Дэлхийн улс орнуу­дын дайтай хөгжье дэвшье гэхэд Монгол Улс нэг л зүйлээрээ яах арга­гүй дутаад байдаг юм. Энэ бол хүний тоо. Дэн­дүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдардаг. 1920-иод онд  бид дөнгөж 600 мянга хүрэхтэй үгүй­тэй бай­сан. Энэ үед Мон­гол маань мөхлийн ир­мэгт ирсэн. Урд хойд хоёр хөршийн үе, үеийн улс төрийн бодлогод "Чингэ­сийн Монголыг олшруулж болохгүй" гэдгийг түүхэн сур­гамжаараа яс махан­даа тул­тал ойлгож байв. Оросын цагаан, улаан хаадууд ч үүнийг мэддэг. Хятад, Ман­жийн үе, үеийн эрх баригчдын зүр­хэнд шар ус хуруул­сан нь монголчууд байв. Үеийн үед энэ хоёр ул­сын бодлогоор Монгол Улс Москва,  Бээжин­гийн хооронд "Бөмбөг шиг ши­дэгдэж" байжээ. Түүхийн тур­шид хоёр том гүрэн Монголыг бие биендээ бараг л падаан бичээд олгочихдог байсан юм. 1990 оны Ардчилсан хувьс­гал хүртэл манайх "тоглоомын тусгаар тогт­нолтой" улс орон байсан болохоос  улсынхаа тө­рийн бодлогыг ард түм­нийхээ идэж уухыг өөрөө шийдэж үзээгүй явсан гашуун үнэн бий.  

Энэ жил хүнээ тоолов. Магад­гүй гурван сая хүнтэй болж мэд­мээр байна. Хэрвээ   хүн ам маань гурван сая хүрчих юм бол үүн шиг баяр хаа байна аа. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Хүнс нь бол харин нэг байнаа. 30-40 сая толгой мал байна. Далай шиг их газар нутаг байна. Зарим улс орны амьдарч байгаа үржил шимээ барсан хөрс шороотой газар нутгаас илүү хэмжээтэй, алт, мөнгө, зэс, гууль адаглаад л нүүрсний их ордууд хаа байна, манайд байна. Эртний Хятадын уран зохиолд Хятад яа­гаад олон хүнтэй болсон талаар ийм нэг үг байх юм. Хүн нэмбэл хүрз нэмнэ. Хүрз нэмбэл хүнс нэмнэ гэсэн нь бий. Тариачин удамтай улс орны философи яах аргагүй мөн. Иймээс ч Хятадын хүн тэрбум хүрч дэлхийн газар тариа­лангийн аж ахуй эрхэлдэг газар нутгийн долоон хувь дээр, тарьсан тариа ногоогоороо дэлхийн хүн амын 22 хувийн хэрэгцээг хангаад зогсож байна. Агуу биш гэж үү. Тэд нэгэн үе хүн нэмбэл хүрз нэмнэ гэсэн сургаалаараа яваад одоо дэлхийн супер гүрэн болсон түүх энэ.

Америк ч, Европ ч зүсэн зүй­лийн хүн холилдон олуулаа сайхан л амьдарч байна. Энүүхэн Япон, Солонгос нэг жижигхэн арал дээр хэдүүлээ билээ. Швед гэж нэг улс байх. 1930-аад онд ердөө хоёр саяулаа үлдэж Швед үндэстний хувьд  мөхөхийн даваан дээр оч­жээ. Харин  хаан нь ухаалаг зарлиг гаргаж амьдрал эрж бэдэр­сэн дэлхийн ажилч цагаачдыг дууджээ. Одоо нийслэл Сток­голь­мын гудам­жаар хар, шар, халтар янз бүрийн арьстай, хятад, япон, солонгос, монгол холилдон алха­на. Тэд одоо есөн саяулаа амьдарч байна. Бараг хүн амын 40 хувь цагаачид байх аа. Харин шведүүд улс даяа­раа нэг ч төгрөгийн хөдөл­мөр хийхгүй идээд л хэвтээд бай­сан ч гэсэн хаан нь улсаа арав гаран жил тэжээх хөрөнгөтэй бо­лоод байна гэсэн. Хүн ам маань ганц сая биш, хоёр сая биш, гурван сая гэж хэлүүлэх сайхан сонсог­дож байна.  Монгол Улс ядахдаа таван сая, арван сая гэж тоологдох юмсан. 1990 оноос хойш гэхэд амьдрахын эрхээр дэлхийн өнцөг булан бүрд манайхны их нүүдэл явсан. Гадаадад байгаа монгол­чуу­дын тоо гараагүй, гарахгүй байна гээд байгаагийн учир энэ. Эднийгээ  бүгдийг нь зүс танихгүй харь хэлтэй хүргэн бэрүүдээ дал­лаад ирэх юмсан даа. Энд тэнд  хэлээ мэдэх­гүй ч өвөг дээдсийн цус гүйж байгаа монголчууд бий тэдэн­дээ эх орны­хоо хаалгыг нээж өгөх юмсан. Да­раа нь хамаагүй Мон­голд элэгтэй  бүгдийг авч ирмээр байна. Нүүдэл­чид бид чинь тариа мод тарьж ургуулж ерөөсөө сурах­гүй юм шиг байна. Тэгвэл үржил шимтэй Бул­ган, Сэлэнгэ, Төв айм­гийн эртний тариалангийн газар ну­тагт хадан дээр ч хамаагүй ургуул­даг мэргэж­лийн тариачид ирж амьдраг. Хөрс­ний доройтолд орж хатаж ангасан их тал нутагт мөнх ногоон мод ургуулж тэрнээсээ жимс авч чаддаг мэргэжлийн жимсчин модчингууд ирж амьдраг. Монгол­чууд нэг л зүйлийг сайн чадна. Энэ бол бэл­чээрийн мал маллах ухаан. Дэл­хий­гээс ийм мэргэжилтнийг ямар ч өндөр цалин хангамж өгнө гэж хайгаад ч олдохгүй. Бас ийм хэм­жээний цэвэр экологийн бүтээг­дэ­хүүн хаа ч үйлдвэрлэж чадахгүй. Монголчууд бидний хамгийн дутаг­далтай тал бол дэндүү цөөхүүлээ. Гурван сая болоод ч цөөднө. Хүнс байна аа бидэнд. Харин хүнээ  яаж нэмье дээ байз. Хүн нэмбэл хүнс нэм­нэ  гэдэг өвөг дээдсийн сургаал ер­дөө энэ. Монголчуудын хүчир­хэг­­­жиж хөгжихгүй байгаагийн шалт­­гаан нь хэтэрхий цөөхөндөө юм. Гэхдээ монголчуудыг олон сая болгохоос болгоомжлох гүрнүүд олон байгаа. Тэдэнд монголчуудын тоо нь дэндүү цөөхөн, газар нутаг нь дэндүү том байх нь ашигтай. Товчхон хэлэхэд дэлхийд хүн нь олондож,  хүнс нь ховордож бай­хад манайд хүнс байна аа,  харин хүн нь цөөдөөд байна.