Монголд ардчилсан хөдөлгөөн эхлүүлж, ардчиллын түүхийг бичиж эхэлсэн автор нь АН гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд намын дотоод ардчилал, улстөрчдийн сэтгэлгээгээр ихэнхдээ МАХН-аа дагуулдаг байлаа. Одоо МАХН-аа дагадаг болжээ. Саяхан болж өнгөрсөн Хувьсгалт намын их хурал АН-ынхаас илүү ардчилалтай, амьдралтай болов. Хувьсгалт нам нь ардчиллын 20 жилийг дүгнэж, АН нэр төрийн л хуралдав. Ерөнхийдөө эндээс Алтан гадас нь АН-ынхаа, АН нь Монголын ардчиллын алтан гадас /зүг чиг заагч/ байхаа больжээ гэсэн эргэлзээ төрнө. Ардчиллагчид ажлаа хийхгүй бол ардчиллын түүхийг тэдний өмнөөс өөр хүмүүс бичиж эхэлдэг гэдэг энэ бололтой. АН-ын хувь заяа МАХН-ын дотоод амьдралаас, энэ намын нэг лидерийн байр сууриас шууд хамаарах юм. Хамтарсан Засгийн газрын шийдвэрт нөлөөлөх чадвараар хотын бүлэг, Зүүний хүчний холбооныхон ч АН-аас хамаагүй хүчирхэг. Үүгээрээ АН бие даасан нам гэхээсээ илүү бүхлээрээ МАН-ын нэгэн фракц, бүлэглэл шиг л хөтлүүлж дөрлүүлж явна.  Өөрөөр хэлбэл АН-ын алтан гадас нь МАН болжээ. Хорин жилийн турш Монголын  ардчиллын манаач явсан АН-ынхан хамтарсан засгийн өнгөн дээр ингэж  бүдгэрснийхээ үнэнтэй сонгуулиар л эвлэрэх бололтой юм. Түүнээс наана бол Монголын улстөрд МАН, магадгүй дөчин мянгатынхны улстөр илүү хүчтэй байна.

МАН, АН Засгийн газарт хамтарсан. Үүнийгээ стандарт бус эвсэл гэж буй. Харин Монголын улстөрд Оросын стандартын улстөр л яваад байх шиг. Үгүй юмаа гэхэд Монголын улстөрийн алтан гадас нь Оросын улстөрийн загвар болчих вий гэж сэтгүүлчийн хардах эрхээ энд эдлэв. Хамтарсан Засгийн газарт ойрхон  хэсгийн эрх ашгийг хамгаалсан хүрээлэл Монголын улстөрд бий болсон. Энд хоёр намын аль алинаас нь бий бөгөөд тэд цаагуураа яг л Единая Россия шиг нэг нам болчихсон. Единая Россия буюу Нэгдсэн Орос бол хойд хөрш ОХУ-ын хамгийн хүчирхэг нам. В.Путинийг Ерөнхийлөгч болсноос хойш энэ нам Орос орныг засаглаж буй. Улстөр судлаачдын бичиж буйгаар, Нэгдсэн Орос нам буфер намтай. Тэр нь Справедливая Россия /Шударга Орос/ гэж нам байдаг ажээ.  Оросын Думд 30 гаруй суудалтай Справедливая Россия-г Нэгдсэн Орос намын буфер нам болохыг судлаачид гурван зүйлээр дүгнэдэг байна.

Нэгд. Нэгдсэн Орос намын болон Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нарын бодлогыг дэмжиж ажиллах улстөрийн гэрээ Справедливая Россия болон Единая Россия хоёрын дунд бий. /Манай МАН, АН хоёрын дунд ч хамтарсан Засгийн газрын нэртэй ийм улстөрийн гэрээ бий./

Хоёрт. ОХУ-ын парламент хоёр танхимтай. Нэг нь төрийн Дум, нөгөөх нь Холбооны зөвлөл. Думын дарга Б.Грызлов Нэгдсэн Орос намынх. Харин Холбооны зөвлөлийн даргаар Монголд төрсөн ч бил үү, ажиллаж байсан ч бил үү, Д.Загджав гишүүний сайн найз гэх С.Миронов ажилладаг. Тэрээр Нэгдсэн Орос намын гишүүн биш, харин Справедливая Россия намын дарга юм байна. Нэгдсэн Орос нам парламентад үнэмлэхүй олонхи болдог хэрнээ С.Мироновыг өөрчилдөггүй нь тус хоёр намын дунд байгуулсан улстөрийн гэрээтэй холбоотой бололтой. /Манай МАН, АН-ын дунд ч олонхи цөөнх болсон нь хамаагүй, албан тушаалыг 60:40-өөр хуваана гэсэн улстөрийн гэрээ байдаг./ 

Гуравт. ОХУ-д Москвагийн, Санкт-Петербургийн гэж улстөрийн хүчирхэг талцал 1990-ээд оноос л бий болжээ. В.Путин засгийн эрхэнд гарснаар Санкт-ийнхан Орос орныг завсаргүй засаглаж байгаа ба Справедливая Россия анх 2006 онд Санкт-Петербургт байгуулагдаж тэнд хурлаа хийж байжээ. Тус нам Оросын АН болон Оросын социалист нэгдсэн намын нэгдэл гэж интернэтэд мэдээлсэн байна. /Манай АН ч ардчиллын төлөөх намуудын нэгдэл./ 

Манайтай адил шинж нь энэ. Хамгийн гол нь өнөөдрийнх шигээ МАН-ыг мөнхөд буферлэх ирээдүй АН-ыг хүлээгээгүй байгаа. АН-ынхан өөрсдөө буферийн замаар явах гээд байгаа юм биш биз гэсэн болгоомжлол олон хүнд байдаг л байх. Тэдэнд АН-ыг аварч үлдэх шалтгаан байгаа учраас тэр. Учир нь Монголын улстөрд МАН-тай эн зэрэгцэн өрсөлдөх нь АН. Түүнээс бус, гурав дахь хүчний орон зай УИХ-д бүлэг байгуулах хэмжээний найм хүртэлх суудлаас цааш бараг л боломжгүй. Монголд үнэхээр МАН, АН-ын араас гуравдугаарт явдаг нам хэрэг ч үгүй. Улсын төсвийг хуваарилж байгаа, төрийн албан тушаалыг хувааж одоогийн  жишгээр харвал хоёр хулгайч байхад гурав дахь нь хэрэггүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Гурав дахь намд элсэх хүн ч цөөхөн, байлаа гэхэд тэд нийгэмд танигдах орон зай, цаг хугацаа хомс. Гэтэл АН цаашид энэ чигээр улам бүдгэрээд, эсвэл МАН-ыг буферлээд явчихвал түүний эзгүйрсэн орон зайг нөхөх нийгмийн хэрэгцээ гарна. Үүн дээр л УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар нэгдэл үүсгэх гэж байх шиг байна. УИХ-д ганц нэгээрээ сууж санал хэлдэг хүн Монголын улстөрд тийм олон байх  хэрэггүй. С.Оюун гишүүн бол 1998 оноос хойш санал хэлж суулаа. Түүний хувьд хангалттай. Д.Энхбатын хувьд ч хоёр дахь С.Оюун л болох гээгүй л юм бол намаа ИЗН-тай нэгтгэхээс өөр сонголтгүй. Тус тусдаа явбал Д.Энхбатад ч, С.Оюунд ч МАН, АН-ын зарим хүн шиг 20 жил парламентад санал хэлж суух хугацаа, боломж байхгүй. Тэд өөрсдөө ч тийм хэмжээний улстөрийн лидерүүд хараахан биш. Тэднээс ч хүчирхэг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар улстөрийн карьертаа цэг хатгаж байна шүү дээ. Иймд ИЗН ба Ногоон намынхан С.Оюун, Д.Энхбат хоёрыг УИХ-д дахиж сонгуулахын тулд механикаар нэгдэх л байх. Харин нийгмийн захиалгаар нэгдсэн нэг нам шиг удаан явж чадах уу, үгүй юү гэдэг хамгийн чухал. ИЗН бол эвсч нэгдэж, салж бутарч дөжирчихсөн нам. Парламентын сонгуульд нэгэнтэй нь, орон нутгийн сонгуульд нөгөөтэй нь эвсч явсан удаатай.  Хэрвээ ИЗН-ыг С.Оюун, Ногоон намыг Д.Энхбат гэж харвал бүр сонирхолтой логик гарна. Карьерийн хувьд Д.Энхбат бол улстөрд хаалгаа нээж орж ирж байгаа бол С.Оюун улстөрийн хаалгаа хаах гэж байгаа хүн. Тэр арав гаруй жил улстөрд явлаа, УИХ-д суулаа. Улстөр бол багийн тоглолт. С.Оюун өөрөө УИХ-ын дэд дарга, сайд болж үзсэн ч, нам нь парламентад нэгээс илүү суудалтай байж үзсэнгүй. Д.Энхбат улстөрд яаж амжилт олохоо бодож байгаа бол С.Оюун яаж аятайхан улстөрд илүү удаан явахаа бодож байгаа. Эхний төслөөр бол нэгдсэн нам ижил тэнцүү статустай хоёр даргатай байх юм гэнэ. Ийм туршлага дэлхийд байдаг үгүйг мэдэхгүй. Талбайд хоёр ахлагчтай гардаг багийн спорт гэж л лав дэлхийд байхгүй. Намынх нь нэр ИЗН-Монголын ногоон нам юм гэнэ. Ийм урт, тэгээд “Монголын” гэдэг тодотгол нь үгийн дунд орсон оноосон нэртэй нам Монголын түүхэнд байгаагүй. Дарга нарынх нь ийм эсрэг тэсрэг амбийц, намын нэр, намын даргатай холбоотой дээрх төслөөс харахад тус хоёр намын нэгдэл АН-ыг орлох хэмжээнд, МАН-тай өрсөлдөх түвшинд очно гэдэг эргэлзээтэй. Иймд хорио байг гэхэд ядаж арван жилийн өмнөх шиг бие даасан АН-гүй бол Монгол Улс олон намын тогтолцоотой гэдэг нь бүр эргэлзээтэй. Тогтолцоо шүү, түүнээс бус тооны хувьд олон нам нь бол байгаа.