“Тамхины тухай” хуультай хамт “Хүнсний аюулгүй байд­лын тухай” тун чухал хууль энэ сарын эхнээс мөрдөгдөж эхэл­лээ. Уг хууль цаашид амьдралд хэвших юм бол олон хүнийг баярлуулахаас гадна цөөнгүй нөхдийг ажил­гүй болгохоор байна. Нэгэнт хүнсний тухай хууль батлагд­дагаа батлагдаад хэрэгжүүлж эхлэх хугацаа нь эхэлчихсэн болохоор одоо энэ дагуу яах ёстой журмууд нь гарах байх.

Одоо болтол тамхи татсан хүнийг тавин мянгаар торгох торгуулийн хуудсыг хэвлээ­гүйгээс хөөрхөн нугалаа гарч байна. Түүн лугаа хүнсний зөрчил гаргасан этгээдийг иргэд дор бүрнээ илрүүлж хэл ам хийх цаг нь болчихсон байдаг. Бидний эргэн той­ронд аль эрт хугацаа нь дуус­чих­сан талх чихэр, боов боор­цог, мах өндөг, сүү зарагдаж бай­на. Оросоос орж ирсэн өндгийг Өмнө­говийн суманд буй дэлгүү­рийн худалдагч “Шив шинэ­хэн” гэж огт санаа зовсон шинжгүй тууж байна. Гадаа­даас авчирсан жимс ногооны ярлик нь байвч түү­нийг хэн, хэзээ, юугаар зөөс­нийг иргэд байтугай цагдаа ч илрүүлэхэд бэрх. Орон нутаг дахь хамаг ажлыг нугалдаг “портер” гэх унаа бий. Энэ унаагаараа өчигдөрхөн хогоо жалганд аваачиж асгачихаад өнөөдөр мах сүү төмс ачаад хот орж ирж байна. Тэднээс хүнсний зориулалтын тээв­рийн хэрэг­сэл нэхэх хууль гарсан ч үүнийг мөрдөх бо­лолцоо одоогоор алга. Гэхдээ ядаж хуулиа, хэрэг­лэгчээ хүн­дэтгээд тэвшээ цэвэрлэчихэж болноо доо.

Дэлгүүрт байгаа бараа, цайны газрын мах, гурил бүгд хаанаас ирсэн тухай ул мөр, гарал үүсэл нь зөвхөн хяналт шалгалтынханд зориулал­гүй­гээр олон нийтэд ил тод байхаар боллоо. Энэ адууны махыг хэ­нээс авсан юм гэхэд хөдөөнөөс хот руу оруулж ирэгсэд бүгд “Цахиур Төмө­рөөс Түгжилд дамжаад, Түг­жил Хавчиг Луузан панзад өгснийг нь Ягаангажид бөөн­дөж аваад лангуун дээрээ тавь­чих­сан байсан...” гэхчи­лэн хамаг ул мөрөө үнэнээр нь олгойдох юм байна л даа. (Уг хуулийн 9-р зүйл бүхэлдээ  ул мөрийг мөрдөн тогтоох бүрт­гэлийн тухай заажээ). Сүүлд иймээ тиймээ юм болж юу магад гээд адууны мах зараг­даад бууз хуушуур бол­чихсон байсан ч бичиг ба­рим­таа нэг жил хүртэл хугацаанд хадга­лах хуультай. Хэрэв мах нь хулгайнх, эсвэл хэрэглэг­чийн гэдэс эвгүйрхсэн байвал хүнс­ний бизнес эрхлэгч бүх бурууг өөртөө хүлээж үлэмж торгууль төлөх ба гуанзтай бол түүнээ хаалгах, портер­тэй бол хураал­гах гэхчилэн яллуулна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хаа хаанаа эзэн биегүй хүнсний зүйл өгч авал­цахаа болихыг өнөөгийн нийгэм шаардаж эхэллээ. Энэ нь бас цаагуураа элд­вийн шат дамж­лагуудыг ил гаргаж, татвараас зугтагсад, хулгайч ченж нь ялгагдахаа больсон байдлыг цэгцлэх, өөрөө бүтээгдэхүүн үл үйлд­вэрлэх атлаа зөвхөн арил­жаагаар амьдрах явдалд том цохилт болох нь бололтой. Үүнийг аргалах гээд нэр хүнд бүхий томоохон пүүс ком­панийн нягтлан няравтай үгсэх явдал гарах байх. Гэхдээ олон түмэн байнга хэл ам татлаад байвал хэн хулгайн юм өөртөө шахаж хэрэгт орохыг хүсэхэв.

Хүмүүс зөвхөн гэр орон­доо зориулж бага хэмжээгээр хүнс жимс хөдөө, гадаадаас чирч ирэх эрхтэй. Бусад бүх хүнс арил­жааны чиглэлийн­хэн “компь­ютерт орно” гэсэн үг. Албан байгууллагуудын үүд онгол­зуулан аарц,  өндөг, бууз зарж байгаа явуулын авгай хүүхнүүд ч тодорхой  мэргэжил, зохих зөвшөөрлөө авсан, хариуцлага шаардла­гаа хангасан эсэхийг бид нэхэх эрхтэй.  Нөгөө “гар дээр наймаа хийх” гэгч энэ хууль амилснаас хойш үндсэндээ байх суух ямар ч орчингүй болчихож байгаа юм. Тэд тэм­цээд суулт зарлаад дэ­мий. Өөр ажил л хайхаас өөр гарцгүй болов уу.

“Хүнсний нэмэлт” бүтээг­дэхүүн гэдэг том асуудал босч ирж байна. Талх, мантууг зүгээр хөрөнгөөр хөөлгөлгүй түргэн исгэгч хийчихдэг, аарууланд чихэр орлуулагч холидог, сүү ерөөсөө гашла­хаа больсон, мах огт муудах­гүй байгаа гэхчилэн “шинжлэх ухааны ололт”-уудыг на­рийвч­лан шалгана. Үүнээс үүдэн “хувиргасан амьд орга­низмаас гаргаж авсан” хүнс­ний бүтээгдэхүүнээс манай иргэд татгалзах болж байна. Час улаан яавлаг, эрхийн чинээ гүзээлз­гэнэ, америк тахиа, хятад гахай гээд амт үнэр, өнгө гэж ванлий гоё гоё хоол хүнс Монголд олдохоо болих нь. Яагаад гэвэл энэ бүгдийн ихэнх нь хоол биш хор байсан юм билээ.

Олон зуун сая, тэрбум  хүн амтай улс гүрнүүд хүн амаа өлсөөхгүй тулд ч юм уу эсвэл тухайн орны хөдөө аж ахуй хэт төвлөрч монопольч­логд­сонтой холбогдуулан  асар их бүтээг­дэхүүнийг маш түргэн хугацаанд үйлдвэрлэн гаргах болсон. Хя­тадын гахайн аж ахуй гэхэд 120 хоногийн до­тор торойгоо 120 килограмм таргалуулж нядал­гаанд оруулдаг гэнэ. Өдөрт нэг кило жин нэмэгддэг амьд бодьгал гэж байх уу таминь. Түүнийг тэжээж байгаа эрдэнэ шиш гэж ургамал нь, эрдэнэ ши­шийн тариан талбай нь, тал­байгаа борддог химийн бо­дис нь цөмөөрөө “но”-той. Энэ талаар дэлхийгээр дүү­рэн хэрүүл шуугиан болж байгаа бөгөөд бид зах зээ­лийн эхэн үед мэдлэггүй­гээсээ болж хэдэн муусайн халтар төмсөө голж Эрээний цэвцийсэн ногоонд хууртаж явлаа.

Өнгөрсөн өвөл Содхүүг дарга байхад урдаас гахайн өөх оруулж ирэхийг мэргэж­лийн хяналтынхан тас хорь­чихож билээ. Урд хөршид болон Аме­рикт хүртэл га­хайны махнаас аюултай өвчин илэрч үйлдвэр­лэл нь зогссон юм билээ. Энэ мөн л нөгөө генийн өөрчлөлттэй мутацид орчихсон гахайны гай түрүүчээсээ илэрсний нэгэн жишээ юм. Гахайн аж ахуйнууд нодлинжингоо өөх махаа богоон богооноор нь далайд асгаж буй мэдээ гараад л байсан. Тэрнээс нь манай сайн эрчүүд ачаад ороод ирэх гэхээр нь Содхүү шавар хаачихсан юм билээ. Луйварчид өвлийн хүйтнээр Өмнөд Солонгосоос (Солон­госын гахайг ч бас хорьчи­хоод байгаа) гахайн өөхийг ачааны цаана нуун оруулж байсан бөгөөд одоо хавар дулаарсан чинь үнэр танар гарсан юм уу яасан Хотын гаалийнхантай “ярилцах” шаард­лага гарчээ. Гахайн өөхчид  гартаа хорин сая төгрөг барьчихсан Хотын гаалийн шинэ дарга Хишиг­бат дээр давхиж орсон бай­гаа юм. Бодвол өмнө нь тийм жишигтэй байсан бо­лолтой. Манай зах зээл сардаа 100-150 тонн өөх хэрэглэдэг. Түү­гээр хүнсний компаниуд хиам хийдэг. Хиам үйлдвэр­лэгчид өнөөдрийг хүртэл гахайн мах түүний өөх орсон бүтээгдэ­хүүнээ хийсээр л байгаа. Материалаа хаанаас татсан гэхээр тас нуудаг. Хиам болон энэ төрлийн хүнс үйлдвэр­лэдэг том жижиг өчнөөн аж ахуйн нэгжүүд байдаг. Түү­нээс “Мийт Хаем”, “Отгон­саран”, “Агмарко”, “МИК” гэсэн ердөө гурав дө­рөвхөн ком­пани гахайн өөх махыг хам­гийн аюулгүй бүс болох хаа байсан Европ, Польшоос өчнөөн зардал тээвэр болон вагоноор зөөж ирсэн байгаа юм. 

Энэ мэтчилэнгээр зарим нь иргэнийхээ үүргийг гүнээ ухам­сарлаж ном журмаараа ажил­лахыг хичээж байхад нөгөө талд өч төчнөөн луй­вар­чид ма­най үндэсний аюулгүй байдалд аймшигтай заналхийлж буйгаа анзаарах ч үгүй яваа юм.

Ямар ч байсан “Хүнсний ба хүнсний аюулгүй байдлын тухай” хуультай болоод ав­лаа. Энэ бол тамхинаас ч чухал асуудал юм шүү. Мон­голчууд одоохондоо ядаж арван сая хүн амтай болоо­гүй байгаа. Бидэнд жижиг дунд аж ахуйн нэгж болон бага гарын фермерүүдээс авчиж болохоор ориг хүнсний сүлжээ байхад энэ гурав хү­рэх­гүй сая хүн амыг хооллож барахгүйн зовлон байх биш. “Алтан тариа” гэхэд л хогийн будаагаараа өөрсдөө гахай тэжээгээд мах өөхийг нь авчи­хаж байна. Тэдний хиаманд Монголын буудай тарианы үнэр л байгаа байх. Өөр хортой сэжигтэй юу л байгаа аж. Хүнсний тухай хуулинд бас нэг заалт байсан шүү. Уламжлалт аргаар бэлтгэсэн сүү цагаан идээ ба чанарын шаардлага хангасан нядал­гаа, сүүний үйлд­вэртэй мал­чин, тэр чиглэлийн аж ахуйн нэгжийг төрөөс дэмжиж мөн­гөн тусламж өгсөн ч болно гэсэн заалт. Харин жижиг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүний нөөц байхгүй, үйлд­вэрлэл болхи заваан, хүнс­ний нэмэлт бү­тээгдэхүүн нь мөнгөндөө горой царайлаад Хятадаас хамгийн хулхийг нь оруулж ирэх зэргээр далим­дуулаад байх юм даа. Явж явж томоохон нэр хүнд олсон үндэсний үйлдвэрлэгчид л энэ хуулиас бултаж чадахгүй үүргээ гүйцэтгэж магадгүй. Харин тэд хэт монополь бо­лох, гадаадын шинэ техно­логийг “хувиргасан организм­тай” нь хамт оруулчих вий гэдэгт нь хянаж байх л үлдлээ. Манай том аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ мангар том ур­гадаг төмс тариад эхэлсэн, их сүүтэй үнээ онгоцоор ачиж ирсэн, үр тарианы хэт илүү­дэл бий болтол ургац хураа­сан. Энэ бол бахархал биш сэжиг төрөх үйл явдал юм.