Хувьдаа унаатай, трак­тортой олон мянган сонгогчид бензин, дизель түлшний үнэ өсөхөс ухаан алдталаа айдаг. Бензиний үнэ тавьхан төгрөгөөр нэмэгдэхэд биеэ үнэлэгчийн үнэ хүр­тэл хөдөлдөг гэх наргиан бий.

Өөрсдийгөө хариуц­ла­гатай албан тушаал­тан гэх хүмүүсийн дандаа ярьдаг сэдэв л дээ. “Шата­хууны хараат байдлаас ангижрах минь” гэж эх­лээд бүх л мэдээллээр сэмээрхэн “Орос ба тэд­ний “Орос­нээвт” гэдэг зо­лигийн компани л дам­шиглаж байна цаана чинь. Нөгөөдүүл чинь сонс­чих вий дээ...” хэмээн шив­нэцгээдэг.

Улс төрийн хүчнүүд, Засгийн газрууд бүгд л дотоооддоо яг хийсэн ясан гэр буюу бензиний үйлдвэртэй болоод авбал тэд муусайнаас царай алдахгүй болно оо хө гэсээр ажилдаа орцгоо­дог болоод байгаа. Хуу­чин цагт захир­гаа­далтын үед бензин нь шилтэй ундаанаас хямдхан зарагд­даг байсан. Одоо эргээд мөн тиймэр­хүү бараг үнэгүй шатахуун зарах нөхцөл бололцоог л улстөрчид хайгаад бай­на аа даа янз нь. Хэрэв тэгж чадах юм бол сон­гууль “ок” болох нигуур­тай. Ийнхүү газрын тосны үйлдвэр барих маш чухал сэдэв дээр лобби бүлгүүд энд тэндээс шавцгааж оюун ухаанаа уралдуулж гарав. Бизнесмэнүүд эхлээд Сү Батболдыг, дараа нь Алтанхуягийг панаалдсаар бай­гаад Найрамдалын гэх тодотголтой Дар­ханд өнөө үйлдвэрийг бари­хаар үндсэндээ тохироод байна. Бидний хамгийн том ололт бол ийм үйлдвэр барина гэж шийдсэн нь юм. Гэвч үе үеийн Засгийн газар, сонгуульд өрсөлдөгч намууд  ийм амлалт авдагч  ялахлаараа март­даг нэг гэм бий. Энэ удаа арай өөр байх байгаа хэмээн горьдож байна. Монголын хоёр дахь Улаанбаатар болох энэ том суурьшил дээр ээлжит бүтээн байгуулалт удахгүй өрнөнө биз. Олон ч хүн ажлын байртай болоод авна.

Дашрамд сонирхуулахад “Бур­хан­тын хөндий” гэх энэ эзгүй хөндийд одоогоос тавин жилийн өмнө коммунистууд гойд утга учир­гүй санамсаргүй тохиолдлоор ша­хуу хотын шавыг тавьсан гэлцдэг юм. Тэнд Зүүн Европын бараг бүх улс орнууд тус бүр нэг нэг үйлдвэр барьж өгсөн бөгөөд тэр нь ёстой юм болоогүй. Зах зээлийн эхний жилүүдэд эндхийн үйлдвэрүүд шил дараалан  дампуурч хаалгаа барьсан. Одоо ер нь хэд нь ажил­лаж байдаг юм бол. Одоо тэгээд бензиний үйлдвэр барих зорилго нь үндсэн сэдвээсээ ухраад Дар­ханы хэдэн хүнийг л ажилтай болгох  нь чухал шахуу болоод явчихлаа.

Тэр Намжим гэдэг нэг лут хүн байна аа. Ноён Намжим тэргүүтэй нөхөд газрын тосны үйлдвэрийн сэдэв яригдангуут Япончуудыг ятгасан уу, Япон нь  Намжимыг турхирсан уу бүү мэд Дархан, Дархан... Чухам л Дархан шүү гэсээр байгаад зөвшөөрүүлээд авчих юм. Хаашаа юм тэнд нефть байгаа юм уу? гэхээр байхгүй ч энд л бариад авдаг хэрэг гээд зүтгээд байдаг.

Монголчууд шатахуунтай ойрол­цоо ач холбогдол, овор бараа бүхий өчнөөн бараа та­ваа­рыг янз бүрийн орноос төрөл бүрээр нь татаад ирдэг мөртлөө шатахуунаа зөвхөн хойноос зөөх ганцхан хувилбар байсаар байдаг нь хачин. Тухайлбал машин техник гэхэд одоо орос “Москвич”-ийг хүмүүс унахаа больчихсон. Гэтэл шатахууны асуудал яригдангуут энэ бодис Сибирээс өөр газраас ундардаггүй юм шиг хойшоо чиг­лэ­сэн хатуу зарчим үйлчилдэг.

“Роснефть”-ээс түүхий эдээ хямдхаан аваад бензин хийх юм чинь газрын ойр нь чухам Дархан гэнээ. Хямд нь ч юу юм түүн шиг худал зүйл хаа байхав. Харин зах зээлийн үнээр бол тэндээс аваад байх болов уу. Нефтийг хаа сайгүй орон бүр худалдаж аваад болоод байдаг. Ганцхан монголд зориулж үнээ нэмээд байж чадахгүй. Дэл­хий нийтэд энэ талаар зохи­цуул­сан хууль журам ч зөндөө байдаг. Ер нь хойноос төмөр замаар нефть зөөх сэтгэлгээгээр энд үйлдвэр барих гээд зүтгээд байх юм. Тэгвэл манай өмнө хэсгээс нефть гараад байгааг яагаад тооцож болоогүй юм бол. Бид газар зүйн байршлын хувьд  аль болох урд талдаа газрын тосны үйлдвэр барьсан бол уг нь зүгээр байсан юм. Тос шатахууны дийлэнх хэрэгцээ нь гудамжаар давхих хэдэн машин биш өмнийн говийг өрөмдөж байгаа тэр олон уул уурхайн хүнд механизмууд юм. Тэнд нефтийн бүтээгдэхүүнийг мангас лугаа залгидаг. Нөгөө талаар хангайн байгаль орчныг бохирдуулснаас говийн элс тосоор будагдах нь арай бага хохиролтой.

Эдийн засгийн хувьд Зүүн­баян­гаас зарим түүхий эдээ, яваандаа Тамсагбулагаас нефтиэ зөөнө гэж тооцоход Дарханаас гадна Сайн­шанд гэсэн хувилбарыг орхиж боломгүй санагдана. Мөн урд хи­лээр Хятад, Солонгосоос, цаашил­бал далайн чинадаас зэрэг олон хувилбараар түүхий эдээ татаж авчрахыг давхар бодолцох ёстой. Монголоос хойд хөршийнхөн хо­нины мах ч авдаггүй бол урд хөрш­тэй­гээ бид уул уурхайн бүх л арилжааг хийж өгч авалцдаг.  Өгөө авааныхаа дашрамд тун бага хэмжээний тос, түлшний яриа хөөрөө үүсгэхэд Хятад нөхөд “тэгээ ч дээ” л гэнэ. Ингээд хэд хэдэн газраас газрын тос авахаар бо­лоод ирэхлээр “Роснефть” өөрөө биднээс үнийн санал асууна. Най­маа тэгж л явагддаг биз дээ. Харил­цан өгч авалцах процесс урд хөр­шийн талд ойрын хэдэн арван жил үргэлжлэх төлөв харагддаг. Манай нүүрс л дуусчихгүй бол. Одоо тэгээд түрүүчээсээ урдаас Хөх­хо­тоос бензин ачихаар болоод бай­гаа юм биш үү. 

Түүнээс гадна Кавказ болон Дундад Азийн нефтьтэй бүс нут­гуудад бензиний жижиг дунд бүр гар ажиллагаатай үйлдвэрүүд зөн­дөө тааралддаг. Монгол нь газрын тос экспортлогч орон гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэр тос нь хэрэв манай газар хөрсөнд байгаа бол нөхдүүд дор нь  тийм жижиг үйлдвэ­рүүд оруулж ирээд бензин нэрэх магадлал бий. Орчин цагт бензин гаргадаг технологи улам хялбар нүсэр биш болоод байгаа. Че­ченьчүүд гэртээ шатахуун үйлд­вэр­лээд зарчихдаг байсан болхи бизнес боловсронгуй шатандаа орж энэ чигийн нарийн мэргэжил хамаг нууцаа алдчихлаа.