Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг  чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд “хөндөж болохгүй заалт” хэмээх ангилал орж ирж, гишүүдийн дунд нэгэн сонирхолтой маргаан үүсгээдэхэв.  XXI зууны монголын парламент дээр XX зуунд Үндсэн хуулинд хийчихсэн  “мал үндэсний баялаг” болох тухай хөгийн заалт гарч ирэн хөндөгдөж, шинэ цагийн улстөрчдийн дундах үзэл бодлын хачирхалтай зөрүүг бидний өмнө дуртайтал илчлэн харуулж байгаа нь энэ.

Тэрхүү хөндөж үл болох хэсэг хэмээн тусгайлан дархалж ирсэн журам нь Үндсэн хуулийн үндсэн заалтыг хөндөхгүй байхтай холбоотой бөгөөд ямар ч тохиолдолд өөрчлөлт хийхийг хориглох тухай юм.

Чуулганы хуралдаан дээр нэр бүхий гишүүд  энэхүү хөндөж болохгүй хэсэг гэдгээс “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн  заалтыг авах нь зүйтэй гэж үзэн санал оруулсан юм. Үндсэн хууль бол гар хүрч болохгүй төгс төгөлдөр зүйл биш. Биш гэдгийг нь тойрч ч бид өчнөөн жил хэрэлдсэн. Мөн гэж гүрийж ч олон жил явсан. Цаг хугацааны явц, амьдарч буй нийгмийн маань хөгжлийн хурд манай Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөхийг шаардаж бүр шахаж байгаа ч бид барьж авч чаддаггүй л явж ирсэн. Батлалцсан баахан нөхдүүд нь бахираад хэвтчихдэг. Өөрчлөе, эргэж харъя, шинэ цаг үетэйгээ нийцүүлье гэж хэлсэн хэд нь хараалгаад хаалгаад л дуусдаг  байсан. Одоо тэр цагийн цас өөрийн эрхгүй ханзарч эхэлж байна. Ханзрахдаа шинэ монголын төрийг түшилцэж яваа өнөө цагийн түшээдийн хэн нь хэн болохыг нь ч  хамт л ханзлан харуулж өгч байгаа нь сонин.  

Мал сүрэг бол манай улсын үндэсний баялаг бөгөөд тэрхүү мал сүрэг нь үеийн үед монгол төрийн хамгаалалтад байнаа….яг ингээд уншаад үз дээ. Аль ч талаас нь харсан инээдтэй зүйл заалт байгаа биз.

Үндсэн хуулийн хөндөшгүй, хөдлөшгүй гэгддэг хэсэгт энэ сонин заалт өнөөдрийг хүртэл “амьдарч” гадна дотныхонд биднийг ичиглэж иржээ. Одоо энийгээ халъя. Хувийн өмч төрийн хамгаалалтад байх л юм бол бусад өмчийг төлөөлсөн эрх ашгийг бүгдийг нь суулгуулаад, миний байшин ч төрийн хамгаалалтад байна, нурчихвал төр анхаарч мөнгө гаргах ёстой, миний нохой ч тэгвэл төрийн хамгаалалтад байх ёстой гээд хэвтцгээх үү. Ийм элэг доог болсон юмнуудаасаа өөрсдийгөө чөлөөлж авъя. Хоцрогдсон, малчдаас өчүүхэн жижиг оноо хайсан ийм хөгийн явуургүй тоглолтуудаа болих хэрэгтэй.  Одоо би та бүхэнд энэ сэдвээр парламентын хоёр гишүүний ялгаатай байр суурийг толилуулъя.

Энэ талаар Дундговиос соногдсон УИХ-ын гишүүн Р.Раш ингэж үзэж байна. Тэрбээр “Мал сүргийг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан заалтыг анх Үндсэн хуулийг батлахдаа их анхаарч үзсэн. Тэр үед нэлээд маргалдсаны эцэст одоогийн байгаагаар тогтсон юм. Монгол хүн малтайгаа салшгүй холбоотой. Монгол мал Үндэсний тусгаар тогтнолын баталгаа. Иймд энэ заалтыг хөндөх талаар ярих нь буруу” гэж хэллээ. Энэ хүн ийм байр суурь илэрхийлэхдээ хөдөөгийн сонгогчдодоо л таалагдана гэж тооцсон байх. Ингэж тооцдог гишүүд олонтой учраас л манай парламент ямаанд мөнгө “цохож” онигоонд орсон.

Одоо та бүхэнд Э.Бат-Үүл гишүүний байр суурийг толилуулъя.  Тэрбээр ингэж ярьж байна. 

“1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед ардын их хурлын депутатуудын 70 орчим хувь нь нэгдлийн дарга нар байсан юм. Тэр үед нэгдлийн дарга нар маань нэгдлийг хувьчлуулахгүй байх санааг агуулж Монгол мал бол төрийн хамгаалалтанд байна гэсэн заалтыг оруулсан юм. Энэ Үндсэн хуулийг батлагдсанаас хойш 18 жилийн нүүрийг үзлээ. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөн нэгдлийн мал хувьчлагдчихсан. Иймд одоо өмчийг ялгавартайгаар Үндсэн хуульд оруулж өгч байна гэсэн үг л дээ. Энэ нь бас Үндсэн хуулийн “Өмчийг төрөл хэлбэрээр нь ялгаварлан үзэж болохгүй” гэсэн 16-р зүйлтэйгээ зөрчилдөөд эхэлсэн. Зөвхөн нэг төрлийн өмчийг төрийн хамгаалалтанд авна гэсэн хууль зүйн зөрчил үүссэн хэрэг. Үүнтэй холбоотойгоор малын хулгайг бусад өмчийн хулгайнаас илүү хүндрүүлэх нөхцөлтэйгээр яллах зэрэг нөхцөл үүссэн. Р.Раш гишүүний хэлдэг “Мал тусгаар тогтнолын баталгаа” гэвэл хэн ч ойлгохгүй. Мал тусгаар тогтнолын баталгаа биш, харин хүн бол баталгаа”. Э.Бат-Үүл ингэж үзэж байна. Үүнтэй парламентын олон гишүүн санал нэг байгаа юм.

Алийн болгон бид хүнээ малаас дор шахуу авч үзэж ирэх юм бэ. Манай гишүүд гадаад их явдаг. Тэгж явахад нь гадныхан манай Үндсэн хуулийн заалтуудаас хамгийн их сонирхож, гайхаж, хатуу хэлбэл шоолж энэ талаар л асуудаг байна.  Олон улсад энэ зохицуулалтыг тайлбарлахад үнэхээр  төвөгтэй байж таарна. Төрийн хамгаалалтанд “хүн” байх ёстой байтал “мал”-аа хамгаалалтанд байна гэж танайх Үндсэн хуулиндаа онцлон заасан нь ямар учиртай юм бэ гэж тэд асуудаг байна. Мэдээж манай хэдэд хэлэх хариу олддоггүй. Яаж ч олдох юм.

Жишээлбэл, гадаадад явж буй Монгол иргэний эрхэнд халдсан бол төр иргэний хамгаалж дипломатчаа явуулж, хамгаалж өмгөөлөх тал дээр ажиллана. Гэтэл гадаадад арилжаад явуулсан малынхаа хойноос “хамгаалалтанд байдаг малыг маань зодож байна” гээд төр хамгаалах хэрэг үү гэж Э.Бат-Үүл гишүүн гайхаш тасран асууж байна лээ. Танд хариу байна уу. Надад лав олдохгүй байна.