Их талын нүүдэлчдийн амьдра­лын хэв шинж өөрчлөгдөж байна. Тэнд "казино" бий болжээ. Төр засаг иргэдээ тоолж сар бүр 21 мянган төгрөг олгохоор болж ингэж өгнө, тэгж өгөх юмсан гэж мунгинаж байх зуур нөгөө олгогдоогүй бай­гаа 21 мянган төгрөг маань "нүү­дэлчдийн казино"-д аль хэдийнээ эргэлтэд оржээ. Энэ тухай өгүүлсү.

Саяхан өвлийн идшиндээ явлаа. Өвс цас тэгшхэн, өдөр нь дулаахан, тал нутаг үнэгэн зоо шиг халиурсан сайхан өвөл болж бай­на. Намайг ирэх сургаар багын хоёр нөхөр маань бараг л уулын орой дээр дуран бариад хувь, хишгээ авахаар хүлээж  байгаа. Бас улай хийх хар хүнд гурван шил юм аваад гарч өглөө. Миний хоёр нөхөр маань миний аваачсан ар­хийг, эрдэнийн хувь, эх орны хишиг гэж нэрлэдэг юм. Хөдөө байгаа дүүгийндээ очиход Ёоноо маань ирчихэж, Дорио бие нь өвдсөн гээд угтаж чадсангүй. Идэш хийхэд би ямар нэмэртэй биш. Төрсөн нутаг аавынхаа өвөлжөө бууцны хавийн уул толгодоор агаар салхинд явдаг юм. Ёоноо бид хоёр Баржин уулан дээр гар­лаа. Хашаатын тал, Цайд­мын хөндий эцэс төгсгөлгүй мэт цэ­лийсэн ч тэнд өвөлжиж байгаа айлуудын малыг уулын орой дээ­рээс  дурангаар ч бараг тоолчих­моор. Талд хоёр гурван ч хот айл байна. Энэ олон айл чинь хэнийхэн билээ. Ямар олон мал байнаа  гэж асуухад "Чи танихгүй ээ. Дундго­вийн нүүдэлчид гэв. Зөвхөн хонь гэхэд л таван мянга гаран гэснээ, "Хөөе хоёулаа уулаар дэмий тэнэж байс­наас  казинод оръё" гэв. Тэ­гээд бид хоёр "Нүүдэлчдийн казино"-д очвоо. Би болгоомжилж баахан архидсан хүмүүс дээр очихгүй шүү гэхэд. Үгүй үгүй, архи­дахгүй зөвхөн тоглодог гэр байгаа бид түүнийг "казино" гэдэг юм гэж тайлбар өгнө. Чамд 21 мянган төгрөг байгаа биз гэж асуув. Надад байгаа гэхэд өврөөсөө гурван жижиг шагай гаргаж үзүүлэв.

Энэ хот айлуудын мал үнэхээр сайхан таргалжээ. Хаана зусаж намаржсан болоод эдний мал ингэж сайхан тарган ороо вэ гэж лавлахад эдгээр айлууд уг нь Дундговь аймгийнх гэнэ. Дорнод аймгийн Матад, Эрээнца­ваар зу­саад шүлхий гарахаар түүнээс зугтааж Хэрлэнбаян-Улаан бараа­даж өвөлжих гэж ирсэн гэж Ёоноо тайлбарлав. Тэгснээ говийн­хон бол их ажлын хүмүүс, манай­хан хажууд нь баас, хөрзөнгөөрөө хашаа хороо барьсныг нь хар, хот хороог нь хар даа, унаж байгаа машин техникийг нь хар гэв. Үнэ­хээр энэ хот айлын гадаа Оросын чиргүүлтэй "ЗИЛ-130" машинаас эхлээд "Ланд-80", хятад мотоцикль хүртэл саравчны хажууд эгнүүлжээ. Бид хоёр хонины хороо тойруулан буусан зургаан гэрийн дунд талын том цагаан гэрт орлоо. Гэрт таван ор тойруулан тавьж хивсээр бүтээ­сэн, битүү хулдаасан дэвсгэртэй дундаа майга ширээ тавьсан сай­хан айл байна. Пийшинд хөлдүү хөрзөн түжигнэн асаж дүн өвлийн хүйтнээр хаалга онгойлгомоор халуухан. Томоо янхир биетэй өвгөжөөр хүнээс өөр хүн байсан­гүй. Мэнд усаа мэдсэний дараа өвгөн "За Ёоноо хүүгээр сонин юу байна. 21-ийгээ тушаах гэж явна уу" гэв. Манай хүн мөчөөгөө өгөлгүй 21-ийгээ ч тушаахгүй шүү хө. Хоттойгоос чинь хороох гэж ирлээ гэв. Тоглоом наадам хийж уулзда­гаар бодоход хуучны танил төдий­гүй энэ гэр манай хүний "ажлын газар" болол­той. Ёоноо намайг танилцуулав. Энэ манай найз энэ нутгийн хүн байгаа юм. Одоо хотод сурвалжлагч хийдэг, танайхныг нутгаасаа хөөх гэж ирсэн гэж надаар айлгаж бай­на. Би нудраад авав. Тэгсэн чинь "За за тоглосон юм. Найздаа танай казиног үзүүлье" гэсэн юм. Ажилдаа оръё. Манай хүн (намайг хэлж байгаа юм) муухан муушиг­наас өөр тог­лоом мэдэхгүй. Хагар­хай магархай яасан бэ дуудаад ир хурдхан таван гар сууя гэв. Удалгүй нэг хүүхэд тэвэрсэн залуу бүсгүй, 15 орчим насны сэргэлэн шар хүү (Хагархай гэдэг нь тэр) бид хэд мушигваа. Эхлээд тоглох мөнгөө ширээн дээрээ тавив. Би ганцаа­раа 21 мянган төгрөг гаргав. Бусад нь нэг нэг шагай гаргаад тавив. Муушиг тоглож мэддэг ч  шагайгаар тооцоо хийх аргыг мэддэггүй. 21 мянган төгрөг гэдэг нь сар бүр засгаас өгөх 21 мянган төгрөг юм байна. Энд бол нэг төлөг юм уу, нэг ямаатай тэнцдэг гэнэ. Таван шагай хожвол нэг бага насны үхэр адуу авч болно гэнэ. Үзэж тарлаа. Эхлээд би тун овоо байсан юм. Сүүлдээ алдаж эхэллээ. Манай хүн тэнд  бүүр баларч  байна аа. Нэг шагай яваад өглөө. Би лав 20-иод мянган цаас алдчихсан бололтой. Манай хүн гаръя гэж нүдээрээ дохив. Бид хоёр шээхээр гарлаа. Тэнэг хүүрээ чи яасан дохио ойлго­доггүй юм бэ. Цаад гурав чинь тэнэгийг чинь мэдчихээд хавсай­даад байна. Намайг үрлээ. Би хамгаалж бай­гаад үхээд байна. Чи ерөөсөө боль гээд л баахан загнав. Би тэр үед юу бодож байсан бэ гэхээр тал нутгийн өвлийн шөнө од гялалзаад ямар сайхан юм бэ. Энэ агаарыг ээ. Шар бууц, хот хороо, малын ха­луун үнэр хүн мал хоёр ямар сайхан зохицож амьдарч чадаж байна аа гэсэн шиг юм бодонгоо загнуулж зогсов. Чи өлсөж байна уу ресторанд юм захиалъя гэлээ. Тэгснээ өнөө эрдэнийн хувиа (нэг шил архи) машинаас авч ресто­ран гэж нэрлэсэн нөгөө гэр рүү орлоо. Би ч  буцаад гэрт орлоо. Түмпэн дүүрэн адууны чанасан мах тавь­чи­хаж. Хамгийн дуртай хоол адуу­ны чанасан умс хятай, цагаан шавайнаас нь эхлээд баахан цохи­лоо. Зүүн талын (гэр ресторан)-д  байгаа уух юмны зэсийг сонирхов. Халаасан айраг, ингэний хоормог, буцалгасан аарц, сүүний нэрмэл архи байна гэж гайхуулсан нь үнэн байлаа. Ингэний хөөсөрсөн халуун хоормог нэг аяга, шар тос самарсан нэрмэл нэг тагш уучихсан чинь нойр хүрч байна гэдэг жигтэйхэн. Тэгээд ч дахиад тогловол Ёоноод алуулна. Баруун орон дээр хажуул­лаа. Нам унтчихжээ. Нэг мэдсэн манай хүн намайг явъя гэж дуудаж байна. Би хожигдож бараг хориод мянган төгрөгөө алдчихсан ч гэсэн их сайхан амарчээ. Намайг унтса­наас хойш манай хүн хожсон бо­лолтой дуу шуу ихтэй мордлоо. Таван ширхэг улаан шагайтай болсон байна. Нэг шагай 21 мянгад бодогдоно. 100 мянган төгрөг буюу нэг бод хожиж гэсэн үг. Тал нутгийн нүүдэлчид "казино"-тойгоо нүүж явна. Өвс цас тэнцүү энгүй их  өвлийн тал нутаг, нүүдэлчдийн маань амьдрал хичнээн гайхам . "Казино"-гийн их хот Лас Вегас ийм л сайхан талд боссон юм гэнэ билээ.