Улаанбаатар минь гуравхан хоногийн бороо даахгүй шальчийчихдгийм. Ууг нь ган тайлаад өнгө орж, сайхан ногоороод ирдэгсэн. Сайхан хот байсымаа. Хүмүүс нь хотдоо хайртай, хот нь ч хүмүүсийнхээ аяар. Жаран зургаан оны үерээр би жаахан хүүхэд байсан, тэгэхэд ЮБи маань дөнгөж хот болж байсан учир бэлтгэлгүй байсымаа.

Mанай Улаанбаатарыг 360 насалсан гэдэг чинь бүлтэрч байгаам. Манай хотын шав Туул, Сэлбийн хөвөөнөө, 1855 онд тавигдсым. Тэгэхээр харьцангуй залуу хот байгаа биз дээ? Яг үнэндээ 1960 он хүртэл хот ч биш, томоохон тосгон л байсым. Хориод оны гаргасан бүртгэлээр хотод баахан лам нар, тэгээд гадаадынхан, тэр дундаа хятадууд байдаг байж. Монгол хүн мэдээж малаа хариулаад л уул талаараа явжийж таараашдээ. Хотод бүртгэлтэй цөөхөн монголчуудын 90 хувь нь хөдөө бас гэр бараатай гэсэн байна.

Хот гэдэг бол шал тусдаа соёл. Юун түрүүн хамтын хариуцлага гээч хотыг тодорхойлдог чухал юм бий. Ингэхээр хоттой байхын тулд хотын иргэдтэй байх ёстой. Хотын хүмүүс хамтдаа зовж шаналдаг, хамтдаа хариуцлага хүлээдэг, хамтдаа цэнгэж баярладаг. Бид утаандаа, замын түгжрэлдээ, хогондоо хамтдаа л зовж байна. Үер ус, гал түймэр, халдварт өвчин гарвал адилхан хохирох тул хамтдаа хариуцлага хүлээдэг. Аюул зовлонгүй, амгалан, үзэсгэлэнтэй, зохицолтой, хот шиг хот бидний хамтын л бахархал.

Ингэхээр хотын иргэн байхын тулд хотын соёлтой байх ёстой. Энэ бол алхам тутамдаа уучлал гуйсан, нахилзан бөхөлзсөн, манин ч юм уу гэхээр мангар байх тухай огт яриагүй. Ердөө л биендээ төвөг учруулахгүй байх тухай хэлж байна. Яагаад гэвэл энэ хонхорхой дотор өөрөөс чинь гадна өөртэй чинь яг ижил эрхтэй сая гаруй хүн байна. Тэднийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Ингэхээр худаг дээр ирсэн дарааллаараа тэвчээртэйхэн оочирлоод усаа авчих хэрэгтэй. Данх цай чанахын тулд гялгар уут, паприйшиг шатааж орчныхоо хүмүүсийг алах хэрэггүй. Найрлаж хөгжилдөх нь зөв л дөө, гэхдээ шөнийн гурван цагт хашгичиж орилолдон айл хөршийхнийгээ сэрээж яахнав? Замын голд машинаа зогсоогоод хүнтэй хөөрөлдөөд таг болчино гэдэг арай л сэрүүдэж байна, ард чинь түмэн машин байнашдээ. Усанд орох эсэх нь өөрийн чинь хэрэг боловч автуусанд гоц содон хир ханхлуулахаар бусад хүмүүст лав л таатай биш. Хог бол бушуухан хаяж салахын тулд “хог” гэж нэрлэгдсэн, гэхдээ төв талбай байтугай орцонд ч бүү хая, ядахнаа л харахад муухай. Туулд битгий машинаа угаа л даа, доохон талд чинь хүүхдүүд умбаж байна шүү дээ!

Хотын иргэн болж төрдөггүй, тийм болж хүмүүждэг. Тийм бишсэн бол нүүдэлчин удмын биднээс хотын хүн ганц ч олдохгүй байхсан. 1927 онд хийсэн нэгэн бүртгэлээр хотын ердөө 510 монгол өрхд 1497 хүн хамрагдаж байж. Уртаашаа л энэ. Жинхэнэ унаган улаанбаатарчууд. Бусад нь гадаадынхан, тэгээд лам нар. Эд голдуу л шинэ тулгар төр засагт ажиллаж байсан сэхээтэн голдуу хүмүүс болов уу. Одоо энэ 25-ын Алтайгийн өвөө нар эд. Ядамсүрэн, Намдаг гуай энэтэр гээд л. Хотын анхны төрмөл иргэн гэвэл Алтайгийн аав Зориг гуай болж таарах нь. Гэхдээ тэр үеийн Улаанбаатар бол Америкийн дэд Ерөнхийлөгч Вэльсийн онож нэрлэснээр “эсгий хот”, өөрөөр хэлбэл томоохон тосгон. Амьдран сууж байсан хүмүүс нь 20 мянга орчим л болов уу. Дараа нь 37 онд хотын анхны иргэдээ бүгдийг нь буудаад дуусгасан даа. Зориг гуай шиг баахан өнчин хүүхдүүд л хоцорсон байх.

Дөчөөд оны дундаас Их сургууль байгуулагдаж миний аав ээж мэтийн хөдөөний охид хөвүүд Улаанбаатарт номын мөр хөөцөлдөж орж ирсэн нь ирээдүйн хотын уугуул иргэдийн эх эцгүүд байлаа. Нийтийн тээвэртэй, шугам сүлжээтэй, барилга байшинтай, гэрэлтүүлсэн замтай, хэд гурван таримал мод зүлэгтэй, үйлдвэр заводтой, тэрнийг нь удирдах гонжоом зангиатай хүнтэй, ажилчин ангитай Улаанбаатар 1960 онд 100 мянган иргэнтэй болжээ. Энэ үед болсон нэгдэлжүүлэлт гэж амьтны хамаг хөрөнгө малыг хураасан явдал Улаанбаатарыг үүсгэсэн юм. Энэ үед болсон Соёлын довтолгоон улаанбаатарчуудыг хүмүүжүүлж буй болгосон юм. Энэ үед төрж өсөж бойжсон Алтай бид хоёр хотын анхны төрмөл иргэд болсон юм. Тэр хоёрдугар үеийн, би нэгдүгээр үеийн хотын унаган иргэд. Лондон, Токиотой харьцуулахад бид залуу хотын, нүүдэлчин удам судартайгаа харьцуулахад цоо шинэ иргэншлийн иргэд.

Одоо хот маань зуугийн тал наслаагүй байж өвгөрөөд хачин болжээ. Манай ээж ярьдгийм: анх тавиад оны үед хотод орж ирэхээс нь авахуулаад л хавар болгон субботникоор өч төчнөөн мод уулнаас авчирч суулгуулсан. Тэр мод болгон ургасан бол минийх дангаараа бүтэн саад болох байхаа, гэж. Энэ олон жилд мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэж аваад түүгээрээ номоор нь мод суулгуулсан бол хот маань арай л ногоон, Ногоон намын дарга ч улс төрийг биш ногоон хотоо хамгаалж суухсан.  

Түүнийг бодвол хотын хэсэг залуус хотоо өмөөрч I love UB хөдөлгөөн өрнүүлжээ. Ийм бичигтэй бугуйвч зүүсэн залуус хотоор нэг байгаа биз дээ. Тэднээр мод тариулаад яахымбээ. Тэр бол мэргэжлийн хүний хийдэг ажил. Тэд хотынхоо төлөө санаа зовж хүмүүст хандан арай хотлог байхыг уриалж байна, тэр нь аугаа юм байхгүйюу.  Танихаас Quiza, Татаар, Lemons,  BX, Сонорын Тэлмэн энэтэр харагдаж байна. Дуулж байна, бүжиглэж байна, үглэж байна, уриалж байна, ярилцаж байна. Бахархах хотгүй болсон би тэднээр л бахархаж сууна. Бусад хүмүүс бас санаа зовж байгаам байна гээд. Залуу үеийнхэн маань хотынхоо төлөө санаа зовж байгаам байна гээд. Тэд бас над шиг хотдоо хайртайм байна гээд.

Өнгөрсөн өвөл хотоо утаагүй болгох хөдөлгөөн өрнөвөө. Эсгий болон нэхээсгүй эдлэн туурга айлуудад үнэгүй тарааж байна. Ингэхээр гэр нь дулаан болно, тэд гал түлэхээ болино, галгүй бол утаагүй. Хөөрхөн санаачлага байгаа биз? Тэднийг би тийм ч тэнэг гэж бодохгүй байна. Гол нь ийм юм санаачилмар аядаад төрийн мөнгө хусаж байгаа байхгүйюу. Дэндүү муухай цэвдэг байгаа биз? I love UB хөдөлгөөний залуус өөрсдийн санаачлагадаа мөнгө нэхээгүй. Нэхэх ч үгүй биз. Тэднээс дээрх шиг далимдуулсан цэвдэг муухай санаа гарахгүй. Тэд үнэхээр Улаанбаатартаа хайртай байх. Таних танихгүй баахан үхсэн хүний шавар дүрсээр хотыг минь дүүргэж оршуулгын газар шиг болгож байна. Ногоорч байгаа болгоныг заналтайгаар бульдозордож байна. Шатаасан гялгар уутны тортогт бид бүтэж үхлээ. Үнэр танарыг яанаа, хаана очоод баачихав аа, чи? Улаанбаатар минь чамайгаа аварч гийгүүлдэггүй юм гэхэд амьсгалыг чинь тасалчихгүй юмсан. Хүмүүс ээ, залуус аа, хөдөлнө байгаа!