“Ядуурлын эсрэг дэлхий нийтийн өдөр” болж өнгөрлөө. Үүнийг тохиолдуулан Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийн чуулган” зохион байгуулж, үүгээрээ ажил олгогчдыг ялгаварлан гадуурхахгүй байх тухай ярилцаад тарав. Харин дэлхий дахинд энэ үеэр ядуурлын гол шалтгаан нь ажилгүйдэл биш юм байна, шал өөр зүйл юм байна хэмээн дүгнээд “social impact”-ыг задлан шинжилж байлаа.

Нийгмийн гажигууд багцлагдах нь


Шөнө дүлээр ажлаа тараад харихад орцонд унтаж байдаг ах ойрд харагдсангүй. Цас нэвсийтэл хаяж, жавар тачигнаад ирсэн болохоор тэр дулаан оромж хайгаад явж одсон бололтой. Хаа нэгтээ халуун траншейнд “тухалж” буй биз. Зунжин манай орцонд “амьдарсан” болохоор алга болчихоор нь санаа зовох ч шиг болж сууна. Түнтийсэн хар үүргэвчээ дэрлээд, хана руу харан хэвтэж байдагсан. Заримдаа хөлийн чимээгээр сэрчихээд, “Цаг хэд болж байна?” хэмээн асууна. Хэлээд өгөхөөр хээв нэг эргээд хэвтчихнэ. Үе үе бас найзуудаа дагуулаад ирчихсэн, ундуй сундуй болсон байх нь бий. Олуулаа орцонд хонох үедээ тэд хурхиралдаад нойр хулжаасан удаатай.

Өнөөдөр манай нийслэлд иймэрхүү “хөрш”-гүй айл тун ховор. Орон байрны орц хонгил, булан тохой, зам харгуй ер алхам тутамдаа бид ийм хүмүүстэй тааралддаг. Тиймдээ ч ядуу тарчиг, хог ухаж голоо зогоодог үгээгүйчүүд, орон гэргүй тэнэмэлүүд, өлсгөлөн халтар жаалуудын тухай санаашрал, зовнил, яриа хөөрөөгүй цаг мөч бидэнд бараг үгүй. Ядуус, ядуурлын тухай цаг ямагт гашилж явах маань өөрөө эргээд нийгмийн сэтгэлгээ, оюун санааг ядууруулж байгаа юм биш биз?

Олон улсын албан ёсны тодорхойлолтоор, амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг ядуурал гэдэг аж. Өөрөөр хэлбэл, энэ тухай нийтлэг ойлголт бүхэлдээ материаллаг хэрэгцээнд тулгуурлаж буй. Уут үүрсэн гуйранчийг үзээд хэн хүнгүй л эвийлэн хөөрхийлж, “яаж хоол олж иднэ дээ” хэмээн өмнөөс нь зовохдоо бидний бодол түүний олж идэх хоолны тухай, тэр хоолыг олох аргын тухай, гэдэс нь цадах тухай, хөлс нь чийхраад унтах тухай гэх мэтээр л өрнөнө. Яг л ядуу хүнийхээс ялгаагүй байгаа биз дээ? Тэгээд хаана толгой хоргодож, шөнийн тэсгим хүйтнийг аргацаах тухай, маргааш нь хаагуур явж хог сага түүх тухай, дахиад яаж хоол идэх тухайгаар залгана. Хоног өдрийг аргацаан өнгөрүүлэх тухай ийм бодлоосоо хэтэрч чадахгүй нийгэм бүхэлдээ зүгээр л адгуусны сүрэг мэт болж хувирна. Адгууснууд ингэж хоол олж идэх инстинктээрээ л амьдардаг шүү дээ.

“Хоол” гэдэг зүйл хүний анхдагч, физиологийн хэрэгцээ юм. Бодьгалиа бодисын солилцоонд байлгаж, үхжүүлчихгүй амьдаар нь торгоож байх гэхдээ л хүмүүс хоол иддэг. Эрдэмтэд хүний хэрэгцээг хэд хэдэн шатлалаар эрэмбэлжээ. Нийгмийн халамж ивээлд амьдрах, хайрлан дурлаж, хүсэн мөрөөдөх, оюун санаа, ухаан сэхээрэлтэй явах, нийгмийн амьдралд оролцох, ая тухтай аж төрөх, бүтээж туурвих, бусадтай адил, тэрш эрхтэй байх, эрх чөлөөгөө эдлэх зэрэг олон хэрэгцээ бидэнд бийг эрэмблэхдээ мэргэжилтнүүд өгсөх дараалалтай баганын хамгийн доод талд хоол тэжээлийг байрлуулдаг. Бусдынх нь хувьд ач холбогдлын дарааллыг төдийлөн чухалчилдаггүй бөгөөд алс хэтдээ гэгээрэн төгсөхийн хэрэгцээ ч бидэнд бий.

Америкийн эрдэмтэн Роберт Ректор энэ талаар олон жил судалгаа хийжээ. Түүний үзсэнээр удаан хугацааны турш ядуу дорой амьдарч, хоолноос өөр юм бодоогүй хүний физиологийн анхдагч хэрэгцээ нь давамгайлж, дээд эрэмбийн хэрэгцээнүүд нь үхжиж эхэлдэг байна. Ийм байдал түүний зан суртахуун, оюун санаанд нөлөөлж, ямар ч үнэ цэнээр хамаагүй хоол л олж идэх араатанлиг авир шинжийг бий болгодог аж. Ийм авир шинжийн шалтгаан нь зөвхөн хоол тэжээл, хөрөнгө мөнгө байхаа болиод дээд эрэмбэнд бичигддэг хэрэгцээнүүдийн эзгүйдэл болж буй хэрэг л дээ. Мэдээж, энэ шинж чанар олон хүнийг хамраад ирвэл уг үзэгдэл нь өөрөө хэн нэгэн хувь хүний асуудал байхаа больж нийгмийн шинжийг олдог байна.

Зөвхөн анхдагч бус бүх түвшний хэрэгцээ хомсдож ирэх энэ ядуурлыг Роберт Ректор “арчаагүй дорой байдал, хөдөлмөрлөх ёс зүйн доройтол, сурч боловсрох тэмүүллийн хомсдол, үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэх чадварын мөхөстөл, гэр бүлийнхнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх хүсэлгүйдэл, цаашлаад гэмт хэрэг, архи, мансууруулах бодисын донтол гэхчлэн нийгмийн амьдралын бүхий л гажигуудын багц” гэж тодорхойлсон байна.

“Нийгмийн цохилт”

Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаар ядуурлын тухай ярилцав. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлсэн сүүлийн 10 жилд бөмбөрцгийн хаана ч ядуурал буураагүйг шүүмжлэн хэлэлцлээ. Энэ хуралд оролцож ирмэгцээ Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс шилжилтийн гэх үе шатыг ардаа орхисныг” албан ёсоор тунхаглав. Түүний хэлснээр “тун амжилттай”, “ололт нутагшил ихтэй” даван туулсан шилжилтийн үе монголчуудын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Социалист эдийн засаг нуран унаж, ах дүү орнуудаас хандивласан үйлдвэрүүд зогсож, дэлгүүр хоршоо хоосрон хөдөө, хотгүй ядуурч, ажилгүйдэл үндсэндээ 100 хувьд хүрсэн хямралын нөлөөг хүүхдүүд хамгийн эмзэг хүлээн авсан юм. Гэр оронд нь идэх ч талхгүй болоход тэд тэнэж эхэллээ. Сургууль соёлоо ч гээж, эцэг эхдээ ч хайхрагдахаа болив. Ийм амьдрал нь магадгүй зугаатай, эрх чөлөөтэй, дур зоргоороо, сайхан санагдах болсон байх. Тэднийгээ тавьж явуулсан эцэг эхчүүдэд ч асуудал байсан л байх.

Тэнэмэл хүүхдүүдийн бүлэг нүд ирмэхийн зуур өргөжин, хэдэн зуугаар тоологдож эхэллээ. Улсын болон буяны, шашны, хүмүүнлэгийн байгууллагуудын санхүүжилтээр тэдэнд зориулагдсан асрах бүлгүүд олноороо байгуулагдлаа. Гэсэн ч тэд “траншейний хүүхдүүд” хэвээрээ үлдэж, улмаар тэндээ өсөж том болон, үржиж, удамшиж эхэлсэн билээ. Өнөөдөр бидний гэр, байрны гадуур тэнэцгээн, хог сагахан ухаж, тааран шуудайгаа дүүртэл хуванцар сав түүчихээд түүнийгээ түшин суунгаа дуу аялах зуур нүүрээ энгэсэгдэн суух хүүхэн, архи уусаар байгаад хавагнаж харласан царайтай болчихсон хөлчүү “сайн эрс” тэр л үеийн хүүхдүүд. Одоо тэдний хүүхдүүд оюутны хотхон дотуур гүйлдэн, оюутан эгч нарыг хоргоон, мөнгө төгрөг, боов жимс гуйхтайгаа зэрэгцүүлээд барьж яваа юмыг нь шоглосон шиг “бэрхшээлгүй” амьдарч байна. Магадгүй тэдний хувьд өнөөдөр хоногийн хоол тийм ч хүндрэлтэй байхаа болиод зүгээр л “ядуу хувь тавиландаа” эвлэрэн оюун, сэтгэлгээ хийгээд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн ядууралд автан яваа биз.

Нийгмийн шилжилтийн энэ доргилт зөвхөн монголчуудийг өөрчлөөгүй. Хуучин Зөвлөлт Холбоот Улс задарснаар Европ, төв Ази дахь ядуурал гаарчээ. Зүүн болон Өмнөд Азийнх хэзээнээсээ толгой цохиж явсан дээр энэ доргилт нөлөөлж, дэлхий дахины нийт ядуурлыг 6,0 хувиар огцом өсгөснийг тухайн үед Дэлхийн банк мэдээлж байв. Туйлын ядуурал энэ үед 30 гаруй хувьд хүрсэн байдаг. Одоо ч дэлхийн бүх ядуусын дийлэнх нь Төв Азид байгаагаас үзвэл “шилжилтийн үеийг даван туулсан” эсэхэд эргэлзмээр.

“Хөрш” маань залуудаа чухам ямар явсан юм бол? Хаа нэг ийм бодол надад төрж байвч түүнтэй ярилцаж хөөрөхийн ая тух таарсангүй. Амьдралд алдаж эндсэн хүн бүрт өөр өөрийн гуниглант түүх бий л байх. Хатуу чанга, шаардлагатай, сайн гэгддэг байсан багш маань сүүлд “өвгөнт”-өд оччихсон явсныг би ердөө мартдаггүй юм. Намайг хараад их л санаа зовсон шинжтэй харцаа унагаад байсныг нь тодоос тод санадаг. Халимаг үсээ цэмбийтэл самнаад, хар костюм, улаан зангиагаар гангардаг, гялалзсан хархүү байсныг нь л мэдэх болохоор уруу дорой, ууж хөлчсөн байгаа нь надад итгэж боломгүй санагдаж билээ. Эхнэр хүүхэдтэй, орон сууцтай, ажилтай, цалинтай амьдарч явсан тэр хүн нэг л мэдэхэд юу ч үгүй болсон байсан. Сураг сонсоод байвал хань нь цаг бусаар өөд болж, энэ хагацлын цочролоос гараагүй гэсэн.

Саяхан телевизээр нэгэн орон гэргүй хүний тухай нэвтрүүлэг гарав. Дуурийн театрт балетчин явсан мэргэжлийн уран бүтээлч өнөөдөр гудамж дэрлэн хоног төөрүүлж явааг сэтгэл шимширтэл үзүүлсэн. Ээж нь хорвоог, бас түүнийг орхихдоо хамгаа барахын цочрол үлдээгээд одож. Бас л миний багшийнх шиг гунигтай түүх байлаа. Гэвч бас өмөөрч зүрхэлсэнгүй. Хүмүүс аль хагацал үзэхийг тэр гэх билээ. Ажлаасаа халагдаад гудамжинд гарчихсан гэнэ. Аав, ээждээ аашлуулаад тэнэдэг болчихсон гэнэ. Худалдаа наймаа нь шатаад хог түүдэг болж гэнэ гэх хууч яриаг бид бишгүйдээ л сонсдог. Хагацал үзэхгүй, алдаж осолдохгүй, шүүмжлүүлэхгүй, сэтгэлээр унахгүй амьдарч болно гэж үү? Аливааг эмзэг турьхан хүлээж авах хүн хүний сэтгэлийн хат янз бүр л байдаг байх. Гэвч үр хүүхэд, гэр бүл, нийгмийн өмнө хүлээх үүргээ огоортол эмзэглэх нь үнэндээ тэнэглэл гэмээр.

***

Хөрөнгөтэй мөнгөтэй, баян тансаг амьдрах нь уул нь хүний эрх юм. Орцонд маань хонодог ах энэ эрхээ эдэлж чадахгүй явааг түүнд яаж ойлгуулъя даа, байз. Ерөнхий сайдын оролцоод ирсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас “Ядуурлын эсрэг 10 жилийн дайн” зарласныг тэр “шилжилтийн үе шатыг хаахдаа” огтхон ч дурдсангүй. Кыргызын засгийн эрхийг байлдан авсан Роза Отунбаява манай улсыг магтсан тухай ихэд догдлон өгүүллээ. Тэгээд өнөөх л уул уурхайгаа, ашигт малтмалаа ярив. Харин үүнийг нь хаа нэгтээ траншейний нүхэнд тухтайяа унтаж хэвтээ “хөрш” маань огтхон ч олж сонсоогүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Сонсоод ч яахав дээ, түүнд ямар ч хүртээлгүй юм чинь.

2010.10.20