бичиж буй шалтгаан нь Монгол Улсын иргэн гадаадад байхдаа гадаад орнуудаас ч, өөрийн улсын зүгээс ч баталгаатай хамгаалалттай байх ёстой, тийм эрхтэй гэдгийг л гаргаж тавихад оршиж байна. Эрүүл саруулаар харахад Европын холбооны зүгээс авч буй арга хэмжээ нь нэг талаас манай иргэдийн аюулгүй бадлыг “төрөөс нь хамгаалж буй хэрэг” гэж үзэж болно. Ийм байдлаар олон өнцөгөөр харж болох ч Монголчууд бид ганцхан асуудлаар санал нэгтэй байх ёстой юм. Энэ нь манай иргэнийг хэнбугай ч саатуулах эрхгүй. Б.Хурцыг чөлөөлтөл бид шаардлагаа шаргуу тавих ёстой.

1990-ээд оны эхээр ОХУ-д наймаа худалдаа хийж байгаа  иргэдийг дээрэмдэж буй гэмт хэрэгтнүүдийг баривчлах цагдаагийн бүхэл бүтэн тусгай салааг бүр зарлаж байгаад илгээж байсан. Тэд ахынхаа нутагт ёстой дураараа дургиж, очоод баахан хүнийг баривчилж, гавлаж ирээд сүр болсон. Ах нарынхаа нутагт, ах нарын хуулийг зөрчөөгүй хүмүүсийг хоморголж ирсэн хэрэг. Тэр үед адилхан хүний эрхийг юман чинээ боддоггүй энэ талаар “А” ч үгүй нийгмээс салаад удаагүй байсан улсууд Оросын тал том маргаан дэгдээлгүй өнгөрсөн байх. Гэхдээ л ОХУ-ын талаас манайд дипломат шугамаар анхааруулсан. Тэр үйл явцаас сургамж авах ёстой байсан юм.

Нөгөө талаас аль ч улсад нууц, тусгай албад бий. Нууц, тусгай албад нууц тусгай байдгийн учир нь мэдээж хууль дүрэм зөрчих тохиолдолд ашиглах гэснийх. Онцгой тохиодолд. Тэр тусмаа тагнуулын алба. Тагнуулын алба илүүтэй мэдээллийн дүн шинжилгээнд тулгуурладаг болсон нь үнэн л дээ. Гэхдээ дэлхийн аль ч улсад нууц, тусгай албад байгаа, зөвхөн Монголд ч байгаа юм биш шүү дээ. Коммунизмын төгсгөл үед нэг зальтай Америк манай улсын банкны хорооноос таван сая ам.долларыг оффшор бүсэд өсгөнө гэж амлаад луйвардчихжээ. Тухайн үед тусгай бүлэг томилж, цаад этгээдийг дарамталсаар мөнгөө салгаж авсан тухай банкныхан ярьдаг.

Гэхдээ 1990 оноос хойш асуудал өөр болсон. Манай тагнуулын номлол, чиглэл ч өөр болсон байх. Гэхдээ манай тусгай албад, түүний ажилтнуудын аюулгүй байдал, тэдэнд даалгаж буй даалгаврууд нь даалгасандаа биш, гүйцэтгэсэндээ, нууц ажилтнууддаа халтай байна. Ёстой нөгөө Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шиг. Нууц албаны ажилтнууд мэдээж цалингаа авдаг ажлаа, дээрээс нь тушаалаар аливааг асуух эрхгүйгээр гүйцэтгэх ёстой. Гэтэл дараа нь тэд золионд гарч байна. Б.Хурцыг баривчилсан шалтгааныг шинжилж үзвэл тэрээр Д.Энхбатыг хулгайлсан тэр үед сөрөг тагнуулын албаны ахлах ажилтан байжээ. Өөрөөр хэлбэл Английн тал, Германы талын хүсэлтээр түүнийг саатуулсан шалтгаан нь хэргийг гардан хийсэнд биш,  бүлгийг ахалж явсанд ч биш, ердөө л сөрөг тагнуулын албаны ахлах ажилтны хувьд бүлгийг ахалж, хулгайлах ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байж болзошгүй байна. Тиймээс түүнээс тодруулга авч байгаа бололтой.

Уншигч та санаж байгаа бол энэ хэргээс жил орчмын өмнө манай гадаад тагнуулын албаны дарга Бээжинд зочид буудалдаа ганцаараа байхдаа нас барсан. Тэр үед бид ч бүдүүлэг байж, асуудлыг мөн чанарыг олох гэж хичээгээгүй орхисон байна. Ийм үйл явдлын дараа сөрөг тагнуулын албаны даргаар ажиллах хүн олдох уу? Тухайн үед ТЕГ-ын дарга болсон Батсайхан сөрөг тагнуулын албанд ажиллах хүнгүй хүнд үед Б.Хурцыг өөрийн биеэр нэрийг оруулж томилуулсан гэж ярьдаг. Боловсролтой, зохион байгуулах чадвар сайтай, эрч хүчтэй, ганцхан “но” байсан нь төрийн талаас бус, намын талаас. Өөрөөр хэлбэл тэр АН-ынхантай ойр буюу гишүүн гэддэг байж. Гэхдээ чадварлаг кадрын хувьд албанд томилсон байна. Дараа нь Билэгтийн үед тэр Монголын сөрөг тагнуулын албаны дарга болсон ба ирээдүйд бас л золио болох учиртай байжээ.

Хагас тэрбумын болзолт уралдаан


Түүнийг ахлах ажилтнаар томилсны дараа буюу 2004 оны сонгуулийн өмнө МАХН ялалтын сууриа тавихын тулд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэх том аян зарласан. Бодитой мэдээлэл өгсөн хүнийг хагас тэрбум төгрөгөөр шагнана гэж зарласан. Энэ бол тухайн үедээ том тоо, нөгөө Н.Энхбаяр Ерөнхий сайдад “АПУ”-ийн хувьчлалын төлөө амласан хахуулийн хэмжээний мөнгө. Энэ шуугианы дараа иргэд “Пөөх авилгын хэмжээ ингэтлээ томорсон юм уу” гэж гайхаж байсан үе шүү дээ.

МАХН-д нэг уламжлал бий. “Коммунист үзэл суртлын дайчин уламжлал” гэвэл илүү зохино. Аливаа томоохон аян зарлахын өмнө үр дүнг нь яаж зарлахаа бэлтгэчихсэн байдаг. Аян ч зарласан, цагдаа, хуулийнхан “социалист уралдаан”-д ханцуй шамлан орсон. Гэхдээ зарласан шалтгаан нь мөнгө өгөхдөө биш Д.Энхбатыг гаднаас баривчлан ирж, хэрэг хүлээлгэхэд оршиж байж. Үр дүн нь Д.Энхбат хэрэг хүлээсэн бол Засгийн газар хагас тэрбумын шагналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэж зарлах, зохион байгуулагчаар нь тухайн үед эвслийг гарцаагүй ялалтад хүргэх /энэ нь 2004 оны сонгуулийн дүнгээр батлагдсан/ М.Энхсайханыг замаасаа зайлуулна гэсэн төлөвлөгөөнд нуугдаж байжээ. Ардчилсан хүчнүүдийн олон нийттэй харилцах ажиллагаа “Аалзны хөлийг бус толгойг цавч” гэсэн томъёолоор буюу Н.Энхбаярыг гарах газаргүй болтол шахахад чиглэж байсан үед хариу арга хэмжээ авч буй хэрэг. МАХН бол нэг толгойтой мянган сүүлтэй могой. Могойн толгойг цавч.

Саяхан Э.Бат-Үүл гишүүний гэргий Б.Дэлгэртуяагийн “Үүл бид хоёр” номыг уншиж байхад энд бичиж буй ажиллагааны ерөнхий дүр зураг харагдана билээ. АНУ-аас “Ард Батсүх” гэдэг хүнийг баривчилж ирээд хэрэг хүлээлгэх гэж оролдсон байна. Гэвч цаадах нь хэрэг хүлээгээгүй учраас “Хуурам дипломоор найрамдалт АНУ-ыг хуурсан” ч билүү нэг тийм хөгийн шалтгаанаар жил хорих ял оноогоод хэргийг хаажээ. Дараа нь бас хөгийн шалтгаар Э.Бат-Үүлийг барьж хорьсон. Харин тэр үед нөхөр, хүүгээ цагдаагийнханд байцаалгаад ядарч явахад М.Энхсайхан нар сая төгрөгөөр тусласанд талархаж явдгаа бичсэн байна.

Энэ М.Энхсайханыг яллах, С.Зоригийн хэргийг АН-ынханд тохох хоёр дахь оролдлого мөн л бүтэлгүйтэж, хагас тэрбумын социалист уралдаан Д.Энхбат шоронд таалал төгсөж, Д.Санжаасүрэн өмгөөлөгч жил шахам хоригдож, өмгөөлөх эрхээ хасуулснаар өндөрлөсөн. Гэвч хэрэг шувтрах болоогүй байжээ.

7 сарын 1-ний дараа нэг оюуны доголдолтой залуугаар О.Магнайн эсрэг гүтгэлэг хийлгэж байсан, О.Магнайгаар МАХН-ын байрыг галдан шатаасан хэргийг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэж хэлүүлэхээр ятгаж байсан зэрэг нь манай эрх баригч намын энхрий хайрын илрэл л дээ. Энэ коммунист үзэл суртлын арга ажиллагаа нь улам бүр үр ашиггүйгээ батласаар байхад хэрэглэсээр л байна. Үүнийг ч бас “Аалзны хөлийг биш толгойг тас цавч” гэж томъёолдог.

Англичууд ба орогногсод

Б.Хурцыг Англид баривчилжээ. Англи бол “Манай нутагт нар шингэдэггүй” гэдэг үгнийхээ учрыг мэддэг, дэлхийн бодлогыг тодорхойлогч гэж өөрийгөө үздэг Эзэнт гүрэн. Тэр бүр өөрийн гарт орсон олзыг хэн нэгэнд найр тавьдаггүй улс. Б.Хурцыг хэдийгээр Европын холбооны хуулиар саатуулсан гэж байгаа ч өдгөө шаргуу нэхэж буй Германчуудад тийм ч амар өгөөд явуулчихгүй. Ихэмсэг бардам учраас Англид толгой хорогдсон ямар ч этгээдийг, хувьсгалчид, гэмт этгээдүүдийг гуравдагч орнууд руу шилжүүлдэггүй. Бүр өнгөрсөн зууны эхээр Европын бүхий л коммунист, анархистуудыг /тэдний тоонд Ленин ч орно/ орогнуулдаг байсан Англичууд 1942 онд “Мессер“ хөлөглөн нутагт нь очиж, шүхрээр буусан Гессийг хүртэл дайн дуустал “хадгалж” байгаад Нюрнбергийн шүүх хурлын үеэр ил гаргаж байсан. Өнөөдөр ч гэсэн Англичууд Чеченийн босогчдын толгойлогчдын нэг Закаевыг олон жил нэхэж буй ОХУ-д өгөөгүй л байна.

Литвиненког Английн нутагт хордуулж алсан асуудлаас болж Англичууд ОХУ-ын талаас гүйцэтгэгчийг өгөхийг шаардсаар байна. ОХУ энэ бол төрийн нууц, үндсэн хуулинд туссан асуудал тул өгөхгүй гэж мэдэгдсэн. Дараа нь гүйцэтгэгч нь илрэхэд Оросын тал гүйцэтгэгч ажилтныг төрийн дусын гишүүн болгож, халдашгүй дархан эрхээр хуягласан. Ингэснээрээ үндсэн хуулийн хамгаалалтанд авчээ. Хариуд нь Англичууд ОХУ-аас “Үндсэн хуулиа” өөрчлөхийг шаардсан. Үүний хариуг В.Путин оюутнуудтай хөдөө уулзсан нэгэн уулзалтынхаа өгсөн. Тэрээр “Англичууд биднээс үндсэн хуулиа өөрчил гэж шаардахын оронд өөрсдөө тархиа өөрчилбөл дээр дээ”... Одоо ч Англид Березовский тэргүүтэн Оросын Оросын аль л болдоггүй нөхөд орогносоор байгаа.

Б.Хурцыг шилжүүлэн өгөх асуудлаар очсон Германы холбогдох албаны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрүүд нь туйлын ярвигтай явагдаж байгаа бололтой. Асуудлыг Германы талаас шаргуу тавьж, шилжүүлэн авах бүхий л боломжоо шавхаж байгаа  ч Б.Хурцын шүүх хурлууд маш хурдан болж, шүүгч алх цохин завсарлага авсаар байжээ. Английн талд тодруулах шаардлагатай зүйл байгаа тул хойшуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргаж байгаагаас Б.Хурцын асуудал хойшилсоор л байна. Ийм байдлаар төрийн харилцааны хүнд суртал, шийдвэр гаргах процессыг хангах шалтгаар хойшлуулаад байвал Англичууд хэдэн  жил ч цааргалж чадна.

Харин Герман саяхан нэгдсэн улс. Өөрийн орны эрх, хууль ёсыг зөрчсөн, бүрэн эрхт байдлыг нь дорд үзсэн хэнбугайтай ч маш хатуу тооцоо боддогоороо алдартай. Европын холбоон дотроо тэргүүлэгчийн байр суурины төлөө өрсөлдөгч энэ хоёр гүрэн Б.Хурцыг яах эсэхийг шийднэ. Хэрэв Англичууд Германы талаас тавьж буй асуудлууд өөрийн хуулинд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл Б.Хурцыг манайд шилжүүлж чадна.

Англид болж буй шүүх хурлууд нь Б.Хурцыг хүн хулгайлсан эсэхийг тодорхойлохоос илүүтэй түүнийг шаардаж буй талд шилжүүлэх ёстой юу, үгүй юү гэдгийг л шийдэж байгаа байх. Ийм үед манай талаас зарим талаар яарч адгасан гайхалтай мэдэглүүд цувраад байгаа нь ойлгомжгүй юм.

Харин Францчууд өөрөөр гэхдээмаш идэвхтэй ажиллаж байгааг анзаарч байна уу? Францын сайдууд хэрэг явдалтай зэрэгцэн Монголд ирээд ураны салбар дахь оролцоогоо хангахаар чармайж байна. Францын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Анн-Мари Идрак ирж, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах гэж болов. Тэр “Ардчилал, хүний эрх, сайн засаглалын хүрээнд Монгол Улстай “Улс төрийн туршлагаа хуваалцахад” Францын тал бэлэн байгаа” гээд, “Монголчуудын сайн түнш байж чадахаа илэрхийллээ” гэсэн мэдээг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлжээ.

Ийм нөхцөлд Монголчууд хэрэв Францчуудтай хэл амаа ололцож чадаж байгаа бол Б.Хурцыг Германд биш Францад шилжүүлж өгөхийг хүсэж болох талтай. Хэрэг Францад үйлдэгдсэн, Германаар дамжуулан зөөсөн.

Гурван жилийн өмнө хятадын аюулаас хамгаалахынхан Шинжаанаас Канадад дүрвэн гарч, тус улсын иргэн болсон хүнийг Казахстанд ажлаар явж байхад хулгайлж авчраад 7 жилийн хорих ял оноосон. Хариуд нь Канад Хятадын томоохон гэмт хэрэгтэнд орогнох эрх олгосон. Тэр гэмт хэрэгтэн нь Хятадын Ерөнхий сайд Ли Пэний эхнэрээр дамжуулан давуу эрх олж, асар их хэмжээний шатахууныг татваргүй импортолж, олон зуун сая ам.долларын хууль бус ашиг олсон байв. Хятадын дөрвөн машин тутмын нэг нь түүний татваргүй оруулж ирсэн бензинээр хөдөлж байсан гэхээр ямар том хэрэг болох нь харагдана. Хэрэг илэрмэгц Канадад зугтан гарсан тэрээр энэ хэрэг явдлын улмаас цэвэр азаар толгой хоргодох эрхтэй болж, Канадын хуулийн дагуу 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд тэндээ үлдсэн билээ. Гэмтэн ч бай, биш ч бай “Аливаа улс өөрийн иргэнээ өөрөө мэдэх ёстой” гэсэн зарчмын эргэн тойрон дахь үйл явдлуудын бас нэг жишээ энэ. Тодруулбал “иргэнээ мэдэх” эрхээ хамгаалахын тулд ямар ч төр буулт хийдэггүй.

Матаас

Зарим зүйлийг ойлгохгүй байна. Нэг дэх нь Б.Хурцыг баривчилсны дараа ГХЯ-наас мэдэгдэл гаргасныг. Уг мэдэгдэлд “Б.Хурц тэргүүтэй дөрвөн хүн /дөрвөн хүн шүү/ Европоос хүн хулгайлсан хэргийг зохион байгуулсан” гэдгийг хүлээн зөвшөөрч байх юм. ГХЯ-ны мэдэгдэл нь олон улсын хэмжээнд асуудлыг Монголын тал хэрхэн харж, үнэлж буйг илтгэсэн хэрэг. Цагтаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “13 халхавч объект бий гэж зарласных төлөө” ял тулгана гэж агсарч байсан манай төрийнхөн одоо болохоор өөрсдөө гүйцэтгэгчдээ тоо ёсоор нь илчилж байна уу? 

Үүний араас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд мэдэгдэхдээ: “Б.Хурц хэрэг үйлдсэн, гэхдээ гүйцэтгэгчийг шийтгэх ёсгүй” гэжээ. Энэ удаад Засгийн газар биш парламент өөрөөр хэлбэл эрх баригч субьект хэргийг баталж орхив. Яагаад яаран ийм дүгнэлт гаргав? Хэрэг яагаа ч үгүй байхад... Өөрөөр хэлбэл Английн талаас Б.Хурцыг нэхэж буй Германчуудад бэлэн материал бэлтгэж өгөөд байна уу? Мэдээж энд бичсэнээ нууж болох л байсан. Гэхдээ энд нуулаа гээд нямбай Германчууд, бас Англичууд энэ мэдэглийг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Дэрээс нь манай тал Б.Хурцад хэдэн жилийн ял өгөхийг яг таг мэдэж байгаагаа хэвлэлээр зарласан байх юм. Сүрхий ч мэдээлэлтэй улс бол доо.

Б.Хурцыг “хүн хулгайлах хэрэг” үйлдсэний төлөөх хариуцлагыг Франц, эсвэл Германы шүүхээс оноох байх. Өмнөх өгүүлэлд дурдсанаа давтъя. Хэрэг Английн нутагт гараагүй, Английн шүүх түүнийг шилжүүлж өгөх эсэхээ л шийдэж байна. Английн тал “хэрэгт оролцсон байх үндэслэлтэй” гэж үзвэл Германы талд шилжүүлж болзошгүй юм. Тэгвэл манай иргэний хувь заяа тун ч ноцтой тал руугаа эргэж болзошгүй. Тиймээс манай бүхий л хүчин чармайлт Б.Хурцын асуудлыг Англид байх хугацаанд шийдвэрлэхэд чиглэх ёстой мэт харагдаад байна.

Английн эрх ашиг юунд байна? Бүр муугаар бодоход Германы эрх ашиг бас юунд байж болохыг бид эртхэн бодож баймаар санагдах юм. Ер нь л хоцорч байх шиг байна.

Германы сонихол юу вэ? Лав л Герман Монголын өмнөд нутагт тавих гэж буй нарийн төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх гэж байсан. “Дойче банк” “Энэржи ресурст” 110 сая ам.долларын зээл олгох гэж байсан. Гэвч манай парламент нутаг дэвсгэр дээрээ зөвхөн оросын стандартаар төмөр зам тавих ёстой гэсэн шийдвэр гаргасан. Оросууд Монголыг ингэж төмөр урхиар урхидаад одоо өөрсдөө хятадад  асар их хэмжээний нүүрс экспортлож байна.

Одоо таван толгойн ордын асуудлыг хэлэлцэж байна. Хятадын “Шинхуа”, Америкийн “Пибоди” нэг тал болж орж байна. Герман ч үүнд асар сонирхолтой. Учир нь Германы төмөрлөгийн болон автомашины үйлдвэрүүд Хятадад салбараа нээсэн. Гангийн үйлдвэрт нь сайн чанарын нүүрс хэрэгтэй байгаа. ЭНэ талаас нь харвал нэг учиг гарах л байх. 

Хүнээ суллуулж авъя л гэж байгаа бол шүү дээ. Харин ийм санаа манай эрх баригчдад байна уу, үгүй юу. Та юу гэж бодож байна? Бид Монголын эрх баригчдад найдахаасаа илүүтэй Английн шүүхэд найдах ёстой юм болов уу?

Хурцыг илгээсэн нь

Энэ хэрэг явдлын тухайд манай тал Европын улсуудаас уучлал гуйхаас өөр аргагүй, хэрэв тэгвэл Д.Энхбатын ар гэрийнхнээс ч уучлал гуйж нөхөн төлбөр олгох ёстой. Иргэнээ суллуулж авсны дараа хэргийг шударгаар шийдвэрлэснээ эргэж мэдэгдэх үүргийг Монгол Улсын төр нь хүлээх л болох нь дээ. Төр л үүрэг өгсөн, төр хүнээ хамгаалах ёстой. Ядаж В.Путин шиг. Гэтэл манайх бүхнийг яг эсрэгээр нь хийгээд байх юм.

Одоо манай эрх баригчид ядуу, гэнэн иргэдтэйгээ биш харин дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй шатар нүүх болох нь. Иргэдээсээ удаан нууж хаасан хэрэг илэрчээ. Хэрэв иргэнээ өмгөөлж, хамгаалж чадахгүй бол төрийн биш юм гэхэд Засгийн газрын нэр хүнд шалдаа хүрч унах нь тодорхой. Хэрэв иргэнээ хамгаалж чаддаггүй юм бол биднийг төлөөлөх эрх парламентад, бас Засгийн газарт бий юу? Ядаж л 2004 оны МАХН-ын тэргүүний бодлого өнөөг хүртэл уламжлагдаагүйг, үнэхээр шинэчлэгдэж байгаа эсэхийг харах цаг.

Үүнд л Хурцын хэргийн хурц нь оршиж байна. Одоо дотоод асуудалд оръё. Дотоод асудалд орохын учир нь Б.Хурц нь дотоод улстөрийн тоглолтын золио болж байж магадгүйд байгаа юм. 2006 онд Б.Хурц Германд очиж байжээ. Хэрэг гарснаас хоёр жилийн дараа шүү дээ. Тэгэхэд түүнийг саатуулаагүй байна. Гэтэл Б.Хурцтай холбоотой хэвлэлийн материалуудыг шүүж үзвэл хэрэг явдал тун саяхнаас, ердөө өнгөрсөн хавраас маш хурдтай идэвхжсэн байна. ТЕГ-ын дарга Р.Болд Англид айлчилсан тухай ярьж байна. Тэрээр ганцаараа явсан байна. Уг нь заавал хүнтэй хамт явах ёстой, уулзалт ярилцлагууд бүгд протоколтой байх ёстой. Гэвч тэгсэнгүй. Дүрэм журам зөрчигджээ. Түүний дараа ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатар Англид хувийн хэргээр зорчсон байна.

Энэ үеэр Б.Хурцын асуудлаар Монголд гэнэтийн шуугиан дэгджээ. 50 саяын хахуулийн хэрэг, түүнээс улбаалаад МИАТ-ын хэрэг гэхчлэн. Дараа нь түүнийг ҮАБЗ-ын албаны шугамаар Англитай хэлэлцээр хийлгэхээр илгээжээ. Тэгээд л баригдчихаж. Манай тагнуулын байгууллага Ангийн тагнуулын байгууллагатай ямарваа хэлхээ холбоо тогтоогоогүй байж. Эхний алхам энэ байж, гэвч Англичууд Б.Хурцыг саатууллаа. Бүх хэлэлцээр бүтэлгүйтэж, нуран унасан байж таарна. 

Тагнуулын байгууллагаас тусгай үүрэг гүйцэтгэгч ажилтнаа гадаадад ямар нэгэн ажил хэргээр зорчих гэж байгаа бол заавал сануулга өгдөг журамтай. Энэ нь нэг талаас ажилтныхаа аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж буй хэрэг, нөгөө талаас улсын нууц задрахаас сэргийлж байгаа хэрэг. Гэтэл Б.Хурцад сануулга өгөх нь байтугай томилоод илгээчихжээ.

Хурцын хэргийн хурц нь юундаа байна вэ-2.

Б.Хурцын хэрэг хоёр талын “ач холбогдолтой” байж болзошгүй байна. Нэгдүгээрт Монголын төр Б.Хурцаар золио хийж Европын холбоотой харилцаагаа болгох гэж байна. Нөгөө тал буюу дотоод ач холбогдол нь улстөрчдийн дундын дайсан Н.Энхбаярыг “мохоол мушгилгүй болгох” боломж байна.

Гэхдээ Б.Хурцыг зольсон нь дан ганц МАХН-ын үзэл баримтлалын асуудлаар намын дотор хагарал үүсгэсэн Н.Энхбаярыг нам дарах оролдлогоос үүдэлтэй гэж богино бодож болохгүй. Яагаад гэвэл Б.Хурцтай холбоотой хэрэг явдлын шуугиан МАХН-ын нэр ба үзэл санаагаа солих тухай нийтийн хэлэлцүүлгээс хамаагүй эрт эхэлсэн. Гэхдээ одоо энэ асуудлаар боомилж Н.Энхбаярыг шахаанд оруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл МАХН-ын их хурлын өмнө намын бодлогын эсрэг хийж буй Н.Энхбаярыг хазаарлахад үүнийг ашиглаж болно. Их хурал эхлэхэд 20-иод хоног дутуу байна. Харин Н.Энхбаяр нам жим болчихсон байгаа биз? Асуудал Н.Энхбаяртай холбогдох нь ТЕГ Ерөнхий сайдын шууд мэдэлд байдагт оршино. Эхнэрээ зөвлөхөөр ажиллуулсан. Даалгаврыг сонгуульд ялахын тулд Ерөнхий сайдын хувиар биш, МАХН-ын даргын хувьд Н.Энхбаяр өгсөн байж болзошгүй.

С.Баяр Ерөнхий сайд болмогцоо хийсэн хамгийн анхны томилгоо нь ТЕГ-ын даргаар Р.Болдыг томилсон гэж үзвэл, өөрөөр хэлбэл ТЕГ шууд Ерөнхий сайдын мэдэлд байдаг гэж үзвэл энэ хэргийн үзүүр шууд Н.Энхбаярыг чиглэж болно. Б.Хурц Германы талд шилжиж, ял авбал хэргийг Монголд хэргийг мөрдөн шалгах нэрээр Н.Энхбаярыг хариуцлагад татаж болно. Б.Хурц нарыг мэдээж Н.Энхбаярын үед “илчлээгүй”. /Үнэндээ манай гүйцэтгэх ажилтнуудын нэр илчлэгдсэн эсэх нь тодорхой бус байгаа/ Уучлал гуйх шалтаг гаргахын тулд нэгэнт ил болсон “нууц” асуудлаар ийм алхам хийж болно. Тухайн үед Д.Энхбатыг хулгайлсан асуудлаар Европын улсуудаас асуудлыг хүчтэй тавихад Гадаад хэргийн сайд Б.Эрдэнэчулуун тухайн асуудлаар Ерөнхий сайд Н.Энхбаярт мэдээлэл өгсөн ба Н.Энхбаяр “улсын нууц” учраас задруулахгүй байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн протокол бий гэдэгт итгэлтэй байгаа бололтой.

АН, Ерөнхийлөгчийн зүгээс асуудлыг харзнаж байгаа авч З.Энхболдын мэдэгдэл ямар нэгэн сэжмээр энэ хуйвалдаанд оролцсон байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Эсвэл Үүлийн хардлага үндэслэлтэй юм болов уу? МАХН-ын их хурал “амжилттай өндөрлөж” шинэ өнгө татсан дээл шиг шинэчлэгдсэнээ зарлаж, олон нийтэд пиардах үед энэ асуудлаар МАХН-ыг бөгсөөр нь суулгах сонирхол байж болзошгүй юм. “МАХН өмнө нь залуусаар золио хийдэг нь ил болж байсан бол энэ удаад тусгай албаныхнаар золио хийдэг нь ил боллоо. МАХН Монголын нэр хүндийг дэлхий дахинд, тэр тусмаа Европ дахинд бузарлажээ” гэж үзэх үндэслэл байна.

Ямар боловч өнөөдөртөө талууд Н.Энхбаяр буюу “нийтийн дайсны” эсрэг нэгдчихээд байна. Дотоод улстөрийн ашиг хонжооны төлөө нэг иргэнээ зольж магадгүй дүр зураг харагдаад байна. Олон хүн коммунист эх оронч үзлээр “Улсын эрх ашгийн төлөө нэг хүн золиход яахав дээ” гэж үзэж болохыг тэд тооцсон байх. Гэвч нэг хүний эрх нийтлэг эрх ашгаас дор гэж үздэг нийгмээс холдоод бид 20 жил болж байна.

Дүгнэхэд улстөрийн хямрал илүү гүнзгийрчээ. Улстөрийн ашиг хонжооны төлөөх тоглолтод нууц албаныхныг “шатрын хүү” болгон хаяж байгаа юм биш үү?. Хэрэв Б.Хурцын асуудлаар эвссэн бүлэглэлүүд Н.Энхбаярыг тоглолтоос гаргаж чадвал дараа нь дотроо хагаралдаж эхэлнэ. Яагаад гэвэл дайснаа дарсан. С.Баярт бол 2013 оны сонгуульд Ц.Элбэгдоржийг найдвартай ар талгүй буюу намгүй оролцуулах сонирхол бий. Ийм үнэр ч энэ хэрэг явдлаас үнэртээд байна.