Зүүн Германы “Штази” хэмээх нууц албаны даргаар олон жил ажилласан “Нүүр нь харагддаггүй хүн” хочтой ажилтан хэдхэн жилийн өмнө дуртгалаа хэвлүүлснийг манай тагнуулын байгууллагын ойг тохиолдуулан орчуулан хэвлэсэн билээ. Уг дуртгалд “... жижиг орнуудын тагнуулын албад их хөнөөлтэй байдаг” гэж бичсэн байна.

2004 оны сонгуулийн өмнөхөн, Монголын тусгай алба нэгэн хөнөөлтэй ажиллагаа зохион байгуулсан ба “дээрээс” өгсөн даалгавраар Ардчилсан хувьсгалын анхны удирдагч С.Зориг агсны амийг бүрэлгэсэн этгээдийг “олох шахжээ”. 2004 оны сонгуулийн өмнөхөн энэ талаар Монголын хэвлэлүүдэд ил тод болсон нь Монголын ирэн Д.Энхбатыг Францаас хулгайлан авчирлаа. Гүйцэтгэлийг өндөр түвшинд хийсэн бөгөөд Франц, ХБНГУ, Бельги, Люксембург хэмээх Европын дөрвөн орныг дамнуулан, эдгээр улсуудын нууц, тусгай бүх албадын хараанд өртөлгүй “хулгайлсан бараагаа” авчирчээ. Д.Энхбатыг Берлин-Улаанбаатар чиглэлээр авчраагүй бол, Москвагаас ахин ачсан бол ОХУ ч бас л эмзэглэхүйц тусгай ажиллагаа явагдсан юм. Үүнд ХЗДХ сайд Ц.Нямдоржийг холбогдуулах гэсэн таамаг байдаг ч ТЕГ тус яамны харъяанд байдаггүй юм, тэр тусмаа тэр үед байгаагүй юм. Хэрэв тэр мэдэж байсан бол хилийн цэргийг харъяалдгийн хувьд хилээр нэвтрүүлэх энэ тэрд л бололцоо олгосон байх талтай, гэвч ингэсэн гэх баталгаа байхгүй. Н.Энхбаяр огт итгэдэггүй Ц.Нямдоржоос ТЕГ-ыг авч үлдэхийн тулд Хилийн цэргийг оронд нь өгсөн гэдэг утгаар нь шүү дээ.

Энэ ажиллагаанд мэдээж дотоод улстөрийн зорилго байсан. Д.Энхбатын шоронд байхдаа өгсөн ярилцлагад дурдсанаар бол түүнээс “С.Зоригийг хөнөөх ажиллагааг М.Энхсайхан зохион байгуулсан” гэсэн мэдүүлэг авахаар шахаж байжээ. Гэвч Д.Энхбат агсныг хүндэтгэн дурсахад тэр ийм мэдүүлэг өгөөгүй юм. Тухайн үед Д.Энхбат агсныг хурандаа Д.Санжаасүрэн өмгөөлсөн. Д.Санжаасүрэн гуай бол НАХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан манай туршлагатай “чекист”-үүдийн нэг. Д.Санжаасүрэн гуай энэ тодорхойлолтыг зөв талаас нь ойлгох байх, хэдийгээр “чекист” /Коммунист онц бүрэн эрхт комиссын төлөөлөгч/ гэдэг үг өнөө үед их эвгүй сонсогддог ч нууц албанд олон жил ажилласан, тэр тусмаа их өндөр тушаал хашиж байсан хүнийг хамгийн товчоор ингэж л үнэлбэл олон нийт ойлгох юм байна шүү. За, тэгээд Д.Энхбатын ар гэр үнэхээр өмгөөлөгчөө зөв сонгосон байлаа, яагаад гэвэл Д.Энхбатыг тусгай албаны шугамаар “авчирсан” байв. Түүнийг тусгай албаар бэлтгэгдсэн хүн л өмгөөлнө үү гэхээс дуртай хүн өмгөөлж чадахгүй.

Д.Энхбатыг хулгайлан авчирсан тухай мэдээллийг Монголын хэвлэлүүдээс улбаалан дэлхий дахинд шуугиан болов. Монголын тусгай албад хэдийгээр өөрийн иргэн авч Д.Энхбатыг хулгайлсан нь хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлсэн, найрсаг харилцаатай орнуудыг үл хүндэтгэсэн хэрэг болов. Эрх баригчид сандран мэгджээ. Европын холбоо визийн журмаа чангатгав. ХБНГУ-ын ЭСЯ-наас олгодог визийн нөхцөл тэр үед яаж чангарч байсныг олон хүн санаж байгаа байх. Мэдээж Монголчууд бүгдл нэгнээ хулгайлаад зөөгөөд байхгүй л дээ, гэхдээ ийм боломжийг олгосон шалтгааныг л хумих гэсэн хэрэг байх. Иргэд Германы биш Польшийн ЭСЯ-наас Шенгений виз авах гэж овоорч байсан. Удалгүй Польшууд виз олгодог консулын газраа хаасан. Монгол хүн Европт хэн ч биш болов. Тэр гашуун үе мартагдаагүй байна, гэхдээ олон эгэл Монголчууд Монголчууд визийн журам чангатгасанд Герман, Польш, Европын холбоог буруутгаж байснаас биш өөрийн “бүдүүлэгдүүхэн” эрх баригчдаа буруутгаж байсангүй. Германууд тэчъяадсандаа Монголын ЭСЯ-ны ажилтан “машинаар үйлчилсэн” Гэрэлмаа гэдэг хүүхнийг саатуулаад “тааламжгүй этгээд” /персона нон грата/ хэмээн зарлаж улсаасаа гаргасан.

Д.Энхбат Зайсан дахь хорихын эмнэлэгт байхдаа, тодорхой хэлбэл нас барахынхаа өмнөхөн өөрийг нь хулгайлсан бүх процессыг дэлгэсэн 60 орчим минутын видео ярилцлага өгснийг нийтэд дэлгэсэн юм. “Өдрийн сонин” ярилцлагыг бүрэн эхээр хөрвүүлэн гаргаж байсныг архиваас үзэж болно.  Тэр ярилцлагад нэг ч хүний нэр, өөрөөр хэлбэл тусгай албаны нэг ч хүний нэр дурдагдаагүй. Магадгүй Д.Санжаасүрэн гуай талийгаач Д.Энхбатад хуулийн заалтуудыг сануулсан байх, нөгөө талаар тусгай албаныхныг нэрлэх боломж ч байгаагүй. Д.Энхбатыг хулгайдлсан хүмүүс өөрийгөө илчлэхгүй нь лавтай. Хэрэв тэр үед Б.Хурцын нэр гарсан бол түүнийг тойрсон томоохон асуудал босох байсан. Гэвч тэр үед, тэр тусмаа намууд сонгуульд ялах эсэх дэнсэн дээр байсан тэр үед ямар ч асуудал босоогүй.

Бөөн асуудал ундарч, манай эрх баригчид өөрийн бусармаг үйлдлийг хаацайлах “золио” хайж эхэлсэн юм. Дотооддоо золио нь өмгөөлөгчөөр ажилласан хурандаа Д.Санжаасүрэн гуай болсон. Тэрээр жил шахам “аавынд суугаад” гарч ирсэн. Хоригдсон шалтгаан нь “Улсын нууц задруулсан”. Мэдээж Д.Энхбат агсан ярилцлагадаа хулгайн процесс, байцаалтын  үеийн процессыг дэлгэрэнгүй өгүүлсэн нь ийм сэжүүр гаргаж өгсөн байх. Лав л Ц.Нямдоржийн тагнуулын хэрэг ба Д.Энхбатын хэргийн улмаас улсын нууц задалсан хэргээр генерал, хурандаа хоёр хүн дараалан шоронд хоригдсон нь ТЕГ-ын нэр хүндэд том хохирол учруулсан билээ.

Гурав дахь золио

Сонгууль болдгоороо болоод өнгөрсөн. Германчууд Н.Энхбаярт таагүй хандаж байгаа нь үе үе илэрч байв. Ялангуяа “Шпигель” сэтгүүл Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нүүрсний томоохон ордын асуудалтай холбоотой талаар ноцтой асуудал нийтэлсэнд манай эрх баригчид их эмзэглэж байсан. Н.Энхбаяр Францад Асашёрүтай айлчилж, харилцаагаа хэвийн болгохыг чармайж байсан. Тэр үеэс Монголын ураны салбарт Франц улс идэвхтэй оролцогч болж эхэлсэн. Тухайн үеийн манай эрх баригчдын айлчлал голдуу Герман, Франц, Люксембург заримдаа Бельги гэсэн дарааллаар өрнөдөг байсан нь манай тал гадаад харилцаандаа гарсан сэвийг дарах гэж хичээж байсных биз. Монголд нээгдсэн ашигт малтмалын томоохон ордуудад хөрөнгө оруулах сонирхол нь харилцааг хэвийн болгоход ихээхэн нөлөөлсөн байж болох талтай.

2008 оны сонгууль гэхэд энэ асуудлыг Монголчууд үндсэндээ мартаад байлаа. Уг нь Европын холбооны хуулиар бол энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа 2013 онд дуусах байжээ. Гэхдээ манай эрх баригчид асуудлыг нэг мөр болгохын тулд бас нэг золио, гэхдээ гадаадад гаргахаар шийджээ. Б.Хурцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын хувьд ажил хэргийн шугамаар очиход нь өнгөрсөн сарын 17-нд Лондоны “Хитроу” нисэх онгоцны буудал дээр баривчилав. Албан ёсоор ажлын айлчлал хийж байгаа хүнийг баривчилсан Их Британиас бид тайлбар шаардах эрхтэй. Таагүй хэрэг, нөгөө талаар бид тусгаар улс. Гэхдээ л Б.Хурцыг явуулахынхаа өмнө хангалттай цоллож байгаад илгээжээ. МИАТ-ын асуудлаар...

Яг энэ үеэр нэг үйл явц давхацсан юм. Монголын хөрөнгийн биржийг ашигт малтмалын томоохон бирж болгон хувиргах зорилготой тендерийн дүнг зарлах гэж байлаа. Тендерийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Солонгос, Лондоны хөрөнгийн биржүүд байсан юм. Үүний дараахан НҮБ-ын тусгай чуулганд оролцож байсан манай Ерөнхий сайдаас дэлгэрэнгүй ярилцлага авсан бөгөөд сурвалжлагч нь Монголын хөрөнгийн биржийн тендерт хэн ялах магадлалтай байгааг ихээхэн шохоорхож, тэр тусмаа “Лондоны бирж илүү магадлалтай биш үү?” гэсэн чиглүүлсэн асуулт тавьж байлаа. Одоо Англичууд манайхаар буулт хийлгэх гэж оролдоод байгаа юм биш биз?

Нутаг дэвсгэрт нь хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсанд Европын орнууд ихээхэн дургүйцэж байсан ба энэ хэргийг хариуцах хэн нэгнийг заавал шийтгэхээр хүлээж байсан гэдэг мэдээлэл хэр ортой вэ? “Хэрэг” эх газраасаа илэрхий өөр байхыг эрмэлздэг Их Британы нутагт биш, Францад гарсан. Бас Д.Энхбатыг хулгайлан авчирсан дөрвөн хүнийг “Тухайн үед ахмад цолтой байсан Б.Хурц толгойлж” байсныг тэд “мэдсэн” гэж байна. Гэхдээ энэ мэдээлэл хэр ортой бол? Монголын бусад тусгай ажилтнуудын талаар ч бас тусгай мэдээлэлтэй байгаа болов уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Бид гадныхны бүдэг бадаг мэдээллээр Б.Хурц “Хүн хулгайлах хэргийг гүйцэтгэсэн бүлгийг ахласан” гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ мэдээлэлд ч эргэлзэх боломж бидэнд бий. Мэдээлэл алдагдлаа гэж байгаа ч алдагдаагүй байж болно. Зүгээр л увайгүй унхиагүй төр засгаа муулахын тулд л муулах гэж Монголын сэтгүүлчид энэ мэдээлэлд итгэх ёстой юу? Явж явж манай төр засгийн талаар хэлэлцэх нь бидний дотоод асуудал. Хэргийг нотлосон ямар ч тодорхой мэдээлэл гараагүй л байна. Ийм нөхцөлд манайхан баривчилгааг бараг л хүлээн зөвшөөрч, гүйцэтгэгчийг шүүх ёсгүй гэж үзэх үндэслэл харагдахгүй байна.

Хурцын хурц асуудал

Хэрэв Б.Хурц хэрэгт хамаагүй бол яах вэ? Б.Хурцын баривчилсан мэдээлэлтэй зэрэг шахуу Б.Хурцын талаар таагүй мэдээллүүд ихээр цацагдсан. Энэ болгоомжгүй мэдээллүүд нь ийм хэрэг үйлдэхээс өөр аргагүй хүн байж болзошгүй гэсэн ойлголтыг нөгөө талд төрүүлж магадгүй юм. Гэвч Б.Хурцтай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгож хаасан, гэм буруугүй гэдгийг албан ёсоор зарласны дараа асуудал намжаад байна. Зүгээр хардахад Н.Энхбаярыг Европод чөлөөтэй зорчуулахын тулд Б.Хурцыг золиослох шаардлагатай байв уу? Эсвэл өөр шалтгаан байна уу?

Мэдээллээр бол Б.Хурцаас тодруулга авч байна. Энэ бол байцаалт биш. Дараалсан шүүх хурлууд болж байгаа ч хэрэг хүлээх нөхцөл байхгүй. Нэгд Б.Хурц хэргийг үйлдээгүй байж болно. Хоёрт үйлдсэн гэж яллалаа ч Монголын хуулиар Б.Хурц улсын нууц задруулж болохгүй учраас хэрэг хүлээхгүй. Хэрэв Б.Хурцыг шийтгэж гэмээ нь өөрөө огт хүлээгээгүй хэргээр шийтгэх болно. Лав л олон улсад мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээгээр хүнийг хүлээгээгүй хэргийнх төлөө шийтгэхийг зөвшөөрдөггүй. Хэрэв Б.Хурц ямар нэгэн байдлаар хэрэг хүлээж гэмээ нь Монголын хуулиар улсын нууц задруулсан хэрэгт давхар орох нөхцөл үүснэ.

Ингэхээр асуудал гацаанд орж байна. Б.Хурцыг шилжүүлж өгөхийг ХБНГУ ИБУИНВУ-аас шаардаж байгаа ба Их британийн тал өгөлгүй асуудал сунжирсаар байна. Өнөөг хүртэл албан ёсоор өгсөн цорын ганц мэдээлэл нь “2003 онд Б.Хурцыг Францаас Бельги, Германы нутгаар хууль бусаар хүн хулгайлан тээвэрлэсэн, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, Европын холбооны орнуудад зорчсон тохиолдолд саатуулж, ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх тухай 2006 онд тавьсан хүсэлтийн дагуу Их Британийн тал Б.Хурцыг саатуулсан байна”.

Одоо Монголчууд асуудалд яаж хандах вэ? гэдгээ тодорхойлох цаг. Д.Энхбат агсны ар гэрийнхэн хүнд байдалд байгаа байх. Гэхдээ Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг Б.Хурц ахлан гүйцэтгэсэн гэх ямар ч нотолгоо баримт байхгүй. Хэрэв манай талаас үүнийг нь “нотлосон” ямар нэгэн баримт өгчихөөгүй бол шүү дээ. Ингэх үндэс харагдахгүй байна, учир нь манай талаас Б.Хурцыг чөлөөлөх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Нөгөө талаас Б.Хурцтай холбоотой шуугиан түүний ажлын айлчлалын өмнө гарсан нь Ангийн талд түүнийг саатуулж болох хүн гэж үзэхэд хүргэсэн байж болзошгүй юм. Тиймээс Монголчууд бид өөрийн иргэнээ, нэгнийгээ суллуулж авахад туслах ёстой болж байна.

Хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын аюулаас хамгаалахын ажилтнууд Монголын иргэн Жаранбаярын Соёлтыг мөн л Бээжингийн онгоцны буудалд баривчилж байсан. Мөн л шалтгаан тодорхойгүй байсан ба удалгүй “БНХАУ-аас хууль бусаар гарсан манай иргэн” учраас баривчилсан гэсэн хариу өгсөн. Гэвч Ж.Соёлт хууль ёсоор манай иргэн болсон нь нотлогдсон учраас сулласан юм. Тухайн үед цөөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ж.Соёлтыг чөлөөлөхийг шаардсан мэдээлэл гарч байсан ба манай дипломат шугамаар авч байсан арга хэмжээнүүдийн үр дүнд 45 хоног саатуулаад чөлөөлж байсан юм. Ж.Соёлтыг суллахад дотоодын таатай нөхцөл нь ямар нэгэн сөрөг мэдээлэл байгаагүй юм. Тиймээс бид энэ чиглэлд амжилт олох боломж бий. Коммунист засаглалтай, салан тусгаарлах, үндсэрхэх үзлийг хөрш орноос дэврүүлэх вий гэж болгоомжилдог БНХАУ хүртэл асуудалд зөөлөн хандаж байсан энэ жишээг Их Британий тал анзаарах байх гэж найдаж байна.

Өнөөдөр нөхцөл байдал яг адилхан давтагдаж байна. Албан ёсоор очсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг, өөрөөр хэлбэл төрийн өндөр хэмжээний албан тушаалтны дипломат халдашгүй эрхийг зөрчин баривчилна гэдэг ноцтой асуудал юм. Лав л ийм хэрэг явдлын дараа би л лав үхэж байсан ч албан ч бай, хувийн бай шугамаар Англид зорчихгүйдэг. Ийм нөхцөлд “Оюу толгой”-н ордын хөрөнгө оруулалтын гэрээний маргааныг Английн шүүхээр шүүлгэнэ гэх заалтад ч бид эргэлзэх ёстой. Нөгөө талаас ардчилсан Монгол Улсын иргэн Д.Энхбатыг хулгайлан авчирсан нь манай өөрийн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Иймээс хэрэв Б.Хурц дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон бол манай хуулиар шийтгүүлэх учиртай байсан. Хэргийг мөрдөн шалгах явцад тушаал өгсөн эрхтэн илрэх ёстой юм. Хэрэв илэрвэл гэм бурууг тушаал өгсөн этгээд л хүлээх ёстой болохоос гүйцэтгэгч хүлээх ёсгүй.

Эцсийн дүндээ ямар ч хэрэг хийсэн бай Монголын иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан асуудалд эмзэглэж байна. Хөвсгөлд Монголын иргэнийг хөнөөсөн АНУ-ын иргэн, нэн таагүй хэрэгт орооцолдсон Германы ЭСЯ-ны ажилтан Т.Шерерийг “их гүрнүүд” татан авч өөрийн хуулиар асуудлыг шийдсэн. Тиймээс Б.Хурцыг ямар ч нөхцөлд суллуулж авах ёстой, түүний дараа бид дотооддоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэв гүйцэтгэгч байсан нь тогтоогдвол тушаал өгсөн эрхтэнд ч зохих хариуцлагыг хүлээлгэж, хариу мэдэгдэх замаар асуудлыг шийдэх боломж бий юм. Ямар ч улс гүрэн Монголын иргэний эрхийг өөрийн нутаг дэвсгэрт зөрчих ёсгүй, яагаад гэвэл Монгол Улсын иргэн олон улсын хэм хэмжээгээр зохицуулагдсан өөрийн орны хуульд захирагдаж, өөрийн орны хуулиар асуудлаа шийдүүлэх эрхтэй. Монгол улс ардчилсан улс учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болоод олон улсын хуувь эрхийн хэм хэмжээнд нийцүүлсэн хуулийг батлан мөрдөж байгаа. Бүр үүнийг хуулиар баталгаажуулсан бөгөөд хэрэв Монгол Улсын хуулинд өөрөөр заасан бол олон улсын хууль эрхийн актыг баримтална гэж заасан байгаа.

Бид яах ёстой вэ?

Юуны өмнө Монголчууд бид нэгнийгээ харийн хуулиар шийтгэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хэрэв үүнийг зөвшөөрвөл гадаадад тухайн тохиолдолд Их британид зорчиж буй манай бүх иргэний аюулгүй байдал баталгаагүй гэсэн үг. Улс төрийн бодлого ондоо, ардчилал ч бас ондоо. Юу гэх гээд байна вэ? гэвэл Монгол Улс ардчилалд үйлчлэх ёсгүй, харин Монголд ардчилал үйлчлэх ёстой гэдэгт байна. Монголчууд өнгөрсөн зууны ихэнх хугацаанд Монголыгоо коммунист үзэлд захируулахыг оролдож ирсэн нь л алдаа байсан гэж бид шүүмжилдэг. Тиймээс хэнбугай ч бай дэлхийн улстөрийн бодлогыг тодорхойлогч их долоо /найм/ ч бай, эдийн засгийн бологыг тодорхойлгч “G20” ч бай манай улсын иргэнийг шийтгэх эрх эдлэхгүй. Өнөөдөр лав л 1990 биш. Бид хэнээс ч гуйхгүй түвшинд байна. Нөгөө талаас төрийн албаны ажлаар яваа хүнийг саатуулснаараа наад зах нь  Англичууд дээрэнгүй, бүдүүлэг алдаа хийж байна. Иймд наад зах нь Лондонгийн биржийн тендерт оролцсон асуудлыг ч, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг ч манай улс эргүүлэн хянах ёстой. Хууль бусаар зорчиж явсан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д заасны дагуу манай хүсэлтээр л саатуулах ёстой болохоос аль нэг гуравдагч орны хүсэлтээр манай иргэнийг саатуулсныг хүлээн зөвшөөрч болохгүй.

Лав л ОХУ-д бол “зөрүүлээд” бас нэгэн “гэмт этгээдийг” саатуулдаг л юм билээ. Тэгээд солилцоо хийдэг. Тусгай албаны ажилтнуудын аюлгүй байдлыг хангах үүргийг төр өөртөө хүлээдэг. Хэрэв тиймгүй бол Монголд тусгай алба, нууц ажиллагаа байх нь ямар ч утга учиргүй хэрэг. Энэ бол ерийн нацизм биш, бодат байдал. Хэрэв Б.Хурц даалгавар гүйцэтгэсэн байдаг юм гэхэд түүнд тушаал өгөхдөө асуудлыг тайлбарлах шаардлага байхгүй. “Авч ир, сайн гүйцэтгэвэл үрргээ гүйцэтгэлээ” л гэж үзнэ. Хэрэв гүйцэтгэхгүй бол төрөөс оноосон үүргийг биелүүлээгүйнх нь төлөө түүнд харицлага тооцно. Ийм нөхцөлд жишээ Б.Хурц өгсөн үүрэг даалгаврын талаар олон нийтэд мэдээлэх замаар татгалзах нь өөрөө гэмт үйлдэлд тооцогдох байсан. Эсбөгөөс Б.Хурц Дилав хутагтын сүүлийн дүр Жамсранжав агсан шиг тэр чигээрээ дүрвэх байсан уу?

Эцэст нь хэлэхэд Монголын нууц товчоонд бичсэнээр Монголын төр “алтан аргамжаа” Англиар ч бай, Германаар ч бай таслуулах ёсгүй. Ардчилсан нийгэмд төлөвшсөн бие хүний хувьд Б.Хурцыг заавал суллуулах ёстой, суллуулсны дараа хэрэв хүний эрхийг зөрчсөн энэ үйлдлийг хийсэн юм бол даалгавар өгсөн этгээдийг заавал шийтгэх ёстой. Одоо бол Хурцын асуудлын гол нь гадаад улс манай иргэнийг саатуулансанд л байна.